| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2019/00404/И |
| Дугаар | 413 |
| Огноо | 2019-10-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 413
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 08-01 тоотод оршин суух, Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 7-22 тоотод оршин суух, 1954 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ54031876, Балжиннямын Цэвэгмэдэд холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 192.000 төгрөг, алданги 96.000 төгрөг, нийт 288.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймгийн Улаангом сумын иргэн Б.Ц нь 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Г ХХК-тай зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Иргэн Б.Ц нь Г ХХК-ийн шатахуун түгээх салбараас 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 192.000 төгрөгийн шатахууныг зээлээр авсан бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Зээлийн гэрээний 2.2-д худалдан авагч нь энэхүү гэрээний 2.1-д заасан хугацаанд шатахууныг зээлээр худалдан авч болох бөгөөд худалдан авсан шатахууныхаа төлбөрийг шатахуун хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 15 хоногт багтаан бүрэн төлнө, 2.3-д энэ гэрээний 2.2-д заасан хугацаа хэтрүүлбэл хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги төлнө гэж заажээ. Гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон тул иргэн Б.Ц-ээс шатахууны үнэ 192.000 төгрөг, алданги 96.000 төгрөг, нийт 288.000 төгрөг гаргуулж Г ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 2017 оны 2 дугаар сард Г ХХК-тай гэрээ хийж 2017 оны 12 дугаар сарын 31-нд дуусгавар болсон. Тухайн үед надтай хамтран жолоочоор ажиллаж байсан Балдорж овогтой Самбалхүндэвтэй 2017 оны 8 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Зам зуураас 192.000 төгрөгийн шатахуун авсан нь үнэн болно. Шатахууныхаа мөнгийг Улаанбаатар хот ороод тооцоогоо бодуулаад орлого, зарлагаа хоорондоо тооцдог байсан. Тооцооны мөнгө Б.Самбалхүндэвийн дансанд ордог байсан. Зарлагын мөнгийг Б.Самбалхүндэвээс аваад өгөх ёстой газар нь өгдөг байсан. Тухайн үед хоорондоо тооцоогоо хийдэг байсан учраас уг мөнгийг өгсөн байх гэж бодож байсан. Тэгтэл тооцоо хийгээгүй байхаар нь Б.Самбалхүндэвт удаа дараа мэдэгдсэн. Уг мөнгийг Б.Самбалхүндэв төлөх ёстой болохоор би төлөхгүй байгаа юм. Би төлөх ёстой байсан бол шүүхээр дамжуулахгүйгээр төлөх байсан гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Б.Ц-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 192.000 төгрөг, алданги 96.000 төгрөг, нийт 288.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Ц нь Тухайн үед надтай хамтран жолоочоор ажиллаж байсан Б.Самбалхүндэвтэй 2017 оны 8 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Зам зуураас 192.000 төгрөгийн шатахуун авсан нь үнэн болно. Шатахууныхаа мөнгийг Б.Самбалхүндэвт өгсөн. Уг мөнгийг Б.Самбалхүндэв төлөх ёстой тул би төлөхгүй гэж маргасан байна.
2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Г ХХК, Б.Ц нарын хооронд 17-297 дугаартай Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч Г ХХК нь худалдан авагч Б.Ц-д газрын тосны бүтээгдэхүүн /цаашид шатахуун гэх/-ийг зээлээр нийлүүлэх, худалдан авагч зээлээр авсан шатахууны үнийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.
Дээрх үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь нэхэмжлэгчид хэлэлцэн тохирсон үнийг хэсэгчлэн буюу төлөх хугацааг тохирсон, худалдан авсан хөрөнгөө хүлээн авсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйл 243.1-д заасан худалдах-худалдах авах гэрээний харилцаа үүсчээ.
Хариуцагч Б.Ц нь Г ХХК-иас 192.000 төгрөгийн үнэ бүхий шатахууныг зээлээр худалдан авсан бөгөөд уг шатахууны үнийг төлөөгүй болох нь тус компанийн 49007 дугаар зарлагын падаанаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Б.Ц-ээс шатахууны үнэ 192.000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Г ХХК-ийн 49007 дугаар зарлагын падаанд бичигдсэн нийт үнэ 192.000 төгрөг гэх тоо засвартай байх боловч хариуцагч уг баримтад гарын үсэг зурсан, үнийн дүнгийн хувьд маргаагүй тул зарлагын падааныг нотлох баримтаар үнэлсэн болно.
Талууд зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээний 2.2-т худалдан авагч нь энэхүү гэрээний 2.1-д заасан хугацаанд шатахууныг зээлээр худалдан авч болох бөгөөд худалдан авсан шатахууныхаа төлбөрийг шатахуун хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 15 хоногт багтаан бүрэн төлнө гэж, 2.3-т ...энэхүү гэрээний 2.2-т заасан хугацаа хэтрүүлбэл хугацаа хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иан алданги төлнө гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч хугацаандаа төлөөгүй төлбөрт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож алдангид 96.000 төгрөг нэхэмжилсэн нь хуульд нийцэж байх тул алданги 96.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч Б.Ц нь Шатахууныхаа үнэ 192.000 төгрөгийг Б.Самбалхүндэвт өгсөн. Уг мөнгийг Б.Самбалхүндэв төлөх ёстой тул би төлөхгүй гэж маргаж байгаа боловч Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ нь Г ХХК болон Б.Ц нарын хооронд байгуулагдсан, шатахууны үнийг төлөх үүрэг Б.Самбалхүндэвт бус худалдан авагч Б.Ц-д хамааралтай тул хариуцагчийн энэхүү тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ц-ээс худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 192.000 төгрөг, алданги 96.000 төгрөг, нийт 288.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-ээс 9.290 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгох нь зүйтэй.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ц-ээс худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 192.000 /нэг зуун ерэн хоёр мянга/ төгрөг, алданги 96.000 /ерэн зургаан мянга/ төгрөг, нийт 288.000 /хоёр зуун наян найман мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.290 /есөн мянга хоёр зуун ер/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-ээс 9.290 /есөн мянга хоёр зуун ер/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ