Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 00398

 

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2019/00398

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                            

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2/80 айлын орон сууцны 70 тоотод оршин суух, эрэгтэй, Хайсан овогт Т-ийн Ц / /-ийн нэхэмжлэлтэй,

хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 153/2019/00372/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Т.Ц нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 1959 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн. Би 1977 онд Хөдөө аж ахуйн текникумд элсэн ороод 1980 онд төгссөн. Тухайн үед мал эмнэлгийн даргаар Банди гэдэг хүн байсан. 1980 онд Ховд аймгийн Үенч сумын тухайн үеийн Тайгын хар одоогийн Нарийн гол багт малын эмчээр хуваарилагдаж очсон. Цэрэгт явахын өмнө бид нарын дэвтрийг өгөхгүй шууд чөлөөлөөд явуулсан. Цэргээс халагдаж ирээд дэвтрээ авахад овог нэр өөрчлөөд бичсэн байсныг анзаараагүй. Би Хайсан овгийн Тэгшээгийн Ц гэдэг хүн байна. Аймгийн намын хорооны тогтоол дээр Тэгшбуянгийн гээд бичсэн байгаа. 1983 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд 3 сар малчин хийсэн. 1984 оны 10 сараас Ховд аймгийн Дөргөн суманд намын үүрийн орлогч нарийн бичгийн дарга гэдэг албан тушаалд томилогдоод 1988 оны 9 сар хүртэл ажиллаад Улаанбаатар хотын Улс төрийн дээд сургуулийн академид ороод 1991 онд төгссөн. 1991 онд Ховд аймгийн Мөст сумын ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны дотоод ажил хариуцсан зааварлагч ажилтнаар ажилласан.1992 онд Монгол улсын Засаг захиргааны өөрчлөлт шинээр бий болоод Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсантай холбогдуулан 1992 оны 10 дугаар сард Монгол улсын Засгийн газрын тогтоол гараад тогтоолын дагуу бүх сумдын ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаа татан буугдаад тухайн үеийн хуулийн дагуу 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс сумын Засаг даргын тамгын газар гэдэг нэр томьёотой болсон. Би 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон 1995 он хүртэл хийсэн. 2004 оноос Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан. 2018 оны 12 дугаар сараас Ховд аймгийн Хүн хөдөө аж ахуйн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байна. Би төрийн байгууллагад 40 орчим жил ажиллаж байсан. 1981-1984 он хүртэл Монгол ардын Армийн 152-р ангийн тусгай баталионд 3 жил нууцын ажилтан хийж байсан. Миний овог нэр зөрүүтэй байгаа. Миний дэвтэр дээр Цагаанхичиг гээд бичсэн байгаа. Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас 1980 оны 7 дугаар сарын 3-ны өдөр нээсэн Тэгшээгийн Цагаанхичиг нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Хайсан овогт Тэгшээгийн Ц мөн болохыг тогтоож өгнө үү. Мөн намайг Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын Үенч сумын Тайгын хар бригадад 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малын бага эмчээр, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Баянзүрх бригадад 1984 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Намын хорооны Дөргөн сумын намын үүрт 1984 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг дуустал орлогч нарийн бичгийн даргаар, Ховд аймгийн Мөст сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилтнаар, Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын Тамгын газарт 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Ц нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын Үенч сумын Тайгын хар бригадад 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малын бага эмчээр, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Баянзүрх бригадад 1984 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Намын хорооны Дөргөн сумын намын үүрт 1984 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг дуустал орлогч нарийн бичгийн даргаар, Ховд аймгийн Мөст сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилтнаар, Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын Тамгын газарт 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодрууллаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас 1980 оны 7 дугаар сарын 3-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт нэхэмжлэгч Тэгшээгийн Цийн нэрийг Тэгшээгийн Цагаанхичиг гэж бичилт хийгдсэн байх боловч уг хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн эцэг /эх/-ийн нэр, төрсөн он, түүний ажиллаж байх үеийн байгууллагын тамга тэмдгээр баталгаажсан байдалтай тохирч байх тул Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас Тэгшээгийн Цагаанхичиг нэрээр 1980 оны 7 дугаар сарын 3-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Хайсан овогт Тэгшээгийн Ц мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Т.Ц нь Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын Үенч сумын Тайгын хар бригадад 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малын бага эмчээр, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Баянзүрх бригадад 1984 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Намын хорооны Дөргөн сумын намын үүрт 1984 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг дуустал орлогч нарийн бичгийн даргаар, Ховд аймгийн Мөст сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилтнаар, Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын Тамгын газарт 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал даргаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1980 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1981 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн даргын 1984 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 34 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Намын хорооны товчооны 1984 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 249 дугаартай Тэгшээгийн Цийг ажилд батлах тухай тогтоолын хуулбар, Ховд аймгийн Намын хорооны товчооны 1988 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 186 дугаартай Зарим ажилтныг ажлаас чөлөөлж, ажилд батлах тухай тогтоолын хуулбар, Ховд аймгийн Мөст сумын АДХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 8 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тогтоолын хуулбар, Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаар Аппаратын бүтцийг шинээр зохион байгуулан хүмүүсийг ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай захирамжийн хуулбар, нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн 126/002360 дугаартай лавлагаа, Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас 1980 оны 7 дугаар сарын 03-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2/55 тоот албан бичгээр ирүүлсэн Т.Цийн 1992-1994 оны цалингийн картыг хуулбар, Ховд аймгийн Намын хорооны Дөргөн сумын намын үүрийн орлогч нарийн бичгийн даргаар ажиллаж байсан үеийн буюу 1984, 1985 онуудын цалингийн тооцооны картнуудын хуулбар, гэрч М.Болдбаатарын ....Т.Ц дарга нь 1984 онд Ховд аймгийн Дөргөн сумын намын үүрийн орлогч нарийн бичгийн даргаар ирж ажиллаж байсан. Би тухайн үед аймгийн намын үүрийн хорооноос ирж машинтайгаа авч байсан. Тухайн үед Дөргөн сумын Намын үүрийн даргын жолоочоор ажиллаж байсан. Сумандаа ирээд Т.Ц даргыг буудалд байрлуулж байлаа. Би 1989 онд Ховд аймгийн Тээврийг удирдах газрын 4 дүгээр баазад жолоочоор ажиллахаар шилжсэн. 1988 он хүртэл би Т.Ц даргатай хамт ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Х.Дөрвөдхан ....Т.Ц бид хоёр 1977-1980 онуудад Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техниккумын мал эмнэлгийн ангид суралцаад малын бага эмч мэргэжилтэй болсон юм. Сургуулиа төгсөөд Ховд аймгийн мал эмнэлгийн газрын даргын тушаалаар Т.Ц нь Ховд аймгийн Үенч сумын Тайгын хар бригадад малын бага эмчээр томилогдон хуваарилагдаад явсан. Харин би Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадад малын бага эмчээр томилогдон ажилласан юм. Т.Ц ямар ч байсан хуваариалагдаад Үенч сум руу явсан. Цаашаа энэ ажлаа хийгээд явсан эсэхийг мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг, гэрч Ж.Лхагвадоржийн ....Намайг 1992 оны 9 сард ажилд ороход Т.Ц нь Ховд аймгийн Мөст сумын ЗДТГ-ын дарга хийж байсан. Т.Цагаахишиг дарга Мөст сумын ЗДТГ-ын даргаар 1997 он хүртэл ажилласан. Т.Ц өмнө нь Ховд аймгийн Дөргөн суманд намын үүрийн даргаар ажиллаж байгаад манай суманд ирсэн санагдаж байна. Ховд аймгийн Мөст сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байгаад Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГазар луу шилжээд явсан....Би нэрийг нь Ц л гэж ойлгодог. Манай сумынхан Цагаанаа, Хишиг гэх мэтээр дууддаг байсан. Цагаанхичиг гэдэг нь баруун сумуудын нутгийн дуудлагаар тэгж дууддаг байсан байж болно.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6-12, 20-42, 50-55, 56-61 дүгээр тал/

Хавтаст хэргийн 13-17 дугаар хуудсанд авагдсан иргэн М.Болдбаатар, Ж.Энхээ нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, иргэн М.Болдбаатар, Ж.Лхагвадорж, Ж.Энхээ нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас Тэгшээгийн Цагаанхичиг нэрээр 1980 оны 7 дугаар сарын 3-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь УС59122915 регистрийн дугаартай, Хайсан овогт Тэгшээгийн Ц мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хайсан овогт Тэгшээгийн Цийн Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын Үенч сумын Тайгын хар бригадад 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малын бага эмчээр, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Баянзүрх бригадад 1984 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Намын хорооны Дөргөн сумын намын үүрт 1984 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг дуустал орлогч нарийн бичгийн даргаар, Ховд аймгийн Мөст сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилтнаар, Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын Тамгын газарт 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           С.ОЮУНЖАРГАЛ