Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 10

 

     


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0031/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,  
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, 
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанааар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201609000625 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** /РД: ***/, *** өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, *** ажилтай,  ам бүл 2, эхнэрийн хамт *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй.  
                 
Шүүгдэгч ***нь 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн *** тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр ***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний зүүн гарын шуун тус газар гараараа 1 удаа цохиж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
    
ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч ***шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр би гэртээ амарч байсан юм. Гэртээ зурагт үзээд сууж байтал эхнэр нэг хүнтэй утсаар хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би “шөнө орой болсон хойно битгий хүнтэй хэрүүл хийгээд бай, гэр оронд муу энерги шингэчихнэ” гэж хэлээд эхнэрийнхээ зүүн гар руу нь баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон. 
…дахин ийм үйлдэл хийхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.”гэх мэдүүлэг, 

-Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хэргийн 4-6/,  
-Согтуурал шалгасан тэмдэглэл /хэргийн 7-8/,
-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 11/,

-Хохирогч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр байсан санагдаж байна. Тухайн өдөр би нөхөр *** хамтаар гэртээ амарч өнжсөн юм. Манай нөхөр шинэ Дарханд үйл ажиллагаа явуулдаг ганданд жижүүр хийдэг юм. 
...манай нөхөр цахилгаан зуух өргөж өгчихөөд би цахилгаан зуухныхаа арын хэсгийг цэвэрлэж дуусгаад манай нөхөр цахилгаан зуухаа эргээд байрлуулж тавихдаа гал тогооны шүүгээтэй нийлүүлж тавьчихаар нь би түүнийг “цахилгаан зуухаа гал тогооны шүүгээнээс салгаад зай завсартай тавь” гэж хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр надад уурлаад намайг “пизда минь яасан маягтай юм бэ? чи” гээд миний зүүн талын мөр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би түүнд хандаж “чи юм л болвол намайг цохидог боллоо” гэж хэлээд хэсэг маргалдаж байгаад би гал тогоондоо хоолоо хийсэн, харин манай нөхөр усанд орох гээд ванны өрөө рүү орсон. Ингээд би хоолоо ч хийж дуусгаад нөхөр ч усанд ороод гарч ирээд бид хоёр хамт хоолоо идсэн. Тэгээд би хоолоо идчихээд найз хүүхэн ***тай утсаар ойр зуурын юм ярьж байгаад утсаа тасалсан. Тэр үед манай нөхөр том өрөөний ширээний хажууд сууж байснаа чи “яасан их утсаар ярьдаг юм бэ?” гээд босч ирээд баруун гараа атгаад миний зүүн гарын шуу хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгсэн миний зүүн гар талын шуу нэг л эвгүй болоод маш их өвдөөд байсан. Тэгэхээр нь би нөхөртөө уурлаад Дарханы цагдаагийн газрын 102 дугаар луу залгаж дуудлага өгсөн. 
…удаагүй байж байсан чинь манай гэрт түргэний эмч ирээд намайг эмнэлэг рүү аваад явсан.  Тэгээд би аймгийн нэгдсэн эмнэлэгийн хүлээн авах тасагт ирээд эмч миний гэмтсэн рентгенд хараад таны зүүн гарын талын шууны богтос яс хугарсан байна гэж хэлсэн.  Тэгээд эмч миний гарыг гийпсдэж бэхжүүлсэн. 
…Одоо нөхөр бид 2 эв зүйгээ олж эвлэрсэн учир миний зүгээс ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 14-16/, 

-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 19 цагийн орчимд байсан санагдаж байна. Намайг гэртээ байхад миний төрсөн дүү *** над руу утсаар залгаад “та *** руу залгаадхаач *** гараа хугалсан гэж байна, яасан гэдгийг нь мэдээдэх, би хөдөө ажилтай явж байна” гэсэн. Тэгэхээр нь би нэн даруй *** руу утсаар залгахад “*** миний гар руу цохиод гарыг минь хугалчих шиг боллоо” гэсэн. Тэгээд би ***ас “*** чиний гарыг яагаад цохих болсон юм бэ? *** архи уусан байсан юм уу?” гэж асуухад тэрээр надад “*** намайг хүнтэй утсаар ярьлаа гэж уурлаад гарыг минь цохичихлоо, тэр архи уугаагүй эрүүл байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсаа салгаад эмнэлэгт дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 17/, 

-Гэрч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн орой байсан санагдаж байна. Яг хэдэн цагийг нь сайн санахгүй байна. Гантулга бид хоёр хоорондоо утсаар ярьж байгаад яг юунаас болж маргалдсан талаараа сайн санахгүй байна. Бид хоёр утасны наана цаанаас хэрүүл хийсэн юм.” гэх мэдүүлэг  /хэргийн 19/, 

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 21/,

-“…***биед зүүн гарын богтос ясны хугаралтай гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь 2016 оны 11 дүгээр сарын 8-нд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1234 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 22/, 
    -“…***биед баруун тохойд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1265 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 24/

    -“Шинжээч эмч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…тухайн гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр гараар 1 удаа хөндлөн цохих үед үүсэх боломжтой гэмтэл мөн.” гэх мэдүүлэг /хэргийн 28/, 
    
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 41/, 
-Хохирогч *** шүүхэд ирүүлсэн хүсэлт /хэргийн 66/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 3 дугаар хэсэг 19 дүгээр гудамжны 04 тоот гэртээ эхнэр ***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний зүүн гарын шуун тус газар гараараа 1 удаа цохиж бие мах бодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан   гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…тэгээд би аймгийн нэгдсэн эмнэлэгийн хүлээн авах тасагт ирээд эмч миний гэмтсэн рентгенд хараад таны зүүн гарын талын шууны богтос яс хугарсан байна гэж хэлсэн.  Тэгээд эмч миний гарыг гийпсдэж бэхжүүлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 14-15/, “…***биед зүүн гарын богтос ясны хугаралтай гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1234 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 22/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч ***бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч ***урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 41/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд “…Одоо нөхөр бид 2 эв зүйгээ олж эвлэрсэн учир миний зүгээс ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлэг өгсөн /хэргийн 14-15/, “…одоогоор биеийн байдал гар бүрэн эдгэрсэн бөгөөд хань ижилдээ ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт шүүхэд ирүүлсэн /хэргийн 66/ хэрэгт байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч ***нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** бусдын бие махбодид хүндэвтэр  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч ***д 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/ хорих ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Ж.***д оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т заасныг баримтлан шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Ж.***д оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн /нэг жил/ хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн Ж.Баттулгад хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Ж.***д мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.***д батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ             Я.ТУУЛ