Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2025/0416

 

Ж.У-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нас барсан тэтгэвэр авагчийн 20 хувийг Ж.У-д олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нас барсан тэтгэвэр авагчийн 20 хувийг буюу 359,501 төгрөгийг Ж.У-д олгохыг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 328 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н, Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 128/2025/0325/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.У-өөс Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нас барсан тэтгэвэр авагчийн 20 хувийг Ж.У-д олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нас барсан тэтгэвэр авагчийн 20 хувийг буюу 359,501 төгрөгийг Ж.У-д олгохыг даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 328 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.У-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            “... шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт 4.6-т “...маргаан бүхий харилцааг зохицуулахаар гаргасан Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/82 дугаар зөвлөмжийн 2.6-д “...тухайн гэр бүлийн хоёр гишүүн хоёулаа нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх” зэргээс үзвэл гэр бүлийн гишүүн болох нөхөр эсхүл эхнэр хоёул өндөр насны тэтгэврээ тогтоолгон, Нийгмийн даатгалын сангаас /нэг төрлийн сан/ өндөр насны тэтгэвэр хамт авдаг нөхцөлийг хангасан байх тохиолдолд энэ хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан нас барагчийн тэтгэврийн 20 хувийг түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэвэр дээр нэмэгдүүлэн олгохоор байна...” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Энэ хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд доор дурдсан нөхцөлийг хангасан түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлнэ”, 9.1.1-д “Гэр бүлийн тухай хуулийн 7.1-д зааснаар бүртгүүлсэн”, 9.1.2-т “20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан” гэжээ.

            Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2-т заасан хуулиар тогтоосон хоёр шаардлагыг нэхэмжлэгч нь аль алийг нь хангадаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь /нас барсан/ эхнэртэйгээ гэрлэлтээ бүртгүүлсэн, 20 түүнээс дээш жил хамт амьдарсан үйл баримт тогтоогддог.

            Харин шүүх Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/82 дугаар зөвлөмжийн 2.6-д заасан шаардлагыг тайлбарлахдаа “гэр бүлийн гишүүн болох нөхөр эсхүл эхнэр хоёул өндөр насны тэтгэвэр хамт авдаг нөхцөлийг хангасан байх тохиолдолд энэ хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан нас барагчийн тэтгэврийн 20 хувийг түүний нөхөр эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэвэр дээр нэмэгдүүлэн олгохоор байна” гэсэн нь бодит байдалтай нийцэхгүй, зөвлөмжийг буруу тайлбарласан.

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй байхдаа өндөр насны тэтгэвэр нэмэгдүүлэх хүсэлтийг гаргаагүй. Өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй байхдаа /нас барсан/ эхнэрийн тэтгэврийн 20 хувийг нэмэгдүүлэх талаар хүсэлт гаргасан бол хариуцагчийн татгалзал, шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

            Харин нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өндөр насны тэтгэвэр нэмэгдүүлэх хүсэлт гаргасныг шүүх анхаарах нь зүйтэй.

            Нөгөөтээгүүр, мөн адил Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/82 дугаар зөвлөмжийн 2.6-т заасан “Тухайн гэр бүлийн хоёр гишүүн хоёулаа нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх” гэсэн шаардлагыг хангаж байна.

            Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын ерөнхий газрын зөвлөмжид гэр бүлийн гишүүн болох нөхөр эсхүл эхнэр буюу гэр бүлийн аль нэг гишүүн нас барахад нөгөө нь тэтгэвэр тогтоолгоогүй бол цаашид олгогдохгүй гэсэн утга агуулга тусгагдаагүй. Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон үйл баримт тогтоогдож байх тул зөвлөмжид заасан шаардлагыг хангаж байна.

            Анхан шатны шүүхийн шийдвэр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан хуулийн үзэл баримтлалтай нийцэхгүй байна.       Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 328 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Ж.У-өөс “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нас барсан тэтгэвэр авагчийн 20 хувийг Ж.У-д олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нас барсан тэтгэвэр авагчийн 20 хувийг буюу 359,501 төгрөгийг Ж.У-д олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ц.С-тай 1989 оны 07 сарын 31-ний өдөр гэр бүл болж, иргэний гэр бүлийн гэрлэсний бүртгэлд бүртгүүлж, гэрлэлтээ батлуулсан. 1989 оноос 2024 оны 07 сарын 24-ний өдрийг хүртэл 35 жил хамт амьдарсан, дундаасаа 2 хүүхэд төрүүлсэн. Ц.С нь 2024 оны 07 сарын 24-ний өвчний улмаас нас барж, нас барсны бүртгэлд бүртгүүлсэн. Үүний дараа Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу өндөр настны тэтгэврийг нэмэгдүүлэх хүсэлт гаргахад хүсэлтийг огт хүлээж авдаггүй, хүсэлт шийдвэрлэдэггүй эс үйлдэхүй гаргадаг” гэж тайлбарлан маргасан.

2.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Энэ хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд доор дурдсан нөхцөлийг хангасан түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлнэ”, 9.1.1-д “Гэр бүлийн тухай хуулийн 7.1-д зааснаар бүртгүүлсэн”, 9.1.2-т “20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан”, 9.2-т “Энэ хуулийн 9.1-д заасан тэтгэврийн нэмэгдлийн хэмжээ нь нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцүү байна” гэж тус тус заажээ.

2.3. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Ж.У нь өөрийн эхнэр Ц.С-тай 1989 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болж, 1989 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн, эхнэр Ц.С нь 2021 оны 11 дүгээр сард өндөр насны тэтгэвэр тогтоолгон тэтгэвэр авч байгаад 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нас баржээ. Харин нэхэмжлэгч Ж.У-ийн хувьд 1964 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон болох нь тогтоогдож байна.

2.4. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу тэтгэвэр нэмэгдүүлэн авах урьдчилсан нэг нөхцөл нь тухайн гэрлэгсэдийн хэн аль нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх явдал бөгөөд энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/82 дугаар албан бичгээр аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газарт хүргүүлсэн зөвлөмжийн 2.6-д “... Тухайн гэр бүлийн хоёр гишүүн хоёулаа нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх. Өөрөөр хэлбэл хоёр тэтгэвэр авагчийн аль нэг нь хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны, цэргийн тэтгэвэр тогтоолгосон бол 20 хувийн нэмэгдлийг тооцон олгохгүй” гэж дурджээ.

2.5. Тодруулбал, нэхэмжлэгч Ж.У нь өөрийн эхнэр Ц.С-ыг нас барсан цаг хугацаанд өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй, цаг хугацааны хувьд сүүлд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байгаа энэ тохиолдолд “... тухайн гэр бүлийн хоёр гишүүн хоёулаа нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх” гэдэг шаардлагыг хангахгүй байна” гэх хариуцагчийн тайлбар, татгалзлыг хууль бус гэж үзэхээргүй байна.

 

Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 328 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                            З.ГАНЗОРИГ

 

 

 

                       ШҮҮГЧ                                                            Г.МӨНХТУЛГА

 

 

 

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН