Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2025/0389

 

М.Ц-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Булган сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлүүлэх

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 110/2025/0018/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Ц-ээс Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Булган сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлүүлэх”-ээр маргасан байна.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22, 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            “...Нэхэмжлэгч М.Ц нь Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Булган сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлүүлэх”-ээр нэхэмжлэл гаргасан бөгөөд 2 үндэслэлээр өөрийнхөө нэхэмжлэлээ тодорхойлсон.

            Нэгдүгээрт: эмчийн магадалгаатай өвчтэй байсан. М.Ц-ийн хувьд элэгний В вирусийн гаралтай өвчтэй, түүнийг эмчлүүлэх шаардлагатай болсон учраас Ховд аймаг, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байсан. Иймд энэхүү хугацаанд ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байна. Эмнэлгийн магадалгаатай байхад ажлаас чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасныг зөрчсөн гэж маргасан боловч тухайн үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж шүүхээс шийдвэрлэсэн. Учир нь, шүүх нь төрийн улс төрийн алба хаагчийн эрх зүйн байдлыг зохицуулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд ямар тохиолдолд Засаг даргын орлогчийг албан тушаалаас чөлөөлөх талаар нарийвчлан заагаагүй бөгөөд харин орон нутгийн Хурлын сонгуулийн үр дүнгээр шинээр томилогдсон Засаг даргад уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны улс төрийн албан тушаалтныг, тухайлбал сумын Засаг даргын орлогчийг сонгон томилох, чөлөөлөх эрхийг олгосон, Засаг даргын орлогчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэмэгдэл баталгаагаар хангагдахгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасан “ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгалах” зохицуулалт хэрэглэгдэх боломжгүй гэж шийдвэрлэсэн. Улс төрийн албан тушаал байсан ч гэсэн Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийн харилцаа үүсэж байгаа бөгөөд эмчийн магадалгаатай үед түүний ажиллаж байгаа ажлын байрыг хэвээр хадгалах, цалин хөлс авах зэрэг үндсэн эрхүүдийг зөрчиж болохгүй.

            Улс төрийн албан тушаалд ажиллаж байгаа хүн өвчин зовлонтой байсан ч, ажил явдал гарсан ч хамаагүй түүнийг шууд ажлаас халж болно гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, эмчийн магадалгаатай байх хугацаанд ажил олгогчийн зүгээс ажилтны ажлын байрыг хадгалах үүрэг хүлээнэ. Үүнийг Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой заасан. М.Ц нь хэчнээн улс төрийн албан тушаалтан байсан ч гэсэн тухайн хүний хөдөлмөрлөх эрхийн асуудалд хамааралтай эмчийн магадалгааг эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн, хүргүүлсэн М.Ц нь 4 жилийн хугацаанд орлогчийн ажлыг нэр төртэй гүйцэтгэсэн, ямар нэгэн алдаа, зөрчил гаргаагүй, хууль зөрчөөгүй, өвчтэй зовлонтой болоод эмчилгээ хийлгэж байсан хугацаанд тухайн хүнийг сонсох ажиллагаанд оролцуулахгүйгээр, мэдэгдэхгүйгээр, шууд шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

            Хоёрдугаарт: Булган сумын Засаг дарга Б.Р 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/014 дүгээр захирамж гаргах эрхгүй байсан. Аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/45 дугаар захирамжаар Б.Р-ийг Булган сумын Засаг даргаар томилж, Б.Е-ыг Булган сумын Засаг даргын ажлаас чөлөөлсөн боловч Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 8 дугаар шийдвэрээр Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн анхдугаар хуралдааны “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 05 дугаар тогтоол, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Булган сумын Засаг дарга Б.Е-ыг ажлаас чөлөөлж, Б.Р-ийг Булган сумын Засаг даргаар томилох тухай” Б/45 дугаар захирамжийн Б.Р-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэгэнт шүүхийн шийдвэрээр Б.Р-ийг Булган сумын Засаг даргаар томилсон шийдвэрийг хууль бус гэж үзээд хүчингүй болгосон тул Б.Р 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/01 дүгээр захирамж гаргах эрхгүй байсан. Иймээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэгт Засаг даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж заасны дагуу М.Ц нь тухайн үед Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх ёстой байсан.

            Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч М.Ц-ээс “Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Булган сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2020-2024 оны хооронд 4 жил Булган сумын Засаг даргын орлогчоор ажилласан, ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаагүй. Эмнэлгийн магадалгаатай намайг чөлөөлж, миний эрхийг зөрчсөн” гэж тайлбарлан маргажээ.

2.2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна”, 11.1.9-д “бүх шатны Засаг дарга болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын орлогч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22-т “сумын Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах” бүрэн эрхийг сумын Засаг даргад олгохоор зохицуулсан байна.

2.3. Өөрөөр хэлбэл, “сумын Засаг даргын орлогч” гэх улс төрийн албан тушаалтан нь “сонгуулийн үр дүнгээр” өөрчлөгдөх боломжтой, ийнхүү өөрчлөх бүрэн эрхийг сумын Засаг даргад олгосон байх ба тухайн тохиолдолд 2024 оны орон нутгийн Хурлын сонгуулийн үр дүнд Булган сумын Засаг дарга шинээр томилогдож Засаг дарга Б.Р нь улс төрийн албан тушаал болох Засаг даргын орлогчийн албан тушаалд ажиллаж байсан М.Ц-ийг бүрэн эрхийн хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлснийг буруутгах үндэслэлгүй, төрийн улс төрийн албан тушаалтан болох сумын Засаг даргын орлогчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэмэгдэл баталгаагаар хангагдахгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасан “ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгалах” зохицуулалт хэрэглэгдэх боломжгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.4. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/45 дугаар захирамжаар Булган сумын Засаг дарга Б.Е-ыг ажлаас чөлөөлж, Б.Р-ийг сумын Засаг даргаар томилсон байх бөгөөд ийнхүү Б.Р-ийг Булган сумын Засаг даргаар томилсон захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхийн журмаар маргаантай байсан болох нь тогтоогдож байх боловч маргаан бүхий захиргааны акт гарах цаг хугацаанд Б.Р-ийг сумын Засаг даргаар томилсон захирамж хүчин төгөлдөр байж тэрээр сумын Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул “шүүхийн шийдвэрээр Б.Р-ийг Булган сумын Засаг даргаар томилсон шийдвэрийг хууль бус гэж үзээд хүчингүй болгосон тул Б.Р 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/01 дүгээр захирамж гаргах эрхгүй байсан” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       З.ГАНЗОРИГ

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.МӨНХТУЛГА

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН