Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 1224

 

 

 

 

 

 

 

2019          12            10                                             2019/ДШМ/1224

 

Д.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Нямсүрэн,

шүүгдэгч Д.Э,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 765 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлээр Д.Эд холбогдох 1911 0156 80895 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Д-гийн Э, 1975 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны . тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны .. тоотод оршин суух, /РД:............................../,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 195А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 137 дугаартай шүүгчийн захирамжаар 2 сар 7 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

 

Д.Э нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 1 дүгээр гудамжны 10 тоотод иргэн Б.Өлзийдэлгэр нь өөрийн “Самсунг-А6” загварын гар утсаа орхиж гээгдүүлсэн байсныг завшиж, бусдад 671.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Доржсүрэнгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

            Прокурор А.Нямсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Эд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь хорих ял оногдуулахаар хуульчилсан гэмт хэргүүдэд хэрэглэх зүйл заалтууд бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял оногдуулах зохицуулалтгүй юм.

            Хорих ял оногдуулах заалтгүй хэрэгт дээрх зүйл заалтыг хэрэглэж эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтыг зөрчиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан ялыг буруу хэрэглэсэн шийдвэр болсон гэж үзэж байна.

            Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 765 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

 

            Шүүгдэгч Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 1 дүгээр гудамжны 10 тоотод  оршин суудаг Д.Эын гэрт  иргэн Б.Өлзийдэлгэр нь  2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өөрийн “Самсунг-А6” загварын гар утсаа орхиж гээгдүүлсэн байсныг Д.Э завшиж, 671.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт  үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Харин Д.Эыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл журмыг зааснаас үзэхэд шүүх гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь нотлогдсон хүнд зөвхөн хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээнээс өөр ялыг сонгон хэрэглэх эрхгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял оногдуулж болохоор заагаагүй, хорих ялын санкцгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэснийг журамлаж шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болж байна.

 

Иймд прокурор А.Нямсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шүүгдэгч Д.Эд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 765 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Эд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Д.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.ЗОРИГ

 

 

                       ШҮҮГЧ                                                                   Д.ОЧМАНДАХ

 

 

                       ШҮҮГЧ                                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ