Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 394

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг би

Нэхэмжлэгч: Ц.С дүүрэг, *******,*******,******* байранд байрлах “*******” ХХК /РД:/-ийн

Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух, ******* Ц.С /РД:**********/-т холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 207.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “*******” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж тайлбарлахдаа: Ц.С манай компанитай гэрээ байгуулж маркийн гар утасыг урьдчилгаа төлбөргүй, 18 сарын хугацаатай сар бүр 25.000 төгрөг төлөх нөхцөлтэй худалдан авсан. Гар утасны хөнгөлттэй үнэ нь 498.500 төгрөг байсан. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэрээний 6.8-д заасан үүрэгтэй холбогдуулан гар утасны үнийг 535.000 төгрөгөөр тооцно. Эхний 13 сарын төлбөрийг хийгээд 14 дэх сараас төлбөрөө хийгээгүй. Мөн дугаарыг Хабрид 9900 багцийн үйлчилгээ авсан. Энэ үйлчилгээний төлбөр 29.700 төгрөгийг мөн төлөөгүй. Иймд үйлчилгээний хөлс, гар утасны үлдэгдэл төлбөр нийт  207.200 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “*******” ХХК-иас гар утсыг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр лизингээр худалдаж авсан. Жил гаруй хугацаанд төлбөрөө гэрээнд заасны дагуу төлсөн. 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн үед утсаа хулгайд алдсан. Энэ тухай цагдаад тэмдэглүүлсэн. “*******” ХХК-ийн нэг давхарт очиж мэдэгдсэн. 2017 оны 08 дугаар сарын төлбөр 9.900 төгрөгийг төлж болно. Үлдэгдэл төлбөрийг миний 10 гаруй жил хэрэглэсэн дугаарыг зөвшөөрөлгүй бусдад зарж хохироосон учраас төлөхгүй гэж бодож байна гэв.

 

         ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзсэн.

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Ц.Саас худалдах худалдан авах гэрээний үүрэг 207.200 төгрөг гаргуулахыг шаардсан.

             

            Хариуцагч Ц.С нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан. Тэрээр маргаж буй үндэслэлийг “худалдаж авсан утсаа хулгайд алдсан. Энэ тухай үйлчилгээний ажилтанд мэдэгдсэн. 10 гаруй жил хэрэглэсэн дугаарыг миний зөвшөөрөлгүй бусдад худалдаж хохироосон” гэж тайлбарласан.

 

            Хариуцагч Ц.С нь нэхэмжлэгч “*******” ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулж урьдчилгаа төлбөргүй, 535.000 төгрөгийн үндсэн үнэтэй, 495.000 төгрөгийн хөнгөлөлттэй үнэтэй маркийн гар утсыг 18 сарын хугацаанд сар бүр 25.000 төгрөг төлөх нөхцөлтэй гэрээг бичгээр байгуулж 13 сарын төлбөр 357.500 төгрөг төлсөн маргаангүй үйл баримтаас үзэхэд  зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

            Талууд гэрээний хугацааг 18 сараар тогтоосон бөгөөд хариуцагч Ц.С нь гэрээгээр хүлээсэн үүргээ 13 сарын турш биелүүлсэн, үлдэх 5 сарын үүргийг биелүүлээгүй, үүргийг ялимгүй зөрчсөн байхад гар утасны үлдэгдэл төлбөрийг үндсэн үнээр тооцож авсаныг шудрага ёсны зарчимд үл нийцнэ гэж үзсэн. 

 Мөн хариуцагч Ц.Сыг дугаарын Хабрид 9900 багцын үйлчилгээ хэрэглэж байх үедээ гэрээний 6.8-д заасан “Хэрэглэгч гар утсаа алдсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэгчид нэн даруй мэдэгдэж үйлчилгээг хаалгах” үүргээ биелүүлээгүй үндэслэлээр 2017 оны 08-10 дугаар сарын үйлчилгээний төлбөр 29.700 төгрөг шаардсанаас  хариуцагч Ц.С 2017 оны 08 дугаар сарын үйлчилгээний төлбөр 9.900 төгрөг төлөхийг зөвшөөрсөн. Гэрээний 6.8-ыг хэрэглэгч биелүүлээгүй тохиолдолд үйлчилгээг ашигласан эсэхээс үл хамааран үйлчилгээний эрхийг үйлчилгээ үзүүлэгчээс хаах хүртэлх хугацааны төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлах боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас гар утасны үнэ 137.500 төгрөг, үүрэн холбооны үйлчилгээний төлбөр 9.900 төгрөг хангаж, үлдэх 60.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч Ц.Саас 147.400 /нэг зуун дөчин долоон мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 60.000 /жаран мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.           

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6.866 /зургаан мянга найман зуун жаран зургаа/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.Саас 5.072 /таван мянга далан хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шүүхийн шийдвэр гарснаас хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

           

 

ДАРГАЛАГЧ                                    Л.ЭНХБИЛЭГ