Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 0005

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

                                                     

Хаан банкны Хөвсгөл салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г, хариуцагч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 298 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Хаан банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Ат холбогдох

Зээлийн үлдэгдэл 6 287 495 /зургаан сая хоёр зуун наян долоон мянга дөрвөн зуун ерэн тав/  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч            Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.Б, Ц.А нар нь 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ-14/2435 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан Хаан банкны Хөвсгөл салбараас                   11 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, хувийн хэрэгцээнд зориулалтаар сар бүр тэнцүү төлөх хуваарьтай авсан. Зээлийн барьцаанд цалингийн орлого тавьсан бөгөөд зээлдэгч Ц.Б, Ц.А нар нь 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ-14/2435 тоот зээлийн гэрээний үүргээ 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл буюу зээлийн төлбөрөө хуваарийн дагуу төлөлгүй 557 хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

...Үндсэн зээлдэгч Ц.Б нас барсан ч зээлийн гэрээний 4.3-т заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх /энэ гэрээний 4.1.1 болон 4.1.4-т зааснаас бусад/-ийг эдэлж, үүрэг хүлээнэ гэсэн байгаа тул хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Ааас зээл, хүүгийн нийт 6 287 495 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хамтран зээлдэгч Ц.Ааас үндсэн зээлийн төлбөр                   4 818 176 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1 317 104 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 152 215 төгрөг, ... нийт 6 287 495 төгрөгийг нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Учир нь Ц.А нь одоо Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байгаа, Төрийн банкаар цалингаа авдаг тогтмол орлоготой тул зээлийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй гэжээ.

Хариуцагч Ц.А шүүхэд гаргасан тайлбартаа:  Миний бие ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Би 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн төрсөн дүү Батпүрэвийг зээл авахад хамтран гарын үсэг зурсан нь үнэн. Гэвч дүү маань элэгний хорт хавдар өвчнөөр өвчилж 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нас барсан.

... Өөрийн 3 хүүхэд, өнгөрдөг дүүгийнхээ хүүхдүүдийг харж хамгаалан, хувцаслах зэргээр амьдрал ахуйгаа авч яваагаас гадна урьд нь зээлсэн болон сая эмчилгээнд явснаас манай гэр бүл цалингийн 14 789 053 төгрөг, нөхрийн цалингийн зээл 4 179 921 төгрөг, малчны зээл 8 000 000 төгрөг, нийт 26 968 344 төгрөгийн зээлтэй байгаа тул өнгөрдөг дүүгийн зээлийг төлөх боломжгүй байгааг минь харгалзан үзнэ үү.

Өнгөрдөг дүү маань эхнэрээсээ салсан, 3 хүүхэдтэй, мал ахуйгаа зарсан, өөрийн өмчлөх болон эзэмших эд хөрөнгөгүй байсан. Иймд дээрх шалтгаануудыг харгалзан үзэж зээлийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 298 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар хариуцагч Ц.Ааас зээлийн төлбөр 6 287 495 /зургаан сая хоёр зуун наян долоон мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарт олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 552 /нэг зуун арван долоо мянга таван зуун тавин хоёр/ төгрөгөөс 115 550/ нэг зуун арван таван мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос түүний улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2 002 /хоёр мянга хоёр/ төгрөгийг, хариуцагч Ц.Ааас     115 550 /нэг зуун арван таван мянга таван зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарт олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.А давж заалдах гомдолдоо: Шүүх надаас зээлийн төлбөр        6 287 495 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарт олгохоор шийдвэрлэсэн. Анх 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 11 000 000 төгрөгийн зээл авсан. Тэгэхэд би хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Дүү маань элэгний хорт хавдар тусч эмчилгээнд явсан боловч 3 жил гаруй эмчлүүлээд 2017 оны 3 сарын 26-ны өдөр нас барсан юм. Тэрээр Хаан банкинд өөрийн бололцоогоор зээлээ төлсөөр байсан боловч нас барахад нь үлдэгдэлтэй байсан. Энэ үлдэгдэл 4 818 176 төгрөгөөс бодогдсон зээлийн хүү, торгуулийг зогсоохгүйгээр бодогдож байсан нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл болж байна. 

Одоо миний биеийн байдал муу, жирэмсний амралтаа авсан, цалингүй, өрхийн нийт хэмжээнд  26 968 344 төгрөгийн зээлтэй, талийгаач дүүд маань өөрийн өмчлөлийн мал, эд зүйлс үлдээгүй зэргийг харгалзан үзэж зээл, хүүгийн төлбөрөөс чөлөөлж, зээлийн эрсдэлийн сангаас хааж өгнө үү.

Мөн анхан шатны шүүх хуралд эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцож чадахгүй тул 14 хоногийн хугацаагаар хойшлуулах хүсэлтийг бичгээр гаргасан боловч шүүх хуралдааныг хийсэн байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  байх” тухай  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбар нь Ц.Ат  холбогдуулан зээлийн төлбөрт нийт 6 287 495 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ц.А “...зээлийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү” гэсэн  тайлбар хийж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 Шүүх хамтран зээлдэгч Ц.Ааас зээлийн төлбөр 6 287 495 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь буруу гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талийгаач Ц.Б 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хаан банктай барьцаат зээлийн гэрээ байгуулж  цалингийн  зээл 11 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн  байх ба хамтран зээлдэгчээр хариуцагч Ц.А гарын үсэг зуржээ. Зээлдэгч Ц.Б 2017 оны 3 сард нас барсан ба зээлийн төлбөрөөс үндсэн зээл 4 818 176 төгрөг, зээлийн хүү 1 317 104 төгрөг, нэмэгдүүлсэн  хүү 152 215 төгрөг бүгд 6 287 495 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбараас зээл олгохдоо зээлдэгч асан Ц.Бийн ирээдүйд авах цалинг барьцаалсан ба зээл, зээлийн хүүг цалинтай адилтгах  орлогоор төлөхөөр тохиролцсон, харин хамтран зээлдэгч Ц.Аын цалин бусад хөрөнгө барьцаалагдаагүй байх тул зээлийн төлбөрийг хамтран зээлдэгчээр төлүүлэх үндэслэлгүй.

Учир нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан, нас барсан гэж зарлагдсан бол түүний үүрэг дуусгавар болдог ба талийгаач Ц.Бийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг  зээлдэгч нас барснаар дуусгавар болно.

Хууль болон гэрээгээр цалингийн зээлийн үлдэгдэл төлбөрийг хамтран зээлдэгч Ц.Ат хариуцуулах үндэслэлгүй байх тул хамтран зээлдэгч Ц.Ат холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарын зээлийн үүргийн гүйцэтгэл шаардсан нэхэмжлэлийг хангах  үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцож чадахгүй тул 14 хоногийн хугацаагаар хойшлуулах хүсэлтийг бичгээр гаргасан боловч шүүх хуралдааныг хийсэн гэх гомдлын тухайд хариуцагч Ц.А нь 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг бичгээр гаргасан ба хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хойшлуулж, хурлын товыг талуудад мэдэгдэж энэ тухай баримтжуулсан байх тул гомдлын энэ хэсгийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 298 дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан хариуцагч Ц.Ааас зээлийн төлбөр 6,287,495 /зургаан сая хоёр зуун наян долоон мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,552 /нэг зуун арван долоо мянга таван зуун тавин хоёр/ төгрөгөөс 115.550 /нэг зуун арван таван мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2002 /хоёр мянга хоёр/ төгрөгийг буцаан олгосугай.

 3.Хариуцагч Ц.Аын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,550 /нэг зуун арван таван мянга таван зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

                                    ШҮҮГЧИД                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                      Т.ГАНБАТ