| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0123/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/139 |
| Огноо | 2023-04-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/139
2023 4 14 2023/ШЦТ/139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,
улсын яллагч Ц.Лхамсүрэн,
шүүгдэгч М.Цнарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, М.Цэнд-Аюушид холбогдох эрүүгийн 2325000000142 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эксковаторын машинист мэргэжилтэй, “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайн цехэд машиннист ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян- Өндөр сум Баянцагаан баг Өнөр хотхоны 101-77 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Есөн чоно овогт Мягмардоржийн Ц/РД; ФБ91030837/,
Шүүгдэгч М.Цнь;
согтуурсан үедээ буюу 2023 оны 2 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Sugar” баарны гадаа Б.Цнүүрэн тус газар нь алгадаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч М.Ц“...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Б.Ц“...2023 оны 2 дугаар сарын 11-ний орой 18 цагийн үед найз Чулуунбаатар, Мөнхбаяр, Батбаяр, Очирбат, Өсөхбаяр нартай уулзаад хоолонд ороод, хоолоо идэж дуусаад 21 цагийн үед “Sugar” бааранд ороод 00 цаг хүртэл байсан. Бааранд ороод виски болон шар айраг уусан, баар хаахаар болоод бид нар гарч ирээд урд хэсэгт нь найзуудаараа нийлээд тамхи татаад зогсож байтал үл таних нэг эмэгтэй гарч ирээд “та нар Мөнхбаярын дүү нар юм уу” гээд орилоод байхаар нь би “тийм байна” гэсэн чинь над руу ирээд миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа алгадсан, энэ үед би түүнийг “цаашаа бай” гэж хэлээд гараараа түлхсэн, манай найзууд уг эмэгтэйтэй хамт байсан хүмүүсийг “энэ хүүхнээ аваач” гэж орилсон чинь үл таних нэг залуу над руу ирээд намайг газар унагааж байгаад хөлөөрөө миний толгой хэсэг рүү өшиглөсөн, найзууд уг залууг салгаж холдуулсан, би газар унаад ухаан балартаад сууж байх үед найзууд ирээд эмнэлэг рүү авч орсон байсан. Эмнэлэгт үзүүлэх үед миний чихнээс цус гарч байсан, эмч үзээд “баруун талын чихний хэнгэрэг цоорсон байна” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,
“...Миний биед учирсан гэмтэлд эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй ч, хэнгэрэг нөхөх лаа, дусаалга зэрэг зүйлсийг авч хэрэглэсэн. ...Намайг зодсон Цнадаас уучлалт гуйж миний эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардлыг барагдуулсан. Надад санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,
гэрч Д.М“...бааранд бүжиглэж байгаад тамхи татахаар гараад баарны үүдний урд хэсэгт зогсож байгаад үл таних дөрвөн залуутай муудалцсан. Тэр залуучууд намайг хэл амаар доромжилж түлхсэн, энэ үед Цгарч ирээд намайг хараад тухайн дөрвөн залуутай маргалдаж нэг залууг нь зодсон. Энэ үед хамт явсан нэг залуу нь “манай найз ухаан алдаад уначихлаа” гэж хэлэхээр нь би харсан чинь тухайн залуу нь сандал дээр сууж байсан ба түүний чихнээс цус гарч байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,
М.Цэнд-Аюушийн яллагдагчаар өгсөн “...2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр сургууль дээр арга хэмжээ дууссаны дараа хүүхдүүдээ гэрт нь хүргэж өгөөд манай охины ангийн дөрвөн эцэг, эхчүүд нийлээд “Наадам” төвд караокейд ороод 1-2 цаг үйлчлүүлж байгаад оройн 21 цагийн үед гараад манай охинтой хамт сурдаг хүүхдийн ээж Зулаагийн хамт “Sugar” бааранд орсон. Бааранд ороод бүжиглэж байгаад нэг харсан чинь Зулаа гараад явчихсан байсан, би араас нь гарсан чинь баарны гадна талд дөрвөн залуу тойроод зогсчихсон Зулаа руу дайрч байхаар нь би очиж салгасан, Зулаа руу дайрч байсан нэг залууг нь би татаж газар унагаасан, уг залуутай хамт байсан залуучууд намайг салгаж холдуулсан. ...зодож цохисноо сайн санахгүй байна, түүнийг татаж газар унагааснаа санаж байна. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, Цолмон гэх залуугаас уучлалт гуйж, түүнд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газар Орхон аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 198 дугаартай;
“...1.2.Б.Цбиед баруун чихний хэнгэрэг хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. 3.4.Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхыг үгүйсгэхгүй. 5.Баруун чихний хэнгэрэг хальсны цооролт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
Б.Ц“...Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Sugar” баарны гадна үл таних хүнд зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,
М.Цэрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 49, 50 дахь тал/
хохирогч Б.Ц амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 64-65 дахь/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн М.Цс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч М.Цг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч М.Цнь согтуурсан үедээ буюу 2023 оны 2 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Sugar” баарны гадаа хохирогч Б.Цнүүрэн тус газар нь алгадаж, эрүүл мэндэд нь “баруун чихний хэнгэрэг хальсны цооролт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч Б.Ц“...2023 оны 2 дугаар сарын 11-ний орой...үл таних нэг залуу над руу ирээд намайг газар унагааж байгаад хөлөөрөө миний толгой хэсэг рүү өшиглөсөн, ...Эмнэлэгт үзүүлэх үед миний чихнээс цус гарч байсан, эмч үзээд “баруун талын чихний хэнгэрэг цоорсон байна” гэж хэлсэн.” гэх,
гэрч Д.М“...залуучууд намайг хэл амаар доромжилж түлхсэн, энэ үед Цгарч ирээд намайг хараад тухайн дөрвөн залуутай маргалдаж нэг залууг нь зодсон. ...түүний чихнээс цус гарч байсан.” гэх,
М.Цн өөрийнх нь өгсөн “...Зулаагийн хамт “Sugar” бааранд орсон. Бааранд ороод бүжиглэж байгаад нэг харсан чинь Зулаа гараад явчихсан байсан, би араас нь гарсан чинь баарны гадна талд дөрвөн залуу тойроод зогсчихсон Зулаа руу дайрч байхаар нь би очиж салгасан, Зулаа руу дайрч байсан нэг залууг нь би татаж газар унагаасан, уг залуутай хамт байсан залуучууд намайг салгаж холдуулсан. ...түүнийг татаж газар унагааснаа санаж байна.” гэх мэдүүлгүүд,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газар Орхон аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 198 дугаартай;
“...Б.Цбиед баруун чихний хэнгэрэг хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,
хохирогч Б.Ц амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч М.Цгэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч М.Цн, хохирогч Б.Цэсрэг биемахбодийн хүчирхийлэл үйлдэж, түүний нүүрэн тус газар нь алгадаж, “баруун чихний хэнгэрэг хальсны цооролт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хууль зүйн хувьд,
Шүүгдэгч М.Цн хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын шүүгдэгч М.Цэнд-Аюушид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгч М.Цн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгч М.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч М.Цг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч М.Цн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч М.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг нь тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч М.Цэнд-Аюушид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,
1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.
Хохирогч Б.Цмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хавтаст хэргийн 10 дахь талд авагдсан “...Миний биед учирсан гэмтэлд эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй ч, хэнгэрэг нөхөх лаа, дусаалга зэрэг зүйлсийг авч хэрэглэсэн. ...Намайг зодсон Цнадаас уучлалт гуйж миний эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардлыг барагдуулсан. Надад санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн,
М.Цэнд-Аюушийн өгсөн хавтаст хэргийн 35-36 дахь талд авагдсан “...Цолмон гэх залуугаас уучлалт гуйж, түүнд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан.” гэсэн мэдүүлгүүдийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Е овогт Мн Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Цшүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Цэнд-Аюушид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ