| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2025/0310/З |
| Дугаар | 221/МА2025/0390 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2025/0390
Б.А-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д
Гомдлын шаардлага: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Д-ийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0915861 дугаар тай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 361 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагч Б.А, өмгөөлөгч О.Б
Хариуцагч Г.Д, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2025/0310/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Б.А-аас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Д-д холбогдуулан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Д-ийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0915861 дугаар тай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 361 дүгээр шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Б.А-аас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Н.Д-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч Г.Д-ийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0915861 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
“... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3-т Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж зааснаар ИОН намаас 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 2/010 дугаартай албан бичгээр сонгуулийн зардлын дансны дугаар болон банкны нэрийг бүртгүүлэхээр Үндэсний аудитын газарт хүргүүлж, тус намын 53 нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансны дугаар нэрийг хууль журмын дагуу шаардлага хангаагүй гэж үзэж буцааж дахин 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэр дэвшигч нарын сонгуулийн зардлын дансны мэдээллийг хавсарган Үндэсний аудитын газрын цахим хуудсаар хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна ...” гэжээ. Хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд нотлох баримтаар авагдсан ИОН намаас 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2/010 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичигт дурдсаныг нягталбал 8489*** регистрийн дугаартай “ИОН нам” нь ****** банканд 117518**** тоот данс нээн хандив авч байгаа тухайгаа илэрхийлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт зааснаар “ИОН нам” нь данс бүртгүүлэх үүргээ биелүүлэх тухай байх бөгөөд тус намаас нэр дэвшсэн 53 нэр дэвшигчийн мэдээлэл тусгагдаагүй байдаг.
Үндэслэх хэсгийн 4-т Монгол Улсын ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам” нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 6868 дугаарт бүртгэгдэж захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаарт нийтлэгдсэн байх тул уг журмыг тухайн тохиолдолд хэрэглэх хууль зүйн боломжгүй байна ...” гэж тайлбарлажээ. Монгол Улсын ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/44 дүгээр тушаал нь Төрийн аудитын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.1.10 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйл “Сонгуулийн зардлын тайлангийн хяналт ба нээлттэй, ил тод байдал”, 58.2.5 “зардлын тайлан гаргах, хүлээн авах, нийтэд мэдээлэх, танилцуулахтай холбоотой журам, маягт батлах” гэж заасныг үндэслэн гаргасан байхад шүүх үүнийг тус журмын 3.4-т “Нам, эвсэл, нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш нам, эвсэл, нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, бүртгүүлнэ” гэж заасантай холбогдуулан шинэчлэн батлагдсан журмын зорилгыг буруу хэрэглэж тус журмыг тухайн тохиолдолд хэрэглэх хууль зүйн боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Үндэслэх хэсгийн 7-д “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т заасан “15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй...” гэж заасныг буруу тайлбарлаж тус намаас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 2/037 дугаар албан бичгээр 53 нэр дэвшигчийн дансны мэдээллийг хавсарган Үндэсний аудитын газрын [email protected] цахим и-мэйл хаягаар илгээснийг Ерөнхий аудиторын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын дагуу бичгээр ирүүлээгүй гэж буруутгах үндэслэл болохгүй...” гэжээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Дараах сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар түүний хүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн санал авах өдрийн өмнө өдрийн 09:00-20:00 цагийн хооронд авна” гэж заасныг үзвэл 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр сонгуулийн өдөр байх бөгөөд “15-аас доошгүй хоногоос өмнө ... бүртгүүлэх” хугацааг тоолвол 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөр данс бүртгүүлэх хуулийн хугацаа дуусах байтал санал авах өдрийн өмнө өдрийн зөөврийн битүүмжилсэн саналын санал авах өдрөөр тооцолгүй 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2/037 дугаартай данс бүртгүүлэх тухай хүсэлтийг хуулийн хугацаанд бүртгүүлсэн гэж үзсэн нь хуулийн хугацааг буруу тооцож шийдвэрлэсэн. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай тогтоол гарсан. Уг тогтоолын сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн хавсралтын 53-т 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 09:00-20:00 цагт “Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах” хугацаа гэж тодорхой заасан, мөн хавсралтын 57-д 2024 оны 06 дугаар сарын 13-аас өмнө “Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлэх” гэж хууль тогтоомжид нийцүүлэн цаг хугацааны хуваарийг батлан гаргасан байдаг.
Үндэслэх хэсгийн 8-д “ИОН намаас 53 нэр дэвшигчийн дансны мэдээллийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 2/037 дугаар албан бичгээр цахимаар Төрийн аудитын байгууллага нь нам эвсэл, нэр дэвшигчдээс ирүүлсэн сонгуулийн зардлын дансны мэдээллийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр audit.gov.mn цахим хуудаст байршуулан олон нийтэд мэдээлсэн өдрөөс өмнө хүргүүлсэн болох нь тогтоогдож байна ...” гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар хэргийн материалд авагдсан Үндэсний аудитын газраас 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 011120 дугаар албан бичигт ИОН намаас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр буюу хуулийн хугацаа дууссан өдөр цахим шуудангаар илгээсэн тухай, мөн хуулийн хугацаанд бичгээр ирүүлсэн мэдээллийг нэгтгэж цахим шуудангаар илгээсэн тухай, мөн хуулийн хугацаанд бичгээр ирүүлсэн мэдээллийг нэгтгэж албан ёсны цахим хуудаст байршуулж, олон нийтэд мэдээлсэн тухай дурдсан байгааг нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээгүй байна.
Үндэслэх хэсгийн 10-т “Гомдол гаргагч Б.А-ийн тухайд намаас нэр дэвшигчийн хувьд ****** банкны 54.......61 дугаар бүхий сонгуулийн зардлын харилцах дансны мэдээллээ намын эрх бүхий албан тушаалтанд 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр цахим хаягаар хүргүүлсэн тухайг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар торгосон нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн гэж үзжээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т зааснаар “...төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасныг харвал сонгуульд нэр дэвшигч нь “НАМ”-д зардлын дансаа бүртгүүлэх бус төрийн аудитын дээд байгууллага буюу Үндэсний аудитын газарт бүртгүүлэх үүрэгтэй. Мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т зааснаар “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, хүргүүлэх үүрэгтэй” гэж үүрэг болгон гэж заасныг харвал сонгуульд нэр дэвшигч энэхүү үүргийг биелүүлээгүй зөрчил гаргавал Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан хариуцлагыг (санкц) хүлээх бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад оршино” гэж, Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1. “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэж тодорхойлжээ. Тодруулбал Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт заасан үүрэг нь сонгууль нээлттэй, ил тод, шударга явагдах зарчмыг хангахад чиглэсэн байна.
Үндэслэх хэсгийн 11-т “Хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т зааснаар сонгуулийн зардлын дансыг аудитын дээд байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй холбоотой асуудлыг тодруулж, холбогдох баримтыг цуглуулаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан холбогдогчийн эрхийг зөрчсөн байна” гэжээ. Хавтаст хэргийн материалд авагдсан дансны мэдээлэл хүлээн авч бүртгэх эрх бүхий байгууллага болох Үндэсний аудитын газраас ирүүлсэн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны 01/1923 дугаартай “Зөрчил шилжүүлж, шийдвэрлэх тухай” албан бичиг, 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Үндэсний аудитын байгууллагаас “Хариу хүргүүлэх тухай” 01/1120 дугаар албан бичиг, холбогдогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд авагдсан байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дутуу хийсэн гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Нотлох баримтын хувьд 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Үндэсний аудитын байгууллагаас “Хариу хүргүүлэх тухай” 01/1120 дугаар албан бичигт ИОН намаас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр буюу хуулийн хугацаа дууссан өдөр цахим шуудангаар илгээсэн тухай, мөн хуулийн хугацаанд бичгээр ирүүлсэн мэдээллийг нэгтгэж албан ёсны цахим хуудаст байршуулж, олон нийтэд мэдээлсэн тухай дурдсан байдаг. Тодруулбал хуулийн хугацаандаа багтаан ирүүлээгүй дансны мэдээллийг бүртгээгүй, албан ёсны цахим хуудаст байршуулж, олон нийтэд мэдээлээгүй гэх утгатай бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т заасан үүрэг нь сонгууль нээлттэй, ил тод, шударга явагдах зарчимд үйлчлэх буюу аливаа нэр дэвшигчийн бусдаас авсан хандив болон сонгуулийн зардлын зохицуулалтын явцын тайлан олон нийтэд нээлттэй байх, төрийн холбогдох байгууллагад бүртгэгдэж хянагдах, ингэснээр сонгууль цэвэр бөгөөд шударга явагдах нөхцөл хангагдах нь гол зорилго нь юм.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Гомдол гаргагч Б.А-аас “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Д-ийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0915861 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг шүүхэд гаргасан бөгөөд маргаан бүхий Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Д-ийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0915861 дүгээр шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч Б.А-г Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
2.2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй”, ийнхүү бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж ойлгохоор байна.
2.3. Гэтэл гомдол гаргагч Б.А-ийн хувьд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд “ИОН нам”-аас нэр дэвшсэн байх бөгөөд тус намаас дээрх хуульд заасан хугацаанд буюу 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэр дэвшигч нарын сонгуулийн зардлын дансны мэдээллийг Үндэсний аудитын газрын цахим шуудангаар хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй энэ тохиолдолд гомдол гаргагчийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д заасныг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй.
2.4. Түүнчлэн анхан шатны шүүх “Монгол улсын ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан “Монгол улсын Их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам” ... захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 6868 дугаарт бүртгэгдэж захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаарт нийтлэгдсэн байх тул уг журмыг тухайн тохиолдолд хэрэглэх хууль зүйн боломжгүй” талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлнэ”, 67.2-т “Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно...” гэж заасан.
2.5. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий цаг хугацаанд Монгол улсын ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан “Монгол улсын Их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам” нь Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдээгүй буюу хүчин төгөлдөр болоогүй байсан тул тус журмыг зөрчсөн гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.
2.6. Нөгөөтээгүүр, Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 116 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байхаар тогтоосон бөгөөд санал авах өдрөөс 15 хоногийн өмнө буюу 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэр дэвшигч нарын сонгуулийн дансны мэдээллийг бүртгүүлэхээр Үндэсний аудитын газарт хүргүүлсэн нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д нийцэж байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Дараах сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар түүний хүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн санал авах өдрийн өмнө өдрийн 09:00-20:00 цагийн хооронд авна” гэж заасныг үзвэл 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр сонгуулийн өдөр байх бөгөөд “15-аас доошгүй хоногоос өмнө ... бүртгүүлэх” хугацааг тоолвол 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөр данс бүртгүүлэх хуулийн хугацаа дуусах байтал санал авах өдрийн өмнө өдрийн зөөврийн битүүмжилсэн саналын санал авах өдрөөр тооцолгүй 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2/037 дугаартай данс бүртгүүлэх тухай хүсэлтийг хуулийн хугацаанд бүртгүүлсэн гэж үзсэн нь хуулийн хугацааг буруу тооцож шийдвэрлэсэн” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
2.7. Харин хавтаст хэрэгт авагдсан 2506001047 дугаартай зөрчлийн хэрэгт эрх бүхий албан тушаалтнаас 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр холбогдогчоос мэдүүлэг авахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарласан болох нь тогтоогдож байхаас гадна зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул энэ үндэслэлээр хариуцагч улсын байцаагчийг буруутгах боломжгүй байна.
2.8. Эдгээрээс нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээ болон утга найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт хариуцагчийн нэрийг “Н.Д”, “Г.Д” гэх мэтээр зөрүүтэй бичсэн байсныг зөвтгөсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 361 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч Б.А-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Д-ийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0915861 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН