Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/155

 

2023         5                22                                     2023/ШЦТ/155

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж, шүүгч Ц.Алтангадас, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан,   

улсын яллагч Ж.Б,

иргэдийн төлөөлөгч Х.Б,

хохирогч Д.М

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Р.Бямбажав нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Д.Эт холбогдох эрүүгийн 2225005820094 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймаг Баруунбаян-Улаан суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эмээ, дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-6-7 тоотод оршин суух, урьд;

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/162 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн,

Шарнууд овогт Дуламрагчаагийн Э /РД; ЙА92110114/,

Шүүгдэгч Д.Э нь;

2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутагт байрлах хөөсний үйлдвэрийн дутуу баригдсан хашааны орчим “миний гэрлэх гэж байсан охиныг хэлэхгүй гадаад явуулсан” гэх шалтгаанаар хохирогч Д.Мын толгой хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодсон,

2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг хуучин тосгоны 8-15 тоотод дээрх шалтгааны улмаас хохирогч Д.Мтай дахин хэрүүл маргаан үүсгэж, нүүрэнд нь цохих, өшиглөх зэргээр зодох явцдаа гэрийн багана модыг хугалж, толгой, нуруу хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Д.Э “...хохирогчид гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ харамсаж байна, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

хохирогч Д.М “...Д.Э нь намайг хоёр удаа зодсон, би тархины хагалгаанд орсон байгаа, одоо зүүн нүдний хагалгаанд орох шаардлагатай тул цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Д.Мын “...2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр би эцэг Дампил, ээж Жигжид нарын гэрт байж байхад 16 цагийн үед Э ирсэн, бид хоёр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “Хангай” дэлгүүрт орж 0.75л “Чанар” архи авч, дэлгүүрийн урд дутуу баригдсан хашааны харалдаа очиж уусан. ...Э “...би танай дүүтэй гэрлэх байсан, чи гадаад руу хэлэхгүйгээр явуулсан” гэж хэлээд миний нүүрлүү гараараа цохиход нь би газар унасан, хөлөөрөө миний толгой, нүүр хэсэг рүү олон удаа өшиглөсөн. ...Би хэсэг хугацаанд ухаан алдаад сэрэхэд архи уусан газарт хэвтэж байсан ба хоёр нүд маань хавдсан, зүүн талын хөмсөг хэсгээс их цус гарч байсан, Э “цементээр даруулж ална” гээд байсан. ...2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос төрсөн дүү Отгон ирж намайг “архи уулаа” гэж загнаж байгаад хүүхдүүдээ аваад явсан, Отгоныг явсны дараа ээжид “гэртээ харилаа” гэж хэлээд ганцаараа гараад өөрийн гэр болох хуучин тосгоны 8-15 тоотод очоод унтаж байхад 15-16 цагийн үед Э гаднаас орж ирсэн. Э манайд ирэхдээ 0.7л задалчихсан архитай ирсэн, тэр архинаас нь ууж байхад гаднаас 2022 оны 7 сард танилцсан эхнэр, нөхөр хоёр эмэгтэй найзынхаа хамт ирсэн, бид нар хамт архи ууж, чанасан махаа идэх гэж байхад Охиноо нь Эт Цээгийгийн виза картыг өгч, дэлгүүрээс 0.75л “Стандарт” архи авахуулж хамт уусан. Тэр хүмүүсийг манай гэрт байхад Э согтоод “чи хамаатныхаа дүүг надад хэлэхгүйгээр явуулсан” гэж уурлаад миний хүзүүнээс зүүн гараараа бариад баруун гараараа нүүр хэсэг рүү 5-6 удаа цохисон, гэрт байсан хүмүүс Эыг “болиоч” гэж хэлэхэд Э босоод гэрийн багана хугалж, доод хэсгээр нь миний толгой, нуруу, хүзүү хэсэг рүү олон удаа цохисон, би сүүлдээ ухаан алдсан. ...Нүүрээ гараараа барьж үзэхэд битүү хавдчихсан, толгой маш их өвдөж байсан, 2022 оны 8 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд гэртээ орноосоо босож чадахгүй, улаан өнгөтэй зүйлээр шээсэн, хоол идээгүй, толгойгоо даахгүй маш хэцүү байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

“...гэрийн баруун талын баганыг хугалж, хугарсан доод талын модоор миний толгой, нуруу, хүзүү хэсэгт олон удаа цохисон. ...Эаас эмчилгээний зардал 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байна, гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

гэрч Ш.Жийн “...П /Э/ Мыг дагуулаад орж ирсэн, М гэрт орж ирээд шууд газар хэвтсэн, “хөлөөрөө гишгиж явж чадахгүй байна, толгой даагдахгүй их өвдөөд байна” гэж хэлсэн. ...Пг гэрээс гарсны дараа Маас яг юу болсон талаар асуухад “2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр танай гэрээс яваад гэртээ Пгийн хамт байж байхад Пгийн найз гэх залуу архи авч ирсэн, тэр архинаас нь уусан, ...П миний хүзүү, нуруу, толгой хэсэг рүү өшиглөсөн, дэвссэн, тэрнээс хойш би босож чадахгүй байна.” гэсэн. М өөрөө “зүгээр болчихно” гэж хэлсэн болохоор цагдаад хандаагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

гэрч Б.Агийн “...2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 11-12 цагийн хооронд БОЭТ-ийн Яаралтай тусламжийн тасагт М гэх хүн гаднаас найз гэх залуугийн хамт орж ирээд үзүүлсэн. Тухайн үед ухаан санаа нь орж гарсан, орчиндоо харьцаагүй, дэмий ярьсан, хүн танихгүй байсан. ...томографикийн зургийг үзэхэд тархины баруун талд цусан хураатай байсан тул гэмтлийн тасгийн их эмч Болдод үзүүлээд яаралтай хагалгаанд орсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

гэрч Б.Дийн “...Би архинаас уугаагүй, П, М ах хоёр хувааж ууж байхад П нь М ахад “миний гэрлэх гэж байсан эмэгтэйг та явуулчихсан” гэж хэлээд хоорондоо маргалдаад, М ахын нүүрэн тус газарт хоёр удаа цохисон, М ахыг газар уначихсан байхад толгойн тус газарт нь гараараа олон удаа цохисон. Би Пг салгахад газар байсан бетоныг өргөөд “чиний толгой руу чинь цохиж ална” гээд М ахыг сүрдүүлээд байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал,

гэрч Д.Оны “...2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр нөхөр Н, найз Цбид гурав...“Мын гэрээр ороод гарах уу” гээд ороход М нэг залуугийн хамт байсан ба нүүр нь битүү хавдчихсан байдалтай байсан, Маас “нүүр чинь яасан юм” гэж асуухад “зодуулчихсан” гэснээс өөр зүйл яриагүй. ...архи ууж байхад тэр залуу Мад “чи миний гэрлэх гэж байсан эмэгтэйг явуулчихсан” гэх мэтээр уурлаж, шууд толгойн тус газарт нь гар, хөлөөрөө 5-6 удаа цохисон. ...нөгөө залуу гэрийн баганыг татаж байгаад хугалсан, хугарсан доод хэсгийн модыг бариад Мын нуруу, толгой хэсэг рүү олон удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

гэрч Г.Цйн “...2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Отгон, түүний нөхөр Н нарын хамт зүс таньдаг Д.М гэх залуугийн гэрт очиход М нэг залуугийн хамт архи уучихсан, тогоонд мах чанаж байсан, Мын нүүр нь битүү хавдар, хүнд зодуулсан шинжтэй байхаар нь юу болсон талаар асуухад ямар нэгэн зүйл хэлээгүй. М ууж байсан архиа дуусгачихаад “нэг шил архи аваад өгөөч” гэж гуйхаар нь би өөрийнхөө Хаан банкны виза картыг өгөхөд Мтай хамт байсан залуу дэлгүүр лүү явж нэг шил архи авч ирсэн, уг архинаас М болон хамт байсан залуу нар ууж байгаад Мын охин дүүгээс болж хоорондоо маргалдсан. ...хамт байсан залуу Мын толгойн тус газарт гараараа 4-5 удаа цохисон, тэр залууг Маас салгахад гэрийн баганыг цохиж хугалаад, хугарсан доод хэсгийг авч Мын нуруу, толгой хэсэг рүү 2-3 удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

Д.Эын яллагдагчаар өгсөн “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, 2022 оны 8 дугаар сарын 21, 23-ны өдрүүдэд Д.Мыг зодож биед нь хүнд хохирол учруулсан. ...Мын гэрийн баганыг согтуу байсан болохоор Мыг зодох гэж хугалсан юм шиг байна, маргааш нь Маас сонсоод харахад багана нь хугарсан байсан, би баганыг нь модоор даруулж хадаж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дэх тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 665 дугаартай; “...1.Д.Мын биед гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доорх их хэмжээний цусан хураа, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын ясны хугарал, зүүн хацар, баруун шанаанд олон тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтлүүд унах, цохих, өшиглөх үед үүссэн байх боломжтой. 3.Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болох шинэ гэмтлүүд байна. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлтын шинэ хуучин эсэхийг тогтоох боломжгүй байна. 4.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гавал тархины битүү гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу зэрэгт хамаарагдахгүй. 5.Гэмтэл нь 2022 оны 8 дугаар сарын 21, 23-ны өдрүүдэд үүссэн байх боломжтой. 6.Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно. Зүүн нүдэнд үүссэн торлогийн гэмтэл, харааны өөрчлөлтийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, эмнэлгийн тусламж үзүүлсэн байдлыг харгалзан тогтооно.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 40-42 дахь тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч Ж.Должмаа, Л.Бүдсүрэн, С.Энхмаа нарын 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “...1.Магадлуулагч Д.Э нь одоо болон өмнө нь сэтгэцийн хувьд оюун ухааны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт гэсэн өвчтэй. Энэ өвчин удамшлын шалтгаант төрөлхийн өвчин. 2.Магадлуулагч Д.Э нь дээрх сэтгэцийн эмгэгтэй, одоогоор түүнд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй. 3.Магадлуулагч Д.Э болсон үйл явдлыг зөв тусган ойлгох чадвартай, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай. 4.Магадлуулагч Д.Эт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

БОЭТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Одончимэгийн “...43 настай, эрэгтэй, зодуулсан хүн ирлээ.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 14.52 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

хэрэг учрал болсон гэх, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг хуучин тосгоны 8-15 тоот хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-8, 11-12 дахь тал/,

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “...Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, ялтанд бугуйвч зүүлгэсэн өдрөөс эхлэн тооцоход 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд 139 хоног буюу 4 сар 16 хоногийн ялыг биечлэн эдэлж, 45 хоногийн үлдэгдэлтэй.” гэсэн мэдэгдэх хуудас /хавтаст хэргийн 114 дэх тал/,

хохирогч Д.М нь 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /хавтаст хэргийн 139-159 дэх тал/,

шүүх хуралдаан эхлэхэд хохирогч Д.Мын гаргаж өгсөн “...Д.Эаас төлбөр болох 950.000 төгрөг бэлнээр авсан нь үнэн болно.” гэсэн мөнгө хүлээн авсан баримт,

шүүгдэгч Д.Эын;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 73 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 74 дэх тал/,

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 105-108 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 109-112 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Д.Эаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Д.Эыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Д.Э нь 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “миний гэрлэх гэж байсан охиныг хэлэхгүй гадаад явуулсан” гэх шалтгаанаар хохирогч Д.Мын толгой хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодсон,

2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Д.Мын гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа дээрх шалтгааны улмаас дахин хэрүүл маргаан үүсгэж, хохирогч Д.Мын нүүрэн тус газарт нь цохих, өшиглөх зэргээр зодох явцдаа гэрийн багана модыг хугалж, толгой, нуруу хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Д.Мын “...2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр...Э надад “...би танай дүүтэй гэрлэх байсан, чи гадаад руу хэлэхгүйгээр явуулсан” гэж хэлээд миний нүүрлүү гараараа цохиход би газар унасан, хөлөөрөө миний толгой, нүүр хэсэг рүү олон удаа өшиглөсөн. ...хоёр нүд маань хавдсан, зүүн талын хөмсөг хэсгээс их цус гарч байсан, ...2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Э согтоод “...чи хамаатныхаа дүүг надад хэлэхгүйгээр явуулсан” гэж уурлаад миний хүзүүнээс зүүн гараараа бариад баруун гараараа нүүр хэсэг рүү 5-6 удаа цохисон, ...гэрийн багана хугалж, доод хэсгээр нь миний толгой, нуруу, хүзүү хэсэг рүү олон удаа цохисон.” гэх,

гэрч Ш.Жийн “...Маас яг юу болсон талаар асуухад “2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр...П миний хүзүү, нуруу, толгой хэсэг рүү өшиглөсөн, дэвссэн, тэрнээс хойш би босож чадахгүй байна.” гэсэн.” гэх,

гэрч Б.Агийн “...М гэх хүн...ухаан санаа нь орж гарсан, орчиндоо харьцаагүй, дэмий ярьсан, хүн танихгүй байсан. ...томографикийн зургийг үзэхэд тархины баруун талд цусан хураатай байсан тул гэмтлийн тасгийн их эмч Болдод үзүүлээд яаралтай хагалгаанд орсон.” гэх,

гэрч Б.Дийн “...П нь...М ахын нүүрэн тус газарт хоёр удаа цохисон, М ахыг газар уначихсан байхад толгойн тус газарт нь гараараа олон удаа цохисон.” гэх,

гэрч Д.Оы “...тэр залуу Мад “чи миний гэрлэх гэж байсан эмэгтэйг явуулчихсан” гэх мэтээр уурлаж, шууд толгойн тус газарт нь гар, хөлөөрөө 5-6 удаа цохисон. ...нөгөө залуу гэрийн баганыг татаж байгаад хугалсан, хугарсан доод хэсгийн модыг бариад Мын нуруу, толгой хэсэг рүү олон удаа цохисон.” гэх,

гэрч Г.Цийн “...хамт байсан залуу Мын толгойн тус газарт гараараа 4-5 удаа цохисон, тэр залууг Маас салгахад гэрийн баганыг цохиж хугалаад, хугарсан доод хэсгийг авч Мын нуруу, толгой хэсэг рүү 2-3 удаа цохисон.” гэх,

Д.Эын өөрийнх нь өгсөн “...Д.Мыг зодож биед нь хүнд хохирол учруулсан.” гэх мэдүүлгүүдээр, мөн

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 665 дугаартай; “...Гавал тархины битүү гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт,

БОЭТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Одончимэгийн “...43 настай, эрэгтэй, зодуулсан хүн ирлээ.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 14.52 цагт хүлээн авсан тэмдэглэл,

хэрэг учрал болсон гэх Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг хуучин тосгоны 8-15 тоот хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

хохирогч Д.М 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь энэ хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Д.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

          Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь;

         “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” байдаг бөгөөд шүүгдэгч Д.Эын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдсан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж буй нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

          Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ,

         2022 оны 8 дугаар сарын 21, 23-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр “миний гэрлэх гэж байсан охиныг хэлэхгүй гадаад явуулсан” гэх шалтгаанаар хохирогч Д.Мыг зодсон,

улмаар 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Д.Мыг дээрх шалтгааны улмаас дахин зодох явцдаа гэрийнх нь багана модыг хугалж, толгой, нуруу хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь “гавал тархины битүү гэмтэл” бүхий хүнд хохирол учруулсан үйлдэл нь шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б “...гэрийн багана хугалж хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн шинжийг хангах тул шүүгдэгч Д.Эт холбогдох хэргийг хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж улсын яллагчтай мэтгэлцсэн болно.

         Хэргийн үйл баримтаас үзэхэд,

         шүүгдэгч Д.Эын үйлдэлд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэх шинж тогтоогдохгүй байхад дээрх шинжээр хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Тухайлбал, Эрүүгийн хуульд заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд хамаарах ойлголтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт заасан агуулгаар ойлгож хэрэглэх бөгөөд тухайн тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэжээ.

Өөрөөр хэлбэл зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь анхнаасаа иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулахаар байхад гэрийн багана модыг хугалж, багананы доод хэсгээр хохирогчийн толгой, нуруу хэсэгт нь цохисон шүүгдэгч Д.Эын үйлдлийг “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүд болон гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад баримтуудаас дүгнээд хохирогчийг цохисон гэрийн багана мод нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, зориулалттаар хийгдээгүй, шүүгдэгч түүнийг тусгайлан бэлтгээгүй, өөрөөр хэлбэл багана нь иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, хэрэгсэл биш төдийгүй хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг биш тул шүүгдэгч Д.Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилснийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

          Эрүүгийн хуулийн зорилго нь ...хүний эрх, эрх чөлөө ...хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалахад оршдог, харин эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх бүрэлдэхүүн хэргийн нөхцөл байдлаас дүгнээд,

шүүгдэгч Д.Эын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үргэлжилсэн үйлдлээр “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь түүнийг гэм буруутайд тооцов.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Х.Батдорж “...гэрийн багана хугалж зодсон хэрэг байна, гэмтэл учирсан тул гэм буруутай гэж үзэж байна.” гэсэн санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн харгалзсан болно.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.Э “...би бичиг үсэг мэдэхгүй, уншиж, бичиж чаддаггүй, мөрдөгч “өмгөөлөгч байхгүй” гэсэн учир өмгөөлөгчгүй хэргийн материалтай танилцсан.” гэж тайлбарлаж байна.

Хавтаст хэргийн 69 дэх талд 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр яллагдагч Д.Эаас мэдүүлэг авсан баримт байх бөгөөд уг ажиллагаанд хяналтын прокурор Ж.Батбаатар өөрийн биеэр оролцсоноос гадна энэ баримтын биеийн байцаалт хэсэгт Д.Эыг “бага боловсролтой” гэж бичсэн, мөн яллагдагч нь мэдүүлэг өгөөд  өөрөө “Э” гэж гарын үсгээ зуржээ,

үүний дараа яллагдагчаас дахин мэдүүлэг авсан баримт хавтаст хэргийн 71 дэх талд авагдсан байх ба мэдүүлэг авах болон хэргийн материал танилцуулахад  өмгөөлөгч Р.Бямбажав оролцсон байх тул мөрдөгч, прокурорыг яллагдагчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Улсын яллагч Ж.Б “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял оногдуулж,

          энэ ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/162 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаас түүний эдлээгүй үлдсэн 1 сар 15 хоногийн ялыг нэмж оногдуулах, мөн цагдан хоригдсон 81 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох.” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажаваас “...хохирол төлбөрийг сайн дураар төлсөн, сэтгэцийн хувьд энгийн хүний хэмжээнд биш байдлыг нь харгалзан хорих ялыг доод хэмжээгээр оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан бөгөөд энэ заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт юм.

Шүүгдэгч Д.Э архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 8 дугаар сарын 21, 23-ны өдрүүдэд хохирогч Д.Мыг зодсон, улмаар гэрийн багана модыг нь хугалж, түүний толгой, нуруу хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч нь шүүх хуралдааны үед “цаашид эмчлүүлэх шаардлагатай, нэг нүд ширгэж хараа нь муудаж нөгөө нүдэндээ нөлөөлж эхлээд байна.” гэсэн тул шүүх шүүгдэгч Д.Эт оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн хохирол, хор уршиг зэргээс гадна шударга ёсны зарчимд нийцэхгүй, тохирохгүй юм.

Хэдийгээр шүүгдэгч Д.Эыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжтой боловч нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршгийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.3-т заасныг хэрэглэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Шүүх шүүгдэгч Д.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний удаа дараа ял шийтгүүлж байсан хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял оногдуулж,

          энэ ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/162 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний эдлээгүй үлдсэн 1 сар 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нийт эдлэх ялын хэмжээг 4 жил 1 сар 15 хоногоор тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.  

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилсан байна.

Хохирогч Д.М нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд зарцуулсан зардалтай холбоотой нийт 523.660 төгрөгийн баримтыг гаргаж хэрэгт хавсаргуулсан бөгөөд шүүгдэгч нь хохирлын хэмжээг харгалзахгүйгээр 950.000 төгрөгийг төлсөн, хохирогч нь дээрх мөнгийг хүлээн авсан тухай баримтыг шүүх хуралдаан эхлэхэд гаргаж өгснийг үндэслэн шүүх шүүгдэгч Д.Эыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Д.М шүүх хуралдааны үед “цаашид эмчилгээ хийлгэж, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хохирогчийн эрхийг нь нээлттэй үлдээв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж,

шүүгдэгч Д.Эын 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 81 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

          2.Шүүгдэгч Ш овогт Дийн Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 4 /дөрөв/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг тус тус баримтлан, шүүгдэгч Д.Эт энэ тогтоолоор оногдуулсан 4 жил хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/162 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний эдлээгүй үлдсэн 45 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 1 сар 15 хоногоор тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эын 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 81 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар хохирогч Д.М нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхтэй.  

9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЭНХТУНГАЛАГ

                                                  ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Э.ЭНЭРЭЛ