Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 118/ШШ2020/0006

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Тунгалаг даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох

Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н., хариуцагч Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга М., гуравдагч этгээд Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багт оршин сууж байна. Би Минж багийн нутаг Нам хар толгойн өвөлжөөг хадам аав Н.гээс өвлөн авч өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа бөгөөд одоо миний эзэмшлийн өвөлжөөнд манай хүүхдүүд өвөлжиж байгаа юм. Гэтэл Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01 тоот тогтоолоор миний эзэмшлийн өвөлжөөг ын т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай хадам аав энэ өвөлжөөг 1976 онд өөрөө барьж эзэмшиж эхэлсэнээс хойш би өвлөн аваад өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа бөгөөд 2004 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №0010198 тоот гэрчилгээгээр 20 жилийн хугацаагаар эзэмших эрхийн гэрчилгээг авч жил бүр өвөлжөөний татвар төлж байгаа юм. Гэтэл багийн иргэдийн Нийтийн Хурлаас Улаанбаатарт амьдардаг Ж. гэдэг хүнд эзэмшүүлэхээр тогтоол гаргасныг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гардаж авч танилцаад уг шийдвэрийг эс зөвшөөрч... Баянхайрхан сумын Засаг дарга, аймгийн Засаг дарга нарт гомдлоо гаргасан бөгөөд сумын газрын даамал Б., аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Н. нар хариуг ирүүлсэн. Уг хариуг миний бие хүлээн зөвшөөрөхгүй тул миний эзэмшилд байгаа өвөлжөөг Ж.т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Баянхайрхан сумын Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01 тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оноос Баянхайрхан сумын Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар ажиллаж байгаа. Нам хар толгойн өвөлжөө нь овогтой , ******* овогтой нарын эзэмшлийн маргаан юм. Ж. нь миний аав удмын өвөлжөөний бор шороонд Нам хар толгойн өвөлжөөг барьж, 1996 онд 60 жил эзэмших гэрчилгээ авсан. Н. нь өвөлжиж байя гэж буугаад 2004 онд давхар гэрчилгээ авсан. Өөртэй нь биечлэн уулзая гэхээр уулзахгүй байгаа. Миний бие нь Завхан аймгийн шүүхэд хандсан мөн шүүх дээр уулзах санал гаргахад ирээгүй. Мөн аймгийн Засаг дарга, Газрын албанд хандсан. Гэтэл тус сумын Минж багийн Хурлаар оруулж хэлэлцүүл гэсэн хариу өгсөн. Ингээд Баянхайрхан сумын газрын даамал Б., Минж багийн Засаг дарга Р.******* нарт багийн Хурлаар хэлэлцүүлж өгөх хүсэлтээ тавьсан. Н.ыг багийн гурван удаагийн хуралд хамт очих санал гаргасан боловч ирээгүй. Миний аавын барьсан өвөлжөөг Минж багийн иргэд нотолно гэж хэлдэг. Н. нь болохоор 2004 оны өвөлжөөний гэрчилгээтэй, хадам аав 1976 онд барьсан. Би өвлөн авч өнөөг хүртэл эзэмшиж байгаа. Одоо манай хүүхэд өвөлжиж байгаа гэж тайлбарладаг. Нам хар толгойн өвөлжөөний эзэмшлийн талаарх Ж., Н. нарын энэ маргаантай асуудлыг багийн Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх талаар сумын газрын даамал, багийн Засаг дарга нараас шаардсаны дагуу багийн Хурлын хуралдаанд Н.ыг удаа дараа дуудсан боловч ирээгүй, Ж. нь ээж, дүү нарын хамт оролцсон тул иргэдийн олонхийн саналаар энэ хүнд өвөлжөөний газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, ...өмнөх тогтоолуудаас харж байгаад уг 01 дүгээр тогтоолд хуулийн заалтыг бичсэн, түүнээс уг заалтад юу гэж бичсэнийг мэдэхгүй, Газрын тухай хуульд юу гэж заасныг судлаагүй. Уг хурлын тогтоол нь багийн иргэдийн шийдвэр юм гэв.

Гуравдагч этгээд Ж. шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Н.ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие 1991 онд 10 насандаа аав Баянхайрхан сумын Минж багийн харъяат Б.ын хамтаар одоогийн Нам хар толгойн өвөлжөө байрлах айл огт өвөлждөггүй байсан газарт шинээр хашаа саравч барьж, өвөлжөө босгон өөрсдийн малаа маллаж тус өвөлжөөнд амьдарсаар ирсэн. 1996 оны 01 сарын 11-ний өдрийн 02 тоот захирамжаар аавын нэр дээр Нам хар толгойн өвөлжөөг эзэмших 60 жилийн БХ-142 тоот газар эзэмших гэрчилгээг олгосон, бидэнд эх хувиараа хадгалагдаж байна. Энэ хугацаанд ямарваа нэгэн албан ёсны газрын асуудал хариуцсан албанаас уг гэрчилгээг шинэчлэх эсхүл цуцлахтай холбоотой асуудлаар огт холбогдож мэдэгдэл өгч байсангүй. Харин нэхэмжлэгч Н.ын яриад байгаа 2004 оны 12 сарын 24-ний өдрийн 0010198 тоот газар эзэмших гэрчилгээний тухай бид олж сонсоод 2018 онд сумын Засаг даргад хандаж тодруулга өргөдөл гаргахад 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/38 тоот албан бичгээр өгсөн хариунд Н.ын нэр дээрх 2004 оны 12 дугаар сарын 24-ны 0010198 тоот гэрчилгээтэй холбогдох захирамж нь архивт хадгалагдах 2004 оны баримтанд байхгүй. Мөн өвөлжөө нь хувьчлалд ороогүй, багийн Хурлаар хэлэлцүүлээгүй, газрын даамалд үүсгэгдсэн хувийн хэрэг байхгүй байна. Мөн Н. нь Минж багийн иргэн боловч сүүлийн жилүүдэд Улиастай суманд оршин суудаг. Иймээс та иргэн Н.ын нэр дээр гарсан захирамжийн талаар болон уг өвөлжөөний асуудлаар дараагийн шатны байгууллагад хандаж шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн. Бидний хувьд 1999 онд болсон ган зуднаас болж газар сэлгэн нүүх шаардлага гарч түр хугацаагаар нүүсэн. Энэ хугацаанд зуднаас болж муудсан замын ая даахааргүй хэдэн малаа ах дүүдээ үлдээж, Нам хар толгойн өвөлжөөг ашиглахыг зөвшөөрч захиж үлдээсэн. Энэ хугацаанд Н. нь манай малыг авч үлдсэн төрлийн хүн болох Л.*******тай яриад түр хугацаанд Нам хар толгойд өвөлжиж эхэлсэн байдаг. Тэр хугацаанд би болон миний аав зундаа нутагтаа очих бүртээ өвөлжөөгөө удаа дараа эргэж тойрдог байсан. Гэвч Н.тай уулзаж чаддаггүй, бидэнтэй ер уулздаггүй, зугтдаг байсан... бодит байдал дээрээ Н. нь Минж багийн нутагт байрлах Улиастайн өвөлжөөнд амьдарсаар ирсэн, саяхныг хүртэл Н.гийн үр хүүхдүүд тус Улиастайн өвөлжөөнд амьдарч байсныг ч Минж багийн иргэд гэрчилнэ. Мөн бидний ихэд гайхаж байгаа нь тухайн үед биднийг Нам хар толгойн өвөлжөөнд амьдарч байхад Н. нь хадам аав гийн Улиастайн өвөлжөөнд манайхтай айл саахалт амьдарч байсан хэдий ч нэг ч удаа танай Нам хар толгойн өвөлжөө хадам аав Н.гийн удмын өвөлжөө гэж огт ярьж дурдаж байгаагүй нь хачирхалтай, гэтэл одоо энэ өвөлжөөний маргаан дэгдээд эхлэхээр гэв гэнэтхэн Нам хар толгой өвөлжөө хадмын буюу Н.гийн өвөлжөө байсан гэх мэтээр ярьж, бичиж байгааг бид гайхаж мөн үгүйсгэж байна. Миний аав 2011 онд өөд болж үүнээс хойш би өөрөө Н.ыг олж өвөлжөөний асуудлаар уулзахаар удаа дараа үзсэн боловч ер уулзаж өгөхгүй зугатан утсаа авахгүй байсаар холбогдож чадаагүй тул ...2019 оны 4-р сард шүүхэд өргөдөл гаргахад уг асуудлаар аймгийн Засаг даргад хандаж шийдвэрлүүлэх тухай хариу ирүүлсэн, аймгийн Засаг даргад ...өргөдөл гаргахад Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаас 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 217 тоот хариуг ирүүлсэн. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь заалтын дагуу маргалдаж буй талууд өөрсдөө иргэдийн Нийтийн Хуралдаа оролцож олонхийн саналаар шийдвэр гаргуулах нь зүйтэй гэж чиглэл өгсөн. Үүний дагуу Баянхайрхан сумын Минж багийн иргэдийн Нийтийн Хурал нь 2 удаа зарлагдаж хуралдсан боловч Н. ирээгүй, ингээд 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлаар Нам хар толгойн өвөлжөөний асуудлыг оруулж хэлэлцүүлэхэд нийт иргэдийн олонхийн саналаар тус өвөлжөөг Ж.т эзэмшүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Энэ Хуралд би 87 настай ээж Х.*******гийн хамт оролцсон. Миний бие Баянхайрхан сумын Минж багт хонь, ямаа нийлсэн албан ёсны А дансанд бүртгэлтэй 100 гаруй толгой малтай, цаашид нутагтаа аавынхаа өвлүүлж өгсөн малыг өсгөн үржүүлж удмын өвөлжөөгөө эзэмшиж амьдарна. ...Энэ асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н. нь Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох хэмээн нэхэмжлэлийн шаардлага тодорхойлжээ.

Дээрх маргаан бүхий захиргааны акт буюу Баянхайрхан сумын Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор[1] тус багийн нутаг дэвсгэр дэх Нам хар толгой хэмээх өвөлжөөг иргэн Ж.т эзэмшүүлэхээр шийдвэрлэж, өвөлжөө эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг сумын Засаг дарга болон газрын даамал нарт уламжилж, тогтоолын хэрэгжилт, өвөлжөөний бэлчээр ашиглалтад хяналт тавьж ажиллахыг багийн Засаг даргад үүрэг болгосон байна.

Уг тогтоолд тодорхой эрх зүйн зохицуулалтыг үндэслээгүй байх ба Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж ,түүний удирдлагын тухай хуульд байхгүй буюу 17 дугаар зүйлийн 17.19 гэх заалтыг дурджээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Нам хар толгойн тус өвөлжөөг миний хадам аав 1976 оноос барьж, эзэмшиж байсныг өвлөн авч үргэлжлүүлэн эзэмшиж ирсэн, жил бүр газрын татвар төлж байгаа тул Баянхайрхан сумд оршин суудаггүй Ж.т эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй, багийн Хурал газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээгүй тул маргаан бүхий 01 дүгээр тогтоолыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, түүнчлэн утга агуулгын илэрхий алдаатай, уг тогтоолыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй... хэмээн тайлбарлан маргаж байна.

Хариуцагч ...Нам хар толгойн өвөлжөөний эзэмшлийн талаарх Ж., Н. нарын маргаантай асуудлыг багийн Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх талаар сумын газрын даамал, багийн Засаг дарга нараас шаардсаны дагуу багийн Хурлын хуралдаанд Н.ыг удаа дараа дуудсан боловч ирээгүй, харин Ж. нь ээж, дүү нарын хамт оролцсон тул иргэдийн олонхийн саналаар энэ хүнд өвөлжөөний газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, ...өмнөх тогтоолуудаас харж байгаад уг 01 дүгээр тогтоолд хуулийн заалтыг бичсэн, түүнээс уг заалтад юу гэж бичсэнийг мэдэхгүй, Газрын тухай хуульд юу гэж заасныг хараагүй... гэж,

Гуравдагч этгээд ...Нам хар толгойн өвөлжөө байрлах газарт айл огт өвөлждөггүй байхад манай аав шинээр хашаа саравч барьж, өвөлжөө босгон мал ахуйгаа маллаж, өвөлжиж ирсэн, 1996 оны 01 сарын 11-ний өдрийн 02 тоот захирамжийн дагуу уг газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн БХ-142 тоот гэрчилгээ олгогдсон, уг гэрчилгээ хүчинтэй хэвээр байгаа, Н.т олгогдсон гэх 0010198 тоот гэрчилгээтэй холбогдох 2004 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 23 дугаар захирамж гэж байдаггүй, уг өвөлжөөг өөрийн хадам аав гийнх гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлаж байна.

Шүүх хуульд заасны дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Баянхайрхан сумын Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс[2] харахад уг хуралдаанд ирвэл зохих 115 өрхөөс ирсэн 40 өрхийн 57 иргэний ирцтэйгээр хуралдаж хэд хэдэн асуудал хэлэлцсэний дотор Нам хар толгойн өвөлжөө-г Н., Ж. нарын хэнд нь эзэмшүүлэх тухай асуудлыг хэлэлцээд маргаан бүхий захиргааны акт болох Өвөлжөө эзэмшүүлэх тухай 01 дүгээр тогтоолыг гаргажээ. Уг тогтоолын шууд агуулгаас харахад өвөлжөөг эзэмшүүлэх, өвөлжөөг эзэмших эрхийн гэрчилгээ олгох, өвөлжөөний бэлчээр ашиглалтад хяналт тавих гэх зэргээр томьёолсон тул өвөлжөөний газрын асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэх эсэх нь эргэлзээтэй, тодруулбал өвөлжөөний доорх газар-ыг эзэмшүүлэх асуудлыг уу, эсхүл газар дээрх өвөлжөөний хашаа, саравч, агуулах зэрэг эд хөрөнгийн эзэмшлийг шийдвэрлэсэн үү гэх утга тодорхойгүй байна.

Гэвч дээрх хуралдааны тэмдэглэл болон тус сумын газрын даамал Б.ийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолт[3], түүнийг гэрчээр асуусан мэдүүлэг[4], Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 546 тоот Н.т хариу хүргүүлэх тухай албан бичиг[5], нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар зэргээс харахад Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн уг хуралдаанаар Нам хар толгойн өвөлжөөний газар эзэмшлийн асуудлыг хэлэлцэж, 01 дүгээр тогтоолыг гаргажээ.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны акт болох Минж багийн иргэдийн Нийтийн хурлын 2019 оны Өвөлжөө эзэмшүүлэх тухай 01 дүгээр тогтоолыг өвөлжөөний газар эзэмшүүлэхтэй холбоотой асуудлаар гаргасан гэж үзэхээр байна.

Багийн иргэдийн Нийтийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, мөн бусад хууль тогтоомжоор олгогдсон эрх хэмжээний хүрээнд асуудлыг шийдвэрлэхээр байна.

Иргэдэд газар эзэмшүүлэх асуудлыг Газрын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан ба уг хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-д зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурал нь зөвхөн өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, бэлчээрийг ашиглуулах талаар хэлэлцэж саналаа сумын Засаг даргад хүргүүлэх, 52.10-д зааснаар бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг хэлэлцэж зохицуулахаар байна.

Харин дээрх хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан зохицуулалтаас харахад иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ багийн иргэдийн Нийтийн Хуралд олгогдоогүй байх ба уг эрхийг зөвхөн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар хэрэгжүүлэхээр байна.

Өөрөөр хэлбэл, багийн иргэдийн Нийтийн Хурал нь зөвхөн бэлчээр ашиглуулах асуудлаар сумын Засаг даргад санал хүргүүлэх эрх хэмжээтэй болохоос газар ашиглуулах, эзэмшүүлэх талаар эцсийн шийдвэр гаргах эрх хэмжээгүй юм.

Гэтэл Минж багийн иргэдийн Нийтийн Хурал нь бэлчээр ашиглуулахтай холбоотой биш өвөлжөөний доорх газрыг эзэмшүүлэх талаарх асуудлыг хэлэлцсэнээр хуулиар өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, Ж.т Нам хар толгойн өвөлжөөний газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.6-д заасан иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, 47.1.7-д заасан түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус захиргааны акт байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэстэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй тул түүнийг хэрэгжүүлэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч Н.т Баянхайрхан сумын Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 23 тоот шийдвэрийг үндэслэн 120400067 нэгж талбарын дугаартай, 10 000 м.кв газрыг ахуйн зориулалтаар 20 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр 2004 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 0010198 дугаарын гэрчилгээ[6] олгогдсон байна.

Уг гэрчилгээн дээр газрын байршил, нэр тодорхойгүй байх ба гэрчилгээг олгох үндэслэл болсон Баянхайрхан сумын Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 23 тоот захирамжаар[7] нэр бүхий 32 иргэнд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байх боловч уг захирамжийн хавсралт байхгүй, хадгалагдаагүй болох нь Завхан аймгийн Архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 2/44 дүгээр албан бичгээр[8] нотлогдож байна.

Түүнчлэн Баянхайрхан сумын газрын даамал буюу гэрч Б.ийн мэдүүлгээс харахад Н.т олгогдсон дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээ болон Нам хар толгойн өвөлжөөний эзэмшилтэй холбоотой бүрдүүлсэн хувийн хэрэг, кадастрын зураг, тойм зураг гэх зэрэг ач холбогдол бүхий баримтууд Баянхайрхан сумын Засаг даргын Тамгын газарт байхгүй, газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул нэхэмжлэгч Н.т олгогдсон 0010198 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ нь Нам хар толгойн өвөлжөөний газарт хамаарах эсэхийг нягтлан шалгах боломжгүй байна.

Гэвч талууд Н.т Нам хар толгойн өвөлжөөний газарт хамаарах газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй гэж маргаагүй, 2004 онд түүнд уг гэрчилгээ олгогдсоныг хэн алин нь хүлээн зөвшөөрч тайлбарлаж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Н. дээрх өвөлжөөний нэрээр газрын татварыг төлж ирсэн[9] байх ба гуравдагч этгээд Ж.т хариу хүргүүлэх тухай Баянхайрхан сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/38 дугаар албан бичигт[10] ...Нам хар толгойн нэртэй ...өвөлжөөнийг 2004 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 23 тоот шийдвэрийг үндэслэн 120100067 нэгж талбарын дугаар бүхий 0010198 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ Н.т олгогдсон... гэж, мөн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 217 дугаар албан бичигт[11] ...Нам хар толгойн өвөлжөөг 1996 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 тоот шийдвэрээр Б.т олгосон байх ба тухайн иргэн тус өвөлжөөг удаан хугацаанд ашиглаагүй тул Н.т 2004 оны 04 дүгээр сарын 05-ний өдрийн 23 тоот шийдвэрээр эзэмшүүлсэн байна... гэж тус тус дурдсанаас харахад Нам хар толгойн өвөлжөөг эзэмших эрхийн гэрчилгээ Н.т олгогдсон байна гэж үзэх үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгч Н.т олгогдсон дээрх 0010198 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хүчингүй болгоогүй, өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байгаа тул маргаан бүхий захиргааны акт буюу Баянхайрхан сумын Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр илт хууль бус тогтоолоор нэхэмжлэгч Н.ын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзлээ.

Бусад үйл баримтын тухайд:

Н.т дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдохоос өмнө буюу анх Баянхайрхан сумын Засаг даргын 1996 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 62 дугаар шийдвэрээр[12] 10 000 ам дөрвөлжин метр /гэрчилгээнд ийнхүү тэмдэглэгдсэн/ хэмжээтэй Нам хар толгойн өвөлжөөний газрыг 60 жилээр эзэмшүүлэхээр гуравдагч этгээд Ж.ын эцэг Б.т газар эзэмших эрхийн гэрчилгээ[13] олгогдсон байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар Нам хар толгойн өвөлжөөний 10 000 м.кв газрыг эзэмшүүлэхээр нэхэмжлэгч Н. болон гуравдагч этгээд Ж.ын эцэг Б. нарын нэрээр тус тус олгогдсон гэрчилгээнүүд хүчин төгөлдөр байна.

Тэс сумын улсын бүртгэгчийн тодорхойлолтоос харахад гуравдагч этгээд Ж.ын эцэг Б. нь 2011 оны 10 сарын 10-ны өдөр нас барсан байх ба Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д газар эзэмшигч нас барсан тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж болох талаар зохицуулжээ.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлсийн 520.1-д зааснаар Ж. нь Ж.ын хууль ёсны өвлөгчийн хувьд өвөлжөөний газрыг эзэмших эрхийг шилжүүлэн хэрэгжүүлж болох этгээд мөн хэдий ч бусад өвлөгч нарын зөвшөөрөлгүйгээр дангаараа газар эзэмших эрхийг шууд үргэлжүүлэн эзэмших боломжгүй, түүнчлэн нас барсан газар эзэмшигчийн эрхийг өвлөгч нарт эзэмшүүлэх асуудлыг Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д заасан хүсэлтийн дагуу Баянхайрхан сумын Засаг даргаас шийдвэрлэсэн нөхцөл байдал байхгүй бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.

Өөрөөр хэлбэл өмнөх газар эзэмшигчийн өв залгамжлагч байгаа эсэхийг тогтоох, эсхүл өөр этгээдэд уг газрыг эзэмшүүлэх боломжтой эсэхийг шийдвэрлэх талаар Иргэний хууль болон Газрын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байгаа тул шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй дээрх асуудлаар энэ хэрэгт дүгнэлт хийх боломжгүй юм.

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д газар эзэмшигч нас барсан

тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж болох талаар заасан байна.

Түүнчлэн уг өвөлжөөг хэн барьж байгуулж, хэн анх газрыг эзэмшсэн эсэх талаар гэрч Н.*******, Ч.*******, Г.*******, Д.******* нар нь зөрүүтэй мэдүүлж байгаа төдийгүй гэрч Ч.*******, Д.******* нар нь нэхэмжлэгч Н.тай ураг төрлийн хамааралтай байх тул тэдний мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий захиргааны акт болох Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 01 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий энэ захиргааны хэрэгт уг гэрчүүдийн мэдүүлэг[14] ач холбогдолгүй байна.

Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны08 дугаар сарын 11-ний өдрийн Өвөлжөө эзэмшүүлэх тухай 01 дүгээр тогтоолыг илт хууль бусд тооцсоноор нэхэмжлэгч Н.т Баянхайрхан сумын Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 73 тоот шийдвэрийг үндэслэн 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн Ж.ын өвлөн эзэмших ёстой гэж үзэж буй буюу Б.т Баянхайрхан сумын Засаг даргын 1996 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 62 дугаар шийдвэрийг үндэслэн 1996 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хөндөөгүй бөгөөд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар Нам хар толгойн өвөлжөөний эд хөрөнгийн эзэмшигчийн талаар болон өвөлжөөний доорх газрыг эзэмшүүлэх асуудлаар гарсан бусад захиргааны акт, гэрчилгээтэй холбоотой асуудлаар шүүхэд хандах эрх нь нээлттэй бөгөөд Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д зааснаар өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болох бөгөөд өвөлжөөний газрыг эзэмшүүлэх асуудал нь мал аж ахуй эрхэлдэг иргэдэд хамааралтай болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Баянхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаар тогтоолоор[15] тус сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан байх ба уг төлөвлөгөөнд[16] гуравдагч этгээд Ж.т 1 га газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр тусгагдсан, уг газрын кадастрын зураглал[17] хийгдсэн байна. Дээрх баримтууд нь маргаан бүхий захиргааны акт буюу Баянхайрхан сумын Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 01 дүгээр тогтоолоос хойш гарсан тул тэдгээр бармитыг шүүх үнэлэх шаардлагагүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн ...хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид буцаан олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 471.1.1, 47.1.6, 47.1.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн иргэдийн Нийтийн Хурлаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н. олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд уг гомдлыг шийдвэр гаргасан захиргааны хэргийн шүүхээр дамжуулан гаргах журамтай болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд

[2] Хавтаст хэргийн 26 дугаар хуудсанд

[3] Хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд

[4] Хавтаст хэргийн 83 дугаар хуудсанд

[5] Хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд

[6] Хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд

[7] Хавтаст хэргийн 109 дүгээр хуудсанд

[8] Хавтаст хэргийн 108 дугаар хуудсанд

[9] Хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд

[10] Хавтаст хэргийн 52 дугаар хуудсанд

[11] Хавтаст хэргийн 53 дугаар хуудсанд

[12] Хавтаст хэргийн 110 дугаар хуудсанд

[13] Хавтаст хэргийн 51 дүгээр хуудсанд

[14] Хавтаст хэргийн 66, 82, 116, 118 дугаар хуудсанд

[15] Хавтаст хэргийн 104 дүгээр хуудсанд

[16] Хавтаст хэргийн 106 дугаар хуудсанд

[17] Хавтаст хэргийн 102 дугаар хуудсанд