| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2019/00411/И |
| Дугаар | 433 |
| Огноо | 2019-11-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 433
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х" банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б овогтой Ч-ын Б,
Хариуцагч: З овогтой Т-ийн Ч нарт холбогдох
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн төлсөр 19.500.000 төгрөг, зээлийн хүү 2.434.796,8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67.996 төгрөг, нотариатын зардал 8.000 төгрөг, нийт 22.010.792,8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, хариуцагч Б, Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х" банк ХХК-ийн захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б, Ч нар нь Х банктай 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5001542667 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулан 28.000.000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгө зориулалтаар авсан. Банк нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр зээлдэгч Б нь Х банк дахь дансанд 28.000.000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Банк 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан тул зээлийн гэрээний дагуу зарлага гаргах эрхийг хааж х тоот дансанд шилжүүлсэн. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 8.500.000 төгрөг, зээлийн хүүнд 21.439.359,6 төгрөг, үүрэг хүлээсний шимтгэл 7.701,2 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 5001542667 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2019 оны 3 дугаар сараас эхлэн хугацаа хэтрүүлж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 183 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 5001542667 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 19.500.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаарх хүү 2.434.796,8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67.996 төгрөг, нотариатын зардал 8.000 төгрөг, нийт 22.010.792,8 төгрөгийг зээлдэгч Ч овогтой Б, хамтран үүрэг гүйцэтгэгч Т овогтой Ч нараас гаргуулж өгнө үү. Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Б, Ч нар нь Х банктай 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5001542667 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулан 28.000.000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгө зориулалтаар авсан. Банк нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр зээлдэгч Б-ын Х банк дахь дансанд 28.000.000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Банк 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан тул зээлийн гэрээний дагуу зарлага гаргах эрхийг хааж х тоот дансанд шилжүүлсэн. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 8.500.000 төгрөг, зээлийн хүүнд 21.439.359,6 төгрөг, үүрэг хүлээсний шимтгэл 7.701,2 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2019 оны 3 дугаар сараас эхлэн хугацаа хэтрүүлж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 183 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 5001542667 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 19.500.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаарх хүү 2.434.796,8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67.996 төгрөг, нотариатын зардал 8.000 төгрөг, нийт 22.010.792,8 төгрөгийг зээлдэгч Б, хамтран үүрэг гүйцэтгэгч Ч нараас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б, Ч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ч овогтой Б, Т овогтой Ч нар нь Х банкнаас 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 28.000.000 төгрөгийн зээл авсан. Одоо үлдэгдэл 22.010.792,8 төгрөгийг сар бүр 500.000 төгрөгөөр 2019 оны 10 дугаар сараас эхлээд 6 сар төлөөд явна. Үлдэгдлийг үргэжлүүлэн төлөөд явах болно” гэжээ.
Хариуцагч Б, Ч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х банкнаас зээл авсан нь үнэн. Чадлаараа л зээлээ төлөөд явж байсан. Х банкнаас нэхэмжилж байгаа 22.010.792,8 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Төлөх боломж хүрэхгүй банкны зүгээс өгөх боломжтой гэсэн 6 сарын хугацаанд бид хоёр зээлийг төлж дуусгах ямар ч боломжгүй байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк нь хариуцагч Б, Ч нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн төлсөр 19.500.000 төгрөг, зээлийн хүү 2.434.796,8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67.996 төгрөг, нотариатын зардал 8.000 төгрөг, нийт 22.010.792,8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б, Ч нар нь “Х банкнаас нэхэмжилж байгаа 22.010.792,8 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Төлөх боломж хүрэхгүй банкны зүгээс өгөх боломжтой гэсэн 6 сарын хугацаанд бид хоёр зээлийг төлж дуусгах ямар ч боломжгүй байна” хэмээн маргаж байна.
Зээлдэгч Б, Ч нар Х банктай 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5001542667 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулан, 28.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 26,4 хувийн хүүтэй авчээ.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлээ төлөхгүй байгаа нь талуудын тайлбараар нотлогдож байх тул Х банк нь учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Б, Ч нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн төлсөр 19.500.000 төгрөг, зээлийн хүү 2.434.796,8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67.996 төгрөг, нотариатын зардал 8.000 төгрөг, нийт 22.010.792,8 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х банкинд олгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268.004 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б, Ч нараас 268.004 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Б, Ч нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн төлсөр 19.500.000 төгрөг, зээлийн хүү 2.434.796,8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67.996 төгрөг, нотариатын зардал 8.000 төгрөг, нийт 22.010.792,8 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х банкинд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268.004 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б, Ч нараас 268.004 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х банкинд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР