| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2019/01310/И |
| Дугаар | 184/ШШ2019/02751 |
| Огноо | 2019-10-29 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 184/ШШ2019/02751
2019 оны 10 сарын 29 өдөр Дугаар 184/ШШ2019/02751 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: .............тоот хаягт оршин суух Б овогт Лын Мын /регистрийн дугаар: ................/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: .................тоот хаягт оршин суух Д овогт Хийн От /регистрийн дугаар:................./ холбогдох
“Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг” гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.М, нарийн бичгийн даргад М.Оюу-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид анх 2014 онд найзуудаараа дамжуулан танилцаж байсан ба 2016 оноос дотносож... Би өөрийгөө жирэмсэн болсноо 4 сард мэдсэн ба энэ тухайгаа Х.От хэлтэл намайг авахуул гэж өөрөө болон гэр бүл нь шаардсан. Би болон манай гэр бүл үүнийг эрс эсэргүүцэн хүү Дыг төрүүлсэн. Манай нагац эгч 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Х.Оын 90500404 дугаар руу залгаж хүүтэй болсоныг нь хэлсэн. Х.О намайг жирэмсэн байхад, мөн хүүхэд төрсөний дараа ч огт холбоо бариагүй нь үнэн. 2018 оны 09 сард өөр хүнтэй сууж байгааг нь мэдээд чамайг шүүхэд өгнө гэдгээ хэлсэн. 2018 оны 09 сарын 02-нд том эгч нь болох Х.А нь нөхөртэйгээ ирж уулзсан. Манайх нүүсэн байсан боловч танил эгчээр минь заалгаж гэрийн гадаа ирж залгаж намайг дуудсан. Яг яамаар байна гэж надаас асуусан. Чамд хэцүү байгаа бол эгч нь дүүгийнхээ хүүхдийг авъя гэж хэлсэн нь үнэн. Яг маргааш нь Х.О өөрөө ирж уулзсан. Хүүгээ тэр үед л өөрийн биеэр харсан. Үүнээс 7 хоногийн дараа 9-10-ны орчим дахин ирж уулзаад чадахаараа 3 сая төгрөг өгье гэж хэлсэн нь ч бас л үнэн. Би татгалзсан. Хүү Д хэд хэдэн удаа өвдөж эмнэлэгт хэвтсэн тэр үед нь би залгаж хэлсэн, заримдаа мессеж бичдэг, огт ирж эргэдэггүй. Хүүхдийн цэцэрлэгийн шинэ жилд хамт явъя гэх мэт санал тавихад ажил завгүй, хөдөө байна. Дарханд байна гэх мэт худлаа хэлдэг. Хүүхдэдээ анхаарал халамж тавьдаггүй. Дараа нь чи дандаа залгаж доромжилдог гэх мэт хэлдэг. Аав нь болох Хишигдорж нь над руу 2019 оны 03 сарын 15-нд залгаж олон хараалын үгээр дуудаж хөгшин авгай, хүнээс мөнгө иймэрхүү аргаар аваад сурчихсан гэж гүтгэж миний нэр хүндэд халдаж, сэтгэл санаагаар хохироосон. 2019 оны 03 сарын 15-нд Х.О намайг загнаж над руу орилж уурласан болно. Иймд М.Дын төрсөн аав болох Х.Оаас Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэмж тогтоолгож өгөхийг хүсч байна гэв.
Хариуцагч Х.О нь шүүхэд болон хуралдаанд ирүүлсэн тайлбартаа...Л.Мын нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч миний бие нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан дараах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Үүнд: 2016 оны 12 дугаар сарын 13-нд төрсөн Мөнхзул овогтой Дыг өөрийн хүү гэдэгт маргахгүй. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасны дагуу Дд тэтгэмж төлөх асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Тэтгэмж гаргуулахад шаардсан мөнгө гэдгээ нэхэмжлэгч 2019 оны 10 сарын 08-нд гаргасан тодруулгадаа нэхэмжлэл гаргахдаа төлсөн Улсын тэмдэгтийн хураамжийг шаардсан байх тул улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХнь:
Нэхэмжлэгч Л.М нь хариуцагч Х.От холбогдуулан “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүхэд өгсөн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Л.М, хариуцагч Х.О нар нь 2014 онд танилцаж, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүү Мын Дыг төрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан 1116950007 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ам бүлийн тодорхойлолт, хүүхэд эрүүл өсөн бойжиж буй эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдов.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр шинжээч томилж Шүүх шинжилгээний хүрээлэнгээр дүгнэлт гаргуулахад ...Х.О нь М.Дын биологийн эцэг байх боломжтой байна. Х.О нь М.Дын биологийн эцэг байх магадлал 99.99 хувь байна гэжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 “Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно” гэж заасан ба хариуцагч Х.О нь шинжээчийн дүгнэлттэй танилцаж, хүүхдийн эцэг мөн болохыг болон тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд гаргасан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” талаар зохицуулсан ба энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдээ эцэг, эх нь сар бүр тэжээн тэтгэхээр заасан мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд эцэг Х.Оын хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Л.М саад болохгүй байхыг дурдав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.М нь “Эцэг тогтоолгох...” шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “...улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...” гэж заасан тул хариуцагч Х.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт ”тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө” гэж заасан тул нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул Л.Мын урьдчилан төлсөн 35,869 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцно” гэж , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Х.Оаас нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэгт улсын тэмдэгтийн хураамжид 35,869 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хариуцагч Х.О нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдүүлэх талаар хүсэлт ирүүлсэн тул түүний байхгүйд нь хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.4, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Мын Дын эцэг нь Д овогт Хийн О /регистрийн дугаар:....................../ мөн болохыг тогтоосугай.
2 .Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1,1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 12 дугаар сарын 13-нд төрсөн Мын Дыг 11 нас хүртэл нь тухайн бүх нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Хийн Оаар тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй бөгөөд тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Мд олгосугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Мын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,869 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 35,869 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эх Л.М, эцэг Х.О нар нь энэ хуулийн 26.2 дахь хэсэгт заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх ба хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.
8.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ