Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 454

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, Шугам сүлжээний газрын урд талд байрлах, 1511001039 улсын бүртгэлийн, 2553848 регистрийн дугаартай, У ХХК-ийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: УААН-д холбогдох,

     Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу бензин, шатахууны үнэ 1.144.660 төгрөг, алданги 572.330 төгрөг, нийт 1.716.990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ш, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч У ХХК-ийн ерөнхий захирал Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: УААН нь 2016 оны сонгуулийн үеэр манай компаниас бензин, шатахуун худалдах, худалдан авах гэрээний дагуу бензин, шатахуун авч байсан. Тухайн үед гэрээний хугацаа дууссаны дараа 1.144.660 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байсан. УААН-аас бензин, шатахууны төлбөрөө төлөхийг шаардсан боловч ямар нэгэн хэлбэрээр өр төлбөрөө барагдуулаагүй. Иймд УААН-аас бензин, шатахууны төлбөр болох 1.144.660 төгрөг, манай байгууллагын санхүүд учруулсан хохирол буюу алданги /өдрийн 0,3%-иар тооцож/ 572.330 төгрөг, нийт 1.716.990 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн үеэр АН манай компанитай 14 хоногийн хугацаатай гэрээ байгуулаад бензин, шатахуун авсан. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тайлангаас харахад АН тухайн ондоо авсан бензин, шатахууныхаа төлбөр тооцоог бүрэн барагдуулсан байсан. Ингээд 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-ын дарга Ч, манай захирал Н нар нь амаар тохиролцоод 2017 оны 5 дугаар сараас эхэлж бензин шатахуун авч эхэлсэн байдаг. Ингээд 2017 оны 5 дугаар сард 3.308.760 төгрөгийн шатахуун авч тухайн сардаа төлбөрөө төлөөд, 6, 7 сард 1.477.160 төгрөгийн бензиний тооцоо хийсэн. Яг энэ нэхэмжилж буй 1.144.300 төгрөгийн бензин, шатахууныг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 25-ны хооронд авсан байдаг. Тухайн үед АН бензиний талон хэвлээд, уг талоныг манай түгээгч нар аваад бензин өгдөг байсан. Ингээд талон нь нэгтгэгдээд 1.144.300 төгрөгийн талон үлдээд тэр дүнгээрээр тухайн үед АН-ын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Эрдэнэтогтоход тооцооны үлдэгдлийг танилцуулсан. Манай компани АН-тай өмнө хамтран ажиллаж байсан учир итгэж, бензин, шатахуун үлдэгдлийг шаардалгүй явж байгаад, 2018 он гараад шаардаж эхэлсэн. Би УААН-ын дарга Ч-тэй 1 удаа, хэрэг эрхлэх газрын дарга Ж.Эрдэнэтогтохтой 2 удаа тус тус уулзаж, үлдэгдэл тооцооны талаар сануулахад тухайн үед бид мэдэж байгаа, өгнө гэж тайлбарлаж байсан. 2019 он гараад Ж.Эрдэнэтогтохтой утсаар холбогдоход Ч.Ч дарга мэдэж байгаа гэж, Ч.Ч даргатай холбогдохоор Ж.Эрдэнэтогтох мэдэж байгаа гэж тайлбарлаад яваад байсан. Иймд УААН-аас бензин, шатахууны төлбөр 1.144.660 төгрөг, алданги 572.330 төгрөг, нийт 1.716.990 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

     Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: У ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч УААН-д холбогдох 1.716.990 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. АН-ын санхүүд цугласан гишүүдийн татвар болон хандивлагчдын мөнгө бол ардчилсан намын нийт гишүүд дэмжигчдийн хөрөнгө. Иймд энэ хөрөнгийн зарцуулалтыг амаар шийдэхгүй, санхүүгийн баримт заавал байх ёстой. Хавтаст хэрэгт авагдсан У ХХК болон УААН-ын хооронд байгуулагдсан бензин, шатахуун нийлүүлэх гэрээ нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл өнөөдрийн нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа бензин, шатахууны төлбөр нь уг гэрээний үйлчлэлд хамаарахгүй байгаа. Талуудын хооронд Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг заавал бичгээр хийнэ гэж заасан шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл 2017 онд У ХХК болон УААН-ын хооронд бичгээр хийгдсэн гэрээ байхгүй. Нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн зарлагын баримт гэх баримтыг хуурамч баримт гэж үзэж байна. Учир нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 25-ны хооронд авсан бензинийг нэгтгэж нийт үнийн дүн 1.144.300 төгрөг гэж бичсэн. Тухай бүр нь авсан бензинүүдийг тус тусад нь зарлагын баримтад бичих ёстой. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манай компани сар бүрийн 25-ны өдөр тайлан балансаа тасалбар болгон гаргадаг гэж тайлбарласан. Үүнээс үзэхэд хэрэв 7 дугаар сарын 25-ны өдөр тасалбар болох ёстой бол энэ баримт нь 7 дугаар сарын 31-ний өдрийн зарлагын баримт учир 7 дугаар сарын тайланд биш 8 дугаар сарын тайланд тусгагдах ёстой байсан. Мөн уг баримтад зөвхөн У ХХК-ийн эрх бүхий ажилтны гарын үсэг, гарын үсгийн тайлал байгаа боловч хүлээн авагч тал болох УААН-ын эрх бүхий албан тушаалтны гарын үсгийн тайлал байхгүй, хэн хүлээн авсан нь тодорхойгүй, санхүүгийн тэмдэг дарагдаагүй байна. УААН тус компаниас авсан бензин, шатахууны үнийг төлсөн бөгөөд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтууд зөрүүтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч УААН-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу бензин, шатахууны үнэ 1.144.660 төгрөг, алданги 572.330 төгрөг, нийт 1.716.990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

         Хариуцагч Ч.Ч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй хэдий ч 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өмгөөлөгч Д.Дамдинсүрэнтэй өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хариуцагчийн өмгөөлөгч нь У ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч УААНд холбогдох 1.716.990 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул энэхүү тайлбарыг хариуцагчийн байр суурь гэж үзэв.

        Нэхэмжлэгчийн УААН нь 2016 оны сонгуулийн үеэр манай компаниас бензин, шатахуун худалдах, худалдан авах гэрээний дагуу бензин, шатахуун авч байсан. Тухайн үед гэрээний хугацаа дууссаны дараа 1.144.660 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байсан гэх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн үеэр АН манай компанитай 14 хоногийн хугацаатай гэрээ байгуулаад бензин, шатахуун худалдан авсан боловч бензин, шатахууныхаа төлбөр тооцоог бүрэн барагдуулсан. Ингээд 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-н дарга Ч.Ч, манай захирал Б.Н нар нь амаар тохиролцоод 2017 оны 5 дугаар сараас эхэлж бензин, шатахуун авч эхэлсэн гэх тайлбарууд нь хоорондоо зөрүүтэй байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Яг энэ нэхэмжилж буй 1.144.300 төгрөгийн бензин, шатахууныг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 25-ны өдрийн хооронд авсан байдаг гэж тайлбарласан тул нэхэмжлэгч талыг энэхүү хугацааны бензин, дизель түлшний үнийг нэхэмжилж байна гэж үзлээ.

        Зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд бензин, дизель түлш худалдах-худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд хуульд уг гэрээг бичгээр байгуулах тусгай шаардлага тавиагүй байх тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

      Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон У ХХК-ийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-192 бензин 575 литр, нэгжийн үнэ 1760 төгрөг, дүн 1.012.000 төгрөг, дизель түлш 70 литр, нэгжийн үнэ 1890 төгрөг, дүн 132.300 төгрөг, нийт дүн 1.144.300 төгрөг гэх зарлагын баримтад хүлээлгэн өгсөн эд хариуцагч гарын үсэг зурж, гарын үсгийн тайлалаа Ж.Ням-Очир гэж бичсэн байх боловч хүлээн авагч тал гарын үсгийн тайлалаа бичээгүй, хариуцагч байгууллагын хэн гэх ажилтнаар гарын үсэг зуруулсан эсэх нь тодорхойгүй, мөн уг баримт нь гэрээний хугацаа өнгөрсний дараа буюу 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн баримт байх тул уг баримтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

      Мөн нэхэмжлэгч талаас ирүүлсэн тооцооны үлдэгдэл гэх баримт нь хэзээ үйлдэгдсэн эсэх нь тодорхойгүй буюу он, сар, өдөр бичигдээгүй байгаагаас гадна, уг баримтын 2017 оны 5 дугаар сарын ... өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлж үзэхэд 1.144.660 төгрөгийн өртэй гарсан харилцан батлав гэх бичилтийн эхлэх өдрийг бичсэн атлаа арилгагчаар арилгасан, дуусах он буюу 2019 он засвартай, мөн төлбөр төлөгч байгууллагын нягтлан бодогч гарын үсгээ зурж, тэмдгээ дарж баталгаажуулаагүй байх тул тооцооны үлдэгдлийн баталгааг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 25-ны өдрийн хооронд худалдан авсан бензин, дизель түлшний тооцоо нийлсэн баримт гэж үзэх боломжгүй.

         Нэхэмжлэгч талаас 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн У ХХК, УААН-ын хооронд байгуулагдсан 16/06/11 дугаартай Бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх, худалдан авах гэрээ-г ирүүлсэн байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.5-д гэрээний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр эхэлж, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дуусахаар тохиролцсон, нэхэмжлэгч тал 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 25-ны өдрийн хооронд худалдан авсан бензин, дизель түлшний үнийг нэхэмжилж байх тул уг гэрээг нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж үзэв.

       Хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн У ХХК-ийн депозит дансны хуулга нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул энэхүү баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

    Иймд дээрх нотлох баримтын дагуу хариуцагчаас бензин, дизель түлшний үнийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч УААН-д холбогдох, У ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу бензин, дизель түлшний үнэ 1.144.660 төгрөг, алданги 572.330 төгрөг, нийт 1.716.990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

       Нэхэмжлэгч У ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

        Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч УААН-д холбогдох, У ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу бензин, дизель түлшний үнэ 1.144.660 /нэг сая нэг зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун жар/ төгрөг, алданги 572.330 /таван зуун далан хоёр мянга гурван зуун гуч/ төгрөг, нийт 1.716.990 /нэг сая долоон зуун арван зургаан мянга есөн зуун ер/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч У ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.422 /дөчин хоёр мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ