| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0141/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/159 |
| Огноо | 2023-05-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/159
2023 5 03 2023/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б,
улсын яллагч Н.Д,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Б.Гт холбогдох эрүүгийн 2325000000108 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Б.Г нь;
2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Х” зочид буудлын караокены өрөөний ширээн дээрээс хохирогч Б.Сгийн “SamsungА53” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр согтуурсан үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11 дүгээр хороолол 26 тоотод оршин суух хохирогч Э.Оы “Iphone11pro” загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан авч 1.300.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Дэлгэрэх” хотхоны 28 дугаар байрны гадна талаас иргэн Д.Х эзэмшлийн 49-40УБЧ улсын дугаартай “Prius20” загварын автомашиныг түрээсээр авч явах үедээ нүүрсэн янданг нь бусдад зарж борлуулан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж хохирогч Д.Хд 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Б.Г “...2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрдэнэтэд ирээд Эынд хоёр хоносон, Э намайг “Х”-д дуудаад очиход дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэй хүн байсан бөгөөд тэд нар согтуу байсан, бид нарыг тэнд байж байхад А, Э.О хоёр хамт орж ирсэн. Би А, Э.О хоёртой Бийд очсон, Айн утсаар ярьж байгаад утсыг нь аваад явчихсан байсан тэгээд “Tedy”-ийн гурван давхарт утсыг хүнд үзүүлэхэд утас дээрх зургийг хараад “миний таньдаг хүн байна” гэхээр нь “тэгвэл та утсыг нь өгчихөөрэй, би хот явлаа” гэж хэлээд гар утсыг үлдээгээд явсан, караокены өрөөнөөс би ямар ч утас авч гараагүй, миний өөрийн гар утас байсан, мөн Бий гар утсыг санаандгүй, мэдэлгүйгээр аваад гарсан байсан, эргүүлээд өгье гэж бодсон ч утас нь унтарсан байсан. Х үйлдлийг хүлээн зөвшөөрнө, нөгөө хоёр үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэв.
хохирогч Б.Сгийн “Samsung-A53” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн тухайд,
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Б.Сгийн “...2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Х” буудлын караокед Э, Мөөгий, Бээ нарын хамт байж байсан чинь гаднаас Эын таньдаг хүн гэж нэг эрэгтэй хүн орж ирсэн, бид архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад би өөрийн эзэмшлийн “Samsung-A53” загварын гар утсаа ширээн дээр тавьсан байсан юм. Хамгийн түрүүнд тэр танихгүй залуу караокеноос гарч явсан, би гар утсаа цуг байсан хүмүүсээс асууж хайгаад олоогүй, гар утас руугаа залгасан чинь дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
“...Ббид хоёр урд дэлгэцээ харан дуулаад байж байхад Г гэнэт л ганцаараа өрөөнөөс гараад явчихсан байсан, ...миний гар утас алга болчихсон байхаар нь Эыг сэрээж гар утсаа хайхад олдохгүй байсан, Эын гар утаснаас өөрийнхөө 99736600 дугаарын гар утас руу залгахад дуудаж байснаа сүүлдээ холбогдохгүй болчихсон. ...гомдолтой байна, өөрт учирсан хохирлоо барагдуулах хүсэлтэй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 17 дахь тал/,
гэрч У.Баярбилэгийн “...Б.Г, Б.С нартай 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр “Х” буудлын караокед архи ууж байхдаа танилцсан, ... тухайн өдөр Б.Сгийн гар утсыг Г аваад явсан хойно, С.Б нь Э.О, А нарын хамт орж ирээд “Э.Оы гар утсыг Г аваад явчихлаа” гээд Гыг хайгаад орж ирсэн. Э, С бид гурав “Х” буудлын караокены өрөөнд архи, пиво уугаад сууж байхад гаднаас Эын найз Г гэдэг залуу орж ирээд бид нартай хамт сууж байгаад гэнэт гараад явчихсан, яагаад гараад явах болсон шалтгааныг мэдэхгүй. Тэгсэн чинь С “ширээн тавьсан байсан “Samsung-A53” загварын гар утас алга болчихлоо” гэхээр нь гар утсыг өрөөнөөс хайж байгаад Эын гар утаснаас С гар утас руу залгахад дуудаад байсан, авахгүй байж байгаад холбогдохгүй болсон.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 20 дахь тал/,
Б.Гын “...2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Э миний утас руу залгаж “өчигдөрийн буудалд хүрээд ир” гэж хэлээд очсон чинь гурван залуу байсан. Тэгээд Э нэг эмэгтэй хүнтэй орж ирж тухайн буудлын доод талын караоке руу орсон, караоке дотор сууж байгаад нэг залуу нь тухайн эмэгтэй хүний гар утсаар тооцоо хийж архи, пиво авсан. ...би өмнө “Tedy” худалдааны төвөөс гараад автовокзал дээрээс хот руу явах тээврийн хэрэгслийн дугаар авсан байсан ба над руу “одоо хөдлөх гэж байна шүү” гэж хэлэхээр нь караокеноос гарахдаа буйдан дээр “Samsung-A53” загварын гар утас байхаар нь халаасандаа хийж Улаанбаатар хот руу явах унаандаа суусан. Улаанбаатар хотод очоод маргааш нь Хархорин дээр гар утасны кодыг нь гаргуулж 25 дугаар эмийн сангийн ломбардад 150.000 төгрөгөөр барьцаанд өөрийн нэрээр тавьсан, би “Samsung-A53” загварын гар утас авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 33 дахь тал/,
“...Би С гар утсыг авч явсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 13 дахь тал/,
“...Би гарах гэж байсан чинь буйдан дээр “Samsung-A52” гар утас байхаар нь авч халаасандаа хийж, вокзал дээр очиж таксинд сууж Улаанбаатар хотод очиж, маргааш нь Хархорин дээр гар утасны кодыг гаргуулж 25 дугаар эмийн сангийн хажууд ломбардад өөрийн нэрээр 150.000 төгрөгөөр барьцаанд тавьсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 92 дахь тал/,
иргэн Б.Сгийн “...2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Х” буудлын каракеод байхдаа үл таних хүнд өөрийн эзэмшлийн “Samsung-A53” загварын гар утсаа алдсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 1 дэх тал/,
түүний өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 2 дахь тал/,
“Ашид Б” ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн ТХҮ- ОРХ/5858 дугаартай; “...“Samsung-A53” загварын гар утас 1.200.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 25-28 дахь тал/,
хохирогч Э.Оы “Iphone11pro” загварын гар утсыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийн тухайд,
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Э.Оы “...2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Х” буудалд...Б бид хоёр очсон, ...хэсэг сууж байгаад гэртээ харьсан. Маргааш өглөө Б, Ц, Э нар ирсэн, найзын найз гэх анх удаа харж байсан Г гэдэг залуу цуг ирсэн. Тэгээд “утсаараа ганц удаа яриулчих” гэж хэлээд Г гэдэг залуу миний “Iphone11pro” загварын гар утсыг авсан. ...би утас руугаа залгасан чинь аваад “буцаад очно” гэж хэлээд алга болсон, би Г гэдэг хүний дугаарыг хүнээс олж залгасан чинь “би Улаанбаатар хотод байна, утсыг чинь унаанд өгч явуулъя” гэж хэлсэн, тэрнээс хойш утас нь холбогдохгүй алга болсон” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 69 дэх тал/,
“...Би А хамт 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цагийн үед...С.Бий гэрт очиход Б нь Г гэдэг залуугийн хамт байж байсан, надаас бусад нь нэг шил 0.75л архи хуваан ууж эхэлсэн, би архинаас уугаагүй эрүүл байсан. ...Г надаас “гар утсаа өгч байгаач, хүнтэй ярих гэсэн юм” гэж хэлээд миний эзэмшлийн “Iphone11pro” загварын гар утсыг авахдаа кодыг минь гаргуулаад авсан, ...миний гар утасны код “7 7 7 7 7 7” байсан. А бид хоёр дээд давхарт зурагт үзээд сууж байхад байшингийн хаалганы хонх дуугарахаар нь доош буугаад очиход Б унтсан байдалтай, Г байхгүй, миний гар утсыг аваад гарсан байсан. Би тухайн үед өөрийнхөө дугаар руу залгахад Г авч “пиво авах гээд гарсан байна, эргээд орлоо” гэж хэлчихээд эргэж ирээгүй, тэгээд миний гар утас холбогдохгүй болсон. Бий хамтаар Гыг хайж “Х” буудалд очиход Э, С, Бгурав байж байхаар нь “Г миний гар утсыг аваад явчихлаа, хаана байгаа юм бол” гэхэд “мэдэхгүй, сая хамт байж байгаад С гар утсыг караокены өрөөнд сууж байхдаа нууцаар хулгайлаад аваад явчихлаа гэж байсан. ...гар утасныхаа хохирлыг барагдуулах хүсэлтэй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 71 дэх тал/,
гэрч С.Бий “...Э.О нь “Г миний гар утсыг аваад явчихлаа, хаана байгааг мэдэх үү” гэж асуухаар нь “Х” буудал руу дагуулан явсан, учир нь өдөр Ц над руу утсаар ярьж “Э бид нар бөөнөөрөө байж байна, хүрээд ирэх үү” гэсэн болохоор “Гын найз Э байгаа юм чинь байгаа байх” гэж бодоод дагуулан очих болсон.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 74-75 дахь тал/,
Б.Гын “...Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна, би хүлээн зөвшөөрөхгүй. Би Оюун гэдэг хүнийг танихгүй, 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Э над руу залгаж намайг “Х” буудлын өрөөнд дуудахаар нь очиход дөрвөн залуу, нэг эмэгтэй архи ууж байсан, эдгээр хүмүүсийн дунд Э байсан. ...орой 23 цагийн үед танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд дахиж архинд яваад архи, пиво оруулж ирсэн, 00 цаг өнгөрч байхад гаднаас танихгүй хоёр эрэгтэй хүн орж ирсэн, бид нар архи ууж байгаад би унтаад өгсөн. Маргааш нь буюу 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн өглөө 10 цаг өнгөрч байхад Э надад “манай найзуудын хамт гэрт нь очоод байж бай” гээд Ц болон танихгүй нэг эмэгтэй, эрэгтэйгийн хамт бид дөрөв такси бариад хамт явж байсан залуугийн гэрт очсон, хаягийг нь хэлж мэдэхгүй, замдаа архи, пиво авсан байсан болохоор гэрт нь ороод ууцгаасан. Гэр лүү нь ороход өөр хүн байгаагүй, бид дөрөв архи уугаад байж байхад өдрийн 12 цагийн үед Оюун, Б нар уг айлд ирээд хамт сууж байхдаа “манайд очьё” гээд намайг дагуулан гараад явж байхдаа Оюун өөр тийшээ яваад өгсөн, Б бид хоёр Бий гэрт очиж /хаягийг нь хэлж мэдэхгүй/ доод давхар буюу подваль руу орж пиво ууж байхдаа Бий гар утсыг аваад оролдож байхад ээж нь “цай уу” гэж бид хоёрыг дуудаад цай ууж байгаад би Улаанбаатар хот руу явахаар болж гэрээс нь гараад барилгачдын талбай дээр очиж хот явах таксины дугаар авч цайны газар орж аарц ууж байхад миний халаасанд Бий “Iphone” загварын гар утас байж байсан. Би гар утсыг гаргаж ирээд үзэхэд унтарсан байхаар нь “Tedy” төвийн гуравдугаар давхарт нэг лангуун дээр очиход хүүхэн, залуу хоёр байж байхаар нь “хүний гар утас аваад ирчихлээ, гэрийг нь мэдэхгүй, асаагаад холбогдоод өгөөч” гэж хэлээд гар утсыг өгсөн, тэр хүн гар утсыг асаагаад дэлгэц дээрх Б гэдэг хүний зургийг харчихаад “эзнийг нь таних юм байна шүү дээ” гэж хэлэхээр нь “та өгчихөөрэй, би хот руу явлаа” гэж хэлээд гар утсыг үлдээгээд явсан. ...2023 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Оюун гэдэг эмэгтэй над руу залгаад “манай нөхөр Бий утсыг авчихсан байна, хаана байна” гэхээр нь “Улаанбаатар хотод байна, хоёр, гурав хоногоос буцаж очоод гар утасных нь учрыг олоод өгье, хүнд үлдээчихсэн байгаа, зааж хэлж мэдэхгүй байна” гэж хэлсэн. ...Би караокены өрөөнөөс ямар ч утас авч гараагүй, миний өөрийн “LG” загварын гар утас л байсан, мөн Бий гар утсыг үлдээгээд хот руу явсан, санаандгүй, мэдэлгүйгээр аваад гарсан байсан, уг нь эргүүлээд өгье гэж бодсон ч утас нь унтарсан байсан бөгөөд би Эрдэнэт хотыг мэдэхгүй, Бий байшин нь олон адилхан хаусууд дунд байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
“...Би Оюуны гар утсыг биш түүнтэй хамт явж байсан А гэдэг хүний гар утас авсан болохоор зөвшөөрөхгүй, Оюун худлаа ярьж байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 13 дахь тал/,
“...би тухайн эмэгтэйн гар утсаар оролдоод байж байсан, хэсэг сууж байгаад гарч Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг “Tedy” худалдааны төвийн гар утасны засварын газар очиж “Iphone11pro” загварын гар утсыг засвар дээр өгсөн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 92 дахь тал/,
“Ашид Б” ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн ТХҮ- ОРХ/5681 дугаартай “...“Iphone11pro” загварын гар утас 1.300.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 80-83 дахь тал/,
иргэн Э.Оы “...2023 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 11 дүгээр хороолол гэртээ байж байсан чинь найз Бтэй цуг ирсэн танихгүй эрэгтэй хүн миний “Iphone11pro” загварын гар утсыг хулгайлж авсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 55 дахь тал/,
түүний өргөдөл, өргөдөлдөө хавсаргасан гар утасны баталгааны хуудас /1 дэх хавтаст хэргийн 56, 57 дахь тал/,
“Bybbataiwan Ganbaatar” facebook хаягаас бусадтай харьцсан чатны хуулбар /1 дэх хавтаст хэргийн 58-64 дэх тал/,
хохирогч Д.Х эзэмшлийн 49-40УБЧ улсын дугаартай “Prius20” загварын автомашины нүүрсэн янданг нь зарж борлуулсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн тухайд,
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Д.Х “...Би хувиараа автомашин түрээслүүлдэг, Г гэх хүн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр миний дугаарт залгаад “машиныг чинь түрээслэмээр байна.” гэж ярихаар нь гэрийн хаягаа зааж өгсөн...урьдчилгаа авалгүй машиныг өгөөд явуулсан...6 дугаар сарын 29-ний өдөр 13 цаг 20 минутын үед миний...данс руу “4940” төлбөр гэх гүйлгээний утгатай 300.000 төгрөг шилжүүлчихээд удаагүй над руу залгаад “тань руу 300.000 төгрөг хийчихлээ, маргааш өглөө 09 цаг гэхэд дараагийн хоногийн мөнгийг бүгдийг нь хийнэ, манай ээж хөдөө малтай, маргааш ээж маань хэдэн мал зараад 10 хоногийн чинь мөнгийг хийнэ” гэж хэлсэн, түүнээс хойш утсаа авахгүй алга болсон, нэг ч төгрөг нэмж өгөөгүй, ...7 дугаар сарын 16-ны өдөр би өөрөө Гын Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо 12 дугаар гудамж 12 дахь хашаанаас өөрийн эзэмшлийн 49-40 УБЧ улсын дугаартай “prius20” загварын автомашиныг олж авсан, намайг машинаа авахад хянах самбар дээр баахан гэрэл ассан мөн гадна талын их бие нь маш их гэмтсэн, будагнууд нь халцарсан байсан болохоор авто засвар дээр очиж оношлуулахад “янданг нь авсан байна” гэж хэлсэн учраас цагдаагийн байгууллагад хандах болсон.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 192 дахь тал/,
Б.Гын “...facebook-ээс “машин түрээслэнэ” гэх зарын дагуу Х гэх хүнтэй...2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн үед холбогдсон, ...гэрээ хийж машиныг нь авсан, тэгээд 6 дугаар сарын 29-ний өдөр 10 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүрэг “Да хүрээ” захын наад талд байх “Prius засвар” гэх газар нүүрсэн янданг 500.000 төгрөгөөр бэлэн мөнгөнд зараад давхар шүүлтүүртэй тайван яндан тавьж өгсөн. Цамбагаравын “Голомт” банк орж өөрийн эзэмшлийн “Хаан банк”-ны данснаас Х гэх хүний данс руу 300.000 төгрөгийг “5 хоногийн мөнгө” гэж шилжүүлсэн, түүний дараагаар “би 7 дугаар сарын 13-нд мөнгөтэй болно, тэрнээс өмнө бол амжихгүй нь” гэдгээ хэлсэн. ... Д.Х машины түрээс 300.000 төгрөг нэхээд байсан тэгэхээр нь би “янданг заръя” гэж бодсон, тэгээд Д.Х данс руу 300.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь өөрийн хэрэгцээнд зарцуулсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 204-206 дахь тал/,
иргэн Д.Х “...2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо “Дэлгэрэх” хотхоны 82 дугаар байрны гадна талаас өөрийн эзэмшлийн 4940УБЧ улсын дугаартай “prius20” загварын авто машиныг түрээслүүлэхээр хувь хүнд өгсөн боловч автомашины эд ангиудыг зарж борлуулан тоносон байна.” гэх гомдлыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 185 дахь тал/,
Д.Х нь Б.Гт машин түрээслүүлсэн тухай баримт /1 дэх хавтаст хэргийн 187 дахь тал/,
“Дамно” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “...автомашины нүүрсэн яндан 650.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 197-198 дахь тал/,
шүүгдэгч Б.Гын;
иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 110, 136 дахь тал/,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 115-120 дахь тал/,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 121-127 дахь тал/,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 128-131 дэх тал/ зэрэг зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч нараас, гэрч нараас мөн Б.Гаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээч нарын дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Б.Гыг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Б.Г нь, хохирогч Б.Сгийн “SamsungА53” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч Б.Сгийн “...2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Х” буудлын караокед...өөрийн эзэмшлийн “Samsung-A53” загварын гар утсаа ширээн дээр тавьсан байсан юм. Хамгийн түрүүнд тэр танихгүй залуу караокеноос гарч явсан.” гэх,
гэрч У.Б “...Эын найз Г гэдэг залуу орж ирээд бид нартай хамт сууж байгаад гэнэт гараад явчихсан, ...С “ширээн тавьсан байсан “Samsung-A53” загварын гар утас алга болчихлоо” гэхээр нь гар утсыг өрөөнөөс хайж байгаад Эын гар утаснаас С гар утас руу залгахад дуудаад байсан.” гэх,
Б.Гын “...караокеноос гарахдаа буйдан дээр “Samsung-A53” загварын гар утас байхаар нь халаасандаа хийж Улаанбаатар хот руу явах унаандаа суусан.” гэх мэдүүлгүүд,
“Ашид Б” ХХК-ийн “Samsung-A53” загварын гар утас 1.200.000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон тайлан зэргээр,
хохирогч Э.Оы “Iphone11pro” загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч Э.Оы “...“утсаараа ганц удаа яриулчих” гэж хэлээд Г гэдэг залуу миний “Iphone11pro” загварын гар утсыг авсан. ...Г надаас “гар утсаа өгч байгаач, хүнтэй ярих гэсэн юм” гэж хэлээд миний эзэмшлийн “Iphone11pro” загварын гар утсыг авахдаа кодыг минь гаргуулаад авсан.” гэх,
Б.Гын “...Бий гар утсыг аваад оролдож байхад ээж нь “цай уу” гэж бид хоёрыг дуудаад цай ууж байгаад би Улаанбаатар хот руу явахаар болж гэрээс нь гараад барилгачдын талбай дээр очиж хот явах таксины дугаар авч цайны газар орж аарц ууж байхад миний халаасанд Бий “Iphone” загварын гар утас байж байсан.” гэх мэдүүлгүүд,
“Ашид Б” ХХК-ийн “Iphone11pro” загварын гар утас 1.300.000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон тайлан,
“Bybbataiwan Ganbaatar” facebook хаягаас бусадтай харьцсан чатны хуулбар зэргээр,
хохирогч Д.Х эзэмшлийн 49-40УБЧ улсын дугаартай “Prius20” загварын автомашиныг түрээсээр авч явах үедээ нүүрсэн янданг нь бусдад зарж борлуулан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч Д.Х “...би өөрөө Гын Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо 12 дугаар гудамж 12 дахь хашаанаас өөрийн эзэмшлийн 49-40УБЧ улсын дугаартай “prius20” загварын автомашиныг олж авсан, намайг машинаа авахад хянах самбар дээр баахан гэрэл ассан мөн гадна талын их бие нь маш их гэмтсэн, будагнууд нь халцарсан байсан болохоор авто засвар дээр очиж оношлуулахад “янданг нь авсан байна” гэж хэлсэн.” гэх,
Б.Гын “...Д.Х машины түрээс 300.000 төгрөг нэхээд байсан тэгэхээр нь би “янданг заръя” гэж бодсон, тэгээд Д.Х данс руу 300.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь өөрийн хэрэгцээнд зарцуулсан.” гэх мэдүүлгүүд,
Д.Х нь Б.Гт машин түрээслүүлсэн тухай баримт,
“Дамно” ХХК-ийн автомашины нүүрсэн яндан 650.000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон тайлан зэргээр тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй байна.
“Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг,
“завших” гэмт хэргийг хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж, ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг,
“залилах” гэмт хэрэг нь хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсныг тус тус ойлгоно.
Шүүгдэгч Б.Гын үйлдсэн гэх хулгайлах, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах, бусдыг итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна уг гэмт хэргүүдийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Г нь “...Х үйлдлийг хүлээн зөвшөөрнө, нөгөө хоёр үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэж улсын яллагчтай маргасан бөгөөд энэ нь хохирогч Б.Сгийн “...би өөрийн эзэмшлийн “Samsung-A53” загварын гар утсаа ширээн дээр тавьсан байсан юм. Хамгийн түрүүнд тэр танихгүй залуу караокеноос гарч явсан, ...гар утас руугаа залгасан чинь дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон.” гэх,
гэрч У.Бн “...Б.Сгийн гар утсыг Г аваад явсан хойно, С.Б нь Э.О, А нарын хамт орж ирээд “Э.Оы гар утсыг Г аваад явчихлаа” гээд Гыг хайгаад орж ирсэн.” гэх,
хохирогч Э.Оы “...“утсаараа ганц удаа яриулчих” гэж хэлээд Г гэдэг залуу миний “Iphone11pro” загварын гар утсыг авсан. ...би Г гэдэг хүний дугаарыг хүнээс олж залгасан чинь “би Улаанбаатар хотод байна, утсыг чинь унаанд өгч явуулъя” гэж хэлсэн. ...Г надаас “гар утсаа өгч байгаач, хүнтэй ярих гэсэн юм” гэж хэлээд миний эзэмшлийн “Iphone11pro” загварын гар утсыг авахдаа кодыг минь гаргуулаад авсан, ...Гыг хайж “Х” буудалд очиход Э, С, Бгурав байж байхаар нь “Г миний гар утсыг аваад явчихлаа, хаана байгаа юм бол” гэхэд “мэдэхгүй, сая хамт байж байгаад С гар утсыг караокены өрөөнд сууж байхдаа нууцаар хулгайлаад аваад явчихлаа гэж байсан.” гэх,
Б.Гын “...караокеноос гарахдаа буйдан дээр “Samsung-A53” загварын гар утас байхаар нь халаасандаа хийж Улаанбаатар хот руу явах унаандаа суусан. Улаанбаатар хотод очоод маргааш нь Хархорин дээр гар утасны кодыг нь гаргуулж 25 дугаар эмийн сангийн ломбардад 150.000 төгрөгөөр барьцаанд өөрийн нэрээр тавьсан, би “Samsung-A53” загварын гар утас авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...би Улаанбаатар хот руу явахаар болж гэрээс нь гараад барилгачдын талбай дээр очиж хот явах таксины дугаар авч цайны газар орж аарц ууж байхад миний халаасанд Бий “Iphone” загварын гар утас байж байсан.” гэх мэдүүлгүүдээр болон “Bybbataiwan Ganbaatar” facebook хаягаас бусадтай харьцсан чатны хуулбар зэргээр няцаагдах бөгөөд мөрдөгч, прокурорыг мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Гыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн,
“бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан, залилах” гэмт хэрэг үйлдсэн,
“бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах” гэмт хэрэг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан залилах” гэмт хэрэг,
мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлтийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсгүүдэд заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Гын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хуралдааны үед;
улсын яллагч “...шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, нийт эдлэх ялыг 5 жил хорих ялаар тогтоох,” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав “...шүүгдэгч нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөр 3.150.000 төгрөгийг төлөх боломжтой зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч нарын хохирол төлбөрийг төлөөгүй байдал болон оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан түүнд хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүх шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд 3 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял тус тус оногдуулж, биечлэн эдлэх нийт ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлүүд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.
Хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Б.Сд 1.200.000 төгрөгийн хохирол учирсан болох нь 1 дэх хавтаст хэргийн 25-28 дахь талд авагдсан “Ашид Б” ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн ТХҮ-ОРХ/5858 дугаартай үнэлгээний тайлангаар,
залилах гэмт хэргийн улмаас хохирогч Э.Од 1.300.000 төгрөгийн хохирол учирсан болох нь 1 дэх хавтаст хэргийн 80-83 дахь талд авагдсан “Ашид Б” ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн ТХҮ-ОРХ/5681 дугаартай үнэлгээний тайлангаар,
завших гэмт хэргийн улмаас хохирогч Д.Х 650.000 төгрөгийн хохирол учирсан болох нь 1 дэх хавтаст хэргийн 197-198 дахь талд авагдсан “Дамно” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн үнэлгээний тайлангаар тус тус тогтоогдсон болно.
Иймд шүүгдэгч Б.Гаас нийт 3.150.000 төгрөг гаргуулж, 1.200.000 төгрөгийг хохирогч Б.Сд, 1.300.000 төгрөгийг хохирогч Э.Од, 650.000 төгрөгийг хохирогч Д.Хд тус тус олгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г болон түүний өмгөөлөгч нар “хохирогч нарт хохирол, төлбөрийг төлөх”-өөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг завсарлуулсан боловч хохирол төлбөр төлөөгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Гын 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 86 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ү овогт Бы Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар шүүгдэгч Б.Гыг тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялуудыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Гын нийт эдлэх ялын хэмжээг 3 /гурав/ жил хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гын 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 86 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Гаас 3.150.000 төгрөг гаргуулж, 1.200.000 төгрөгийг Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-17а-51 тоотод оршин суух Б.Сд, 1.300.000 төгрөгийг Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11 хороолол 26 тоотод оршин суух Э.Од, 650.000 төгрөгийг Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Дэлгэрэх хотхоны 82 дугаар байрны 11 тоотод оршин суух Д.Хд тус тус олгосугай.
8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ