Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 0006

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

 

 

 

 

                                                                                

С.Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр, хариуцагч Х.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 252 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.Цийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Чд холбогдох

Дутагдуулсан барааны үнэ 10 000 000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х.Чг 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хишиг төвд худалдагчаар ажилд авсан юм. Тухайн ажилд орсон сараас эхлэн сар бүрийн сүүлээр падааны эцсийн үлдэгдэл тулгах, сар бүр тооллого хийж өвөл зуны бараа хураах, падааныхаа сарын үлдэгдлээр тулган тоолж хурааж байсан юм. Тухайн үед барааг дутаахад цалингаас нь суутгаж төлөлт хийлгэж байсан. Сар бүрийн цалинг сарын сүүлээр бэлнээр буюу түүний нөхөр Болдбаатарын дансанд Мобайлаар бас хийж байсан. Миний бие 2014 оны 12 дугаар сард амаржиж энэ үеэс зөвхөн тус тусын хөтөлж буй падаанаар сарын эцсийн тулгалт хийсээр 2017 оны 7 дугаар сар хүргэсэн. Энэ үед барааг тоолоогүй юм. Өвөл зуны бараа хураагдаж байгаагүй юм. Ингээд 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 15-ны хооронд барааны тооллого хийхэд 10 592 400 төгрөгийн үнэ бүхий бараа дутаасан. Уг мөнгөн дүнгээс өөрийнх нь хүсэлтийн дагуу 592 400 төгрөгийг хасаж 10 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. 2017 оны 8 дугаар сараас тодорхой хэмжээний мөнгийг цувуулж төлнө гэсэн боловч ямар ч төлөлт хийгдээгүй. Ямар нэгэн тохиролцоонд хүрээгүй болохоор сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандан өргөдөл гаргасан. Мөн тохиролцоонд хүрсэнгүй.

Иймд барааны үнэ болох 10 000 000 төгрөгийг Х.Чгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хишиг дэлгүүрт Ч 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр барааны худалдагчаар ажилд орсон. Тухайн үед ажилд авахдаа ямар нэгэн гэрээ байгуулаагүй, тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хөлс төлөхөөр тохиролцож, харин бараа дутагдуулсан тохиолдолд өөрөө цалин болон бусад зүйлээр бүрэн хариуцан төлнө гэж хэлээд ажилд орсон. Эхнэр бид хоёр 2012 онд дунд охиноо алдсан бөгөөд өмнө тооцоо хийхэд тооцоо нийлдэг байсан учир худалдагч Чд итгээд явж байсан.  Ингээд 2017 оны 7 дугаар сард тооцоо хийхэд худалдагч Ч нь 297 нэр төрлийн бараа буюу 10 592 400 төгрөгийн бараа дутагдуулсан байсан ба тухайн үед Х.Ч төлбөрөө багасгаач гэж хүсэлт тавьж гуйхаар нь 592 400 төгрөгийг хасаж мухар 10 000 000 төгрөг гаргуулахаар болж гарын үсэг зурж өгсөн боловч төлөхгүй өдийг хүрсэн тул эвлэрүүлэн зуучлагч болон шүүхэд хандсан юм.

Иймд Хишиг дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан Х.Чгийн төлнө гэж бичиж өгсөн 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 онд Хишиг худалдааны үйлчилгээний төвд эмэгтэй бэлэн хувцасны худалдагчаар анх ажилд орж байсан. Ц, Ц нарын охин нас барах үед давхар эрэгтэй хувцас хүлээж авч ачаалал ихсэж бараагаа зардаг болсон. Доод давхарт камер байхгүй, бараа зэрэг зардаг байсан зэргээс нилээн хүнд байдаг байсан. Би төлөхгүй гэж зөвшөөрөхгүй байгаа үндэслэл бол тухайн үед барааны тооллого хийхэд бараа дутсан боловч би дахин тоолъё гэхэд тоолуулаагүй. Мөн намайг ажилд авахдаа эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгууллаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Надтай 2017-09-30-ны өдөр тооцоо нийлэхэд ийм хэмжээний төлбөр гарсан, тэр хассан гэх 592.400 төгрөг бол хаяг шошго нь унасан, зарагдахгүй удаж хуучирсан барааг хассан гэж ойлгож байгаа болно.

Иймд Хишиг дэлгүүрийн эздээс нэхэмжилж байгаа барааны дутагдал төлбөр 10.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 252 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээнээс учирсан хохиролд хариуцагч Х.Чгээс 7 000 000 /долоон сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Цид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Чгээс 126 950 /нэг зуун хорин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Цид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.Ч давж заалдах гомдолдоо: Миний бие нэхэмжлэгч С.Цтай аман хэлцэл хийж түүний “Хишиг" худалдаа үйлчилгээний төвд 2011-2017 он хүртэл 6 жилийн хугацаанд ажилласан юм. Анхан шатны шүүхээс Х.Ч намайг хөдөлмөрийн хөлснөөс доогуур хэмжээний хөлстэйгөөр “Хишиг” худалдаа үйлчилгээний төвд барааны худалдагчаар ажиллуулсан нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээг талууд байгуулсан, хууль зөрчөөгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч С.Ц бид хоёрын хооронд хөлсөөр ажиллах гэрээний бүрдүүлбэр хэлбэр хангасан гэрээ байгуулаагүй зүгээр аман хэлбэрээр хэлцэл хийсэн бөгөөд хэрэв гэрээ байгуулсан бол гэрээндээ хугацаа, цалин хөлс, хүлээх үүрэг хариуцлагаа тодорхой зааж өгөх байсан. Тийм зүйл байхгүй хөдөлмөрийн хөлснөөс доогуур цалинжуулж байсан. Анх ажилд ороход тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2011 онд 140 200 төгрөг байхад 120 000 төгрөг өгдөг байсан. Шүүхээс худалдагчаар ажиллаж байсан гэж үзэж байгаа боловч миний бие ажиллах хугацаандаа тус худалдаа үйлчилгээний төвийн цэвэрлэгээ үйлчилгээг давхар хийдэг байсан юм. Мөн орлого муу байна гэж тусдаа худалдагчтай байсан лангуу бараануудыг надад нэмж өгсөн. Ингэж давхар ажил хийлээ гээд цалингаас гадна нэмэгдэл мөнгө өгдөггүй байсан. Хэрэв хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж үзэж байгаа бол хэн аль нь хүлээх үүрэг хариуцлагаа тодорхой зааж өгөх ёстой. Ингээд гэрээнд заасан ажил үүргээ дутуу хийж алдаа дутагдал гаргаж 10 000 000 төгрөг дутаасан бол надад төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгч тал ямар нэгэн эрсдэлээс урьдчилан сэргийлэх дуу дүрсний бичлэг хийх зориулалттай хяналтын камерыг тус дэлгүүрт суурилуулж хяналт тавих бүрэн боломжтой байсан. Тийм зүйл байхгүй надад ч ийм бололцоогоор хангаж өгөөгүй. Нэхэмжлэгч Ц барааны тооллого хийсэн өдрөөс хойш 7 хоногийн дараа надтай тооцоо хийж энэхүү 10 592 400 төгрөгийг намайг дутаасан гэж үзэж байгаа. Миний хувьд ажиллах хугацаандаа ийм их мөнгө дутаах боломжгүй юм. Бараа зарж байхад размер зөрсөн, хуучирч өнгөө алдсан, үйлдвэрийн алдаа дутагдалтай бараа байсан ба өөрсдөө хөдөө сум руу явахдаа авч явдаг байсан. Баяр наадмын талбай руу бараагаа аваачиж зарсан буюу олон нарийвчилж тооцоо хийх зүйл байсан. Ч намайг 2017 оны 7 сарын тооцоо нийлээд 297 нэр төрлийн 10 000 000 төгрөгийн дутагдал гаргасныг нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтэд дурдсан асуултын хүрээнд нэхэмжлэгч доромжилж сүрдүүлж бичүүлж авсан 10 000 000 төгрөгийг төлнө гэсэн дэвтрийн хуудсан дээр бичсэн бичиг зэргийг үндэслэн Иргэний хуулийн 206.1-д зааснаар үүргийг шударгаар гүйцэтгээгүй гэдэг нь нотлогдохгүй байгаа.

... Мөн 2017 оны 7 сард бараа тоолсны дараа гадаа контенерт байсан бараагаа ачиж явсан, дахин тоолно гэсэн хүсэлтийг хүлээж аваагүй, нэхэмжлэгч талаас эсэргүүцэж байсан юм.

Миний бие гэрчийн мэдүүлэгтэй танилцуулахад зарим нэг зүйлийг орхигдуулсан нь үнэнд нийцэхгүй зарим зүйлийг нэмж тодруулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч хэлэлцүүлэх захирамж гарсан шүүх хуралдаан дээр өг гээд шүүгчийн туслах хүлээж аваагүй. 4 худалдагч 4 үүлээ байж байгаад дэлгүүрээ нээж хаадаг байсан гэж шүүх дүгнэсэн нь бодит үнэнд нийцэхгүй байна. Хэн түрүүлж ирсэн худалдагч нь дэлгүүрээ онгойлгочихсон байдаг байсан. Шүүх гэрээ байгуулаагүй, эрх үүрэг хариуцлага хүлээх хэлбэр хэмжээ нь тодорхойгүй, түүнчлэн ажилтны бараа бүтээгдэхүүнийг өдөрт нь хүлээн авч хүлээлгэн өгдөггүй зэрэг нь төлбөр тооцоо гарахад нөлөөлсөн буруутай үйлдэл байна гэж үзсэн хэдий ч нэхэмжлэлийн үнийн дүнгээс 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож 7 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Миний хувьд үнэхээр бараагаа хүлээж авахдаа тооллогоо сайн хийж байсан бол ийм зүйл болох боломжгүй. Өдөр бүр зарагдсан бараагаа нэхэмжлэгч өөрөө хүлээж авдаг байсан. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж цалин хөлсийг хангалттай өгч дахин нэмэгдэл лангууг давхар авч ажиллуулаагүй үнэн зөвөөр тооллого хийж зөрчил дутагдлыг илрүүлсэн бол гомдох зүйл байхгүй. Ажил төрөлгүй амьдрал хүнд хэцүү байгаа надаас ингэж их хэмжээний мөнгийг нэхэмжилж байгаад гомдолтой байна. Хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг үгүйсгэж чадахгүй байна гэж дүгнэсэн нь буруу юм. Миний бие үнэн зөвийг тогтоох нөхцөл бололцоо байхгүй байсан. Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 06-ны 252 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Х.Чд холбогдуулан дутагдуулсан барааны үнэ 10 000 000 /арван сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Х.Ч “... барааны тооллого хийхэд бараа дутсан боловч дахин тооллого хийе гэхэд зөвшөөрөөгүй, дарамталж  гарын үсэг зуруулж авсан” гэх тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд  хариуцагч Х.Ч  2011 оноос эхлэн “Хишиг” худалдааны төвийн худалдагчаар ажиллаж эхэлсэн ба 2017 оны 7 дугаар сард бараа бүтээгдэхүүний тооцоо тооллого хийхэд 10 592 400 төгрөгийн дутагдал гаргасан болох нь тогтоогдсон байна.

Хэргийн оролцогч нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байх ба хариуцагч Х.Ч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа ч  хуульд заасны дагуу шинжээч томилж дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргаагүй өөрөөр  хэлбэл татгалзаж буй үндэслэл, тайлбараа нотолж чадаагүй,  энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй,  харин нэхэмжлэгч С.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр бараа хүлээлцсэн тооллого хийж тооцоо хийсэн баримт, илүүдэл бараа тоолсон баримт, хариуцагч Х.Ч нэхэмжлэгчид 10 000 000 төгрөгийн бараа дутсан энэ мөнгийг сар бүр цувуулж төлнө гэсэн баримт /хх-2-8/ шүүхэд гаргаж ирүүлжээ.

Хэдийгээр хариуцагч Х.Ч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ  нотолж чадаагүй ч шүүх талуудын хариуцлага хүлээх хэлбэр, хэмжээ тодорхойгүй, хариуцагчид бараа бүтээгдэхүүнийг өдөрт нь хүлээлгэж өгдөггүй, тооцоо тооллогыг цаг тухай бүрт нь хийдэггүйгээс ихээхэн хэмжээний дутагдал гаргахад нэхэмжлэгчийн буруутай байдал нөлөөлсөн гэсэн дүгнэлт хийж хариуцлагыг хэн хэнд нь хүлээлгэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Х.Чгээс барааны үнэ 7 000 000 төгрөг  гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой  зөрчөөгүй байх тул хариуцагч Х.Чгийн  гаргасан “...үнэн зөв тооллого хийж зөрчил дутагдлыг илрүүлсэн бол гомдохгүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж чадаагүй гэсэн дүгнэлт хийж шийдвэр гаргасанд гомдолтой тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 252 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 /нэг зуун хорин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                                   ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                            Т.ГАНБАТ