| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2019/02669/И |
| Дугаар | 102/ШШ2019/02669 |
| Огноо | 2019-10-09 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2019/02669
| 2019 оны 10 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2019/02669 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө ХХК холбогдох,
37 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, гэрч Ш.Батдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК-ийн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь хариуцагч Ө ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 14/А-101 дугаар “Барилгын материал нийлүүлэх гэрээ” байгуулсан. Гэрээнд зааснаар хариуцагч Ө ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө НRB400 маркийн арматурыг 1 тонныг нь НӨАТ орсон дүнгээр 1 050 000 төгрөгөөр бидэнд худалдахаар тохирсон. Бид гэрээний дагуу арматурын үнэд 35 000 000 төгрөгийг бэлнээр, 155 000 000 төгрөгт тооцон 2013 онд үйлдвэрлэгдсэн, 28-29 УНҮ улсын дугаартай, Тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг хүлээлгэн өгсөн.
Гэтэл хариуцагч гэрээгээр хүлээсэн арматур нийлүүлэх үүргээ биелүүлээгүй тул 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 28-29 УНҮ улсын дугаартай, Тоёота ланд круйзер 200 маркийн автомашинаа буцаан авсан. Харин үлдэх 35 000 000 төгрөгийн 25 000 000 төгрөгийг буцаан өгөхгүй байсан тул 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч нь үлдэгдэл 25 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч талд төлөх, уг хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг хариуцагч нь нэхэмжлэгч талд төлөхөөр тохирсон.
Иймд үлдэгдэл төлбөр 25 000 000 төгрөг, алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрсэн тул 50 хувь болох 12 500 000 төгрөг, нийт 37 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүхэд гаргасан тайлбартаа: Энэхүү хэрэг маргаан нь хариуцагч компанид ямар ч хамааралгүй. Тус компани ганц гишүүнтэй бөгөөд компанийн үүсгэн байгуулагч нь Г.Долгормаа гэж хүн байдаг. Манай компанийн тамга тэмдгийг Ш.Батдэлгэр гэх хүн олж аваад гэрээ байгуулсанийг мэдэхгүй байна. Гэрээний нэг тал Ш.Батдэлгэр нь уг компанид холбогдолтой гэх ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагч Ө ХХК-ийн эрх бүхий этгээд гэрээг байгуулаагүй тул бид гэрээний үүргийг хүлээхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Ө ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 37 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...барилгын материал нийлүүлэх гэрээгээр урьдчилан төлсөн 25 000 000 төгрөг, алданги 12 500 000 төгрөг, нийт 37 500 000 төгрөг” гэж тодорхойлсон бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...Ө ХХК хэрэгт ямарч хамааралгүй, гэрээг байгуулаагүй, компанийн тамга, тэмдгийг хэн ашигласныг мэдэхгүй...” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 14/А-101 дугаартай, “Барилгын материал нийлүүлэх гэрээ”, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай гэрээ” тус тус авагдсан байх бөгөөд уг гэрээний худалдан авагч талыг төлөөлж нэхэмжлэгч Г ХХК-ийн захирал А.Бат-Эрдэнэ, худалдагч талыг төлөөлж хариуцагч Ө ХХК-ийн захирал Ш.Батдэлгэр нар гарын үсэг зурж, компанийн тэмдэгийг дарж тус тус баталгажуулсан байна.
Дээрх гэрээнд дарсан Ө ХХК-ийн тэмдэгийг Ө ХХК-ийн тэмдэг мөн эсэхэд талууд маргаагүй, харин Ө ХХК-д хамааралгүй этгээд болох Ш.Батдэлгэр гарын үсэг зурж, гэрээг байгуулж, гэрээний зүйлийг хүлээн авсан эсэх нь маргааны зүйл болж байна.
2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 14/А-101 дугаартай, “Барилгын материал нийлүүлэх гэрээ”-ээр хариуцагч нь гэрээний хавсралт 1-д заасан хэмжээний арматурыг 1 тонныг НӨАТ орсон үнээр 1 050 000 төгрөгөөр 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгч нь гэрээний үнийг мөнгө болон автомашинаар тооцон хариуцагчид төлөхөөр, мөн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай гэрээ”-ээр хариуцагч нь дээрх гэрээний үлдэгдэл төлбөр 25 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид буцаан төлөх, төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөхөөр заажээ.
Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар гүйцэтгэх захирлыг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцох бөгөөд гүйцэтгэх удирдлага нь мөн хуулийн 83 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг явуулдаг.
Хариуцагч “Өвөр бүүрэг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага нь Г.Долгормаа болох нь Ө ХХК-ийн дүрэм, мөн Ө ХХК-ийн шүүхэд ирүүлсэн албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон гэрч Ш.Батдэлгэрийн тайлбараар нотлогдож байхаас гадна нэхэмжлэгч нь уг үйл баримтыг үгүйсгэж, маргаагүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх 2 гэрээнд худалдагч болон төлбөр төлөгч талыг төлөөлж гарын үсэг зурсан Ш.Батдэлгэрийг хариуцагч Ө ХХК-ийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална.
Хэдийгээр хариуцагч Ө ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох Ш.Батдэлгэр нь нэхэмжлэгчтэй дээрх 2 гэрээг байгуулсан боловч уг гэрээний хүчин төгөлдөр байдал нь Ө ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээдтйг зөвшөөрлөөс хамаарна. Өөрөөр хэлбэл, гэрээний нэг тал болох худалдан авагч Г ХХК-д худалдагч Ө ХХК-ийн төлөөлөгч нь өөрийгөө Ө ХХК-ийг төлөөлөх эрхтэй эсэхээ мэдэгдэх үүрэгтэй бөгөөд мэдэгдээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлийг хариуцагчаас шаардах боломжгүй.
Нөгөөтэйгүүр, ийнхүү мэдэгдээгүй, гэрээнд худалдагч буюу төлбөр төлөгч тал болох Ө ХХК-ийн тэмдэг дарагдаж, баталгаажсан байхад нэхэмжлэгч нь Ө ХХК-ийн төлөөлөх эрх болон зохих этгээдийн зөвшөөрлийг шалгах боломжгүй юм. Иймд дээрх 2 гэрээнд хариуцагч Ө ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсанд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцдог.
Нэхэмжлэгч нь гэрээний үнийг төлөх үүргийн тодорхой хэсгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч нь түүнийг хүлээн авсан, улмаар уг төлбөрийн зарим хэсгийг буюу 155 000 000 төгрөгт тооцон шилжүүлсэн автомашин болон 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийг гэрээний төлбөр төлөх үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгэсэнд тооцно. Түүнчлэн, хариуцагч нь гэрээний төлбөрийг нэхэмжлэгчээс хүлээн авч ашиглаагүй гэх тайлбараа баримтаар нотолж чадахгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр талуудын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 14/А-101 дугаартай, “Барилгын материал нийлүүлэх гэрээ” болон 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” тус тус байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
“Барилгын материал нийлүүлэх гэрээ”-ний дагуу хариуцагчид гэрээний хавсралт 1-д заасан хэмжээний арматурыг 1 тонныг НӨАТ орсон үнээр 1 050 000 төгрөгөөр 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгч нь гэрээний үнийг мөнгө болон автомашинаар тооцон хариуцагчид төлөх үүрэг үүссэн байна. Өөрөөр хэлбэл, гэрээний зүйл, төлбөр төлөх нөхцөл, талуудын эрх үүрэг зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Хариуцагч нь нэхэмжлэгчид “Барилгын материал нийлүүлэх гэрээ”-ний хавсралт 1-д заасан хэмжээний арматурыг 1 тонныг НӨАТ орсон үнээр 1 050 000 төгрөгөөр 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохирч, гэрээний үнийг төлсөн боловч хариуцагч нь гэрээгээр тохирсон арматурыг нэхэмжлэгчид шилжүүлээгүй нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон гэрчийн мэдүүлэгээр нотлогдож байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй болжээ.
Улмаар талууд гэрээнээс татгалзсаны үр дагавар болох гэрээний төлбөрт нэхэмжлэгчээс хариуцагчид төлсөн төлбөрөөс хариуцагч 25 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөх, алдангийн хэмжээг хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар харилцан тохиролцож, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг байгуулсан байна.
Төлбөр барагдуулах гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээний дагуу төлсөн төлбөрөөс 25 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөөгүй болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байхаас хариуцагч үүнийг үгүйсгэн маргаагүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар дээрх төлбөрийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.
Түүнчлэн, талууд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дээрх төлбөр барагдуулах гэрээний 1.2-т 25 000 000 төгрөгийг хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлнө, уг хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлөхөөр заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгтэй харшлаагүй байх тул талуудыг мөн зүйлийн 232.6-д заасан алдангийн талаар тохиролцсон гэж үзэхээр байна.
Алдангийн хэмжээ мөн зүйлийн 232.4-т заасан хэмжээнээс хэтэрч байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийн нийт гүйцэтгээгүй үүрэг 25 000 000 төгрөгийн тал хувь болох 12 500 000 төгрөгийг гэрээний хариуцлагад тооцон алданги 12 500 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөрт 25 000 000 төгрөгийг алданги 12 500 000 төгрөгийн хамт, нийт 37 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч Ө ХХК-иас 37 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 345 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН