| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00346/И |
| Дугаар | 00399 |
| Огноо | 2019-08-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 00399
| 2019 оны 08 сарын 09 өдөр | Дугаар 153/ШШ2019/00399 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 24 айлын орон сууцны 03 тоотод оршин суух, эмэгтэй, Орлой овогт Д-н У / /-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 153/2019/00346/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Д.У нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1967 онд төрсөн. 1975 он хүртэл эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн. 1975 онд Дорноговь аймгийн дунд сургуульд 1-р ангид элсэн орж 1983 онд 8-р ангиа Төв аймагт төгссөн. Хэнтий аймагт 10 ангийг төгссөн. 10 дугаар ангиа төгсөөд Эх нялхсын төвд 1985-1986 он хүртэл 1 жил асрагч хийсэн. 1987 онд Анагаах ухааны дээд сургуульд элсэн орж 1991 онд төгссөн. Нөхөр Гарьджавтайгаа ханилаад Ховд аймагт ирсэн. 1991 оны 7 сараас Ховд аймгийн эмнэлэгт шүдний эмчээр 1995 оны 8 дугаар сар хүртэл ажилласан. 1995 оны 8 дугаар сараас хувийн хэвшлийн эмнэлэг байгуулан ажилласан. Би Улаанбаатар хот руу шилжих болсонтой холбогдуулан тэтгэвэрт гарах хугацаа болж байгаа учраас бичиг баримтаа шалгахад ажлаас гарсан тушаал байхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Намайг Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт 1991 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал шүдний эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.У нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Д.У нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1991 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал шүдний эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.У нь Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1991 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал шүдний эмчээр ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 800 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1991 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 81 дугаартай АУДээд, Дунд сургууль төгсөгчдийг хувиарлах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Нэгдсэн больницийн ерөнхий эмчийн 1995 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 44 дугаартай Дежур эмч нэрсийг батлах тухай тушаалын хуулбар, нэхэмжлэгчийн 153768 дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн 8314 дугаартай Анагаах ухааны дээд сургуулийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн 266099, 0443695 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Д.Уд холбогдох 1992-1994 онуудын цалингийн тооцооны картуудын хуулбар, гэрч С.Оролмаагийн ....Намайг Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байхад Д.У 1991 онд сургуулиа төгсч ирээд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүдний тасагт эмчлэгч эмчээр ажиллаж эхэлсэн. Тэгээд 1995 оны дундуур хүртэл ажиллаж байгаад Д.У эмч хувийн Сэтэр хүрэн шүдний эмнэлгийг байгуулан Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгээс гарсан юм. Би Д.У эмчээс Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгээс хамт гараад хувийн эмнэлэгт нь хамт ажилласан юм.... гэх мэдүүлэг, гэрч С.Түвшинжаргалын ....Д.У нь 1991 оны хавар анагаах ухааны их сургуулийн нүүр ам судлалын эмчийн ангийг төгсөж ирээд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт шүдний эмчээр ирж ажиллаж байсан. Нөхөр Гарьджав гэдэг эмчийн хамт төгсөж ирж байсан. Нөхөр нь нэгдсэн эмнэлэгт эрүү нүүрний мэс заслын эмч хийж байсан. Би Д.Утай 1991-1995 он хүртэл хамт ажилласан. 1995 оноос хойш Д.У нь хувийн эмнэлэг байгуулаад ажлаасаа гарч байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-7, 8, 9, 10, 11, 28-32, 33-34, 35-36 дугаар тал/
Хавтаст хэргийн 12-15 дугаар хуудсанд авагдсан иргэн С.Түвшинжаргал, С.Оролмаа нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Орлой овогт Д-н У / /-ийн Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1991 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал шүдний эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Угийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ