| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2019/02153/И |
| Дугаар | 181/ШШ2019/02226 |
| Огноо | 2019-11-06 |
| Маргааны төрөл | Аялал жуучлал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2019/02226
| 2019 оны 11 сарын 06 өдөр | Дугаар 181/ШШ2019/02226 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Ө нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц А Т ХХК холбогдох,
1 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Иргэн Ч.Ө би “Ц А Т” ХХК-ийн зарын дагуу БНСУ-ын Чэжү аралын 2019 оны 07 дугаар сарын 23-наас 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 5 хоногийн аялалд бүртгүүлсэн. “Ц А Т” ХХК нь гэрээ байгуулахаас өмнө буюу 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр урьдчилгаа 1 000 000 төгрөг төлөхийг шаардсан. Үүний дагуу би 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “Ц А Т” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь .............. тоот дансанд 1 000 000 төгрөг шилжүүлсэн.
Гэтэл өмнө нь Чэжү арал руу аялсан аялагчдаас лавлахад БНСУ-ын аялалын визэнд ороод татгалзсан хариу авсан тохиолдолд гааль дээр Чэжү арал руу оруулахгүй буцсан гэх хүмүүс байсан. Ингээд би 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “Ц А Т” ХХК-тай очиж уулзаад энэ талаар хэлээд өмнө нь би БНСУ-ын визний татгалзсан хариутай гэж та нарт хэлсэн яагаад энэ талаар танайх сануулдаггүй юм бэ, би явахаа болилоо мөнгөө буцааж авая гэхэд тус компанийн ажилтан татгалзсан хариу авч байсан нь хамаагүй, урьд нь харлаж байгаагүй л бол зүгээр та гэрээн дээр гарын үсгээ зурчих гэж шахсаар байгаад гэрээн дээр гарын үсгийг минь зуруулсан. Ингээд би дахин албан ёсны эх сурвалж болох БНСУ-ын консулаас асуухад “...өмнө нь БНСУ-ын аялалын визэнд татгалзсан хариу авч байсан хүмүүсийг хилээр оруулахгүй байгаа” гэсэн. Иймээс би дахин тус компанийн ажилтанд энэ талаар хэлж явахаа болилоо гэдгээ хэлсэн. Гэтэл өөдөөс мөнгийг чинь буцааж өгөх боломжгүй шүүхээр яваад олж аваарай гэсэн.
Иргэний хуулийн 205 дугаар зүйл 205.1 дэхь хэсэгт “...Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан байдаг.
Ч.Өби “Ц А Т” ХХК-нд гэрээнээс татгалзаж байгаа талаараа татгалзах болсон шалтгаанаа удаа дараа мэдэгдэж, тус компанийн аялалын талаар үнэн зөв мэдээлэл өгөхгүй байгаа тухай хэлсээр байтал миний аялалын төлбөрт төлсөн 1 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа тул 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 1 000 000 төгрөгийг “Ц А Т” ХХК-иас гаргуулан авах хүсэлтэй байгаа тул гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ц А Т” ХХК нь 2013 оноос хойш аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Бид энэхүү хугацаанд бүх аялагч иргэн болон байгууллагатай хуулийн дагуу аялал жуулчлалын гэрээ байгуулж, гэрээний дагуу үйлчилгээ үзүүлж мөрдөн ажиллаж байгаа билээ.
Манай компани 2019 оны 06 сарын 25-ны өдөр “Н Ж” ХХК-тай №JEJU-190723-15 тоот гэрээ байгуулж тус компанийн зарласан 07-р сарын 23-28-ны өдөр Чэжү чартерт суудал авч 15 хүн аялуулахаар гэрээ хийсэн бөгөөд гэрээний дагуу 15 хүн бүрдүүлж аялалд явуулахаар болсны нэг аялагч нь Ч овогтой Ө юм. 2019 оны 7 сарын 10-ны өдөр Ч овогтой Ө манай компани руу залгаж Чежү чартер явахаар суудал байгаа эсэхийг асуусан бөгөөд бид Чежү аялагчид хамгийн түрүүнд тавьж буй шаардлагын дагуу БНСАУлс руу визний ямар нэгэн зөрчилтэй эсэхийг асуухад “Визний ямар ч зөрчилгүй ээ захиалга өгөх гэсэн юм” гэж хариулсан ба бид хэрэв ямар ч зөрчилгүй бол захиалга өгөх боломжтой манай компани дээр ирж гэрээ хийж урьдчилгаа төлбөрөө төлөөд аялал тань баталгаажих болно гэж хэлсэн бөгөөд Ч.Ө нь 7 сарын 10-ны өдөр очих ямар ч боломжгүй ажилтай байгаа тул урьдчилгаагаа өгөөд суудлаа хадгалуулъя. 7 сарын 16-нд ажил орохоор ирж гэрээгээ хийе гээд 7 сарын 16-нд ирэхээр тохирч урьдчилгаа 1 000 000 төгрөгийг манай компанийн данс руу шилжүүлсэн ба 7 сарын 16-ны өдөр ирээгүй бөгөөд 7 сарын 18-ны өдөр компани дээр ирж гэрээ хийсэн.
Бид “Н Ж” ХХК-тай байгуулсан JEJU-190723-15 тоот гэрээний дагуу суудлаа баталгаажуулж захиалга өгсөн Ш.Өлзий болон хувиараа захиалга өгсөн бусад 3 хүний аялалын урьдчилгаа төлбөрийг 7 сарын 10-ны өдөр “Н Ж” ХХК-д төлсөн. Ч.Ө нь нэхэмжлэл, шаардлагадаа: ...зөрчилтэй аялагчийг хилээр гаргахгүй байх магадлалтайг урьдчилан сануулаагүй хүчээр гэрээнд гарын үсэг зуруулсан гэж ямар ч үндэслэлгүйгээр гүтгэн бичсэн байна.
Бид ямар ч иргэнийг хүчээр гэрээнд гарын үсэг зуруулдаггүй, зуруулах ч боломжгүй бөгөөд бүгд сайн дурын үндсэн дээр хуулийн дагуу хувь хүн өөрөө гэрээтэй танилцан хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гарын үсэг зурж гэрээ хийдэг.
Мөн зөрчилтэй аялагчийг хилээр гаргахгүй байх магадлалтайг бид бүх аялагчдад урьдчилан сануулж анх гэрээ хийхэд “Бүртгэл санамжийн хүснэгт” бөглүүлэн өөрсдөд нь танилцуулж гарын үсэг зуруулсан бөгөөд уг хүснэгтэд маш ойлгомжтой дэлгэрэнгүйгээр Зөрчилтэй бол аялахгүй байхыг анхааруулсан байдаг ба энэхүү аялалаар аялсан 147 аялагч үүнээс манай компанийн 15 аялагч болон үүнд орсон Ч.Ө нь мөн энэхүү “БҮРТГЭЛ САНАМЖИЙН ХҮСНЭГТ”-тэй танилцан өөрийн гараар бөглөж “Зөрчилгүй” хэмээн гарын үсгээ зурсан. Мөн “Н Ж” ХХК-тай манай компанийн байгуулсан JEJU-190723-15 тоот гэрээний 4.8-аар заалт болон манай компанийн Ч.Ө байгуулсан 07/18 тоот аялалын гэрээний 3.3-р заалтанд -Энэ аялалд хүн бүр 800 долларын барьцаа тавих бөгөөд БНСАУ-ын гаалийн ажилтаны шийдвэрээр Чежү аралд нэвтрүүлээгүй тохиолдолд хил гаалийн торгууль болон 800 доллар болон аялалын төлбөр 100 хувь буцаан олгогдохгүй гэж анхааруулсан заалт байгаа болно.
Бидэнд визний зөрчилтэй хүмүүсийг аялалд хуурч, хүчээр явуулах ямар ч шаардлага байхгүй бөгөөд хэрэв зөрчилтэй аялагч гарч хил дээр үлдсэн тохиолдолд “Н Ж” ХХК-тай байгуулсан JEJU-190723-15 тоот гэрээний 5.4 дүгээр заалтад заасны дагуу аялалын төлбөр манай компанид 100 хувь буцаан олгогдохгүй бөгөөд мөн нислэгийн компанид БНСАУлсын хилийн шалганаас тухайн хүнтэй холбоотой гарсан зардал хэмээн өндөр төлбөр нэхэмжлэгдэн ирж энэхүү төлбөр аялалын компанид нислэгийн компаниас нэхэмжлэгдэн ирдэг юм.
Манай компани Ч.Ө суудлыг 2019/7/10-наас эхлэн 2019/07/19-ийг хүртэл цуцлалгүй өөр хүн бүртгэлгүй, суудал дууссан хэмээн хадгалсан бөгөөд 07-р сарын 19-ний өдөр үлдэгдэл төлбөр 1 290 000 төгрөгөө яаралтай төлөхийг сануулахад Ч.Өнь үлдэгдэл төлбөрөө төлөлгүй 7/19-ний өдөр буюу 5 дахь өдөр аялал эхлэхээс 4 хоногийн өмнө буюу ажлын 2 хоног дутуу байхад аялалд явахаас татгалзаж гэрээгээ цуцлуулая гэж манай компани руу залгаж хэлэхэд нь бид Ч.Ө байгуулсан 07/18 тоот аялалын гэрээний 2.8-2.10-р заалтын дагуу урьдчилгаа төлбөрийг буцаах боломжгүй болсныг мэдэгдсэн. Гэрээний 2.8-д аялагч гэрээний үүргээ биелүүлээгүй, аялахаас татгалзсан, яваагүй тохиолдолд тушаасан аялалын хөлс дараах байдлаар буцаан олгогдохгүй. Мөн 2.9-д гэрээ хийгдэж урьдчилгаа төлбөр төлөгдсөний дараа цуцалсан тохиолдолд 60%, аялал эхлэхээс 10 хоногийн өмнө буюу бүх төлбөр төлөгдсөний дараа цуцалсан тохиолдолд 100% олгохгүй гэж заасан байдаг.
Мөн манай компани 2019 оны 06 сарын 25-ны өдөр “Н Ж” ХХК-тай байгуулсан №JEJU-190723-15 тоот гэрээний 5.4-д заасны дагуу “Н Ж” ХХК-аас аяллын урьдчилгаа төлбөрийг буцаан авах боломжгүй хугацаа болсон байсан ба аялал эхлэхэд ажлын 2 өдөр дутуу байхад бид Ч.Ө оронд хүн олж явуулах болон JEJU-190723-15 тоот гэрээний 5.5 дугаар заалтын дагуу нэр солих боломжгүй хугацаа болсон байсан. JEJU-190723-15 тоот гэрээний 5.4-т “Энэхүү аялал нь шууд нислэгтэй захиалгат аялал учраас гэрээ хийгдсэнээс хойш захиалагч аялалыг цуцалвал аялалын төлбөрийн 100 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг аялал зохион байгуулагчид төлнө”, 5.5-д “Аялал эхлэхээс 5 хоногоос дотогш хугацаанд аялагчийн мэдээллийг өөрчлөх боломжгүй” гэж заасан.
Манай компани Ч.Ө хууль бусаар төлбөр аваагүй бөгөөд гэрээний дагуу төлбөр буцаан олгогдох боломжгүй. Иймд энэхүү нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй тул гэрээний дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх зохигч талуудын тайлбар, тэдгээрийн гаргасан хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Өнь хариуцагч “Ц А Т” ХХК-д холбогдуулан 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ аяллын талаар үнэн зөв мэдээлэл өгөөгүйгээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар урьдчилгаанд төлсөн мөнгөө буцаан гаргуулахаар шаардсан.
Хариуцагч тал нэхэмжлэгч Ч.Ө өөрийн хүсэл зоригийн дагуу манай компанитай утсаар холбогдож, аялах хүсэлтээ гаргаж, бүртгүүлэн урьдчилгаа төлбөрт 1 000 000 төгрөгийг төлж, гэрээг байгуулсан боловч өөрөө визны зөрчилтэйн улмаас аялахаас татгалзсан учир урьдчилгаанд төлсөн 1 000 000 төгрөгийг буцаан олгох үндэсгүй гэж мэтгэлцсэн.
Хэрэгт авагдсан баримтуудаар, иргэн Ч.Өнь зарын дагуу, Ц А Т ХХК-тай 2019 оны 07 сарын 10-ны өдөр утсаар холбогдож, Бүгд Найрамдах Солонгос улсын Чэжү аралын 2019 оны 07 сарын 23-ны өдрөөс 2019 оны 07 сарын 28-ны өдрийг хүртэл 5 хоногийн аялалд явахаар захиалга өгч харилцан тохиролцжээ. Аяллын төлбөрийн урьдчилгаанд 2019 оны 07 сарын 10-ны өдөр 1 000 000 төгрөгийг Ц А Т ХХК-ийн ............... тоот дансанд төлсөн /хх-7 дах тал/. Аяллын гэрээ /хх-5-6, 19-20 дахь талд/-г 2019 оны 07 сарын 18-ны өдөр хариуцагч компани дээр нэхэмжлэгч нь очиж хийсэн ба мөн “Бүртгэл болон санамж бичиг 2019 оны 07 сарын 23-28-ны Чэжү аялал” гэсэн хүснэгт бүхий бичгийг нэхэмжлэгч Ч.Өнь уншиж танилцан, гараар бичиж бөглөөд гарын үсгээ зурсан /хх-21-22 дах талд/, Н Ж турс ХХК, Ц.А.Т ХХК нар 2019 оны 06 сарын 25-ны өдөр Аялал жуулчлалын JELU-190723-15 тоот гэрээг байгуулсан /хх-25-29 дэх талд/, Н Ж турс ХХК-д Ц А Т ХХК-наас 2019 оны 7 сарын 10-ны өдөр гэрээний утга Чэжү аялал 4 000 000 төгрөгийг Кассын орлогын ордер №043 тоотоор тушаасан талаар баримт /хх-24 дэх талд/, www.skytel.mn Хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт /хх-34-37 дахь талд/-ын баримтууд тус тус авагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримт бөгөөд, талууд эдгээр баримтын талаар маргаагүй.
Хариуцагч Ц.А.Т ХХК нь Н Ж турс ХХК-тай 2019 оны 06 сарын 25-ны өдөр Аялал жуулчлалын JELU-190723-15 тоот гэрээг байгуулсан байх бөгөөд гэрээний 1.1-т зааснаар захиалагч болж УБ-Чэжү-УБ аялалд 2019 оны 07 сарын 23-28-ны өдрүүдэд аялах 15 том хүнийг гэрээний нөхцлийн дагуу аяллын төлбөрийг төлөхтэй холбогдон талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагын талаар тохиролцсон. Тус гэрээний 3.6-д “...Монголд Солонгос улсын визэнд мэдүүлэг өгөөд виз нь гараагүй, ...бол таныг Солонгосын гаалийн ажилтнууд хилээр нэвтрүүлдэггүй байх үүрэгтэй, 3.7-д “дээрх зөрчлүүд таньд байгаа бол аялалд хамрагдахгүй байхыг анхааруулья. Солонгосын виз болон таны гадаад паспортын ямар нэгэн зөрчлийн улмаас та Солонгосын хил гаалиар нэвтэрч чадаагүй, улмаар ялалд хамрагдаж чадаагүй тохиолдолд манай компани хариуцахгүй бөгөөд түүнтэй холбоотой гарах зардал болон, аяллын төлбөрийг 100% буцаах боломжгүй”, 5.5-д “Аялал эхлэхээс 5 хоног ба түүнээс дээш хугацаанд аялагчийн нэрийг сольж болох ба 5 хоногоос дотогш хугацаанд аялагчийн мэдээллийг өөрчлөх боломжгүй болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч буюу аялагч болох Ч.Ө аяллын гэрээг байгуулж, тус тусын хүлээх үүрэг, гэрээний хариуцлагын талаар тохиролцсон байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид нь 2019 оны 07 сарын 18-ны өдөр аяллын 07/18 дугаартай гэрээг харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан байх бөгөөд хариуцагч тал нь гэрээг байгуулахдаа мөн “Бүртгэл болон санамж бичиг”-тэй нэхэмжлэгч Ч.Ө танилцуулж, асуултад нь хариулуулж гараар нь бөглүүлсэн байна. Тухайн санамж бичигт “...Урьд нь Солонгос улсад ямар нэгэн зөрчилтэй байсан эсэх: тийм, үгүй гэсэн үгний “үгүй” гэсэн үгийнх нь доогуур хар өнгийн балаар зурж хариулсан бөгөөд уг санамжид “...Монгол Солонгос улсын визэнд мэдүүлэг өгөөд виз нь гараагүй... шалтгааны улмаас Солонгосын гаалийн ажилтнууд хилээр нэвтрүүлдэггүй зөрчлүүд таньд байгаа бол аялалд хамрагдахгүй байхыг анхааруулья... аялалд хамрагдаж чадаагүй тохиолдолд манай компани хариуцахгүй бөгөөд түүнтэй холбоотой гарах зардал болон аяллын төлбөрийг 100% буцаах боломжгүй. Та үүнийг зөвшөөрч байгаа бол гарын үсгээ зурж заавал баталгаажуулна уу. Аялал цуцлах тохиолдолд: 20 хоног дотор: Аялалын багц үнээс 30%, 15 хоног дотор Аялалын багц үнээс 80%, 10 хоног дотор аялалын багц үнээс 100% суутгагдана” гэж бичигдсэн байгаатай хариуцагч байгууллага нь танилцуулсан гэтэл Ч.Өнь өөрөө ямар нэгэн зөрчилгүй гэж уг санамж бичгийг бөглөсөн учир манайх буруугүй, өөрөө буруутай гэж тайлбарладаг бол нэхэмжлэгч нь тус санамж бичгийг сайн уншиж танилцаагүй, бөглөж гарын үсгээ зурсан нь үнэн боловч би өмнө нь виз гараагүй буцаагдсан гэж хэлээд байхад надаас урьдчилгаанд 1 000 000 төгрөгийг авч, гэрээ хийсэнд хариуцагч буруутай гэж харилцан маргасан.
Талууд хүсэл зоригоо нэгтгэн хийсэн дээрх гэрээ нь Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1-д “Аялал жуулчлалын гэрээгээр аялал жуулчлал зохион байгуулагч нь жуулчинд хэлэлцэн тохиролцсон үйлчилгээ үзүүлэх, жуулчин нь ийнхүү үйлчилгээ үзүүлсний төлөө хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан аялал жуулчлалын гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч тал өөрийгөө урьд нь Солонгос улс руу явах гэж виз мэдүүлэхэд гараагүй гэдгээ хариуцагчид хэлээд байхад, урьдчилгаа төлбөрт 1 000 000 төгрөгийг авч, гэрээг хийсэн нь буруутай гэж үзэн гарсан зардлаа буцаан шаардаж, хариуцагч тал урьд нь виз мэдүүлэхэд гараагүйгээ мэдсээр байж хэлэлгүй, зөрчилтэй байснаа нууж, өөрөө хүсэж гэрээ хийж, санамж бичгийг буруу бөглөсөн нь буруутай тул түүний урьдчилгаанд төлсөн 1 000 000 төгрөгийг буцаан олгох үндэслэлгүй гэж харилцан маргасан.
Ц.А.Т ХХК нь Иргэний хуулийн 372 дугаар зүйлийн 372.1-п “Аялал жуулчлал зохион байгуулагч нь гэрээнд заасан аяллын ач холбогдлыг бууруулах буюу үр ашиггүй болгох аливаа доголдол гаргахгүйгээр аяллыг зохион байгуулах үүрэгтэй ба аялал зохион байгуулагч энэ хуулийн 372.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол жуулчин уг доголдлыг арилгахыг шаардах эрхтэй” гэж заасан.
Нэхэмжлэгчийн шаардаж буй нэхэмжлэл, тайлбарт дурдсан, хариуцагч үнэн зөв мэдээлэл өгөөгүй, өмнө нь виз мэдүүлэхэд гаргаагүй буцаагдаж байсан гэдгээ хариуцагчид хэлсэн, гэтэл тэр асуудалгүй гэж хэлж, урьдчилгаа төлбөрийг төлүүлж, аяллын гэрээ хийсэн, санамж бичгийн талаар тодорхой сайн тайлбарлаж өгөөгүй, би сайн уншаагүй бөглөсөн зэрэг маргаж буй тайлбараа ямар нэг баримтаар нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөхөөр заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ч.Өнь 2019 оны 07 сарын 10-ны өдөр хариуцагч компанитай утсаар холбогдож, БНСАУ-ын Чэжү арал аялахаар хүсэл сонирхолоо илэрхийлж, захиалга өгч, суудал хадгалуулахаар тохиролцож, урьдчилгаанд 1 000 000 төгрөгийг тухайн өдрөө шилжүүлсэн ба 2019 оны 07 сарын 18-ны өдөр тухайн компани дээр ирж Аяллын 07/18 дугаартай гэрээг байгуулан, Бүртгэл болон санамж бичигтэй танилцаж, өөрийн гараар тус санамж бичгийг бөглөхдөө ...Урьд нь Солонгос улсад ямар нэгэн зөрчилтэй байсан эсэх: гэсэн асуултад “үгүй” гэж бөглөж, гарын үсгээ зурж баталгаажуулсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.
Эндээс үзэхэд, аялал жуулчлал зохион байгуулагч нь аяллыг үр ашиггүй болгох аливаа доголдол гаргахгүйгээр зохион байгуулах хуулиар хүлээсэн үүргээ хариуцагчийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байх бөгөөд харин нэхэмжлэгч өөрөө визны зөрчилтэй байсан атлаа хүсэж, аяллын гэрээг байгуулж, Бүртгэл болон санамж бичгийн асуулгыг буруу бөглөсөн үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Талуудын хооронд байгуулагдсан Аяллын гэрээ нь Иргэний хуулийн 373 дугаар зүйлийн 373.1-т заасан үндэслэлээр дуусгавар болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тус хуулийн 378 дугаар зүйлийн 378.1-т “Жуулчин аялал эхлэхээс өмнө хэдийд ч гэрээнээс татгалзаж болох бөгөөд энэ тохиолдолд аялал жуулчлал зохион байгуулагдаагүйгээс хэмнэсэн зардал болон бусад үйлчилгээний төлөө аялал жуулчлал зохион байгуулагчид урьдчилан төлсөн төлбөрөө буцаан авах эрхтэй” гэж заасан нь гэрээнээс татгалзах эрхийг зохицуулсан боловч талуудын маргаанд хамааралгүй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 375 дугаар зүйлийн 375.1-т “Жуулчин энэ хуулийн 372.3, 374 дүгээр зүйлд заасан шаардлагыг гэрээнд заасан аяллын хугацаа дууссанаас хойш нэг сарын дотор аялал жуулчлал зохион байгуулагчид гаргаж болно” гэж заасан гомдлын шаардлага гаргах хугацаанд нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байх боловч гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй өөрөө буруутай байх тул талуудын хооронд байгуулсан гэрээний 2.8, 2.9, 2.10 болон хариуцагч Ц А Т ХХК-ийн Н Ж турс ХХК-тай 2019 оны 06 сарын 25-ны өдөр байгуулсан Аялал жуулчлалын JELU-190723-15 тоот гэрээний 5.5-д “Аялал эхлэхээс 5 хоногоос дотогш хугацаанд аялагчийн мэдээллийг өөрчлөх боломжгүй” гэж тус тус заасны дагуу түүний нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1, 374 дүгээр зүйлийн 374.1-т заасныг баримтлаг хариуцагч Ц.А.Т ХХК –иас 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Ө нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ