| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2021/0020/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/161 |
| Огноо | 2023-05-05 |
| Зүйл хэсэг | 21.5.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/161
2023 04 28 2023/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б,
улсын яллагч Ж.Б,
хохирогчийн өмгөөлөгч А.Б,
шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Д.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, С.Мад холбогдох эрүүгийн 2025002810353 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч С.М нь;
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “талийгаач Л.Бнас барахаасаа өмнө надаас 3.000.000 төгрөг бэлнээр авсан” гэж худал мэдүүлэг өгүүлэхээр иргэн Г.Мийг удаа дараа ятгасан,
улмаар Г.М нь 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Т.Жгийн нэхэмжлэлтэй, С.Мад холбогдох хэргийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч С.М “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Л.Цын “...Жаргалант сумын малчин С.М нь ээжийн нэр дээр байсан адууг маллахаар ээж Ж, талийгаач ах Л.Бнараас 2010 онд гуйж авсан байдаг, тэгээд адууг дутааж 2020 оны 1 дүгээр сард Иргэний хэргийн шүүхээр ороход шүүх хуралд гэрчээр оролцуулсан Моор худал мэдүүлэг өгүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрийнхөө талд гаргуулсан байдаг. М би өөрийн биеэр очиж уулзахад иргэний шүүх дээр худал мэдүүлэг өгсөн талаараа хүлээн зөвшөөрч, надаас уучлалт гуйсан бөгөөд хэлсэн ярьсан талаар нь бичлэг хийж, цаасан дээр бичүүлэн авч цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн, худал мэдүүлэг өгүүлэхэд нөлөөлсөн С.М, түүний өмгөөлөгч нарт гомдолтой байгаа юм. Манай ээжийг төлөөлж өмгөөлөгч Ц.Э нь анхан болон дунд шатны шүүх хуралдаанд оролцсон байдаг, уг шүүх хурал дээр С.Маас 19 тооны адууны төлбөрт 25.000.000 төгрөг нэхэмжилсэн шүүх хурал болсон, шүүх хуралд С.М нь гэрчээр оролцуулсан Мийг “талийгаач ахад 3.000.000 төгрөг өгөхөд хажууд нь байлцсан, 4 тооны адуу ачаад явахад нь хажууд нь байсан” гэж худал мэдүүлэг өгүүлсэн. Г.М нь С.Мын ятгалгаар худал мэдүүлсэн талаараа надад хэлсэн, мөн Мын өмгөөлөгч нөлөөлсөн гэж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
“...2020 оны 4 дүгээр сарын 01-ний орой Мийн гэрт нь 18-19 цагийн үед орсон, М эхнэртэйгээ байсан, ...М “гарч уулзая, уулзаа байна” гээд гадаа гараад яагаад шүүхэд худал мэдүүлэг өгөх болсон талаар тодруулж, “яах гэж гэрчээр оролцсон шалтгаанаа хэлээч” гэж асуухад “чамаас болон танай гэр бүлээс уучлалт хүсэж байна, буруу зүйл хийснээ ойлгож байна.” гэсэн, тухайн үед М уулзахдаа гар утас дээрээ аудио бичлэг хийгээд уулзсан, тухайн бичлэгт бүх ярьсан зүйл нь байгаа, Мид “би таны ярьсан бүх зүйлийг гар утас дээрээ бичиж байгаа” гэж өөрт нь хэлээд “ярьсан бүх зүйлээ цаасан дээр бичиж, баталгаажуулж өг” гэж хэлэхэд “ах нь бичиг үсэг мэдэхгүй, гарын үсэг зурахаас наашгүй” гэх хэлсэн. Энэ тухайгаа “Ганаагаар бичүүлье, тэгээд гарын үсэг зуръя” гэж хэлсэн, болсон зүйлүүдийг М хэлээд, эхнэр нь бичээд М өөрөө гарын үсэг зураад баталгаажуулсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 195-197 дахь тал/,
гэрч Ц.Г“...Тухайн үед нөхөр Г.М урьд өдөр нь уучихсан байсан, ...“М гэх хүнд айл зааж өгнө” гэж хэлээд гарсан, тэгээд өдөр 2, 3 цагийн алдад шал согтуу орж ирсэн, би гайхаад “хаана юу хийж байгаад ирж байгаа юм” гэхэд “би нэг буруу юм хийчихлээ” гээд хэлсэн, би учрыг нь тухайн үедээ ойлгоогүй, ...М манай нөхөр лүү утсаар залгаад “мэдүүлэг өгөөч” гэж байна гэж хэлж байсан, ...“М талийгаач найзынх нь адуу, малыг малладаг байсан, тэгээд гэрчээр мэдүүлэг өгөөч гэж гуйсан” гэж хэлсэн. ...“3.000.000 төгрөгийг М нь талийгаачид өгсөн гэдгийг гэрчлээд гарын үсэг зураад өгөөч гэж хэлээд шүүх рүү явсан” гэсэн, надад энэ асуудлуудаа хэзээ хойно нь 2, 3 хоногийн дараа хэлсэн, би уурлаад “М яагаад чамайг худлаа хэлүүлж байгаа юм, чиний архи уудгийг далимдуулаад байна” гэж хэлсэн. М эхнэр, хүүхэдтэйгээ хамт “гарын үсэг зуруулна” гэж авч явах замдаа машинаа солиод Уртцагааны урдаас “Prius-20” загварын тээврийн хэрэгсэлд суухад нэг эмэгтэй...манай нөхөрт нэг цаас өгөөд, уг цаасан дээр нь “тийм”, “үгүй” гэсэн бичиглэл байсан гэсэн. Манай нөхөр тухайн бичгийг уншиж чадаагүй, “тийм”, “үгүй” гэсэн бичиг уншсан гэх бөгөөд тэгээд шүүх хуралд орсон гэсэн, гарч ирэхэд нөгөө “тийм”, “үгүй” гэсэн бичгийг Мын эхнэр нь авсан гэсэн, шүүх хурлаас гарч ирээд хоёр шил архи авч өгөөд М “баярлалаа” гэж хэлсэн гэсэн, манай нөхөр нөгөө хоёр шил архиа уугаад нэлээн согтолттой гэртээ ирээд болсон асуудлаа хэлсэн. ...Цэрэгбаяр гэх хүн ирж уулзаад, “танай нөхөр ямар шалтгаанаар шүүхэд худал мэдүүлэг өгсөн юм” гээд, тэгээд манай нөхөр хэлсэн, ярьсан бүгдийг нь би үнэн зөвөөр бичиж өгсөн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
гэрч М.Э...аавын очих гээд байсан айлын хүн нь гудманд явж байхад нь аав “танайхыг хайгаад явж байна” гээд тэгээд тэднийд очсон, гэрийнх нь гадаа би, аав, ээж бид нар машиндаа сууж байх хооронд нөгөө ах “эхнэртээ хайчихаа хэлчихээд ирье” гэж хэлээд орсон, тэгээд гарч ирээд шууд шүүх рүү би өөрийнхөө “Prius-20” загварын цагаан өнгийн машинд суугаад явсан, би шүүхийн гадаа ээж, аав, тэр гурвыг буулгаад гэртээ харьсан. Машинаа огт солиогүй, ...би тэр хүнийг аваад л шүүхрүү явсан.” гэсэн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 24 дэх тал/,
С.Мын яллагдагчаар өгсөн “...би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэсэн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 96-97 дахь тал/,
“...Миний хувьд гэмт хэрэг үйлдээгүй, Г.Мийг “худал ярь” гэж хэлээгүй.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 145 дахь тал/,
Г.Мийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн өглөө 07 цаг өнгөрч байхад М манай гэрт орж ирээд “шүүх дээр ирээд нэг гарын үсэг зураад өгөөч, Б 3.000.000 төгрөг авч өгсөн гээд гэрчлээд өгчих, чамд ямар ч хамаа байхгүй, чамайг ямар ч буруу юманд хийхгүй” гэж хэлсэн, би юм уучихсан байсан болохоор “би явахгүй” гэсэн чинь М “чамд ямар ч хэрэг түвэг, ямар ч асуудал байхгүй” гээд гуйгаад байхаар нь гайгүй юм бодоод хүрээд ирсэн чинь шүүх хуралд оруулсан, М өөрөө ороогүй, би эхнэртэй нь хамт шүүх хуралд орж гэрчийн мэдүүлэг өгсөн. Шүүгч надаас “талийгаач Бай хамт очиж М гэж хүнээс 3.000.000 төгрөг авсан уу” гэхээр нь би “тэгсэн, яг хэдэн төгрөг авсныг нь мэдэхгүй, талийгаач Б бид хоёр М дээр хамт очоод мөнгө авч байсан” гэж хэлсэн. Тэгээд намайг “гарч бай” гэж хэлэхээр нь шүүхийн байрнаас гарсан, шүүхээс гараад явж байхад М 0.5л “Монгол Стандарт” архи авч өгөөд хувааж уусан, үүнээс хойш хэд хоногийн дараа М надтай уулзаад “нөгөө хэрэг чинь асуудалгүй болсон шүү” гэж хэлсэн. М бид хоёр нэг нутгийн хүмүүс, Л.Ббид хоёр 2000 оноос хойш найзалж байгаа юм, Л.Бнь адуугаа маллуулж байсан, Б надтай хамт М дээр очиж мөнгө авч байгаагүй, М л намайг “Б 3.000.000 төгрөг өгөхөд хамт байсан гээд хэлээд өг” гэсэн юм. Манай гэрээс гараад Мын хүүхдийн машинаар явж, Уртцагааны урдаас саарал өнгийн “Toyota Prius” загварын машинд суугаад шүүх дээр ирсэн, тэр машиныг нэг хүүхэн жолоодож ирсэн, машин барьж байсан хүүхэд “шүүгч нэг юм асууна, би ганц юм асууна, “тийм үү”, “үгүй юу” гэхээр “тийм” гэж хэлээрэй” гэсэн. Тэгээд надад дэвтрийн цаасан дээр бичсэн бичиг өгсөн, тэр цаасан дээр “тийм”, “үгүй” гэж бичсэн байсан бил үү, яг юу гэж бичсэн байсныг одоо санахгүй байна, шүүх хурлаас гарч ирээд Мын эхнэр нь нөгөө цаасаа авсан. Би тэр хүний машины хойд суудал дээр сууж ирээд шүүх рүү орсон, шүүх рүү ороод 30 орчим минут болоод гарсан болохоор царайг нь сайн тогтоогоогүй, ...30 орчим насны, намхан, бор царайтай эмэгтэй байсан, шүүгч “үнэн юм ярьж байна уу” гэхээр нь “үнэн” гээд хэлчихсэн, “гайгүй л юм болов уу” гэсэн чинь өөрөө, өөрийгөө алчихлаа.” гэсэн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 109-110 дахь тал/,
гэрч Г.Н“...Би талийгаач Г.Мид холбогдох хэргийн талаар бүдэг, бадаг мэднэ, талийгаач 2021 оны намар амьд сэрүүн байхдаа манайд орж ирээд “дүү нь хэрэгт холбогдчихлоо, М манайд орж ирээд “цагдаа билүү шүүх дээр очоод гарын үсэг зураад, мэдүүлэг өгөөч” гэхээр нь би очсон, С.М нь өмгөөлөгчтэйгээ орж ирээд энд гарын үсэг зурчих, мэдүүлэг өгчих гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 46 дахь тал/,
гэрч Л.Г“...Би 2020 оны намар байсан санагдаж байна, он, сараа сайн санахгүй байна, Эрдэнэт хотын Рашаант гэх газар Г.Мийн гэрт очоод түүнийг гэрээс нь авч гараад гадаа машинд төрсөн дүү Цэрэгбаярын хамт ярьж суусан юм. Тухайн үед шүүх хуралд худал мэдүүлэг өгсөн талаар М бид хоёрт үнэнээ хэлж, уучлалт гуйсан бөгөөд Цэрэгбаяр утсан дээрээ ярьсан зүйлийг нь бичиж авсан. С.М болон түүний өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа нь “шүүх хуралд ороод талийгаачтай хамт ирж мөнгө авсан гээд хэлчих” гэж хэлсэн байна билээ.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 5-6 дахь тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 257 дугаартай; “...Шинжилгээнд ирүүлсэн Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өргөдөл гаргах нь гэсэн гарчигтай гар бичвэр нь харьцуулах загвараар ирүүлсэн гэрч Б.Ганцэцэгийн гэх бичгийн хэвийн загваруудтай бичгийн хэвийн орон зайн байрлал, хөдөлгөөнийг илэрхийлэх, бичгийн дадал, хөдөлгөөнийг бичгийн илэрхийлэх шинж тэмдгүүд болон хөдөлгөөний үйлдэц, холболт, хэлбэр зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирч байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 231-238 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2875 дугаартай; “...Шинжилгээнд ирүүлсэн “Samsung galaxy G6” загварын гар утсанд хадгалагдаж байгаа “Voice 004.m4а” гэсэн бичиглэлтэй дуу авианы бичлэг нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилж буй “Voice 004.m4а” гэсэн нэртэй дуу авианы бичлэгт ямар нэгэн өөрчлөлт, эвлүүлэг хийгдээгүй байна. Шинжилж буй “Voice 004.m4а” гэсэн нэртэй дуу авианы бичлэг нь файлын үзүүлэлтээр 2020 оны 4 дүгээр сарын 01, 11:51:46 секундэд шинжилгээнд ирүүлсэн “Samsung galaxy G6” загварын гар утсаар үүсгэгдсэн байна.” гэсэн дүгнэлт /4 дэх хавтаст хэргийн 63-65 дахь тал/,
хохирогч Л.Цын “...С.М нь М гэх хүнд нөлөөлж шүүх хуралд гэрчээр худал мэдүүлэг өгүүлж байна.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 8 дахь тал/,
түүний өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 9 дэх тал/,
Г.Мийн Орхон аймгийн шүүхийн шийдвэрийн газарт гаргасан өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 10 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 33 дугаартай, шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 44-60 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 33 дугаартай шийдвэрийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 117-120 дахь тал/,
С.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 178 дахь тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 158 дахь тал/,
гэрч Ц.Гс гаргаж өгсөн түүний гараараа бичиж байсан өргөдлийн ноорог /1 дэх хавтаст хэргийн 241 дэх тал/,
2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Л.Цаас гаргаж өгсөн 10 минут 4 секундийн бичлэг бүхий хуурцагт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 198-200 дахь тал/,
хохирогч Л.Цаас гаргаж өгсөн 10 минут 4 секундийн бичлэг бүхий хуурцагийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2 дахь хавтаст хэргийн 201 дэх тал/,
Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Т.Ж нь Л.Цын төрсөн эх болохыг тогтоосон лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 203, 204 дэх тал/,
“Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Орхон аймгийн Прокурорын газрын хянатын прокурорын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 4 дугаартай тогтоол, энэ тогтоолоор “яллагдагч Г.Мид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон /3 дахь хавтаст хэргийн 137 дахь тал/,
“Samsung galaxy G6” загварын гар утсыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /4 дэх хавтаст хэргийн 55 дахь тал/,
“Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Орхон аймгийн Прокурорын газрын хянатын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 19 дугаартай тогтоол, энэ тогтоолоор “яллагдагч Т.Эрдэнэзаяад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон /4 дэх хавтаст хэргийн 92-93 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн С.Маас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч С.Мыг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч С.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “талийгаач Л.Бнас барахаасаа өмнө надаас 3.000.000 төгрөг бэлнээр авсан” гэж худал мэдүүлэг өгүүлэхээр иргэн Г.Мийг удаа дараа ятгасан,
улмаар Г.М нь 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Т.Жгийн нэхэмжлэлтэй, С.Мад холбогдох хэргийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч Л.Цын “...М би өөрийн биеэр очиж уулзахад иргэний шүүх дээр худал мэдүүлэг өгсөн талаараа хүлээн зөвшөөрч, надаас уучлалт гуйсан бөгөөд хэлсэн ярьсан талаар нь бичлэг хийж, цаасан дээр бичүүлэн авч цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн, ... шүүх хуралд С.М нь гэрчээр оролцуулсан Мийг “талийгаач ахад 3.000.000 төгрөг өгөхөд хажууд нь байлцсан, 4 тооны адуу ачаад явахад нь хажууд нь байсан” гэж худал мэдүүлэг өгүүлсэн. Г.М нь С.Мын ятгалгаар худал мэдүүлсэн талаараа надад хэлсэн.” гэх,
гэрч Ц.Г“...М манай нөхөр лүү утсаар залгаад “мэдүүлэг өгөөч” гэж байна гэж хэлж байсан, ...“М талийгаач найзынх нь адуу, малыг малладаг байсан, тэгээд гэрчээр мэдүүлэг өгөөч гэж гуйсан” гэж хэлсэн. ...“3.000.000 төгрөгийг М нь талийгаачид өгсөн гэдгийг гэрчлээд гарын үсэг зураад өгөөч гэж хэлээд шүүх рүү явсан” гэсэн, ... шүүх хурлаас гарч ирээд хоёр шил архи авч өгөөд М “баярлалаа” гэж хэлсэн гэсэн, манай нөхөр нөгөө хоёр шил архиа уугаад нэлээн согтолттой гэртээ ирээд болсон асуудлаа хэлсэн. ...Цэрэгбаяр гэх хүн ирж уулзаад, “танай нөхөр ямар шалтгаанаар шүүхэд худал мэдүүлэг өгсөн юм” гээд, тэгээд манай нөхөр хэлсэн, ярьсан бүгдийг нь би үнэн зөвөөр бичиж өгсөн.” гэх,
Г.Мийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн өглөө 07 цаг өнгөрч байхад М манай гэрт орж ирээд “шүүх дээр ирээд нэг гарын үсэг зураад өгөөч, Б 3.000.000 төгрөг авч өгсөн гээд гэрчлээд өгчих, чамд ямар ч хамаа байхгүй, чамайг ямар ч буруу юманд хийхгүй” гэж хэлсэн, ... Шүүгч надаас “талийгаач Бай хамт очиж М гэж хүнээс 3.000.000 төгрөг авсан уу” гэхээр нь би “тэгсэн, яг хэдэн төгрөг авсныг нь мэдэхгүй, талийгаач Б бид хоёр М дээр хамт очоод мөнгө авч байсан” гэж хэлсэн ... хэд хоногийн дараа М надтай уулзаад “нөгөө хэрэг чинь асуудалгүй болсон шүү” гэж хэлсэн.” гэх,
гэрч Л.Г“...шүүх хуралд худал мэдүүлэг өгсөн талаар М бид хоёрт үнэнээ хэлж, уучлалт гуйсан бөгөөд Цэрэгбаяр утсан дээрээ ярьсан зүйлийг нь бичиж авсан.” гэх мэдүүлгүүдээр,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 257 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2875 дугаартай дүгнэлт,
хохирогч Л.Цаас гаргаж өгсөн 10 минут 4 секундийн бичлэг бүхий хуурцагт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь энэ хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүх хуралдааны үед шүүгдэгч С.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
“Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэрэг гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх журам, хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаа, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан эрүүгийн хуульд тусгайлан заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд,
шүүгдэгч С.М нь иргэн Г.Мийг ятгаж, түүнд хууль бусаар нөлөөлж, улмаар 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Т.Жгийн нэхэмжлэлтэй, С.Мад холбогдох хэргийн шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж, “талийгаач Л.Бнас барахаасаа өмнө надаас 3.000.000 төгрөг бэлнээр авсан” гэж худал мэдүүлэг өгүүлсэн үйлдэл нь хохирогчийн ашиг сонирхолд халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, гэм буруутай үйлдэл гэж үзнэ.
Шүүгдэгч С.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүх шүүгдэгч С.Мыг “гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч С.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч С.Мын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хуралдааны үед;
улсын яллагч “...шүүгдэгч С.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн,
хохирогчийн өмгөөлөгч “...хохирогч 25.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байгаа, нэхэмжлэлтэй холбоотой хохирол, төлбөр төлөх байдлыг нь харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Наранхүү “...шүүгдэгчид гар утас байгаа ч зарим тохиолдолд сүлжээгүй болдог, мөн иргэний хэргийн нэхэмжлэлтэй холбоотой зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй тул 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзлээ.
Шүүх шүүгдэгч С.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
шүүгдэгч С.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудал;
Энэ хэрэгт хураан авсан хоёр ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг,
4 дэх хавтаст хэргийн 55 дахь тал авагдсан мөрдөгчийн тэмдэглэлээр эд мөрийн баримтаар тооцон хураасан гэх “Samsung galaxy G6” загварын гар утас шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мад урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Мянган адуут овогт Сүрэнхорын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.М шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураасан хоёр ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
эд мөрийн баримтаар тооцсон гэх хохирогч Л.Цын “Samsung galaxy G6” загварын гар утас шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ