| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2023/0053/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/60 |
| Огноо | 2023-04-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Мөнх-Оргил |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул,
Улсын яллагч Э.*******,
Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******ид холбогдох 2223000640054 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд 5 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ******* овогтой *******гийн *******, регистрийн дугаар *******.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.******* шүүгдэгч С.*******ийг хохирогч М.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.******* нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Т.ын гэрт хохирогч М.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар элэг рүү цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь цээжний баруун талын 3-7-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Хохирогч М.*******гийн “... 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед намайг ******* сумын төвд н. гэгч айлд сууж байхад гаднаас ******* сумын ******* багийн иргэн С.******* гэгч нь орж ирээд ямар ч үг дуугүй шууд миний 2 мөрөн дээрээс татаж босгож ирээд миний элэг рүү цохингуут би унасан. Тэгтэл миний толгой дээрээс хэд хэдэн удаа өшиглөж, дэвсээд байсан. Тэгтэл н. ахын эхнэр н. эгч хүрч ирээд С.*******ийг “чи болиоч, юу болоод байгаа юм бэ” гээд бид хоёрыг салгахаар нь би босож ирээд С.*******ийг цохих гээд дайрахад н. эгч болиулсан. С.******* над руу дахиж дайраад чамайг би ална гээд дарж унгаагаад хоолой дээр гуталтай хөлөөрөө гишгэж хоолой шахаад миний хажууд байсан аккумляторыг барьж аваад цохиж ална гээд өргөх гэсэн боловч даахгүй байж байхад нь хажуугаас н. эгч ирж татаж чангааж байгаад болиулсан. Би арай гэж ноцолдож байгаад доороос нь босож ирэх хооронд н. эгч цагдаа дуудна гээд утсаар яриад гарсан. Тэгтэл С.******* за одоо больё гээд гэрээс гараад явсан. Би гэрт үлдээд тэгээд би тэднийхээс гараад гэртээ явж очоод тэр орой миний бие нэг эвгүй цээжин хэсгээр амьсгаа авах гэхээр өвдөөд тэр шөнөдөө шаналаад хоносон. Маргааш нь бүүр болохгүй болохоор нь эмнэлэгт үзүүлэх гэтэл амралтын өдөр байсан болохоор өвчин намдаах эм уугаад өнжсөн. Тэгээд зүгээр болохгүй байхаар нь нөгөөдөр нь эмнэлэг орж эмчид үзүүлсэн чинь хавиргандаа гэмтэл авсан байна гэсэн. Тэгээд би хууль шүүхийн байгууллагаар шийдүүлэхээр болоод цагдаагийн байгууллагад хандсан. ...С.******* нь цохиж зодохдоо толгой, хүзүү, цээжин хэсгээс өөр газарт цохиж зодсон зүйл байхгүй. Тэр үед н., н., С.******* бид нараас өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-н 34-36-р хуудас/,
- Гэрч З.гийн “...2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр буюу 12 цагийн үед манай гэрт манай нөхөр болон М.******* бид гурвыг сууж байхад гаднаас манай сумын иргэн С.******* нь согтуу орж ирээд ямар ч үг дуу байхгүй М.*******г мөр дээрээс нь барьж байгаад 2 удаа саваад байхаар нь эхэндээ тоглоод байгаа юм байхдаа гэж бодоод хараад сууж байтал С.******* М.*******г мөрөн дээрээс нь хойш татаж унагаагаад хавирганы хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгэхээр нь би босож очоод “чи одоо болиоч юу болоод байгаа юм бэ” гээд тэр хоёрыг салгасан. Тэгтэл М.******* босож ирээд С.*******ийг цохих гэхлээр нь би М.*******г боль гээд хойш татахад миний үгэнд ороод больсон. С.******* дахин дайраад М.*******г барьж аваад унагаж байгаад хоолой дээр нь дэвсээд нуруу, хөл, гар хэсэгт нь өшиглөж цохиж зодоод байхаар нь би цагдаад дуудлага өглөө гээд утсаа аваад хүн рүү залгаад цагдаагийн дугаар байна уу гээд ярьж байх хооронд С.******* гараад явсан. Тухайн үед ийм зүйл болсон. С.******* нь М.*******г юу ч дугаралгүй орж ирээд шууд цохиж, зодоод байсан. Тэр хоёр хоорондоо хэрэлдэж, маргалдаж янз бүрийн юм болоогүй.” гэх мэдүүлэг /хх-н 37-38-р хуудас/,
- Гэрч Т.ын “...Ямар ч байсан тухайн үед намайг тасарч унаагүй байхад М.******* манайд байж байгаад гараад орж ирэхдээ ахдаа баярын бэлэг гээд нэг шил архи задлаад тойруулж байсан нь санагдаж байгаа. Тэрнээс хойш юу болсныг яг үнэнийг хэлэхэд санахгүй байна. Би тасарч унаад тэр өдрөө ч сэрээгүй. Маргааш өглөө нь сэрээд босоход эхнэр намайг архи их уулаа гэж загнаад мөн гэр оронд чинь хүн амьтан орж ирээд зодоон цохион хийгээд байхад мэдэх ч юм байхгүй, ухаанаа алдатлаа архи ууж яадаг байна гэхлээр нь би яасан юу болсон бэ? гэхэд өчигдөр чамайг тасраад унтаж байхад С.******* гаднаас согтуу манай гэрт орж ирээд М.*******г зодчихоод гарсан. Тэгэхэд чи юу ч болоогүй юм шиг хэвтэж байх юм гэж хэлэхээр би тэр хоёрын хооронд зодоон цохион болсныг мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-н 39-40-р хуудас/,
- Гэрч А.ын “...Гараар нэг удаа цохисон тохиолдолд учрах боломж байхгүй. Уг гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр хөлөөрөө дэвсэх, юмнаас унах, юманд дарагдах үед мөн осол аваарын үед үүсэх боломжтой. Түүнээс нэг удаагийн гараар цохисноос болж үүсэх боломж байхгүй. ...Уг гэмтлийг авсан хүнд ханиаж найтаах үед өвдөх, цээжээр өвдөх, гүйж харайхад өвдөх, ерөнхийдөө цээжээр их хэмжээний өвдөж зовуурьтай байна. Тухайн гэмтэл үүссэн үед тэр дороо өвчнөө мэдрэхгүй босоод явах боломж байж болно. Бороолж эдгэх боломж бий, уг гэмтэл авсан хүн нь залуу хүн учир хангалттай бороолж эдгэх хугацаа болсон. Хөгшин настай хүн бол бороолоогүй байж болно. Гэхдээ энэ хүний хувьд бороолоод эдгэсэн байх боломжтой цаг хугацаа өнгөрсөн байна. ...Харагдахгүй, оношлогдохгүй байх боломж бий. Илэрхий зөрүүтэй дунд хэсгээрээ хугарсан бол харагдах боломжтой. Хавирганы толгойн арын хэсэг болон урд мөгөөрстэй нийлж байгаа хугарсан гэмтлүүд эгц урдаас авсан зурагт харагдах боломж байхгүй. Томографикийн оношилгоо нь бол ясны гэмтлийг шууд оношлох боломжтой. ...Уг хугарлууд нь өвчүүний ясны ар хэсэгт хугарсан учир өвчүүний ястай зэрэгцээд харагдах боломжгүй. Эгц урдаас авсан зурганд зүрхний сүүдэр тусаад харагдах боломжгүй. Рентген зургаас нь харахад хажуугаас нь авсан зураг нь эсрэг талаас нь авчихсан учир байрлалын хувьд алдаатай авагдсан зураг байна. Тийм учраас рентген зурган дээрээс оношлогдох боломжгүй. Тухайн үед рентген эмч нь зургаа авах үедээ тал талаас нь харсан бол оношлогдох боломжтой. ...Тухайн үед яс нь хугарсан бол хүндээ заавал өвдөж эмзэглэх ёстой. Тэгэхээр мэдэгдэхгүй өнгөрөх ямар ч боломж байхгүй. Яс хугарсан бол тухайн газраа заавал хүчтэй өвдөлт өгдөг. Мэдэгдэхгүй өнгөрөх боломж байхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 72-73-р хуудас/
-Гэрч Д.ын “...Уг гэмтэл нь хүний эрүүл мэндийг 50 хүртэл хоногийн хугацаагаар сарниулна. Шинэ гэмтэл дээрээ бол бүх төрлийн хөдөлгөөн хоригдоно. Сууж босох, идэвхтэй хөдөлгөөнүүд бүгд хоригддог. Ийм хөдөлгөөнүүд хийхэд зовуурь ихтэй. Өвдөлт ихтэй болоод хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй болдог. Уг гэмтэл нь 50 хоногийн дотор бүрэн эдгэрэх боломжтой. Хор уршиг, үлдэц бол байхгүй. Ховор тохиолдолд уушгины наалдац үүсэх боломжтой.” гэх мэдүүлэг /xx-н 74-75-р хуудас/,
- Шинжээч Т.ын “...Тухайн хавирганы гэмтлүүд нь эдгэрч бороолсон байгаа тул хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Хүний гараар нэг удаа цохих үед дээрх гэмтлүүд үүсэх ямар ч боломжгүй. Харин тухайн иргэний хөлөөр дэвсэх эсхүл өргөн, урт, ирмэгтэй хатуу зүйлээр нэг буюу хэд хэдэн удаа цохих үед үүсэх боломжтой. Хүний биеийн ард, урд хэсэгт хана болон хатуу биеттэй хавсарсан цохилт, доргилт, шахалт өгөх үед буюу хавирганы нумрах хүчнээс илүү давсан хүч үйлчилсэн үед хавирга хугарах боломжтой.” гэх мэдүүлэг /хх-н 77-р хуудас/,
- Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.ын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 332 дугаартай “...М.*******гийн биед цээжний баруун талын 3-7-р хавирга хуучин хугаралтай, бороололт үүссэн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байж болно. М.*******гийн цээжний баруун талын 3-7-р хавирга хуучин хугаралтай, бороололт үүссэн гэмтэл нь хэзээ үүссэнг нарийн тогтоох боломжгүй. М.*******гийн биед цээжний баруун талын 3-7-р хавирга хуучин хугаралтай, бороололт үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 59-61-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалган тогтоосон, нотлох баримт бүрдүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан, хангаагүй зөрчил илрээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч С.*******ийн дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.*******ийн бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Иймд шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хохирогч М.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...Эмчилгээ хийлгэсэн эм тарианы зардал мөн одоо аймгийн төв орж эмчид үзүүлэх гээд нийт 150,000 төгрөгийг гаргуулж авмаар байна” гэжээ. Шүүгдэгч С.******* уг 150,000 төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн төлж барагдуулсан болох нь тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.*******ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт тухайн хүний төлөвшил, зан байдал, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, өөрийн үлдсэн гэмт хэрэгтээ хийж буй дүгнэлт, гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдал, бусад баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч С.******* урьд нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгийг баримтлан оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 7 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар буюу нийт 5 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолуудын хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 54-59-р хуудас/
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас сонгож оногдуулахаар хуульчилсан бөгөөд улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч С.*******ид 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх дүгнэлт гаргав.
Шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд улсын яллагчийн ялын дүгнэлтийн талаар санал зөрөөгүй, дүгнэлттэй холбоотой ямар нэгэн хэлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчид нийтэд тустай ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч С.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С.*******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ид оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ид оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ