Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
Хэргийн индекс | 153/2019/00230/И |
Дугаар | 00400 |
Огноо | 2019-08-09 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 00400
2019 оны 08 сарын 09 өдөр | Дугаар 153/ШШ2019/00400 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 10-01 тоотод оршин суух, Хазбек овогт Ж-н Г / /-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт байрлах, З д холбогдох,
нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 153/2019/00230/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Ж.Г Зэвсэгт хүчний 123-р ангид холбогдуулан гурван нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн 1 дэх шаардлагаа дэмжиж байгаа. Нэхэмжлэлийн 2,3 дахь шаардлагууд дээр тодруулга хийе. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэж тодруулъя. Нэхэмжлэгч Ж.Гыг Зэвсэгт хүчний 123-р ангийн захирагчийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 208 дугаар тушаалаар тус ангийн нягтлан бодогчоор жинхлэнэ томилсон байгаа. Энэ нь төрийн үйлчилгээний албан тушаал. ТҮ ангилал зэрэглэлээр цалинждаг албан тушаалд томилсон. Нягтлан бодогчийн хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байх явцад Зйн саналаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/269 дугаар тушаал гарч Ж.Гыг хөгжимчний албан тушаалд буюу төрийн тусгай албан тушаалд түр томилох тухай тушаал гарсан байдаг. Энэ албан тушаалд ажиллаж байх явцад Зэвсэгт хүчний 123-р ангийн захирагч дуудаж уулзаж энэ албан тушаалаасаа чөлөөлөгд гэдэг байдлаар өргөдөл бичүүлж аваад энэ өргөдлийн дагуу Зэвсэгт хүчний хуурай замын командлагчийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/384 дугаартай тушаалаар Ж.Гыг хөгжимчний түр ажлын байрнаас чөлөөлсөн. Урьд ажиллаж байсан нягтлан бодогчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох хүсэлтийг Зэвсэгт хүчний 123-р ангид нэхэмжлэгч амаар удаа дараа тавьж байсан. Энэ хүсэлтийг одоо хүртэл шийдвэрлэж хариу өгөөгүй. Урьд эрхэлж байсан албан тушаалд ажиллуулах эсэх талаар шийдвэр гаргахгүй байсаар байгаад өнөөдрийг хүртэл байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажилтныг томилохгүй, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгааг ажлаас халсантай адилтгаж үздэг. Хөдөлмөрлөх эрхийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40, 37 дугаар зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болгодог. Ажилтныг ажиллуулахгүй шийдвэр гаргахгүй нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилохгүй байгааг ажлаас халсантай адилтгаж үзээд гомдлыг гаргасан гэдгээ тайлбарлая. Ажилтныг ажлын шаардлагаар өөр ажилд түр болон бүр мөсөн шилжүүлэх тохиолдлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулсан байдаг. Бүр мөсөн шилжүүлсэн тохиолдолд урьд эрхэлж байсан ажил албан тушаал хадгалагдахгүй. Түр шилжүүлсэн тохиолдолд урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй байдаг. Өөр ажилд шилжүүлэх гэдэг ойлголтыг хугацааныхан хувьд түр болон бүр мөсөн гэж ангилдаг. Ж.Гыг түр ажлын байранд шилжүүлсэн. Түр ажлын байранд шилжүүлсэн гэдэг нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2015 оны Б/269 дугаартай тушаалаар түр томилсон байдлаар Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн 2018 оны Б/384 дүгээр тушаалд туршилтын хугацаагаар түр ажиллаж байсан албан тушаалаас Ж.Гыг чөлөөлсөн гэдэг нь тогтоогдож байна. Нягтлан бодогчтой байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрийг ажил олгогч байгууллагаас гаргаагүй нь түр шилжүүлсэн байдлыг нотолж байна гэж үзэж байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлага дээр мөнгөн дүнг нь тодруулъя. Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/384 дугаар тушаалаар Ж.Гыг 9 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгож ажил хүлээлцүүлсэнтэй холбогдож нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгаа. Нэхэмжлэгч Ж.Гын ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг дуусталх хугацааны цалин хөлс 6,104,826 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнийхээ задаргаа тооцоог хэлчих нь зөв болов уу гэж бодож байна. Нягтлан бодогч төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарагддаг. Монгол улсын Засгийн газрын 2007 оны 354 дугаар тогтоолоор төрийн захиргааны болон үйлчилгээний ангилал зэрэглэлийг баталсан. Нягтлан бодогч албан тушаал ТҮ7 ангилал зэрэглэл. Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 264 дүгээр тогтоолоор 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ТҮ7-1 шатлалыг 578109 төгрөгөөр баталсан. Энэ дүнгээр 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,734,327 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цалин хөлс Засгийн газрын тогтоолоор өөрчлөгдсөн. Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ТҮ7-1 шатлалд хамаарах нягтлан бодогчийн цалинг 624,357 төгрөгөөр баталсан. 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 4,370,499 төгрөг, нийт 6,104,826 төгрөг гэж тооцсон....2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн өнөөдрийг дуусталх хугацааны цалин гаргуулна....Туршилтын ч байна уу, түр ч байна уу энэ нь ажил албан тушаалыг бүр мөсөн шилжүүлж байгаа үйл явдал биш. Түр шилжүүлж байгаа учраас үндсэн ажлын байрандаа эргэж орох үндэслэл байгаа.... 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлээд 2015 онд түр шилжүүлэх хугацаа хүртэл 4 жил тооцоход түр авсан ажлын байрны туршилтын хугацаа дууссан гэж үзэж байна. Үндсэн ажлын байр гэж үзэх үндэслэлтэй....Ажилтан санаачилсан тохиолдолд өргөдлөө гаргадаг. Ажил олгогч санаачилсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан тодорхой үндэслэлүүд байдаг. Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн тушаал шийдвэрийг бид нар гардаж аваад маргаагүй. Хөгжимчний буюу төрийн тусгай албан тушаалд оръё гэж гомдол нэхэмжлэл гаргаагүй. Үндсэн эрхэлж байсан ажил албан тушаал буюу нягтлан бодогчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн байгаа. Нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн эрхийн акт шийдвэр гаргаагүй. Хэрэв гарсан бол үүнийг гардаж аваад гомдол гаргах байсан....Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасан хуулийн заалт энэ маргааны тухайд хэрэглэвэл зохих хуулийн заалт гэж үзэж байна.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү....гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч Д.Тамир нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....Ж.Г нь манайд хамааралгүй болсон. Жанжин штабын даргын тушаалаар манайд томилогдсон боловч дээд удирдлагын байгууллагын мэдэлд шилжсэн. Манайд ямар нэгэн байдлаар хамааралгүй болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна....Офицер, ахлагчийн албан тушаалд томилогдох хүн Зд хамааралгүй. Зэвсэгт хүчний жанжин штаб болон Хуурай замын командлагчийн тушаал шийдвэрээр томилогдож, чөлөөлөгддөг. Төрийн тусгай албан хаагчийг Зэвсэгт хүчний 123-р ангийн захирагч томилох чөлөөлөх эрх мэдэл байдаггүй. Үйлчилгээний албан тушаалын хүмүүсэээ ангийн захирагч ажилд томилж, чөлөөлдөг....Жанжин штабын даргын тушаалаар толилогдсон учраас манайд хамааралгүй....Шилжүүлэн томилоогүй....Ажилд орох хүсэлтээ Зэвсэгт хүчний Жанжин штабт гаргасан байж магадгүй. Манайд хамааралгүй....гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Г нь Зд холбогдуулан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай шаардлагаа 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6,104,826 /зургаан сая нэг зуун дөрвөн мянга найман зуун хорин зургаа/ төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагаа 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэж тус тус тодруулав.
Нэхэмжлэгч Ж.Г нь Зд Зйн захирагчийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 208 дугаартай тушаалаар 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн нягтлан бодогчоор түр ажилд орсон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Зйн захирагчийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 208 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 43-44 дүгээр тал/
Ж.Г нь Зд нягтлан бодогчоор ажиллаж байгаад Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/269 дугаартай тушаалаар 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Зд хөгжимчнөөр, ахлагчийн албан тушаалд энгийнээр томилогдон ажилласан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдлоо.
Мөн нэхэмжлэгч Ж.Г нь өөрийн хүсэлтээр хөгжимчний албан тушаалаас Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/384 дугаартай тушаалаар чөлөөлөгдсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/384 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдов. /хх-ийн 79 дүгээр хуудас/ Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй болно.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь ....Нягтлан бодогчтой байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрийг ажил олгогч байгууллагаас гаргаагүй тул хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй, ....хөгжимчний албан тушаалд түр шилжүүлсэн, ....түр хугацаагаар ажиллаж байсан хөгжимчний албан тушаалаас чөлөөлөгдөөд үндсэн эрхэлж байсан ажил албан тушаал буюу нягтлан бодогчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор, 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6,104,826 төгрөг гаргуулах, 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахаар шаардлага гаргасан.... гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир нь шүүх хуралдаанд ....Ж.Г нь манайд хамааралгүй болсон. Энэ хүн нягтлан бодогчийн ажлыг хийхгүй хөгжимчний ажил хийнэ гээд Зэвсэгт хүчний жанжин штабын мэдэлд шилжээд тэндээс тушаал нь гараад манайд томилогдож ажилласан.Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.... гэж тус тус мэтгэлцэв.
Зд ажиллах ахлагч, офицерыг ажилд томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан нь Зэвсэгт хүчний жанжин штаб, одоо Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч, харин Зд ажиллах үйлчилгээний албан хаагчийг ажилд томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан нь Зйн захирагч тус тус эдэлдэг.
З нь Ж.Гыг 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн нягтлан бодогчоор ажилд томилон ажиллуулахдаа нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, мөн Зйн захирагч нь Ж.Гыг нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлсөн тушаалыг гаргаагүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
Ж.Г нь өөрийн хүсэлтээр нягтлан бодогчийн ажлаас хөгжимчний ажилд томилогдсон болох нь гэрч Б.Галбадрахын ....Ж.Г нь 2015 оны 6 юм уу 7 сард ангийн үлээвэр найрал хөгжимчнээр орж алба хаах хүсэлт гаргасан. Энэ албан тушаал бол төрийн тусгай албан тушаал. Төрийн тусгай албан тушаалд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар албан тушаалтанг томилдог учир түүний өргөдлийг Зэвсэг хүчний Жанжин штабын хүний нөөцийн хэлтэст хүргүүлсэн. 2015 оны 7 дугаар сард Ж.Гыг хөгжмийн салаанд хөгжимчнээр томилсон тушаал гарсан тул нягтлангийн ажлаа хүлээлгэн өгч хөгжмийн салаанд алба хааж эхэлсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр тал/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо.
Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлд Ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд түр шилжүүлэх, 33 дугаар зүйлд Сул зогсолтын үед өөр ажилд түр шилжүүлэх, 34 дүгээр зүйлд Ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлэх заасан үндэслэлээр ажилтныг өөр ажилд шилжүүлэх тохиолдлыг хуульчилжээ.
Тус хэргийн үйл явдал нь дээрх хуулийн заалтуудад хамаарахгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь шүүх хуралдаанд ....хөгжимчний албан тушаалд түр шилжүүлсэн.... гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ж.Г нь Зд нягтлан бодогчоор ажиллаж байгаад хөгжимчний албан тушаалд буюу төрийн үйлчилгээний албан тушаалаас төрийн тусгай албан тушаалд орох хүсэлтийг гаргаж, улмаар 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хөгжимчний ажилд томилогдон төрийн тусгай албан хаагч болсноор төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагджээ.
Энэ нь нягтлан бодогчийн албан тушаалаас хөгжимчний албан тушаалд шилжүүлсэн үйл явдал бус харин нэхэмжлэгч Ж.Г нь нийгмийн баталгаагаа дээрдүүлсэн албан тушаалд томилогдсон гэж үзэх үндэслэлтэй байна
Иймээс нэхэмжлэгч Ж.Г нь өөрийн хүсэлтээр хөгжимчний ажилд томилогдсноор Ж.Гын нягтлан бодогчоор ажиллаж байсан хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан үндэслэлээр 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон байна.
Түүнчлэн ажил олгогч нь ажилтанг ажлаас чөлөөлөх тохиолдол бүрт бичгээр эрхийн акт гаргах шаардлагатай бөгөөд хариуцагч З нь нэхэмжлэгчийг нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлсөн буюу хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгосон эрхийн актыг гаргаагүй нь хариуцагч байгууллагын буруу байх боловч 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөр нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болсон тул уг хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй болно.
Мөн нэхэмжлэгч нь хөгжимчнөөр ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүү А.Ернарыг төрүүлсэн /хх-ийн 67 дугаар тал/ байх бөгөөд Ж.Гын нягтлан бодогчоор ажиллаж байсан хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан үндэслэлээр 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон тул Ж.Гын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан үндэслэл түүнд хамаарахгүй юм.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Гын нэхэмжлэлтэй, хариуцагч Зд холбогдох, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6,104,826 /зургаан сая нэг зуун дөрвөн мянга найман зуун хорин зургаа/ төгрөг гаргуулах, 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх Ж.Гын нягтлан бодогчоор ажиллаж байсан хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан үндэслэлээр 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон гэж дүгнэсэн тул хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаанд гаргасан ....Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд нэхэмжлэгчийг гомдлоо шүүхэд гаргаагүй.... гэх тайлбарт хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдав.
Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг.
Хавтаст хэргийн 17, 18 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, хавтаст хэргийн 21-23, 75, 77 дугаар хуудсанд авагдсан баримтуул нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө... гэж заасныг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Гын нэхэмжлэлтэй, хариуцагч Зд холбогдох, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6,104,826 /зургаан сая нэг зуун дөрвөн мянга найман зуун хорин зургаа/ төгрөг гаргуулах, 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ