| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2019/02623/И |
| Дугаар | 102/ШШ2019/02963 |
| Огноо | 2019-11-06 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2019/02963
| 2019 оны 11 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2019/02963 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н ХХК /РД: -д холбогдох,
12 750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ХХКитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК нь Н ХХК-тай “SHANTUI” маркын 180 автогрейдэр-ийг 1 сарын хугацаатай түрээслүүлэхээр 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 25 дугаартай түрээсийн гэрээг байгуулсан. Түрээсийн төлбөр нь 1 сарын 12 000 000 төгрөг ба гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцохоор гэрээнд заасан. Гэвч Н ХХК нь түрээсийн зүйл болох “SHANTUI” маркын 180 автогрейдэр-ийг 2015 оны 7 дугаар cap хүртэл түрээсэлсэн боловч одоог хүртэл түрээсийн төлбөрийг төлөөгүй. Бид түрээсэлсэн хугацаа болон түрээсийн төлбөрийг дээрх 2015 оны 7 дугаар сард тооцоо нийлэхэд 8 500 000 төгрөгний тооцоо гарсан. Үүнээс хойш нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаа буюу 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 1498 хоног өнгөрөөд байна. Иймд түрээсийн гэрээний үндсэн төлбөр 8 500 000 төгрөг, 1498 хоногийн алдангид 12 733 000 төгрөг боловч Иргэний хуульд анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул алданги 4 250 000 төгрөг, түрээсийн төлбөрт 8 500 000 төгрөг, нийт 12 750 000 төгрөгийг Н ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н ХХКитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтүвшин шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр талууд 25 дугаартай “Түрээсийн гэрээ”-г байгуулж ажилласан бөгөөд гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан. Гэрээгээр “SHANTUI” маркын 180 автогрейдрийг 12 000 000 төгрөгөөр тохиролцож урьдчилгаанд 4 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 8 000 000 төгрөгийг төлөөгүй байгаа. Манай компани нь түрээсийн гэрээнд заасан үүргээ цаг тухайд нь гүйцэтгэж чадаагүй нь түрээсийн гэрээнд заасан Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн гүүр хүртэлх 30 км авто замын суурь бүтэц, шороон далангийн ажлыг 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр МР-АГГ дугаар бүхий Н ХХК болон “Монроуд” ХХК-ийн хооронд “Шороон далангийн ажил гүйцэтгүүлэх тухай гэрээ” байгуулж ажилласан ба гүйцэтгэсэн ажлын төлбөрийг манай компанид “Монроуд” ХХК нь төлөөгүйгээс шалтгаалсан учир бидний нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 12 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... гэрээний төлбөрт 8 500 000 төгрөг, алданги 4 250 000 төгрөг, нийт 12 750 000 төгрөг” гэж тодорхойлсон.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...гэрээний урьдчилгаанд 4 000 000 төгрөг төлсөн, төлбөрт 8 000 000 төгрөг төлөөгүй нь үнэн, алдангийн хэмжээг багасгаж өгнө үү” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 25 дугаартай түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээгээр хариуцагч нь Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн гүүр хүртэлх 30 км автозамын суурь бүтэц, шороо далангийн ажил гүйцэтгэх зорилгоор нэхэмжлэгчийн эзэмшлийн “SHANUI 180” маркын 1 ширхэг автогрейдрийг 1 сарын хугацаатай түрээслэх, хариуцагч нь түрээсийн төлбөрт 1 сарын буюу 30 хоногийн 12 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх, үүнээс 3 000 000 төгрөгийг гэрээний урьдчилгаанд төлөхөөр харилцан тохиролцсон нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон түрээсийн гэрээгээр нотлогдож байна. Түүнчлэн, талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний дагуу хариуцагч түрээсийн зүйлийг ашигласан, гэрээний хугацаа дуусахад нэхэмжлэгчид буцаан хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар маргаагүй байна.
Гэрээний агуулга, зорилго, зүйл, талуудын эрх үүрэг, төлбөр төлөх нөхцөл зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Тодруулбал, Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Харин мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Гэрээний 2, 3, 4-т зааснаас үзвэл хариуцагч нь Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн гүүр хүртэлх 30 км автозамын суурь бүтэц, шороо далангийн ажил гүйцэтгэх зорилгоор нэхэмжлэгчийн эзэмшлийн “SHANUI 180” маркын 1 ширхэг автогрейдрийг 1 сарын хугацаатай хариу төлбөртэй түрээслэхэээр тохиролцсон байх бөгөөд хариуцагч нь уг түрээсийн зүйлийг ашиг олох зорилгоор түрээслэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээслэгчийн тодорхой хөрөнгийг түрээслүүлэгчээс шилжүүлэн авах зорилго нь аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэх, мөн уг түрээсийн зүйлийг шилжүүлэн авснаар ашиг олох шинжийг агуулдаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн, хэдийгээр талууд гэрээг түрээсийн гэрээ гэж нэрлэсэн байх боловч энэ нь эд хөрөгө хөлслөх гэрээний шинжийг агуулсан байна.
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь эд хөрөнгийн доголдолгүй 1 ширхэг автогрейдрийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд ашигласан хугацааны төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэг талуудад үүссэн байна.
Хариуцагч нь гэрээний дагуу түүнд шилжүүлсэн автогрейдрийн талаар шаардлага гаргаагүй, энэ талаар маргаагүй нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар хариуцагчийн эзэмшил, ашиглалтад 1 ширхэг автогрейдрийг түр хугацаагаар шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Гэрээний 4.1, 4.2-т төлбөрийн хэмжээг 1 сар буюу 30 хоногийн 12 000 000 төгрөг, үүний 3 000 000 төгрөгийг гэрээний урьдчилгаа төлбөрт төлөхөөр заасан байх бөгөөд хариуцагч нь гэрээний зүйлийг нийт 28 хоногийн хугацаанд ашигласан нь “Архангай аймгийн Тариат сум дахь Техникийн өдрийн тайлан”-аар нотлогдож байхаас гадна хариуцагч уг баримтыг үгүйсгээгүй. /хх-9 дүгээр тал/
Гэрээний хугацаа 30 хоногийг гэрээний үнэ 12 000 000 төгрөгт хуваахад нэг өдрийн 400 000 төгрөг болж байх бөгөөд гэрээний 1-д хариуцагч нь 1 ширхэг автогрейдрийг 7 цагаас 21 цаг хүртэл, хоногт 12 цагаас доошгүй хугацаагаар ажиллуулахаар заасан байна. Иймд нэг өдрийн автогрейдрийн хөлс 400 000 төгрөгийг автогрейдрийг нэг өдөр ажиллуулах доод хугацаа болох 12 цагт хуваахад нэг цагийн хөлс 33 333 төгрөг болж байна.
“Архангай аймгийн Тариат сум дахь Техникийн өдрийн тайлан”-аар хариуцагч нь автогрейдрийг 28 хоногийн хугацаанд 347 цаг 30 минут ашигласан, уг хугацааг нэг цагийн ажлын хөлс 33 333 төгрөгт үржүүлэн нийт 11 583 217 төгрөгийн хөлсийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөөгүй болох нь дээрх баримтаар тогтоогдож байна. Үүнээс гэрээ байгуулахад хариуцагчаас гэрээний урьдчилгаанд нэхэмжлэгчид төлсөн 3 000 000 төгрөгийг хасаад нийт 8 583 217 төгрөгийг хариуцагч нь гэрээний үүрэгт нэхэмжлэгчид төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Нөгөөтэйгүүр, хариуцагч нь гэрээний урьдчилгаанд 4 000 000 төгрөг төлсөн гэх боловч гэрээний 4.2-т урьдчилгаанд 3 000 000 төлнө гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн “хариуцагч урьдчилгаанд 3 000 000 төгрөг төлсөн” гэх тайлбар үндэслэлтэй байх бөгөөд харин хариуцагч нь “...урьдчилгаанд 4 000 000 төгрөг төлсөн” гэх тайлбараа баримтаар нотолж, нэхэмжлэгчийн шаардлагыг баримтаар үгүйсгэж чадаагүй байна.
Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар 1 ширхэг автогрейдр ашигласны хөлсийг нэхэмжлэгчид төлөх үүргээс 8 583 217 төгрөгийн хэмжээгээр биелүүлээгүй гэж үзэхээр байна. Хэдийгээр хариуцагч нь гэрээнд заасан хөлс төлөх үүргээс 8 583 217 төгрөгийн үүргийг биелүүлээгүй байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчийг 8 500 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй талаар шаардлага гаргасан тул Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар үлдэгдэл хөлс 8 500 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Гэрээний 4.5-д хариуцагч гэрээнд заасан хөлс төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алдангийг нэхэмжлэгчид төлөхөөр заасан байна. Иймд талууд гэрээний хариуцлагын талаар харилцан тохиролцсон гэж үзэх бөгөөд уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээгээр тохирсон алданги шаардах эрхтэй.
Гэрээний хугацаа дууссан 2015 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс хойш нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны алдангийн хэмжээ хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 8 500 000 төгрөгийн 0.1 хувиар тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан 50 хувиас хэтэрч байх тул нэхэмжлэгч нь алдангийн хэмжээг хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 8 500 000 төгрөгийн 50 хувь болох 4 250 000 төгрөгийн хэмжээнд шаардсан нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болох боловч хэрэгт авагдсан баримтаар ийнхүү алдангийн хэмжээг багасгах нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Түүнчлэн, хариуцагчийн тайлбарт дурдсан гэрээний үүрэг биелүүлэх боломжгүй болсон нь хариуцагчаас бусадтай байгуулсан гэрээнээс хамаарсан гэх үндэслэл нь алдангийн хэмжээг багасгах үндэслэл болохгүй байна.
Түүнчлэн, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр дуусахаар байх боловч уг хугацаа дуусахаас өмнө буюу 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг нэхэмжлэлийг гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хариуцагчийн оршин байгаа газар тодорхойгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тул мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг мөн өдрөөс шинээр эхлэн тоолох нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас гэрээний үндсэн үүрэгт 8 500 000 төгрөг, алданги 4 250 000 төгрөг, нийт 12 750 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаарх хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Н ХХК-иас 12 750 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 218 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН