| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2019/00461/И |
| Дугаар | 468 |
| Огноо | 2019-11-18 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 468
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: З овогт С-ийн О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: х сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох,
х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/37 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, хариуцагч х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О миний бие нь х сумын 10 жилийн сургуульд 2003 онд ажилд орж 2004 он хүртэл үйлчлэгчээр, 2004 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тогоочоор 16 дахь жилдээ ажиллаж байсан билээ. Гэтэл 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр манайд олон жил уулзалдаагүй найз маань Улаанбаатар хотоос нөхөр, хүүхдүүдийнхээ хамт ирсэн тул би тэр холоос ирсэн хүмүүстээ хоол, цай хийж өгөөд ажилдаа очих боломжгүй болсноос захиралтай ярьж чөлөө авах гээд утас руу нь залгахад утсаа ердөө авахгүй байсан. Тогоочийн ажил ээлжээр ажилладаг юм. Тэр өдөр би өдрийн 14 цагт ажилдаа гарах байсан бөгөөд би холоос ирсэн найзуудаа хүлээн аваад завгүй болсноос хамт ажилладаг тогооч Д-тэй утсаар яриад “Та миний оронд өнөөдөр ажиллаад өгөөч надад шалтгаан гарлаа” гээд тэр хүнийг ажиллуулсан юм. Тэгтэл манай сургуулийн захирал Л нь намайг гэрт байхад хүнээр “Яаралтай ир” гээд дуудуулахад би гал зууханд очиход надтай хамт шахам цагдаа орж ирсэн. Тэгээд тухайн цагдаа надад нэг юм үлээлгээд гараад явсан, би араас нь гараад гэр рүүгээ явсан. Тэр үед манай тогооч хоолоо хийж байсан, тухайн үед хүүхдүүдийн хоол тасраагүй, ямар нэг ажлын доголдол дутагдал гараагүй билээ. Би тухайн өдөр ажилдаа очоогүй бөгөөд намайг ажилд очоогүйг хамт ажиллаж байсан хүмүүс гэрчилнэ. Би 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ажил дээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон бол Хөдөлмөрийн тухайн хуульд заасны дагуу сургуулийн захирал 1 сарын дотор буюу 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дотор зохих хариуцлагыг хүлээлгэх ёстой байсан. Тэгтэл намайг ажлаас чөлөөлсөн тушаал нь 3 сар гаруй хугацааны дараа гарсан ба Хөдөлмөрийн хууль зөрчсөн хууль бус тушаал гарсан гэж үзэж байна. Би маш их гомдолтой байна. Иймд х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Л-ийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/37 тоот тушаалыг хүчингүй болгож, О намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч О-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрөн дараах тайлбарыг гаргаж байна. х сумын Ерөнхий боловсролын сургуулийн тогооч О-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дараах үндэслэлээр цуцалсан болно. Үүнд:
1. Нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 14.1, мөн байгууллагын дотоод журмын 32.3.2 дугаар заалтуудад тус тус “Ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх” нь ноцтой зөрчил болох талаар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамдаа тусгасан. Гэтэл нэхэмжлэгч нь үүнийг зөрчсөн тул гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно.
2. Нэхэмжлэгч өмнө нь зөрчил гаргаж тушаал бууруулан туслах тогооч болгох хариуцлага тооцоод, дахин тогооч болгож ажиллуулсан билээ. Гэтэл 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр давтан зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэсэн болно. Хариуцагчийн зүгээс улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.4 заавал сахилгын шийтгэл ноогдуулсан байх шаардлагагүй гэж заасан байдаг тул давтан зөрчил гэж үзэж болно.
3. Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын 1.7-д заасны дагуу ажлын цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг байгууллагын дотоод журамд тусган хориглосон байсан. Гэтэл нэхэмжпэгч нь дотоод журмын заалтыг зөрчсөн тул уг тогтоолд заасны дагуу хариуцлага тооцсон болно. Нэхэмжлэгчийн маргаж буй “1 сарын хугацаа өнгөрсөн тул хариуцлага тооцох нь буруу” гэдэг үндэслэлийн тухайд нэхэмжлэгч нь сахилгын зөрчлийг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гаргасан. Үүнд хариуцлага тооцож Хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргах гэхэд ээлжийн амралт авах хүсэлт гаргасан тул ээлжийн амралтыг нь олгосон. Ингээд ээлжийн амралтын хугацаа дуусмагц цалингүй чөлөө авах хүсэлт гаргасан тул чөлөөг нь олгосон. Ингээд 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр уг тушаалыг гаргасан. ...Архи уусан, согтуу хүн гал тогоонд ажиллах боломжгүй юм. Иймд уг зөрчлийг гаргаснаас хойш 6 сарын дотор хариуцлага тооцох хуулийн хугацаанд (Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2) багтаж байна. Харин (1 сарын дотор) гэдэг бол тухайн зөрчил үйлдэгдсэний дараа хяналт, шалгалтаар түүнийг нь илрүүлснээс хойш 1 сарын дотор хариуцлага тооцох тухай асуудал яригдаж болох тул нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлийг үүгээр няцааж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О нь хариуцагч х сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/37 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь “О нь архи ууж согтуурсан, сахилгын зөрчил давтан гаргасан тул ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” хэмээн маргаж байна.
Нэхэмжлэгч О нь х сумын Ерөнхий боловсролын сургуульд тогоочоор ажиллаж байгаад х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн б/37 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэг заалт, Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.7 дахь заалт, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20.1.2 дахь заалт, 20.1.1 дэх, байгууллагын “Дотоод журам”-ын 32 дугаар зүйлийн 32.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс тогоочийн ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т “Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан ба 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/19 тоот тушаалаар О-г 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тогоочийн үүрэгт ажлыг өөрчилж, туслах тогоочоор ажиллуулсан ба /буцаагаад тогоочоор томилсон гэх/ энэ сахилгын шийтгэлийн хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр дуусч тэрээр сахилгын шийтгэлгүй болжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Гэтэл нэхэмжлэгч О нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь тогтоогдоогүй байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д “Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно” гэж тус тус заажээ. Гэтэл хэрэгт авагдсан О-ийн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч буюу захирал Л-ийн гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна. Ажил олгогч энэ үүргээ хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан ба тухайн зөрчил нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гарсан ба 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргажээ.
Хариуцагчийн гаргаж ирүүлсэн х сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаа, жолооч а/а Д-ийн тодорхойлолт, үйлчлэгч П, сав угаагч Д нарын магадлагаа, гал зуухны хоол болон өдрийн үйл ажиллагаанд хяналт хийсэн тэмдэглэл гэх баримтуудад 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч О-г согтуу байсан талаар бичигджээ.
Мөн Е овогтой С-ын хөдөлмөрийн гэрээ гэх баримт хэрэгт хамааралгүй байх тул үнэлээгүй болно.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч О-г ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/37 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, түүнийг х сумын Ерөнхий боловсролын сургуулийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч х сумын Ерөнхий боловсролын сургуулиас 70.200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/37 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч О-г х сумын Ерөнхий боловсролын сургуулийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч х сумын Ерөнхий боловсролын сургуулиас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР