Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/144

 

 

2023          04           18                                  2023/ШЦТ/144

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О,

улсын яллагч Н.Д,

шүүгдэгч А.Ц нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Цд холбогдох эрүүгийн 2325000000171 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч А.Ц нь;

2023 оны 2 дугаар сарын 28-ны орой Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Grand” караокед хохирогч О.Мнүүрэнд гараараа цохиж, баруун чихийг нь хазаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,

хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч А.Ц “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч О.М“...2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хуурай ах Цэвээнжавын хамтаар Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг “Grand” караокегоор үйлчлүүлэхээр очсон, ...би караоке руу орж өрөө байгаа эсэх талаар зөөгч залуугаас асуугаад текен дээр зогсож байтал караокены өрөөнөөс хоёр хүүхэн хоёр залуу гарч ирээд нэг залуу нь /Ц/ намайг тек рүү биеэрээ шахсан, тэгэхлээр нь би өөрөө холдуулаад түлхтэл “чи намайг түлхлээ, п***а минь” гэж хэлэхээр нь “уучлаарай” гэж хэлээд гар барих гэтэл “би чамтай гар барихгүй” гэж хэлсэн. Тэгээд би тухайн залуугаас зайгаа бариад холдсон тэгтэл Ц миний хажууд ирээд дахиж хэрүүл маргаан үүсгэж байгаад миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон, би зөрүүлээд өөрийгөө хамгаалж нэг удаа цохисон, бид хоёр хэсэг зууралдаж байгаад салсан, би дахиад Цгээс “уучлаарай” гэж уучлалт гуйгаад гар барьтал шууд намайг өөрлүүгээ татаад чихнээс хазсан “чих тасарлаа шүү дээ, болиоч ээ” гэхэд миний чихийг хазсаар байгаад тасалсан, миний чихнээс маш их цус гарсан. ...Миний хамар хугарсан, зүүн талын нүдэнд цус хурж хөхөрсөн, баруун талын чихний дэлбэн тасарсан, тасарсан дэлбэнг чихэнд залгаж оёулсан буцаж нийлэх эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

гэрч Д.Мын “...2023 оны 2 дугаар сарын 28-ны орой 22 цаг өнгөрч байхад М гэх залуу гаднаас орж ирээд “караокед суумаар байна” гэсэн, ...би “6 дугаар өрөө 2-3 минутын дараа суларна” гэж хэлсэн, удалгүй 6 дугаар өрөөнд байсан хүмүүс гараад би бохироо хураагаад байж байтал “түс, тас” болоод явчихсан...гараад иртэл коридорын шал цус болчихсон коридорт М, манайхаар үйлчлүүлж байсан Ц нар хоорондоо барьцалдаад маргалдсан байдалтай зогсож байсан. Би Ц М хоёрыг салгаад, “гарч зодолд, байгууллагын эд хөрөнгө эвдэллээ, болиоч” гэж хэлсэн, ...энэ үед М гэх залуу ариун цэврийн өрөө орсон, би гал тогооны хэсэг рүү ороод шал угаадаг хэрэгсэл аваад гарч ирээд үүдний коридорын шалны цусыг арчсан. Ариун цэврийн өрөөнөөс М гэх залуу гарч ирээд “чих” гээд нэг юм яриад байсан би “чих рүү нь цохиод цус гаргачихсан юм байхдаа” гэж бодоод хартал баруун талын чихний дэлбэн хэсгийн тал нь байхгүй болчихсон байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

гэрч Т.Б“...би 2023 оны 2 дугаар сарын 28-ны оройн 22 цагийн үед “Grand” караокед байсан, ...манай өрөөнд Ц гэх ах орж ирээд “ах нь хүн зодчихлоо, караокены бичлэгийг яаралтай устгаадах” гэхээр нь “юу болсон юм бэ” гэхэд “дуугүй бичлэгийг устгаадах” гэж хэлсэн, тэгэхлээр нь караокены хяналтын камерын төхөөрөмж дээр очоод бичлэгийг устгасан. Тухайн зодоон болоод дууссаны дараа би ариун цэврийн өрөө рүү ортол М гэх ах угаалтуурт чихээ угааж байсан тэгэхлээр нь би юу болсон талаар асуухад надаар бичлэг устгуулдаг Ц гэх ахтай “караокены үүдэнд зөрөхдөө мөргөлдсөн тэгээд гар барих гэхэд Ц намайг цохиж, улмаар чихийг маань хазаж, тасалсан” тухай хэлсэн, мөн Ц гэх ах тухайн караокед надтай хамт байсан Пүрэв-Очир гэх найзад “юу ч хараагүй, юу ч сонсоогүй, ах нь бүгдийг зохицуулна, одоо гэрлүүгээ харьж унт” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

Б.Цгийн “...2023 оны 2 дугаар сарын 28-ны оройн 20 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг “Grand” караокед ажлын газрын Мөнгөндолгион, Сонинзаяа, Анхзул, Болорцэцэг нарын хамтаар орж дуу дуулангаа хоёр шил 0.75л архи, 10 ширхэг пиво уусан. Караокеноос гарах гээд текен дээр тооцоогоо хийх гээд очиж байснаа санаж байгаа юм, нэг мэдэхэд нэг залуутай маргалдаад байснаа санаж байна, үүнээс хойш юу болсноо сайн мэдэхгүй, ухаан ороод М гэх залууг зодож, чихийг нь хазаж гэмтээсэн гэдгээ мэдсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 87 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газар Орхон аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээч, эмч Ж.Гэрэлмаагийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 241 дугаартай; “...О.Мбиед баруун чихний дэлбээнд таслагдсан шарх, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдэд хоёр тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Чихний дэлбээний таслагдсан шарх нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн нэг удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Чихний дэлбээний таслагдсан шарх, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

иргэн О.М“...“Grand” караокед бусдад зодуулж, чихээ хазуулсан” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

шүүгдэгч А.Цгийн согтруурлыг шалгасан баримт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3, 4 дэх тал/,

“Grand” караокед хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-8 дахь тал/,

гэрч Т.Бгар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-11 дэх тал/,

“Grand” караокены хяналтын камерын төхөөрөмжид болон дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12-16 дахь тал/,

хэргийн газрын үзлэгийн явцад бэхжүүлэн авсан цус мэт зүйлээр бохирлогдсон нэг ширхэг арчдасыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 20 дахь тал/,

“Grand” караокед гэсэн бичигтэй 1 ширхэг хуурцагийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 21 дэх тал/,

А.Ц эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 90, 101 дэх тал/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 93-98 дахь тал/,

яллагдагч А.Цгийн “...Миний бие эрүүгийн 2325000000171 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан бөгөөд О.Мбиед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хохиролд 5.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн болно.”  гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 118 дахь тал/,

хохирогч О.М“...2023 оны 2 дугаар сарын 28-нд хүнд зодуулсан, одоо иргэн Цд гомдол санал байхгүй, хохирол болох 5.000.000 төгрөгийг авсан.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 120 дахь тал/,

          5.000.000 төгрөгийн хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 119 дэх тал/ зэрэг болно.

          Нэг: Шүүгдэгч А.Цг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч А.Ц нь 2023 оны 2 дугаар сарын 28-ны орой Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...“Grand” караокед хохирогч О.Мнүүрэнд гараараа цохиж, баруун чихийг нь хазаж, түүний эрүүл мэндэд “чихний дэлбээнд таслагдсан шарх, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хохирогч О.М“...Ц миний хажууд ирээд дахиж хэрүүл маргаан үүсгэж байгаад миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон, би зөрүүлээд өөрийгөө хамгаалж нэг удаа цохисон, бид хоёр хэсэг зууралдаж байгаад салсан, би дахиад Цгээс “уучлаарай” гэж уучлалт гуйгаад гар барьтал шууд намайг өөрлүүгээ татаад чихнээс хазсан “чих тасарлаа шүү дээ, болиоч ээ” гэхэд миний чихийг хазсаар байгаад тасалсан, миний чихнээс маш их цус гарсан. ...Миний хамар хугарсан, зүүн талын нүдэнд цус хурж хөхөрсөн, баруун талын чихний дэлбэн тасарсан, тасарсан дэлбэнг чихэнд залгаж оёулсан.” гэх,

гэрч Д.Мын “...коридорын шал цус болчихсон коридорт М, манайхаар үйлчлүүлж байсан Ц нар хоорондоо барьцалдаад маргалдсан байдалтай зогсож байсан. ...Ариун цэврийн өрөөнөөс М гэх залуу гарч ирээд “чих” гээд нэг юм яриад байсан...хартал баруун талын чихний дэлбэн хэсгийн тал нь байхгүй болчихсон байсан.” гэх,

гэрч Т.Б“...ариун цэврийн өрөө рүү ортол М гэх ах угаалтуурт чихээ угааж байсан тэгэхлээр нь би юу болсон талаар асуухад надаар бичлэг устгуулдаг Ц гэх ахтай “караокены үүдэнд зөрөхдөө мөргөлдсөн тэгээд гар барих гэхэд Ц намайг цохиж, улмаар чихийг маань хазаж, тасалсан” тухай хэлсэн.” гэх,

Б.Цгийн өөрийнх нь “...ухаан ороод М гэх залууг зодож, чихийг нь хазаж гэмтээсэн гэдгээ мэдсэн.” гэх мэдүүлгүүд,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газар Орхон аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээч, эмч Ж.Гэрэлмаагийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 241 дугаартай; “...О.Мбиед баруун чихний дэлбээнд таслагдсан шарх, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдэд хоёр тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,

“Grand” караокед хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерын төхөөрөмжид болон дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн явцад бэхжүүлэн авсан цус мэт зүйлээр бохирлогдсон нэг ширхэг арчдасыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хохиролд 5.000.000 төгрөг төлсөн баримт зэргээр тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүйгээс гадна шүүгдэгч А.Ц гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

          Шүүгдэгч А.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 5.000.000 төгрөг нөхөн төлсөн баримтыг хэрэгт хавсаргуулсан,

          мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар шүүх хуралдааныг хялбаршуулж явуулах хүсэлт гаргаснаас гадна прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсон байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч А.Цгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүхээс түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Хоёр: Шүүгдэгч А.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч А.Цд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч А.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

          оногдуулсан торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

          Бусад асуудал;

          Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

          Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргахдаа хохирогчид 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан баримт хавтаст хэргийн 119 дахь талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн “Grand” караокены хяналтын камерын дүрс бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, цус мэт зүйлийн арчдасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Б овогт Ан Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн “Grand” караокены хяналтын камерын дүрс бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, цус мэт зүйлийн арчдасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

          7.Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ