Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 19

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Х.Түмэнчимэг;

улсын яллагч: П.Даваасүрэн;

шүүгдэгч: О.Шинэтулга, түүний өмгөөлөгч Д.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бичээч овогт Оюунчимэгийн Шинэтулгад холбогдох эрүүгийн 201625021538 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:    

Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажигүй, ам бүл 2, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, Баянхааны 2-121 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 49 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 08 сарын 01-ний өдрийн шүүгчийн захирамжаар 1 сар 26 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 109 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 124 дүгээр зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар бүгд 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 439 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, ТЯ83082412 регистерийн дугаартай, Бичээч овогт Оюунчимэгийн Шинэтулга.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч О.Шинэтулга нь ялтай байхдаа арматурын төмөрийг тусгайлан бэлтгэж 2016 оны 05 дугаар сарын 19-өөс 2016 оны 05 дугаар сарын 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 30 дугаар байрны подвальд байрлах иргэн Д.Баясгалангийн складны гадна хаалыг хөшиж эвдэн, хохирогч Д.Баясгалангийн эзэмшлийн складнаас гоо сайханы бүтээгдэхүүн хулгайлан авч 750.000 төгрөгийн хохирол, 2016 оны 05 дугаар сарын 19-нөөс 2016 оны 05 дугаар сарын 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 39 дүгээр байрны 6 дугаар орцонд байрлах үсчний газрын хаалгыг хөшиж, үсчний багаж хэрэгслүүд, алтан ээмэг, сувдан ээмэг, мөнгөн бөгж зэрэг эд зүйл хулгайлан авч хохирогч А.Эрдэнэтуяад 380.000 төгрөгийн, 2016 оны 05 дугаар сарын 22-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төмөр замын 1 дүгээр 60 айлын 5-н давхар байрны 2 дугаар орцны хажуу талын подволд иргэн Б.Ууганбаярын мужааны цехийн хаалгыг нь хөшиж эвдэн орж эд зүйлийг хулгайлан авч 10.860.200 төгрөгийн хохирол учруулан давтан үйлдлээр бусдад нийт 11.990.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүгдэгч О.Шинэтулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хулгай хийхдээ арматурын төмөр тусгайлан бэлтгэсэн гэдгийг зөвшөөрөхгүй байна. Сэлэнгэ аймагт үйлдсэн хэргийн эд зүйлийг бүгдийг нь буцааж цагдаагийн  2 ахмадад хүлээлгэж өгсөн. Яллах дүгнэлт дээр амгаа, дөрөө зэрэг нэхэмжилсэн байна. Би авсан бүх зүйлээ өгсөн байхад яагаад амгаа, дөрөө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. 3 удаагийн хулгайн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 гэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Найз Ганбаатай хамт хулгай хийсэн. Ганбаа намайг уруу татсан. Би хулгай хийе гэж бодоогүй, цуг дагаж явсан гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-12, 35-40, 119-123/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 13, 48/, хохирогч Д.Баясгалан /хх-ийн 20-22/, А.Эрдэнэтуяа /хх-ийн 49-51, 61/, Б.Ууганбаяр /хх-ийн 132-133/ нарын мэдүүлэг, гэрч А.Алтантуяа /хх-ийн 52-53/, Д.Насан-Өлзий /хх-ийн 134/, Ч.Сэржхүү /хх-ийн 135/, Х.Болормаа /хх-ийн 136/, П.Оюунчимэг /хх-ийн 191-192/ нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч П.Ганзоригийн мэдүүлэг /хх-ийн 158/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 49 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 81-52/, Баянзүрх дүүргийн 2002 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 109 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 83-86/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 439 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 87-89/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1171 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 90-93/, “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 124-127/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 160-161/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 162/, мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 166-171/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 186-188/, О.Шинэтулгын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 195/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Шинэтулга нь давтан үйлдлээр тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч буюу 2016 оны 05 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 30 дугаар байрны подвальд байрлах хохирогч Д.Баясгалангийн складны гадна хаалгыг арматурын төмрөөр хөшиж эвдэн гоо сайханы бүтээгдэхүүн хулгайлж 750.000 төгрөгийн,

2016 оны 05 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 39 дүгээр байрны 6 дугаар орцонд байрлах үсчний газрын хаалгыг арматурын төмрөөр хөшиж эвдэн, үсчний багаж хэрэгслүүд, алтан ээмэг, сувдан ээмэг, мөнгөн бөгж зэргийг хулгайлж хохирогч А.Эрдэнэтуяад 380.000 төгрөгийн,

2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төмөр замын 1 дүгээр 60 айлын 5-н давхар байрны 2 дугаар орцны хажуу талын подвольд байрлах хохирогч Б.Ууганбаярын мужааны цехийн хаалгыг арматурын төмрөөр хөшиж эвдэн орж 10.860.200 төгрөгийн эд зүйл хулгайлж, бусдад нийт 11.990.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Д.Баясгалангийн мэдүүлсэн /хх-ийн 21-22/: “... 2016 оны 05 дугаар сарын 20-нд  09 цагийн үед надруу манай хүргэн Энхболд залгаад “танай складанд хулгай орсон байна” гэж хэлсэн. Тэгээд очиход складны хаалгыг эвдчихсэн, хураалгаатай байсан 3 хайрцаг “Биоскин” нэртэй гоо сайханы бүтээгдэхүүнээс 3 хайрцаг алга болсон байсан. Уг бүтээгдэхүүн нэг хайрцагандаа 10 ширхэгтэй байдаг ба нийт 30 ширхэг гоо сайхны бүтээгдэхүүн алдагдсан байсан. Алдагдсан бүтээгдэхүүн нэг ширхэг нь 25.000 төгрөг бөгөөд нийт 750.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч А.Эрдэнэтуяагийн мэдүүлсэн /хх-ийн 49-50/: “... 2016 оны 05 дугаар сарын 19-ний орой ажил тараад гэртээ харьсан. Өглөө ажилдаа иртэл манай үсчний газарт хулгайч ороод цоожны голыг ухаад эд зүйл авсан байсан. Миний үсний машин, үсчний багаж хэрэгслүүд, алтан ээмэг, сувдан ээмэг, мөнгөн бөгж зэрэг эд зүйл хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Ууганбаярын мэдүүлсэн /хх-ийн 133-134/: “...2016 оны 05 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө миний алт мөнгөний дархан хийдэг ажлын байранд хулгай орж ягаан өнгийн цахилгаан точил, гуулан амгааны бэлдцүүд, эмээлийн гуулин дөрөө, таславч, шинэ багажнууд зэрэг эд зүйл хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг,

 

иргэний нэхэмжлэгч П.Ганзоригийн мэдүүлсэн /хх-ийн 158/: “... Би 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн “Бирж” дээр өглөө 11 цагийн үед нэхий аваад байж байтал О.Шинэтулга ирээд “мөнгөний хэрэг гараад байна” гээд өөрийнхөө хэрэглэж байсан багажаа хямдхан зарчихмаар байна” гэхээр нь би одоо энэ цагдаад хураалгаж байгаа багажнуудыг нийт 370.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Миний хувьд хулгайн эд зүйл гэдгийг нь огт мэдээгүй. Уг багажийг О.Шинэтулгын өөрийнх нь гэж бодоод авсан юм. Надад худлаа хэлж хулгайн эд зүйл зарсанд гомдолтой байна. Би багаж худалдан авсан 370.000 төгрөгийн хохирлоо буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг,

 

О.Шинэтулгын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 67-76/: “... 2016 оны 05 сард би тээврийн товчооны урд байрны подволоос хулгай хийсэн. Тэр подволь модон хаалгатай байсан. Би хаалгыг нь төмөрөөр хөшиж ороход үсчний өрөө байсан. Тэндээс авсан эд зүйлээ “үсчний хэрэгслүүд олигтой үнэд хүрэхгүй байх” гэж бодоод хогийн бункерийн тэнд хаячихсан юм. ... Тэгээд уг байрны ойролцоо бас нэг подвольд орсон. Хаалгыг нь бас л нөгөө төмрөөрөө хөшиж ороход хайрцагтай гоо сайханы бүтээгдэхүүн байсан. Тэндээс 4 хайрцгийг аваад маргааш өглөө нь гоо сайханы бараа зардаг газруудаар явж зарж мөнгийг нь авсан. ...Би 2016 оны 05 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотоос автобусаар Сүхбаатар суманд ирсэн. Тэгээд 5 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Сүхбаатар сумын 7 дугаар баг төмөр замын 60 айлын 2 дугаар орцны подвольд үйл ажиллагаа явуулдаг мужааны цехээс цахилгааны багаж хэрэгсэл авсан...” гэх мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-12, 35-40, 119-123/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 13, 48/, “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 124-127/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 160-161/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 162/, мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 166-171/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 186-188/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч О.Шинэтулгын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч О.Шинэтулга нь урьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхдаа давтан үйлдлээр, арматурын төмрийг бэхэлгээ хамгаалалтыг эвдэх, үйлдлийг хялбарчлах зорилгоор хэрэглэн, агуулах саванд нэвтэрч, шунахай сэдэлтээр өөрт үл хамаарах, өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй бусдын эд хөрөнгийг нууц далд хэлбэрээр хулгайлж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх хуулийн зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч О.Шинэтулгад ял оногдуулахад үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцов.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Иргэний нэхэмжлэгч П.Ганзориг нь хохирогч Б.Ууганбаярын хулгайд алдсан багаж хэрэгслүүдийг шүүгдэгч О.Шинэтулгаас 370.000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд түүнийгээ хураалгаж хохирогчид хүлээлгэн өгсөн үйл баримт мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон. Ийм учраас шүүгдэгч О.Шинэтулгаас 370.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.Ганзоригт олгох нь зүйтэй.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй бусад хохирол, гэм хор болох нийт 11.028.000 төгрөгийг шүүгдэгч О.Шинэтулгаас гаргуулж, үүнээс хохирогч Д.Баясгаланд 750.000 төгрөг, хохирогч А.Эрдэнэтуяад 380.000 төгрөг, хохирогч Б.Ууганбаярын бүрэн нөхөн төлөгдөөгүй үлдэх хохирол, гэм хор болох нийт 9.898.000 төгрөгийг (хазаарын амгааны гуулин бэлдэц, амгааны зуузай, гуулин дөрөө, эмээлийн ганзаганы гуулин сүвэгч, машины домакрат, цахилгаан оёдлын машины мотор, гар хийцийн “Очир”-той мөнгөн бөгж, “Нацагдорж”-той мөнгөн зүүлт) тус тус олгохоор тогтов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бичээч овогт Оюунчимэгийн Шинэтулгыг давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Шинэтулгыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Шинэтулгад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Шинэтулга 114 /нэг зуун арван дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай .

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Шинэтулгааас нийт 11.398.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Д.Баясгаланд 750.000 төгрөг, хохирогч А.Эрдэнэтуяад 380.000 төгрөг, хохирогч Б.Ууганбаярт 9.898.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.Ганзоригт 370.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Шинэтулгад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Шинэтулгад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ