Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2025/0352

 

Х.С-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, өмгөөлөгч Б.Н, М.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын “Газар эзэмших эрх олгох тухай” 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/310 тоот захирамжийн Ч.Б-д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, нэгж талбарын 133301**** дугаар бүхий Х.С-ын эзэмшлийн газрын мэдээллийг кадастрын мэдээллийн нэгдсэн сангаас идэвхгүй болгосон үйлдэл илт хууль болохыг тогтоолгох, нэгж талбарын 133301**** дугаар бүхий Х.С-ын эзэмшлийн газрын мэдээллийг кадастрын мэдээллийн нэгдсэн санд эгүүлэн бүртгэхийг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 272 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, М.Ц

Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч

Гуравдагч этгээд Ч.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 128/2023/0477/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.С-аас Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албанд тус тус холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын “Газар эзэмших эрх олгох тухай” 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/310 тоот захирамжийн Ч.Б-д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, нэгж талбарын 133301**** дугаар бүхий Х.С-ын эзэмшлийн газрын мэдээллийг кадастрын мэдээллийн нэгдсэн сангаас идэвхгүй болгосон үйлдэл илт хууль болохыг тогтоолгох, нэгж талбарын 133301**** дугаар бүхий Х.С-ын эзэмшлийн газрын мэдээллийг кадастрын мэдээллийн нэгдсэн санд эгүүлэн бүртгэхийг даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 272 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            “... Нэхэмжлэгч нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 411 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Шар хоолой булгийн ам” гэх газарт газар эзэмшиж улмаар хугацаа сунгах хүсэлт гаргасны дагуу нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны А/65 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн ** дугаар хороо Шар хоолой булгийн ам хаягт байрлах нэгж талбарын 133301**** дугаар бүхий 700 м.кв газрыг “Гэр, орон сууцны хашааны газар” зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-220400**** дугаарт бүртгэж гэрчилгээ (00008**** дугаар) олгож 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр газрын мэдээллийн санд бүртгэлийг үүсгэсэн боловч хариуцсан төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр уг мэдээллийн санд бүртгэлгүй болгосон байдаг.

Уг асуудлаар 2018 оны 04 дүгээр сараас эхлэн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газар, нийслэлийн болон Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба зэрэг холбогдох байгууллагуудад албан ёсоор хандсаны үр дүнд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраас Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Х.С-ын өргөдлийг шийдвэрлэх талаар ирүүлсэн шийдвэрийг хэрэгжүүлээгүй.

Иймд Х.С 2022 оноос хуулийн байгууллагад хандан шийдүүлэхээр хүсэлт гаргасан байдаг. Баянзүрх дүүргийн ** дугаар хороо “Шар хоолой булгийн ам” гэх газарт газар эзэмших эрх авч уг газраа хашаа барьж эзэмшиж байгаад 2019 онд эзэмших эрхээ сунгуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддог.

Газрын мэдээллийн санд газар эзэмших эрхийн дагуу кадастрын зураг хийлгэн бүртгүүлсэн бөгөөд уг мэдээллийн санд мэдээлэл байхгүй болсноор маргаан үүсэж холбогдох газруудад гомдол гаргах явцад Баянзүрх дүүргийн газар зохион байгуулагч уг газрыг эзэмшигчтэй гэдгийг мэдсээр байж Ч.Б-д газрыг давхцуулан олгосон, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба Х.С-ын бүрдүүлж өгсөн нотлох баримтууд устгасан, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон албан хэрэг хөтлөлтийн баримт бичгийг хуурамчаар үйлдэж 2019 онд гарсан Х.С-ын өргөдлийг 2023 онд шийдвэрлэж хуулийн хугацаа зөрчиж биднийг хохироосон.

Х.С нь анх газар эзэмших хүсэлт гаргахдаа Газрын тухай хуульд заасны дагуу (32.2.2. эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг) материалаа бүрдүүлж өгсний үндсэн дээр хуулийн дагуу тухайн газрыг эзэмшсэн гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч нь Х.С-ыг Газрын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй мэтээр мэдүүлэг өгсөн, гэрч Д.О-ын мэдүүлэгт дурдсан цахим системээс маргаан бүхий газрын мэдээллийг устгасан төрийн албан хаагчийг тогтоолгүйгээр шийдвэр гаргасан.

            Гэрчийн мэдүүлэг авах талаар хуульд заасан журмыг шүүх баримтлаагүй буюу зөрчиж Х.С-ын талаас оролцсон гэрчийн мэдүүлэг аваагүй, үзлэг болон бусад баримтуудын үндсэн дээр л нотлох боломжтой гэдгийг огт харгалзаагүй, илт нэг талыг барьсан шийдвэр гаргасан тул Газрын кадастрын тухай хуулийн 3.1.16 (“нэгж талбарын дугаар гэж газар өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг газрын улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон дахин давтагдахгүй дугаарыг)-д заасны дагуу тухайн газрыг газар орны нэршлээс гадна дахин давтахгүй нэгж талбарын дугаар тодорхойлох учир энэ дугаарыг баримтлан шийдвэр гаргахыг хүсэж байна.

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8.1 (өмнө нь гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих болон хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар үнэ төлбөргүй газар эзэмшиж байгаагүй иргэний хүсэлтийг жагсаалтын эхэнд, цахим системд хүсэлт гаргасан огноогоор), 29.8.2 (энэ хуулийн 29.8.1-д зааснаас бусад иргэний хүсэлтийг цахим системд хүсэлт гаргасан огноогоор),

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 (Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй) гэж тус тус заасныг зөрчин гуравдагч этгээд Ч.Б-д давхардуулан газар олгосон.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны А/65 дугаар захирамжаар олгогдсон нэгж талбарын 133301**** дугаар бүхий 700 м.кв газрыг Э-220400**** дугаарaap бүртгэж гэрчилгээ (00008**** дугаар) олгож 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр газрын мэдээллийн санд бүртгэлийг үүсгээд 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мэдээллийн сангаас устгасан нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл (газар эзэмших эрх дуусгавар болох)-д нийцэхгүй, үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Э-ын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2/847 дугаартай “Нотлох баримт хүргүүлэх тухай албан бичигт дурдсанаар:

-Нэхэмжлэгчийн 133301**** дугаартай газарт тус газрын 2020 оны А/181 тушаалаар баталсан журмын 13.1.5 заалт (Эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр мэдээллийн санд нэгж талбарын мэдээллийг засварлахыг хориглоно)-ыг зөрчиж, хугацаа заан оруулж, эрх зүйн хэм хэмжээний актыг ноцтой зөрчсөн,

-Гэрч Д.О-ын 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн мэдүүлэгт дурдсанаар илт хууль бусаар хүчингүй (идэвхгүй) болгосон нь илэрхий байна.

Газрын кадастрын тухай хуулийн 3.1.16 (“нэгж талбарын дугаар гэж газар өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг газрын улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон дахин давтагдахгүй дугаарыг)-д заасны дагуу тухайн газрыг газар орны нэршлээс гадна дахин давтахгүй нэгж талбарын дугаар тодорхойлох учир энэ дугаарыг баримтлан шийдвэр гаргахыг хүсэж байна.

Маргаан үүсгээд байгаа Шар хоолойн амны Булгийн ам, Их ам гэдэг нэршил хэзээ бий болсон талаар шүүх шалгаж баримтаар тогтоогоогүй атлаа нэхэмжлэгчийн бодитоор эзэмшиж байсан газрыг гуравдагч этгээдийн эзэмшил мөн, нэхэмжлэгчийн эзэмшил газар Булгийн ам нь гуравдагч этгээдийн эзэмшил Шар хоолойн ам, нарийвчилбал Их ам юм гэдгийг баримтаар нотлон тогтоогоогүй учир шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж 2007 онд захирамжаар олгогдсон нэгж талбарын 133301**** дугаар бүхий 700 м.кв (га) газрыг эзэмших эрх үүсгэж цахим системд бүртгүүлэх талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож нэмэлт ажиллагаа хийж дахин хэлэлцүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“... 4.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.6-д “Шар хоолойн амны Булгийн ам, Их ам, Богинын ам нэртэй газрууд нь байрлалын хувьд өөр, хоорондоо зайтай газар гэдэг нь хариуцагчаас уг хаягжилтыг зурж ирүүлсэн зургаар тогтоогдлоо” гэж дүгнэсэн. Эдгээр газар нутгийн хил хязгаарыг албан ёсоор тогтоосон, нэрлэсэн, нэршил өгсөн аливаа тогтоол, шийдвэр бичиг баримт байхгүй байхад хариуцагч өөрийн багцаагаар гаргаж өгсөн нотлох баримтын шаардлага хангахгүй зургийг шүүх шийдвэртээ үндэслэл болгосон байдаг. Маргаан бүхий газрыг Түгэлийн ам гэж нэрлэдэг болох нь тухайн газар нутагт 20 гаруй жил амьдарсан гэрч Д.Л-ын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1047 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дугаар хуудаст авагдсан байдаг.

4.2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.9-т “Х.С маргаан бүхий газарт амьдардаггүй болох нь Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Х.С тус хороонд албан ёсны бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй” гэх тодорхойлолтоор тогтоогдсон гэж шүүхээс дүгнэсэн байдаг.

Гэтэл Баянзүрх дүүргийн ** дугаар хороо нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12/36 дугаар тогтоолоор хуваагдсан бөгөөд одоо ** дугаар хороо биш 3* дугаар хороо болж өөрчлөгдсөн. Энэ талаарх нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргаж өгч хавтаст хэрэгт авагдсан байдаг. Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 2.2-т ** дугаар хороо одоо 3* дугаар хороо болж өөрчлөгдсөн бөгөөд энэ талаар талууд маргаагүй гэж дүгнэсэн байдаг. Зүй нь шүүхээс Баянзүрх дүүргийн 3* дугаар хорооны Засаг даргаас тодорхойлолт авах байтал ** дугаар хорооны Засаг даргаас ирүүлсэн тодорхойлолтыг баримталж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн лавлагааны тухайд иргэн Х.С нь газар дээрээ байшин барьж чадаагүй тул уг хаягтаа бүртгүүлэх, шуудан мэдээлэл хүлээх авах боломжгүй тул одоогоор хүүгийнхээ хаягт бүртгэлтэй амьдарч байгаа болно.

4.3. 2.10-т “Х.С нь 2007 онд гарсан захирамж болон гэрчилгээгээр эзэмших Булгийн ам гэх газарт газрын кадастрын зураглал хийлгэж, Кадастрын мэдээллийн санд бүртгүүлээгүй байжээ” гэж дүгнэсэн. Кадастрын мэдээллийн сан нь 2010 оноос цахимжиж эхэлсэн байх ба үүнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй. 2007 онд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгснөөр Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 01438** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр газар эзэмших эрхээ баталгаажуулж авсан байдаг. Нэхэмжлэгч анх газар авахдаа кадастр хийлгэж, хувийн хэрэгт өгч байсан боловч хувийн хэргээс нь баримтууд алдагдсан болохыг удаа дараа хэлж байсан нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг.

4.4. 2.15-д “Д.О-ын гэрчээр дуудахад тэрээр шүүхэд Х.С-ын кадастрын зургийг бүртгээд хугацааг өгч дуусгавар болгох боломж байхгүй, хугацаа өгөөгүй, намайг дүүрэг шилжиж явсны дараа миний бүртгэлээр нэвтэрсэн байсан. Би идэвхгүй болгоогүй гэх тайлбарыг гаргасан тул шүүх уг ажиллагааг шалган тогтоох боломжгүй, энэ нь шүүхийн шалган шийдвэрлэх асуудал биш гэж үзсэн болно” гэж дүгнэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэхүү Д.О-ын эрхээр нэвтэрч, нэхэмжлэгчийн бүртгэлийг идэвхгүй болгосон үйлдлийг шүүхээс тогтоосон, гэрчээс мэдүүлэг авсан атлаа ямар нэг байдлаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхисонд гомдолтой байна. Захиргааны ерөнхий хуулийн 3.1-т заасан үндэслэлүүдийн аль нэг нь тогтоогдохгүй тул шүүхээс энэ үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт, шийдвэр гаргах ёстой гэж үзэж байна.

4.5. 2.16-д “Кадастрын мэдээллийн санд бүртгэж байгаагүй гэдэг нь тогтоогдож байна” гэсэн үндэслэлийн тухайд Газрын тухай хуулийн 23.4.3 болон 23.4.4-т заасны дагуу бүртгэх эрх нь газар зохион байгуулагчид байгаа. Иргэд хүсэлтээ гаргаад газраа хуулийн дагуу эзэмшиж, гэрээ байгуулж, гэрчилгээ гаргуулж холбогдох баримт бичгийг бүрдүүлэн өгсөн байхад бүртгээгүй, бүртгэж байгаагүй гэдэгт нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь хуульд нийцэхгүй.

4.6. 2.18-д “Шар хоолойн амны Их амны Богинын аманд газар эзэмших эрх Газрын тухай хуульд заасан журмын дагуу үүссэн гэж үзэх нотлох баримт байхгүй байна” гэж дүгнэсэн байдаг. Гэтэл Маргаан бүхий газарт кадастр хийлгэж, гэрчилгээ авч, Засаг даргын захирамжаар сунгуулж, гэрээ байгуулж байсан болох нь тогтоогддог ба хавтаст хэрэгт авагдсан байдаг.

4.7. 2.19-д “Энэ залуу манайхаас өмнө ирсэн байсан өвөл урагшаа нүүж өвөлжөөд зундаа ирдэг байсан гэх тухайд гуравдагч этгээд нь малчин хүн тул малаа дагаж амьдардаг байсан байна. 2023 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ авахаас өмнө хууль бусаар газрыг эзэмшиж, ашиглаж байсан байдаг ба нөгөөтээгүүр Газрын тухай хуульд заасан хуулийн дагуу газрыг эзэмшиж байгаагүй болох нь тогтоогддог.

Мөн Гэрч Д.Л нь гуравдагч этгээд Ч.Б-ыг голд байшинтай байсан, хойшоо нүүсэн гэж мэдүүлдэг. Гэтэл шүүхээс гуравдагч этгээдийг маргаан бүхий газарт олон жил амьдарч байсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Яг маргаан бүхий газарт биш урагшаа байшин барьж амьдардаг гэдэг агуулга гэрчийн мэдүүлэгт тусгагдсан байна.

4.8. 2.21-т Ч.Б-ны 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “К л” ХХК-иар эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг нь Х.С-ын 2019 онд Эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зургаас цаг хугацааны өмнө хийлгүүлсэн болох нь уг баримтаар тогтоогдлоо” гэж дүгнэдэг.

Гэтэл гуравдагч этгээд 2011 онд нэгж талбарын зураг хийлгэхдээ анхнаасаа бусдын эзэмшлийн газар дээр, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа нь дуусгавар болоогүй байхад зураг гаргуулж байжээ. Нэхэмжлэгчийн анхны газар эзэмших эрхийн гэрчилгээ 2007 оноос 5 жилийн хугацаатай олгогдсон байдаг ба 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хүчинтэй байсан.

4.9. 2.22-т Ч.Б-ны 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргасан ... Их амны хэсэгт байрлах Богинын аманд 0,7 га хэмжээтэй газар хүссэн өргөдөл, нэгж талбарын зураг, хорооны Засаг даргын тодорхойлолт, дүүргийн Засаг даргын захирамж”-ийн тухайд Ч.Б-ны газар эзэмших эрхийн гэрчилгээ нь дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 12-ны А/310 тоот шийдвэрийг үндэслээд Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Шар хоолойн аманд нэгж талбарын 133302**** дугаар бүхий 497 м.кв газрыг эрхийн улсын бүртгэлийн Э-220404**** дугаарт бүртгэж гэрчилгээ олгогдсон.

4.10. Гэтэл Ч.Б-аас газар эзэмших хүсэлт дээрээ Шар хоолойн аманд газар авъя гэж тусгаагүй Их амны хэсэгт байрлах Богины аманд гэсэн байдаг. Газар зохион байгуулалтын хоёрдугаар албанаас ирүүлсэн албан бичигт нэгж талбарын дугаараар Их амны хэсэгт байна гэж тайлбарладаг. Тэгэхээр Ч.Б-ны хувьд хүсэлт гаргасан газар нь Богины ам, захирамж нь ** дугаар хорооны Шар хоолойн аманд, бодитоор эзэмших хүсэлтэй газар нь Газрын албаны тайлбараас харахад 3* дугаар хорооны Их аманд байгаа буюу нэршлийн хувьд бүгд зөрүүтэй, хорооны хувьд мөн зөрүүтэй байна.

Мөн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Баянзүрх дүүргийн ** дугаар хороонд захирамжид дурдагдсан шар хоолойн аманд газар олгохоор тусгаагүй болохыг шүүхээс анхаарч үзээгүй. Баянзүрх дүүргийн 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь хоёрдугаар хавтаст хэргийн 64-82 дугаар талд авагдсан байх ба ** дугаар хорооны төлөвлөгөөнд газрын байршил нь Гялалзах сүүл даваа, Энгэр шанд, майхан уулын ард, хар усан тохой, бага ам, могойт дэнж, Бага хуандай, Өлийндаваа, Их хуандай ам, Могойт дэнж, Хар хошуу, Арцат, Цэмбэл гэх газруудад газар олгохоор төлөвлөсөн байна. Маргаан бүхий Шар хоолой, Их ам, Булгийн ам нь 3* дугаар хороонд харьяалагддаг. Ч.Б-ны захирамж дээрх Шар хоолойн ам нь 3* дугаар хороонд хамаарч байхад ** дугаар хороонд гарсан захирамжтайгаар 3* дугаар хороонд газар эзэмшиж байгаа нь мөн хууль зөрчиж байна.

4.11. 2.23-т “Ч.Б-д 000021**** дугаартай гэрчилгээ олгож, газрын нэгж талбарын 133301**** дугаарт бүртгэжээ” гэж дүгнэсэн тухайд Ч.Б-д олгосон Иргэний газар эзэмших эрхийн дээрх гэрчилгээ нь ** дугаар хороонд олгогдсон байхад шүүхээс маргаан бүхий газрын байршилд буюу 3* дугаар хороонд олгогдсон мэтээр тайлбарлажээ.

4.12. 2.24-т “Хаяг, газар эзэмшүүлсэн захирамж, гэрчилгээгээр давхцахгүй, нэгж талбарын дугаарууд нь өөр байна” гэх тухайд Ч.Б-аас болон Х.С нарын эзэмшсэн газрууд давхцалтай болохыг үзлэг хийгээд тогтоосон. Захирамж бол 2 өөр иргэнд олгогдсон тул өөр байна. Хаягийн хувьд маргаан бүхий газар нь 3* дугаар хороонд харьяалагдаж байхад Ч.Б-ны захирамж ** дугаар хороонд гарсан байдаг. Мөн нэхэмжлэгчийн нэгж талбарын дугаарыг устгаж шинээр нэгж талбарын дугаар бүртгэсэн тул нэгж талбарын дугаарууд нь мөн өөр өөр байдаг. Нэхэмжлэгчийн мэдээллийг устгаагүй бол нэгж талбарын дугаар нь давхцаж байгаа юм.

4.13. 3.4-т “Их амны хэсэгт байрлах Богинын аманд газар эзэмших хүсэлт гаргасан байна гэж үзэхгүй, нотлох баримтаар нотлогдоогүй” тухайд нэхэмжлэгч Х.С нь 2007 онд гаргасан хүсэлтдээ уг газрын Булгийн ам гэж тодорхойлж хүсэлт гаргаж, захирамж гаргуулж, гэрээ байгуулж, гэрчилгээ авсан. Нэршил зөрүүтэй байна гэж Засаг дарга, Газрын албаны аль алинаас нь мэдэгдэж байгаагүй, аливаа маргаан гарч байгаагүй тул газар сунгуулах хүсэлт гаргахдаа тухайн газрын нэршлийг өмнөх захирамжид дурдсантай адил байдлаар тодорхойлж бичсэн байдаг.

4.14. 3.5-д “Ч.Б-аас 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр газар эзэмших хүсэлтээ гаргасан тул газрыг эзэмших хүсэлт зориг нь Ч.Б-д түрүүлж үүссэн гэж үзлээ” гэх тухайд Ч.Б-аас нь 2011 онд кадастр хийлгэж 2018 оны 10 дугаар сарын 01-нд газар эзэмших хүсэлт гаргасан байхад нэхэмжлэгч Х.С нь 2007 онд газар эзэмших хүсэлтээ гаргаж, 2007 онд Засаг даргын захирамжийн дагуу гэрчилгээгээ авсан. 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч нь хүргэн Б.Х газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах, гэрчилгээ хүлээн авах зэрэг эрхийг итгэмжлэлээр олгож байсан нь 1 дүгээр хавтаст хэргийн 71 дүгээр талд авагдсан байдгийг шүүхээс анхаарч үзээгүй. Нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

4.15. 3.6, 3.7-д “Газрын тухай хуулийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. Засаг даргын захирамж, түүнийг үндэслэж олгосон хүчин төгөлдөр гэрчилгээтэй этгээд нь эзэмших эрхтэй” гэсэн байна. Шүүхээс дээрх дүгнэлтийг хийхдээ нэхэмжлэгч газар эзэмших хүсэлтээ 2007 онд гаргаж гэрчилгээгээ 2007 онд авсан, сунгуулсан гэрчилгээгээ 2020 онд гаргуулж авсан, газрын кадастрын мэдээллийн санд мөн урьтаж буюу 2019 онд бүртгүүлсэн байгааг шүүхээс анхаараагүй байна.

4.16. 3.15-д “илт хууль бус үйлдэл” гэж дүгнэсэн тухайд хаягийн нэршил илт зөрүүтэй байхад бүртгэх нь илт хууль бус үйлдэл гэж шүүхээс дүгнэсэн байна. Гэтэл хаягийн нэршил буруутай гэж үзэх нэгдүгээрт эрх зүйн акт байхгүй, хоёрдугаарт нэршил андуурсан байна гэж газрын албанаас үзсэн бол тухайн иргэнд мэдэгдэх, иргэн шаардлагатай тохиолдолд захирамжид өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргах эрхтэй байдаг.

Энэ талаар Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч шүүх хуралд гаргасан тайлбартаа дурддаг. 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1047 дугаартай хурлын тэмдэглэлийн 20 болон 21 дүгээр талд Үүнд: “Үнэхээр хуулийн дагуу тэр байршил дээрээ очихоор бол байршил өөрчлөх гэдэг захирамж гардаг, газар нутгийн нэршил өөрчлөхөөр болж байгаа бол эсхүл тухайн газраас өөр тийшээ шилжиж байгаа бол байршил өөрчлөх захирамж гардаг. Үүнийг дүүргийн Засаг дарга шийдээд явж байгаа. 2020 онд хүсэлтээ гаргасан бол солиод өгөх боломжтой байсан” гэж тайлбарладаг.

Гэтэл Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албанаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгохдоо энэ талаар нэхэмжлэгчид огт мэдэгдэлгүйгээр устгаж, тухайн газар ахиж гуравдагч этгээдэд газар давхцуулж олгосны улмаас өнөөдрийн энэ маргаан үүсээд байгааг хариуцагч ойлгохгүй байна.

Үнэхээр хаяг нь өөр байна гэж үзээд устгах гэж байгаа бол нэхэмжлэгчид мэдэгдээд, нэхэмжлэгчийн хаягийн өөрчлөлт хийлгэх хүсэлтийг нь аваад шийдвэрлэх боломжтой байсан гэдгээ С.Ч өөрийн биеэр хэлсэн байдаг.

Шүүхээс мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэснийг баримталж нэхэмжлэлийг хангахгүйгээр шийдвэрлэж байгаа нь Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд нийцэхгүй. Учир нь газар зохион байгуулагч нарт бүртгэл хийх буюу захиргааны акт гаргах эрх нь Газрын тухай хуулийн 23.4.3-т “Эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, 23.4.4-т “Газрын мэдээллийн санг эрхлэх” гэж заасны дагуу олгогдсон байдаг.

Иймд, дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 272 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж өгнө үү” гэжээ.

5. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндпүрэв дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“... 5.1. Нэхэмжлэгч Х.С-ын нэгж талбарын 13301**** дугаартай 700 м.кв талбайтай гуравдагч этгээд Ч.Б-ны нэгж талбарын 13302**** дугаартай 497 м.кв нь бүхэлдээ давхцалтай болох нь дараах баримтуудаар нотлогддог. Үүнд:

-Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүхэд гаргасан тайлбарууд,

-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын албан бичиг,

-2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шүүхээс хийсэн үзлэг,

-2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүхээс хийсэн үзлэг,

-Гэрч Д.Л-ын мэдүүлэг: .... Х.С зундаа ирж, газраа ашиглаж байсан гэж мэдүүлдэг.

Нэхэмжлэгч Х.С нь анх 2007 оноос холбогдох хууль тогтоомжийн дагуу газраа эзэмшиж, 2019 онд сунгах хүсэлт гаргасан. Улмаар Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын дагуу сунгасан байдаг. Тодруулбал, хээрийн болон суурин судалгааг хийсний үндсэн дээр 2020 онд А/65 захирамжаар сунгасан. Захирамжийг үндэслэн эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр кадастрын мэдээллийн санд бүртгэн нэхэмжлэгчийн кадастрыг Баянзүрх дүүргийн газрын албаны дарга баталгаажуулсан байдаг.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын албан бичигт дурдсанаар газар зохион байгуулагч нь эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр кадастрын мэдээллийн санг өөрчлөх, засварлах, дуусгавар болгох эрх олгогдоогүй байдаг. Мөн гэрч Д.О-ын мэдүүлгээр системд өөрөөр өөрчлөлт оруулах шаардлага байхгүй. Газар эзэмших тухай хуульд заасан. Газар эзэмших эрх хуульд заасны дагуу дуусгавар болдог гэж мэдүүлсэн.

Тиймээс миний үйлчлүүлэгч Х.С нь зохих журам, хууль тогтоомжийн дагуу газраа анх эзэмшиж, сунгах хүсэлт гаргаж, газар эзэмших эрхийн гэрээ болон гэрчилгээг баталгаажуулж, улмаар газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж, кадастрын зургийг нь албан ёсоор олгосон учир гуравдагч этгээдээс түрүүлж хамгаалагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хуулийн дагуу үүссэн. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 болон 31.3 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр газар эзэмших гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж буй газрыг бусдад давхардуулан олгосон хариуцагчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл байхгүй тул миний үйлчлүүлэгчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхол хамгаалагдах үндэслэлтэй. Тодруулбал, тухайн ** дугаар хорооны газар зохион байгуулагч нь гуравдагч этгээдийн хүсэлт гаргасан газар нь Х.С-ынхтай давхацсан, маргаан үүсгээд явж байгааг мэдэж байсан, мэдэх боломжтой байсан ч давхардуулан газрыг олгосноос шалтгаалан өнөөдөр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд шүүхийн маргаан үүссэн байдаг.

Нөгөөтээгүүр, гуравдагч этгээд нь гараа ашиглан эзэмшиж байгаагүй ба тэрхүү үйл баримтад маргадаггүй. Түүнчлэн газар ашиглаж, эзэмшиж байсан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

            Мөн аливаа эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр тухайн эзэмшиж буй газрын кадастрын мэдээллийн санг хууль бусаар өөрчилж, гуравдагч этгээдэд давхардуулан олгосон үйл баримтыг үнэлэн дүгнэлгүйгээр хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

            5.2. 2024 оны 654 дугаартай магадлалаар маргаан бүхий газрын нэршил бус нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газар давхцалтай эсэх, ач холбогдол бүхий баримтуудыг дутуу бүрдүүлсэн гэх үндэслэлээр буцаасан байдаг.

            Маргаан бүхий газар нь нэгдсэн нэг нэршил байхгүй бөгөөд зөвхөн нэгж талбарын дугаараар л ялгах боломжтой байдаг. Тухайн маргаан бүхий газар болон түүний харалдаа газрыг өөр өөр нэршлээр эзэмших эрхийг олгож байсан нь нотлогддог буюу “Булгийн ам” гэх нэршлээр нь маргаан бүхий газрыг эзэмшиж байгаагүй гэж дүгнэх боломжгүй гэж үзэж байна. Жишээлбэл:

            - Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны архивд хийсэн үзлэгээр: Маргаан бүхий газрын нэршил “Шар хоолой ам”, “Булгийн ам” гэж өөр өөрөөр нэрлэгдэж байгаа.

            - 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүхээс хийсэн үзлэгээр: Маргаан бүхий газрын нэршил “Шар хоолой ам”, “Булгийн ам”, “Ихийн ам” гэж өөр өөрөөр нэрлэгдэж байгаа.

            -Д.О-ын гэрчийн мэдүүлгээр: ... 2001, 2011 оны захирамжууд нэршлийн хувьд дандаа буруу байдаг. Шар хоолой гэж бичээд ард нь Булгийн ам гээд залгачихсан байдаг. Тэгэхээр газрын байцаагч нар газрын үзлэг хийж, цэг тэмдгийг оруулж бүртгэдэг. Газрын үзлэг хийсэн, хээрийн үзлэг хийсэн бичиг баримтдаа тулгуурлаж байгаа.

            -Гэрч Д.Л-ын мэдүүлгээр: “Төгөлийн ам” гэж нэрлэгддэг.

            Дээрхээс үзэхэд маргаан бүхий газрын нэгдсэн байршил нь Шар хоолойн ам гэх бөгөөд эзэмших эрх олгосон огнооноос шалтгаалан Булгийн болон Ихийн ам гэх зэргээр өөр өөрөөр нэрддэг болох нь нотлогддог.

            Тиймээс “Булгийн ам”, “Ихийн ам” гэх нэршлээс үл хамааран нэгж талбарын дугаараар хаана газар эзэмших эрхтэй болохыг тодорхойлох нь хууль ёсны үндэслэл гэж үзэж байна.

            5.3. Анхан шатны шүүх зөрүүтэй нотлох баримтуудыг тал бүрээс бодитойгоор үнэлэлгүй, болон ач холбогдолтой баримтуудыг цуглуулалгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт дүгнэлт өгөлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

            Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн албан бичигт Д.О нь өгч газар эзэмших эрхийг дуусгавар болгох 2020 оны 06 дугаар сарын 27 гэсэн огноо кадастрын мэдээллийг идэвхгүй болгосон гэдэг.

            Гэтэл Д.О-ын гэрчийн мэдүүлгээр: ... системд өөрөөр өөрчлөлт оруулах шаардлага байхгүй. Газар эзэмших тухай хуульд заасан. Газар эзэмших эрх хуульд заасны дагуу дуусгавар болдог ... хугацаа өгөөгүй. Ганцааранг нь тодотгоод хугацаа өгөх ямар ч боломж байхгүй. Надад тийм эрх байхгүй. Мөн намайг дүүрэг шилжиж явсны дараа миний бүртгэлээр нэвтэрсэн байсан.

            Дээрхээс гадна Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албанд холбогдуулан гаргасан “Нэгж талбарын 133301**** дугаар бүхий Х.С-ын эзэмшлийн газрын мэдээллийг кадастрын мэдээллийн санд эгүүлэн бүртгэхийг даалгах” тухай шаардлагад хууль зүйн дүгнэлт хийгээгүй байдаг.

            Мөн 2024 оны 654 дугаартай магадлалаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хашаалсан талбайн хэмжээг тодруулах шаардлагатай гэж дүгнэсэн ч газрын албанаас хэмжиж ирүүлсэн болон шүүхээс дахин үзлэг хийж тогтоосон зүйл байхгүй.

            Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 272 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Х.С-аас Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албанд тус тус холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын “Газар эзэмших эрх олгох тухай” 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/310 тоот захирамжийн Ч.Б-д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, нэгж талбарын 133301**** дугаар бүхий Х.С-ын эзэмшлийн газрын мэдээллийг кадастрын мэдээллийн нэгдсэн сангаас идэвхгүй болгосон үйлдэл илт хууль болохыг тогтоолгох, нэгж талбарын 133301**** дугаар бүхий Х.С-ын эзэмшлийн газрын мэдээллийг кадастрын мэдээллийн нэгдсэн санд эгүүлэн бүртгэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.

2.2. Анхан шатны шүүх “... гуравдагч этгээд Ч.Б-д эзэмшүүлсэн газар нь нэхэмжлэгч Х.С-т эзэмшүүлсэн гэх газартай тэдгээрийг гаргасан хүсэлтэд бичсэн хаяг болон газар эзэмшүүлсэн захирамж, гэрчилгээгээр давхцахгүй, нэгж талбарын дугаарууд нь өөр байна, ... түүнчлэн маргаан бүхий газар дээр Х.С нь амьдарч байгаагүй, хашаа бариагүй байгаад 2019 онд газрын кадастрын зураг хийлгэхээр хүсэлт гаргасан хугацаанаас өмнө буюу 2011 онд Ч.Б-аас Эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг зуруулсан, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр газар эзэмших хүсэлтээ гаргасан, уг газрыг хашаажуулсан зэргээс үзвэл уг газрыг эзэмших хүсэл зориг нь Ч.Б-д түрүүлж үүссэн...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

2.3. Учир нь анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 411 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Х.С-т тус дүүргийн Шар хоолой Булгийн ам гэх нэртэй газар 700 м.кв газрыг амины хашааны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүсэн бөгөөд нэхэмжлэгчээс 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/65 дугаар захирамжаар Х.С-ын Булгийн ам хаягт байрлах нэгж талбарын 133301**** дугаар бүхий 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэж, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 00008**** дугаартай гэрчилгээ олгожээ.

2.4. Харин гуравдагч этгээд Ч.Б-ны хувьд Баянзүрх дүүргийн Их амны Богины ам гэх газарт 2000 оноос хойш мал маллаж амьдарч ирсэн байх бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг хийлгэсэн байх боловч тухайн үед, уг байршилд газар эзэмшүүлдэггүй байсан гэх шалтгаанаар 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр анх Их амны хэсэгт байрлах Богины аманд 0.7 га газар эзэмшихээр хүсэлт гаргаж байжээ. Улмаар маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/310 дугаар захирамжийн гуравдагч этгээд Ч.Б-д Баянзүрх дүүргийн ** дугаар хороо Шар хоолойн аманд нэгж талбарын 133302**** дугаар бүхий 496 м.кв газрыг гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 000021**** дугаар гэрчилгээ олгосон гэх үйл баримтууд хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдож байна.

2.5. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид Баянзүрх дүүргийн Шар хоолой амны Булгийн ам гэх газарт, гуравдагч этгээд Ч.Б-д Их амны Богины ам гэх нэртэй газарт тус тус газар эзэмшүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнээс гадна Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 16/718 дугаар албан бичигт нэхэмжлэгч Х.С-ын эзэмшлийн нэгж талбарын 133301**** дугаар бүхий газар нь Булгийн ам гэж захирамж гарсан боловч бодит байдал дээр Баянзүрх дүүргийн 3* дугаар хороо Их амны хэсэгт байрладаг талаар дурджээ. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас Шар хоолоын ам, Их ам, Булгийн ам, Богины ам гэх нэртэй газруудын байршлыг харуулсан зургийг ирүүлснээс үзэхэд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмших эрх бүхий дээрх хоёр газрын хувьд байршлын хувьд өөр өөр газар байрладаг, аливаа байдлаар давхацсан зүйлгүй болох нь хангалттай нотлогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... гуравдагч этгээд 2011 онд нэгж талбарын зураг хийлгэхдээ анхнаасаа бусдын эзэмшлийн газар дээр, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа нь дуусгавар болоогүй байхад зураг гаргуулсан...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

2.6. Нэгэнт нэхэмжлэгч Х.С-ын эзэмших эрх бүхий газар нь маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/310 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ч.Б-д эзэмшүүлсэн газраас өөр байршилд байрлаж буй нь тогтоогдсон энэ тохиолдолд газрын кадастрын мэдээллийн сангаас буруу мэдээллийг буюу Булагийн аманд газар эзэмшиж буй Х.С-ын газрын мэдээллийг Их амны хэсэгт оруулан бүртгэсэн бүртгэлийг устгасан хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 272 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, өмгөөлөгч Б.Н, М.Ц нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН