Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 459

 

    Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Б-д холбогдох,

    Ноолуурын үнэ 2.217.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я, гэрч Б, Ц, Б, О, Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие А нь 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Б-д 39.8 килограмм ноолуурын үнэ болох 4.229.000 төгрөгийг х тоот дансанд өөрийн х данснаас шилжүүлсэн. Я над руу яриад ноолуураа өгмөөр байна гэхээр нь би тухайн үед аймгийн төвд ороод ирчихсэн байсан учир “Манай хадам дүү Б-т хэмжээд өгчих, би мөнгийг нь дансанд чинь хийгээд өгье” гэж хэлсэн. Тэгээд манай хадам дүү ноолуурыг нь хүлээж авсан ба Б-ын өгсөн ноолуур нийт 4.379.000 төгрөг болсон байсан. Үүнээс би урьдчилж өгсөн байсан 150.000 төгрөгөө хасаад 4.229.000 төгрөгийг хариуцагчийн х тоот дансанд өөрийн х данснаас шилжүүлсэн. Мөн би 25.000 төгрөг илүү шилжүүлсэн байсан учир миний 25.000 төгрөгийг буцаагаад миний данс руу хийгээрэй гэж хэлсэн боловч хариуцагч одоог хүртэл хийгээгүй байгаа. Ингээд 2-3 хоногийн дараа суманд байгаа бүх ноолуураа явуулаарай гэж хадам дүүдээ хэлээд, бүх ноолуураа аймгийн төв рүү авахуулсан. Ингээд бүх ноолуураа худалдахад Б-ын нэр бичээстэй, 2 шуудай ноолуур чийг үнэртэй гэсэн шалтгаанаар буцаагдсан. Түүнээс 1 уут нь задлагдаж, 1 уут нь бүтнээрээ гарч ирсэн. Үүний дараа би тендерийн машинд буцаагдсан 2 уут ноолуурыг ачиж өгч явуулаад, эзэнд нь өгөөрэй гэж хэлсэн. Гэтэл Я “Би задалсан ноолуур авахгүй” гэж хэлээд аваагүй. Тэр ноолуур нь 19.8 кг ноолуур байсан боловч 19.7 кг болсон гэсэн. Дараа нь би хөдөө яваад өгсөн. Би наадмаар Б, Я нартай уулзаж, “Миний ноолуурын мөнгийг өгөөрэй” гэж хэлсэн боловч надад ноолуурын мөнгийг өгөөгүй учир шүүхэд хандсан. Би Б-ын ноолуурыг ноолуур 111.000 төгрөгийн ханштай байхад 112.000 төгрөгөөр авсан. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр мөнгийг нь шилжүүлээд 5 дугаар сарын 09-ны өдөр ноолураа хүлээж аваад 1 кг-ийг нь 111.000 төгрөгөөр худалдсан. Би 1000 төгрөгийн алдагдалтай ажилласан. Я намайг ноолуур 96.000 төгрөгийн ханштай байхад ноолуурыг нь эргүүлж өгсөн гэж яриад байгаа. Гэтэл би ноолуур 110.000 төгрөгийн ханштай байхад эргүүлж өгсөн. Иймд Б-с 19.8 кг ноолуурын үнэ болох 2.217.600 /19.8*112.000/ төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

     Хариуцагч Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Б овогтой Б миний бие 2 уут ноолуурыг өгсөн нь үнэн. Тухайн үед ноолуурыг үзэж аваагүй, устай ноолуур гэх үндэслэлээр 7 хоногийн дараа үйлчилгээний машинд буцаасан. Тухайн 1 уут ноолуур одоо хүртэл бүрэн бүтэн хэвээр хадгалаастай байгаа. Бид ямар нэгэн ноолуурт өөрчлөлт оруулаагүй нь үнэн болно. Иймд иргэн А-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ноолуур ирснээс хойш ярих гээд 1 сар болсон ч утсаа аваагүй болно” гэжээ.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч ноолуур худалдсан өдрөө над руу утсаар яриад “чиний ноолуур устай гарсан” гэхээр нь “миний ноолуур устай байх ёсгүй. Та юу яриад байгаа юм бэ?” гэж асуутал нэхэмжлэгчийн утас нь унтарчихсан. Тэрнээс хойш холбоо барьж чадаагүй. Тэгээд 7 орчим хоногийн дараа нэхэмжлэгчийн хадам дүү Б ирээд “танай ноолуур чийгтэй гарсан байна ноолуураа аваарай” гэсэн. Тэгээд би “энэ ноолуурыг 7 хоногийн дотор хольж хутгасан байхыг би яаж мэдэх вэ? би эргүүлж авахгүй” гэж хэлсэн. Гэтэл Б “та ноолуураа авчих” гээд гуйгаад байхаар нь авч үлдээд, “чи А эгчид хэлж учрыг нь олоорой. Чи анхнаасаа ноолуураа шалгаж авсан бол би кг-ийг нь 112.000 төгрөгт ч өгчих байсан. Би урьдчилаад А эгчээс мөнгө авчихсан байсан учир л А эгчид өгсөн” гэж хэлээд явуулсан. Анх би ноолуураа өгч байхдаа Б-д “А эгч ноолуураа чамд өгчих гэсэн, чи ноолуураа сайн үзэж хараад, шалгаад аваарай” гэж хэлсэн боловч “би танд найдаж байна” гэж хэлээд шалгалгүй авсан. Тухайн үед шалгаад авсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Манай ноолуур гэдгийг яаж батлаад байгаа, би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ноолуурын мөнгөө аваад банкныхаа зээлийг төлсөн. Харин тэр 25.000 төгрөгийн асуудал дээр би банкнаас гарахдаа А эгч рүү шилжүүлэхээд мартаад гарсан байсан. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тэр 25000 төгрөгийг өгнө. Харин нэхэмжилж байгаа мөнгийг зөвшөөрөхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч А нь хариуцагч Б-д холбогдуулан ноолуурын үнэ 2.217.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

       Хариуцагч Б нь “Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” хэмээн маргаж байна.

     Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйл буюу худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

    Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч нь нэхэмжлэгчид ноолуураа өгөх, нэхэмжлэгч нь ноолуурын үнэ 4.229.000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 5808184777 тоот дансанд шилжүүлсэн болох нь А-ийн Хаан банкны “дипозит дансны дэлгэрэнгүй хуулга”-аар тогтоогджээ.    

    Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т “Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол” шаардах эрхээ алдахаар заажээ.

   Гэтэл тухайн ноолуурыг шалгаж аваагүй болох нь гэрч Б-ын “А эгч намайг Б-ын ноолуурыг хүлээгээд авчих гэхэд нь Б-ын 2 шуудай ноолуурыг хүлээж авсан. Ноолуур нь 39.8 кг орчим байсан. Хариуцагч намайг задалж үзэх үү гэхэд нь би задалж шалгаж үзэлгүй шуудай дээр нэрийг нь бичээд хүлээж авсан. А эгч надад ноолуурыг шалгаж аваарай гэж хэлээгүй. Би ч гэсэн А эгчид хүний ноолуурыг задлахгүй. Зүгээр нэрийг нь бичээд явуулна гэж хэлсэн” гэж мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я-ийн “Анх би ноолуураа өгч байхдаа Б-д “А эгч ноолуураа чамд өгчих гэсэн, чи ноолуураа сайн үзэж хараад, шалгаад аваарай” гэж хэлсэн боловч “би танд найдаж байна” гэж хэлээд шалгалгүй авсан. Тухайн үед шалгаад авсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Манай ноолуур гэдгийг яаж батлаад байгаа, би хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх тайлбараар тус тус нотлогдож байна.

      Харин гэрч Б, Ц нарын мэдүүлэгт Увс аймгийн Улаангом суманд ирээд ноолуураа өгч байхад чийгтэй гэж буцаагдсан талаар, О, Б нарын мэдүүлэгт хариуцагч Б-ын ямааг самнасан талаар мэдүүлжээ.

      Иймд нэхэмжлэгч нь тухайн ноолуурыг хүлээн авах үедээ чийгтэй буюу гэх доголдлын талаар мэдэх боломжтой байхад хүлээн авсан тул шаардах эрхээ алджээ.

     Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасныг баримтлан А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б-д холбогдох худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2.217.600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.432 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б-д холбогдох ноолуурын үнэ 2.217.600 төгрөг гаргуулах тухай А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.432 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.   

           

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.БОЛОР