Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2019/03000

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2019/03000

Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Р.О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Мал эмнэлгийн газарт холбогдох,

 

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, хариуцагчийн өмгөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Онь Нийслэлийн мал эмнэлгийн газарт дээж авагч, хариу олгогч, малын их эмчийн албан тушаалд удаан хугацаанд ажиллаж, ажиллах хугацаандаа ямар нэг алдаа зөрчил гаргалгүй ажиллаж ирсэн. Гэтэл тус газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/49 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, ажлаас халсанд гомдолтой байгаа. Уг тушаалын үндэслэлд ажил үүрэгтээ хариуцлагагүй хандаж, зориулалтын бус эмэнд хуурамч шошго үйлдэж, адуунд өгснөөс иргэн Д.Цэрэнжигмэдийн 10 тооны адуу үхэж, 50 сая төгрөгний хохирол учруулсан нь хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа. Мөн байгууллагын 2018 оны лабораторийн шинжилгээний орлогоос 4 305 375 төгрөгийг дутаасан зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцласан. Хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа нь Нийслэлийн мал эмнэлгийн газарт гүйцэтгэж буй ажил үүрэгтэй нь огт хамааралгүй, мөн лабораторийн шинжилгээний орлогоос мөнгө дутааж байгаагүй байхад дээрх байдлаар ажлаас халсан нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан. Уг ноцтой зөрчил нь баримтаар тогтоогдсон эсэх нь эргэлзээтэй. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар Нийслэлийн мал эмнэлгийн газраас нэхэмжлэгч дээрх зөрчил гаргасан асуудлуудтай холбоотойгоор тайлбар, санал гаргах боломжийг олгож, сонсох ажиллагаа явуулаагүй. Иймд Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/49 тоот Р.Оажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, Р.Оурьд эрхэлж байсан дээж авагч, хариу олгогч, малын их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн мал эмнэлгийн газар шүүхэд гаргасан тайлбартаа: Р.ОСонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байгаа бөгөөд тухайн үйлдлийг хийх үедээ нэхэмжлэгч нь Нийслэлийн мал эмнэлгийн газар ажиллаж байсан ба төрийн албан хаагч байсан. Иймд дээрх үйлдлийг нь төрийн албан хаагчийн ёс зүй талаас нь авч үзсэн. Мөн нэхэмжлэгч нь 2018 оны байгууллагын лабораторийн үйл ажиллагааны орлогоос 4 305 375 төгрөгийг дутаасан нь лабораторийн дээж бүртгэл, шинжилгээний хариу хэвлэлт, санхүүд тушаасан орлогын баримттай зөрсөн зэрэг баримтаар тогтоогдсон. Иймд хөдөлмөрийн гэрээний 5.5-т хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болох ноцтой зөрчлүүдийг гаргасан гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нийслэлийн мал эмнэлгийн газрын Захиргааны зөвлөлийн хурал 2019 оны 05 сарын 10-ны өдөр болсон. Уг хурлаар Р.Отгоны асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралд өөрийг нь байлцуулж, тайлбар саналын сонсож, уг мөнгө яагаад дутаах болсон шалтгаан нөхцлийг нь асуухад үндэслэлтэй тайлбар хариулт хэлж чадаагүй, улмаар зөвлөл шийдвэрээ гарахад өөрийг нь оруулж ирээд Захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийг танилцуулсан. Иймээс Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэж байна. Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Онь хариуцагч Нийслэлийн мал эмнэлгийн газарт холбогдуулан Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/49 дугаар ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, дээж авагч, хариу олгогч, малын их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлээс Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/49 тоот ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах хэсэг нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл байх тул шүүх бие даасан шаардлага гэж үзээгүй болно.  

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, ажлаас халсан нь буруу” гэж тодорхойлсон бол хариуцагч нь уг үндэслэлийг “...нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт шалгагдаж буй нь төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил, лабораторийн үйл ажиллагааны орлогоос 4 305 375 төгрөг дутаасан тул тушаал үндэслэлтэй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 2019/05 дугаар хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад дээж авагч, хариу олгогч малын их эмчийн ажил, албан тушаалд ажиллах, хариуцагч нь гэрээгээр тохирсон ажлын хөлс төлөх, ажиллах нөхцлөөр хангахаар тохиролцсон байх бөгөөд гэрээг хугацаагүй байгуулсан талаар зохигч маргаагүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон гэрээгээр нотлогдож байна.

 

Хариуцагч Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/49 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг ажил үүрэгтээ хариуцлагагүй хандаж зориулалтын бус эмэнд хуурамч шошго үйлдэж, адуунд өгснөөс иргэн Д.Цэрэнжигмэдийн 10 тооны адуу үхэж, 50 000 000 төгрөгийн хохирол учруулсан нь хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа, мөн байгууллагын 2018 оны лабораторийн шинжилгээний орлогоос 4 305 375 төгрөг дутаасан зэрэг ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр мөн өдрөөр тасалбар болгон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна.

 

1. Тушаалын нэхэмжлэгч хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа үндэслэлийн талаар:

 

Хариуцагч нь дээрх үндэслэлээ нэхэмжлэгч хуулийн байгууллагаар шалгагдаж байгааг гэрээний 5.5.1-д “байгууллагын нэр хүнд, эрх ашигт харшлах аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь нотлогдсон” гэх зөрчилд, мөн уг асуудлыг төрийн албан хаагчийн болон мэргэжлийн ёс зүйн зөрчилд тооцсон гэж тайлбарлажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиодолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Энэ нөхцөлд талууд хөдөлмөрийн гэрээгээр ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтооно.

 

Хөдөлмөрийн гэрээний 5.5-д талууд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар заасан байх бөгөөд 5.5.1-д байгууллагын нэр хүнд, эрх ашигт харшлах аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь нотлогдсон тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэхээр заажээ.

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1902000851181 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Р.О2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Ноён дархи” ХХК-ийн “Чин” нэртэй малын эмийн сангийн худалдагчаар ажиллаж байхдаа малын эмчилгээнд хэрэглэхийг хориглосон, зөвшөөрөгдөөгүй, хугацаа дууссан биобэлдмэл болох “Фийдмикс-В” нэртэй тэжээлийг худалдаж бусдад их хэмжээний буюу 51 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдчаар татсан байна.

 

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь талууд хөдөлмөрийн гэрээ байгуулснаар үүсэж, цуцлагдсанаар дуусгавар болох бөгөөд хөдөлмөрийн гэрээ нь талуудад эрх, үүрэг үүсэх үндэслэл болно.

 

Талууд 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн дээрх эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа асуудал нь цаг хугацааны хувьд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнээс өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн үйл баримт байна. Үүнээс үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, гэрээгээр ноцтой зөрчлийн талаар харилцан тохиролцоогүй байх үеийн асуудлыг түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцсон нь үндэслэлгүй болжээ.

 

Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14/-т зааснаар гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа гэх асуудлыг хөдөлмөрийн гэрээний “байгууллагын нэр хүнд, эрх ашигт харшлах аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь нотлогдсон” гэх үндэслэлд хамааруулсан нь Хөдөлмөрийн гэрээнд нийцээгүй байна.

 

Нөгөөтэйгүүр, ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь эрх зүйн баримт бичгийн хувьд хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ нэхэмжлэгчийг гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзвэл энэ талаарх үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хууль болон гэрээнд нийцсэн байхыг шаарддаг. Гэтэл тушаалд нэхэмжлэгчийг төрийн албан хаагчийн болон мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан талаар заагаагүй, мөн ёс зүйн зөрчлийн асуудлыг үндэслээгүй атлаа шүүхэд гаргасан тайлбартаа “нэхэмжлэгч эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж буй асуудлыг ёс зүйн зөрчилд хамаарна” гэж мэтгэлцсэн нь үндэслэл бүхий болж чадахгүй байна. Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчийг эрүүгийн хэрэгт шалгагдаж буй асуудлыг ёс зүйн зөрчилд хамааруулах татгалзалаа баримтаар нотолж чадахгүй байна.

 

2. Тушаалын 4 305 375 төгрөг дутаасан гэх үндэслэлийн талаар:

 

Хөдөлмөрийн гэрээний 5.5.7-д ажилтан шунахайн сэдлээр байгууллагын болон бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсны улмаас хохирол учруулсан, энэ үйлдэл нь баримтаар нотлогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчилд тооцохоор заажээ. 

 

Хариуцагч Нийслэлийн мал эмнэлгийн газрын зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 07, 10-ны өдрийн хурлаар нэхэмжлэгч Р.Отгоны ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа гаргасан ноцтой зөрчлийн талаар хэлэлцсэн байх бөгөөд уг хурал, мөн газрын лабораторын 2018 оны орлогын тайлан болон тооцоо бодсон тухай акт, үйлчилгээний төлбөрийн болон шинжилгээний дүнгийн хуудас зэрэг баримтууд нь нэхэмжлэгчийг лабораторийн шинжилгээний орлогоос 4 305 375 төгрөг дутаасан гэх үндэслэлийг нотолж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан “нэхэмжлэгч лабораторийн шинжилгээний орлогоос 4 305 375 төгрөг дутаасан” гэх үндэслэлээ баримтаар нотолж чадахгүй байх тул нэхэмжлэгчийг гэрээний 5.5.7-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт нийцээгүй байх тул нэхэмжлэгчийг эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтанд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заажээ.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тогтоохдоо сарын дундаж цалин 762 504 төгрөгийг ажилгүй байсан 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс хэргийг хянан шийдвэрлэсэн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын 127 хоногийн цалин, хөлс 4 504 055 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг хариуцагчаас гаргаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговороос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 504 055 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговороос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Охариуцагч Нийслэлийн мал эмнэлгийн газрын Дээж авагч, хариу олгогч малын их эмчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн мал эмнэлгийн газраас 4 504 055 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Отгонд олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Р.О ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговороос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн мал эмнэлгийн газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 87 015 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.БАЯСГАЛАН