Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 118/ШШ2020/0007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох

Ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг тухайн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу 2016 оноос эзэмшиж буй бөгөөд тус тусгай зөвшөөрөлтөй талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулж байна. Тус тусгай зөвшөөрлийг сунгуулах хугацаа болсон тул Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.3-т зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөө шаардлагатай тул ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус хуулийн 40.1-д заасны дагуу Завхан аймгийн ******* сумын Засаг даргаар батлуулахаар хандсан боловч 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/283 дугаартай албан бичгээр батлах боломжгүй тухай хариу өгсөн байна. Завхан аймгийн ******* сумын Засаг даргаас байгаль орчны мемежментийн төлөвлөгөөг батлаагүй нь ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах, энэ тухай хүсэлтийг ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргах боломжгүйд хүргэх ноцтой үр дагавартай нь нэхэмжлэгчид хохиролтой байна. Тиймээс 01/283 дугаартай албан бичгээр өгсөн хариуг үндэслэлгүй гэж үзэж Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар тус хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан этгээдэд гомдол гаргасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.5-д заасны дагуу захиргааны актыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1203 дугаартай албан бичгээр ХХК-д хариу мэдэгдсэн бөгөөд тус мэдэгдлийг Завхан аймгийн Засаг даргаас 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ХХК хүлээн авсан. Дээд шатны захиргааны шийдвэрийг ХХК үл хүлээн зөвшөөрч буй тул ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй Завхан аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус тул алдаатай захиргааны акт гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Иймд ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй Завхан аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг тухайн Засаг даргад даалгана уу гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу 2016 оноос хойш эзэмшиж, уг талбайд эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж, тайлан мэдээгээ холбогдох байгууллагад гаргаж өгсөн байдаг. Нэхэмжлэгч компани тус тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргахад Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хавсаргаж өгөх шаардлагатай болсон. Тийм учраас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Завхан аймгийн ******* сумын Засаг даргад хандсан боловч тус сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/283 дугаартай албан бичгээр төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариу өгсөн. Энэ албан бичгээр нэхэмжлэгч ******* ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.5-д заасан эрх зөрчигдсөн гэж үзэж тус хуулийн 64.1-д зааснаар гомдол гаргах бодит боломжтой болсон. Тиймээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар дээд шатны байгууллага буюу Завхан аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Ингээд Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1203 дугаартай албан бичгээр захиргааны актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн мэдэгдлийг Завхан аймгийн Засаг даргаас 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шууданд хийснийг ******* ХХК 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хүлээн зөвшөөрөөгүй учир дээрх байгаль орчны менежментийн 2019 оны төлөвлөгөөг батлаагүй үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, түүнийг батлахыг Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шаардлагыг хангасан хуулийн этгээдээс тус хуулийн 17.2-17.4-т заасан шаардлагыг хангасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмал газрын тосны газарт гаргахаар хуульчилсан бөгөөд үүний дагуу ******* ХХК-иас Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасны дагуу Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэр дэх нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтийг Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэст гаргасан. Энэ хүсэлтийг Кадастрын хэлтэс боломжтой гэж үзээд орон нутгийн байгууллагаас саналыг авсан. Орон нутгийн байгууллага тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэснээр нэхэмжлэгч компанид тусгай зөвшөөрөл олгогдсон. Хуульд зааснаар тус саналыг аймгийн Засаг дарга руу хаяглаж явуулах, аймгийн Засаг дарга судалж үзээд хариу өгөхөөр байгаа. Тухайн үед нь манай компани шаардлагатай баримт материалаа бүрдүүлээд хүргүүлсэн. Сумын Хурлаар хэлэлцүүлсэн эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан ном журмын дагуу тусгай зөвшөөрлөө авсан гэж үзэж байгаа. Тийм учраас хайгуулын тусгай зөвшөөрөл авснаас хойш жил бүр менежментийн төлөвлөгөөгөө батлуулаад, төлбөрөө төлөөд явж байсан. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл 3 жилээр олгогддог учраас 2019 онд сунгах шаардлагатай болсон. Манай компанийн зүгээс 3 жилийн хугацаанд хайгуулын маш их ажил, хөрөнгө оруулалт хийсний дараа хариуцагч тал манай компанид тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус байсан байна гэж ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэв тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус байна гэж үзсэн бол хөрөнгө оруулалт хийхээс өмнө, ажил эхлэхээс өмнө үүнийгээ хэлж ярих боломжтой байсан. Дээрээс нь өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон процессын асуудал хэлэлцэгдээгүй гэдгийг хэлье. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тусгай зөвшөөрлийг анх авахад Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар Аймаг, нийслэлийн Засаг дарга мэдэгдлийг хүлээн аваад, аймгийн Хуралд өгөөд, аймгийн Хурал нь сумын Хуралд өгөөд Хурал шийдвэрээ гаргах ёстой байсан. ******* ХХК нь хуульд заасан энэ хүсэлтээ аймагт өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан сумд ирүүлээгүй. Хурлаар оруулж хэлэлцүүлээгүй учраас эхнээсээ Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. 2015 онд санагдаж байна, нэхэмжлэгч компани хайгуулын тусгай зөвшөөрөл авчихсан гээд хайгуулын үйл ажиллагаа явуулах, менежментийн төлөвлөгөөгөө батлуулахаар нэг удаа ирсэн. Тухайн үед нь нэгэнт Геологи хайгуулын газраас зөвшөөрөл авсан байсан учир төлөвлөгөөг нь батлаад явуулсан. Тэгээд энэ компани тус газарт 3 жил үйл ажиллагаагаа явуулаад, 2019 онд тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусаад, төлөвлөгөөгөө батлуулахаар 2019 оны 2 сард ирсэн. Тэгэхэд сумын Засаг дарга хууль, дүрмийг зөрчсөн учраас төлөвлөгөөг батлах боломжгүй байна гээд албан бичгийг нь геологич залууд өгөөд буцаагаад явуулсан. Эндээс эхэлж маргаан үүссэн. Нэхэмжлэгч компани нь мөн Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар нутгийн иргэд, багийн иргэдтэй харьцах ажлыг огт хийгээгүй. Хайгуулын төлөвлөгөөгөө батлуулчихаад хайгуулын ажлаа л хийгээд явж байсан. Харин хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан 3 жилийн хугацаанд байгаль орчны тухай хууль, тогтоомж зөрчөөгүй. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой л маргаан гарсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад шаардагдах байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөөг батлуулахаар 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 19/002А дугаартай албан бичгээр Завхан аймгийн ******* сумын Засаг даргад хүсэлт гаргасан байна.

2. Нэхэмжлэгч компаний 19/002А дугаартай албан бичгийг /хүсэлт/ тус компаний геологич Г. 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр ******* сумын Засаг даргад биечлэн хүргэж танилцуулсан боловч дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариу, шийдвэрийг /акт/ нэхэмжлэгч компаний геологичид амаар мэдэгдэж, ирүүлсэн хүсэлт, төлөвлөгөөг буцаасан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

3. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан эс үйлдэхүйгээ Ашигт малтмалын тухай хуулийн 17.2, 42.2-т заасныг зөрчсөн гэжээ. Ашиг малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Аймгийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ гэжээ.

4. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тодорхойлсон мэдэгдлийг хүлээн авсан аймгийн Засаг дарга тухайн талбай байрших сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс санал авах агуулга бүхий энэ заалт нь хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг ялгах, тодорхойлоход хэрэглэгддэг зохицуулалт ба 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан тул 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хуульд заасан журмаар эзэмшсэн тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2019 онд энэхүү нөхцлөөр батлахаас татгалзсан нь үндэслэлгүй байна.

5. Мөн хариуцагчийн татгалзсан эс үйлдэхүйн үндэслэл болох Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 42.1-д заасан асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай хамтран олон нийтийн хэлэлцүүлэг явуулж болно гэжээ. Энэхүү заалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, ... асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулахдаа олон нийтийн хэлэлцүүлэг явуулах талаар заавал биелүүлэх үүрэг хүлээгээгүй тул энэ үндэслэлээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан нь үндэслэлгүй байна.

6. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ гээд 21.1.5-д ... хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах гэжээ. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана гээд 22.1.3-т байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт гэжээ.

7. Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ, 40.3-т энэ хуулийн 40.1-д заасан төлөвлөгөөг ....мөн хуулийн 38.2-т заасны дагуу батална, 38.2-т сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан батална ... гэжээ.

8. Тодруулбал хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сумын Засаг даргад батлуулахаар хүргүүлэх, сумын Засаг дарга мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлсэн, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ бүрэн биелэгдсэн эсэхийг хянаж, байгаль орчныг нөхөн сэргээх ажлын үр дүн, тайланг хэлэлцсэний эцэст төлөвлөгөөг батлахаар байна.

9. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* сумын Засаг даргаас Ашигт малтмал, газрын тосны газрын геологи, хайгуулын хэлтэст 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр явуулсан 01/101 дугаар албан бичгээр ******* ХХК нь 2016-2018 онд геологи хайгуулын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний дагуу байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлсэн болно гэжээ.

10. Иймд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх хууль зүйн нөхцөл, байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзсан эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж ******* ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

11. Ашиг малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д ... нутгийн захиргааны ... байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 12.1.3-т байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ... болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих гэж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх эрхийг олгосон тул дээрх бүрэн эрхийг сумын Засаг дарга хуульд заасан журмаар хэрэгжүүлэх шаардлагатайг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн дугаартай тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргын татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч ******* ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд дээрх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР