Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 118/ШШ2020/0008

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Засаг дарга, ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* сумын Засаг дарга Б.******* огцруулах тухай Б/39 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сумын Засаг даргыг огцруулах тухай 72 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******, хариуцагч Б., түүний өмгөөлөгч Б., хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В., түүний өмгөөлөгч Э.сүрэн, гуравдагч этгээд Ч., түүний өмгөөлөгч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 онд Завхан аймгийн Засаг дарга Д. Б/09 дүгээр захирамжаар Завхан аймгийн ******* сумын Засаг даргаар томилогдон улмаар 2018, 2019 онд аймгийн Засаг даргатай байгуулсан Төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гүйцэтгэлийн гэрээ-г хангалттай сайн биелүүлсэн гэж дүгнэгдэж аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/234 дүгээр захирамж, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/425 дугаар захирамжаар гэрээний үр дүнгийн урамшууллаар шагнагдаж байсан. Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2019 оны 15 дугаар хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, хурлаар 11 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан. Энэ хуралдаанаар сумын Засаг даргын 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг сонссон бөгөөд уг хурал дээр сумын Засаг даргын 2019 оны ажлыг хангалтгүй байгаа талаар хурлын төлөөлөгчдийн хэн аль нь ямар нэгэн дүгнэлт өгөөгүй, сумын Засаг даргыг огцруулах асуудлыг уг хуралдаанаар огт хэлэлцээгүй юм. Өөрөөр хэлбэл ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2019 оны 15 дугаар хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын жагсаалтад ******* сумын Засаг даргыг огцруулах асуудал огт байгаагүй. Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр илт хууль бусаар Сумын Засаг даргыг огцруулах тухай ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 72 дугаар тогтоолыг гаргаж уг тогтоолд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэсэн огноог нөхөн бичсэн байдаг. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч А. ******* сумд ирж, Ч. /******* сумын Засаг даргаар томилогдсон/, Б. /******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шинэ дарга/ нарын машинд шатахуун хийж, ******* сумын , чиглэлд явуулж ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг аялуулна гэж цуглуулсан байдаг. А. Хурлын төлөөлөгч нарыг өөрийн гэрт болон зочид буудалд байрлуулж, хооллож, хонуулсан байдаг бөгөөд хоосон цаасан дээр төлөөлөгч нарын гарын үсгийг зуруулсан байсан. Ямар учиртайг асуухад маргааш сумын Засаг даргын ажлыг хэлэлцэнэ гэснээс өөр юм хэлээгүй гэдэг. Энэ цаасанд 9 төлөөлөгч гарын үсэг зурж зарим нь гарын үсэг зураагүй талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ч., Ч. нар ярьдаг. 2019 оны 12 дугаар сарын 16-ны орой 23 цагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж дууссан /тарсан/ байхад 2019 оны 12 дугаар сарын 17-ны шөнө 01 цагт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч А. болон Ч., Б. нарын хэсэг хүмүүс 9 төлөөлөгчийн гарын үсэг зурсан хоосон цаасыг ашиглан Сумын Засаг даргыг огцруулах тухай ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг бичсэн байгаа юм. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 72 дугаар тогтоолд Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн Засаг дарга овогтой ******* 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас огцруулсугай гэсэн боловч хуульд заасан ямар чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн асуудлаар холбогдох тооцоо судалгаа хийгээгүй, баримт лавлагаагүй, надад огт мэдэгдээгүй, миний санал тайлбарыг сонсоогүй, хурлаар хэлэлцээгүй зэрэг хуульд заасан журмыг илт зөрчсөн тул би уг тогтоолыг огт үндэслэлгүй, хууль бус гэж дүгнэж байгаа. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь эрх зүйн чадамжгүй хурал бөгөөд Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2016 оны сонгуулийн дахин сонгуулийг товлон зарлаж, тус сумын хэмжээнд зохион байгуулж явуулахыг Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ******* сумын Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэсэн байдаг. ******* сумын Сонгуулийн хороо шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байгаа юм. Ийнхүү эрх зүйн чадамжгүй ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хууль бусаар, хуулиар тогтоосон журмыг зөрчиж, хуулиар олгогдсон эрх хэмжээнээс хэтрүүлэн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 72 дугаар тогтоолыг гаргаж, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Засаг дарга Д.д хүргүүлсэн байдаг. Аймгийн Засаг дарга Д. тогтоолыг хянах үүргээ хэрэгжүүлэлгүй, уг тогтоолыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/39 дүгээр захирамжаар ******* сумын Засаг дарга Б. намайг огцруулж, мөн өдрийн Б/40 дугаар захирамжаар Ч.г ******* сумын Засаг даргын ажилд томилсон. Аймгийн Засаг дарга Б/39 дугаартай захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргах журмыг хэрэгжүүлээгүй, актын үйлчлэл шууд чиглэж буй намайг захиргааны акт гаргах ажиллагаанд оролцох эрхийг хангаагүй, надад огт мэдэгдэлгүй захирамж гаргаж миний хуулиар олгогдсон бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэх эрхийг ноцтой зөрчсөн. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сумын Засаг даргыг огцруулах тухай 72 дугаар тогтоол гарсны дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Засаг даргын Ажил дүгнэж, урамшуулал олгох тухай А/425 дугаар захирамж гарсан байдаг бөгөөд уг захирамжийн дагуу миний бие 2019 оны гэрээний хэрэгжилтийн үр дүнгийн урамшууллаа авах хүсэлт тавихад ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга М. та огцорсон, тиймээс танд урамшуулал олгохгүй гэж хэлээд надад урамшуулал олгоогүй. Миний бие ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сумын Засаг даргыг огцруулах тухай 72 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* сумын Засаг дарга Б.******* огцруулах тухай Б/39 дүгээр захирамжийг тус тус 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өөрөө шаардаж байж хүлээж авсан. Иймд 1. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сумын Засаг даргыг огцруулах тухай 72 дугаар тогтоол илт хууль бус болохыг тогтоолгох, 2. Завхан аймгийн Засаг дарга Б. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* сумын Засаг дарга Б.******* огцруулах тухай Б/39 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлага гаргаж байна гэжээ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх хүсэлтдээ: Б.******* нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Үүнд: 1. Завхан аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сумын Засаг даргыг огцруулах тухай 72 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, 2. Завхан аймгийн Засаг дарга Д. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* сумын Засаг дарга Б.******* огцруулах тухай Б/39 дүгээр захирамжийг хүчингүй болгох. 3. Урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох 4. Ажилгүй байх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б. нь Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сумын засаг даргыг огцруулах тухай 72 дугаар тогтоол, Завхан аймгийн Засаг дарга Д. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* сумын Засаг дарга Б.******* огцруулах тухай Б/39 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. ... ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сумын Засаг даргыг огцруулах бүрэн эрхтэй эсэх талаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 г хэсэгт Сум дүүргийн Хурал нь Сум дүүргийн Засаг даргыг огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах эрхтэй, 32 дугаар зүйлийн 32.2-д ...тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг даргад хүргүүлнэ гэж тус тус заажээ. Дээрх зохицуулалтаас харахад ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь зөвхөн сумын Засаг даргыг огцруулах санал гаргах бүрэн эрхтэй. Гэтэл тус хурал 72 дугаар тогтоолоороо Засаг дарга Б.******* шууд огцруулж өөрийн бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар тогтоол гаргасан байна. ... ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэр гаргах ажиллагааны журмыг хэрэгжүүлсэн эсэх талаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар асуудал хэлэлцэх, хурлаас шийдвэр гаргах журмыг нарийвчлан зохицуулсан. Иргэдийн төлөөлөгчдийн Хурлыг товлон зарлах талаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх нь Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарч байх ба уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулахаар тус тус заасан. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 15 дугаар хуралдааныг 2019 оны 12 сарын 16-ны өдөр хуралдуулахаар буюу хурал болохоос 14 хоногийн өмнө товлосон. Мөн гэрчүүд хурлын зарыг төлөөлөгч нарт 12 дугаар сарын 6-наас 12 дугаар сарын 10-ны хооронд хүргэсэн гэж мэдүүлснээр ээлжит бус хурлыг 15-аас доошгүй хоногийн өмнө зарлахаар зохицуулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4 дэх заалтыг зөрчсөн байна.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөг баталсан талаар: ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2019 оны 12 сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаарт Хурлын зар, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хурлын төлөөлөгчид болон урилгаар оролцох албан тушаалтанд хүргүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад даалгасугай гэсэн байгаа нь 15 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 22 дугаар тогтоолоор баталсан юм байна гэж ойлгохоор байгаа. Гэтэл гэрч А. Би өөрөө хурлын тэргүүлэгч учир хурлаар хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөг хурал болохоос 2-3 хоногийн өмнө 12 сарын 14-ний өдөр хуралдаж баталсан гэж мэдүүлснээр ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг 12 сарын 14-ний өдөр батлагдсан болох нь нотлогдож байна. Иргэдийн төлөөгчдийн Хурлын 15 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө хэрэгт авагдсан байгаа бөгөөд түүнд 12 асуудал хэлэлцэхээр байдаг. Эдгээр хэлэлцэх асуудлууд дотор ******* сумын Засаг даргыг огцруулах тухай асуудал байдаггүй. .... ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын намын бүлгийн ******* сумын Засаг даргыг огцруулах хүсэлт уламжлах тухай 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгийг 9 төлөөлөгч дэмжиж гарын үсэг зурсан байдаг. Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч хуралд асуудал оруулах эрхтэй хэдий ч Засаг даргыг огцруулах асуудлыг хуралд оруулахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Энэ хуулийн 24.1, 24.2-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гаргах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос нэг хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах гэж заасныг зөрчсөн байна. Дээрх хуулийн 24.3 дахь заалт Хурлын хуралдаанаар хэлэлцэх бүхий л асуудалд хамаатай бөгөөд энэ журмыг зөрчсөн нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүх төлөөлөгчид сумын Засаг даргыг огцруулах ямар үндэслэл байгаа талаар мэдээлэл авах, Засаг дарга өөрийг нь огцруулах болсон үндэслэлийн талаар тайлбар, лавлагаа, тооцоо, судалгаа гаргах, боломжийг түүнд олгоогүй байна.

.... ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 72 дугаар тогтоол эрх зүйн үндэслэлтэй эсэх талаар: .... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиийн 32 дугаар зүйлийн 32.2 дах хэсэгт Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол огцруулахаар заасан. Гэтэл ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 72 дугаар тогтоолоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 хэсэгт Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж заасныг үндэслэж гаргасан бөгөөд сумын Засаг даргыг огцруулахаар шийдвэрлэсэн нь актын үндэслэл тухайн актын агуулга зорилгодоо нийцээгүй, хуульд үндэслэх зарчмыг хэрэгжүүлж чадаагүй байна. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал намын бүлгийн ******* сумын Засаг даргыг огцруулах хүсэлт уламжлах тухай 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн албан бичигт Засаг дарга Б.******* огцруулах үндэслэлээ ...ажиллаж байх хугацаандаа намын бодлого, мөрийн хөтөлбөрийг төр засгийн шийдвэртэй уялдуулан зохион байгуулах ажлыг хангалтгүй биелүүлсэн, намын гишүүд дэмжигчдийн эв нэгдлийг ханган ажиллаж чадаагүй, төрийн албан хаагчдыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтанд оруулж ажиллаагүй гэсэн байна. Тус албан бичигт Засаг дарга Б.******* гэмт хэрэг үйлдсэн, эсхүл хууль тогтоомж зөрчсөн, эсхүл Засаг дарга хуулиар хүлээсэн ямар чиг үүргээ, хэрхэн хэрэгжүүлж чадаагүй талаар огт заагаагүй.

Аймгийн засаг даргын Б/39 дүгээр захирамжийн хувьд: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. гэж заасан. ... Хариуцагч, аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа ... сумын Засаг даргыг огцруулах тухай 72 дугаар тогтоолыг аймгийн Засаг дарга 5 хоногт хянаж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасан үндэслэл журмын дагуу сумын Засаг даргыг огцруулах тухай тогтоол гаргасан гэж үзэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.2, 32.3-д зааснаар шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байгаа боловч Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Ирсэн баримт бичгийн бүртгэл-д ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 72 дугаар тогтоол-1 хуудас баримт ирсэн гэж бүртгэсэн байна. Энэ нотлох баримт хариуцагч талын 72 дугаар тогтоол хуульд заасан үндэслэл, журамд нийцэж байгаа эсэхийг хянасан гэх тайлбарыг үгүйсгэж байна. .... ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сумын засаг даргыг огцруулах тухай 72 дугаар тогтоолыг аймгийн Засаг дарга 2019 оны 12 сарын 24-ний өдөр хүлээн авсан нь Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Ирсэн баримт бичгийн бүртгэл-ээр тогтоогддог. Уг тогтоолыг хуульд заасан хугацаанд буюу 5 хоногт хянах явцдаа Аймгийн Засаг дарга нь ******* сумын Засаг дарга Б.******* ажлыг дүгнэж 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/425 дугаар захирамжаар түүнийг Төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гүйцэтгэлийн гэрээ-ний үүргээ хангалттай сайн биелүүлсэн гэж шагнаж, урамшуулсан байна. Тэгсэн атал 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 72 дугаар тогтоолоор сумын Засаг дарга Б.******* чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрч ******* сумын Засаг даргыг огцруулах шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна. Ийнхүү Аймгийн Засаг даргын Б/39 дүгээр захирамж ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуульд үндэслэх зарчимд нийцээгүй, хуульд заасан журмыг зөрчиж гаргасан 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 72 дугаар тогтоолд үндэслэсэн байдлаараа хууль зүйн үндэслэлгүй захиргааны акт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д заасныг хэрэгжүүлээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны ерөнхий журмыг хэрэгжүүлээгүй байдлаараа хууль бус захиргааны акт болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна гэв.

Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В. шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В. би нэхэмжлэлийг гардан аваад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сумын Засаг даргыг огцруулах тухай 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 72 дугаар тогтоолыг аймгийн Засаг даргад 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүргүүлсэн байдаг. Энэхүү тогтоолоор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 18 дугаар зүйлийн 18.1.1 г, 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалтыг тус тус үндэслэн тус сумын Засаг дарга Б.******* 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас огцруулсан байсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 г дэх заалтад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах онцгой бүрэн эрхтэй байхаар зохицуулсан байна. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт... Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж, хурлын даргад өргөн мэдүүлсэн бол хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаар хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж заасан байна. ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуульд заасан эдгээр бүрэн эрхийнхээ хүрээнд тус сумын Засаг дарга Б.******* албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэн хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь түүнийг огцруулах саналд гарын үсэг зурж хурлын даргад өргөн мэдүүлснээр хурал уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэсэн байдаг. Хурлаас ийнхүү шийдвэрлэснийг хурлын дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т зааснаар ...тухайн хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхийнхээ хүрээнд ёсчлон баталж, сумын Засаг даргыг огцруулах тухай тогтоол гарган аймгийн Засаг даргад хүргүүлсэн байдаг. Аймгийн Засаг дарга нь энэхүү тогтоолыг хүлээн аваад Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт зааснаар ...хурлаас ирүүлсэн Засаг даргыг огцруулах эсэх саналыг ажлын 5 хоногт хянаж, огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу хянан шийдвэрлэсэн. Аймгийн Засаг даргаас сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасан үндэслэл журмын дагуу сумын Засаг даргыг огцруулах тухай тогтоолоо гаргасан гэж үзэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд сумын Засаг даргыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь огцруулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: ... Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхөөр өмгөөлөгчдөө амаар хүсэлт гаргасан ч гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн амаар гаргасан хүсэлтийн дагуу өөрөө сайн дураараа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрх байхгүй. Нэхэмжлэгч нь өмгөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагын талаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, өөрчлөх, тодруулах болон бусад эрхийг итгэмжлэлээр олгосон тохиолдолд дээрх үйлдлийг хийж болно. Гэтэл хэрэгт итгэмжлэлээр энэ эрхийг олгосон зүйл харагдахгүй байгаа тул өмгөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн асуудал нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч өнөөдрийн шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа би нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөгүй, тодруулсан гэдгээ хэлсэн. Тэгэхээр ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ байна гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх ёстой. Маргаан бүхий 72 дугаар тогтоолд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-47.7-д заасан захиргааны актыг илт хууль бусад тооцох шинжүүдээс аль ч байхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаад байгаа 15 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Засаг даргыг огцруулах асуудал байгаагүй, огцруулах саналыг дэмжсэн бодит нөхцөл байдал нь Хурлын төлөөлөгчдөөр хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж огноог нь нөхөж бичсэн гэж яриад тогтоолыг нөхөж хийсэн мэтээр тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна. Тухайн үед Хурал ямар байдлаар явагдсан, ямар асуудлууд хэлэлцсэн, хурлаас ямар шийдвэр гарсан, Засаг даргыг огцруулах асуудлыг төлөөлөгчдөд танилцуулж санал авсан, дээрх ажиллагаа нь процессын алдаагүй, хуульд нийцсэн үйл ажиллагаа байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдож байна. Мөн нотлох баримтыг шинжлэн судлах явцад бид дээрх баримтуудтай танилцсан. Иймд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 72 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэл байхгүй. Мөн уг тогтоолыг дагаж гарсан аймгийн Засаг даргын 2019 оны Б/39 дугаартай захирамж нь хүчингүй болох үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд: 1.Энэ хуралдаанаар сумын Засаг даргын 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг сонссон бөгөөд уг хурал дээр сумын Засаг даргын 2019 оны ажлыг хангалтгүй байгаа талаар хурлын төлөөлөгчдийн хэн аль нь ямар нэгэн дүгнэлт өгөөгүй гэжээ. Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар ээлжит хуралд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, намын бүлгийн дарга А. нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасны дагуу ИТХ-ын дарга Б.т намын бүлэг 12 дугаар сарын 15-нд хуралдсан бөгөөд сумын Засаг дарга Б.т итгэл үзүүлэх талаар, олонхийн саналаар огцруулах саналыг бүлгийн гишүүдийн олонхи буюу 8 төлөөлөгчөөс дээш, нийт төлөөлөгчдийн гуравны нэг санал гаргасан тул Засаг даргыг огцруулах тухай саналыг ИТХ-д өргөн барьсан юм. 2. Нэхэмжлэгч буюу сумын Засаг дарга асан Б. нь тухайн хуралд буюу Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд байгаагүй, би мэдээгүй, надад мэдэгдээгүй мэтээр нэхэмжлэлд бичсэн байгаа нь илт худал зүйл юм. Хуралд Засаг даргыг огцруулах талаар сумын Засаг дарга өөрөө биечлэн оролцож намайг огцруулах тухай асуудлыг авч хэлэлцэх гэж байгаа бол би Тамгын газрын дарга М., орлогч дарга Н. нарын хамт огцрох саналтай байна. Мөн засаг дарга Б. нь би дээр хэлдэг үгээ хэлсэн, та бүхэн ойлгосон байх, та бүхний шийдвэрийг хүлээн авна гэж үг хэлж байсан юм. Мөн 18 цагийн үед УИХ-ын гишүүн З. нь хуралдаан дундуур орж ирж төлөөлөгчдтэй нэг нэгээр уулзаж, эцэст нь 22 цаг хүртэл Засаг дарга асан Б. тухайн хуралд байсан юм. 3. .... ИТХ-ын 15 дугаар хуралд сумын засаг даргыг огцруулах асуудлаар санал хурааж тооллогын комиссын дарга Ц. танилцуулснаар нийт 11 төлөөлөгчөөс 8 төлөөлөгч сумын засаг даргыг огцруулах саналыг дэмжсэнээр тогтоол гаргаж, аймгийн Засаг даргад уламжлахаар болсон. 4. ... 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр илт хууль бусаар сумын засаг даргыг огцруулах тухай ******* сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 72 дугаар тогтоолыг гаргаж уг тогтоолд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэсэн огноог нөхөн бичсэн байдаг гэжээ. ... ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар хуралдаан нь тус өдрийн өглөөний 11 цагт эхэлсэн боловч УИХ-ын гишүүн З. нь хуралдааны дундуур буюу 18 цагаас 22 цаг хүртэл хуралдааныг завсарлуулж, төлөөлөгч нартай нэг нэгээр ганцаарчлан уулзаж, нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчдөд нөлөөлөхийг оролдож, маш их цаг авсан нь хуралдааныг шөнийн 01 цаг 30 минут хүртэл сунжруулсан юм. 5. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч А., ******* суманд ирж Ч., ******* сумын Засаг даргаар томилогдсон Б., ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шинэ дарга нарын машинд шатахуун хийж ******* сумын , чиглэлд явуулж ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг аялуулна гэж цуглуулсан байдаг гэжээ. ... ИТХ-ын дарга Б. миний бие ******* сумын Засаг дарга Ч.той , багаар цуг явсан зүйл байхгүй. Мөн ганцаараа ч яваагүй байхад илт худал зүйл бичсэн байна. Харин аялах талаар хурлаас өмнө буюу 2019 оны 12 дугаар сарын 02-ны үед яригдсан зүйл. 6. 2019 оны 12 дугаар сарын 16-ны орой 23 цагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж дууссан байхад 2019 оны 12 дугаар сарын 17-ны шөнө 01 цагт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч А. болон Ч., Б. нарын хэсэг хүмүүс 9 төлөөлөгчийн гарын үсэг зурсан хоосон цаасыг ашиглан сумын Засаг даргыг огцруулах тухай ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг тогтоолыг бичсэн байгаа юм гэжээ. ... Хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж, цуглуулж явсан гэж илт худал зүйл бичсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Төлөөлөгч нарын нэр төрийг гутааж, гүтгэсэн байна. 7. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 72 дугаар тогтоолд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн Засаг дарга овогтой ******* 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас огцруулсугай гэсэн боловч хуульд заасан ямар чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн асуудлаар холбогдох тооцоо, судалгаа хийгээгүй, баримт лавлагаагүй, надад огт мэдэгдээгүй миний санал тайлбарыг сонсоогүй хурлаар хэлэлцээгүй зэрэг хуульд заасан журмыг илт зөрчсөн тул би уг тогтоолыг огт үндэслэлгүй, хууль бус гэж дүгнэж байгаа гэжээ. .... Хурлаар Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байхад сумын Засаг дарга асан Б. би өөрөө өргөдлөө өгье, гэхдээ намайг 2 сар хүртэл байлгачих гэж байснаа дараа нь төлөөлөгч буюу Засаг даргын орлогч Н., Засаг даргын Тамгын газрын дарга М. хамт огцрох саналтай байна гэж хүртэл ярьж байсан. Эцэст нь буюу гүүрний асуудал болон бусад ажлыг хэлэлцэж байхад үндэслэл бүхий тайлбар хэлэхгүй атлаа би хэлдэгээ хэлсэн хэрэв огцруулах юм бол би та бүгдийн шийдвэрийг хүндэтгэлтэйгээр хүлээн авна гэж хүртэл ярьж байсан хүн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа миний санал, тайлбарыг сонсоогүй хурлаар хэлэлцээгүй гэж илт худал зүйл бичсэн байгааг гайхаж байна. 8. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь эрх зүйн чадамжгүй хурал бөгөөд Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр ******* сумын Сонгуулийн хороо шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байгаа юм. Ийнхүү эрх зүйн чадамжгүй ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хууль бусаар хуулиар тогтоосон журмыг зөрчиж, хуулиар олгогдсон эрх хэмжээнээс хэтрүүлэн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 72 дугаар тогтоолыг гаргасан гэжээ. ... Тус шүүхийн шийдвэр нь Завхан аймгийн ******* сумын Сонгуулийн хороонд дахин сонгуулийг зохион байгуулж, явуулахыг даалгасан шийдвэр тул эрх зүйн чадамжгүй гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч: ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заагдсан өөрийн бүрэн эрхийн дагуу олонхоор хурлаа явуулсан байна. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Засаг даргыг огцруулах асуудал орсон ороогүй талаар нэхэмжлэгч талаас маргаж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заагдсан санал оруулах эрхийн хүрээнд мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасан шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Төлөөлөгчдөд тараах гэсэн заалттай. Тараах гэдэг заалт нь төлөөлөгч нар нь мэдээлэлтэй байгаад шийдвэр гаргах явцад нь мэдээллээ үндэслэж шийдвэр гаргах ажиллагаанд оролцох гэсэн агуулгатай хуулийн заалт. Тэгэхээр Хурлын төлөөлөгч нар бүлгийн хурал гэж хийгээд бүлгийн хурлаараа 11 төлөөлөгч дэмжсэн байдаг. Мэдээллийг бүрэн хангалттай авсан гэж үзэж байна. Намын бүлэг Засаг даргыг огцруулах эсэх талаар шийдвэр гаргах эрх байхгүй гэсэн зүйл ярьж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд ийм заалт байхгүй боловч энэ нь Засаг даргыг огцруулах асуудлыг намын бүлгийн хурлаар хэлэлцээд шийдвэрлэсэн, Төлөөлөгч нар энэ асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болохоос өмнө мэдсэн гэдгийг харуулж байгаа асуудал. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурсан бол гэж байгаа. Нэгэнт Засаг даргыг огцруулах саналд Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь гарын үсэг зурсан, санал оруулсан байна. Намын бүлэг ч бай Хурлын Төлөөлөгчид ч бай эдгээр хүмүүсийн үндсэн сонгуульт ажил нь ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн ажил учраас олонх нь дэмжиж гарын үсэг зурсан байна. Засаг даргыг огцруулах үндэслэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан Чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол... гэсэн үндэслэлээр саналаа уламжилсан байгаа. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 72 дугаар тогтоолыг огцруулсугай гэж өөрийн эрх хэмжээг хэтрүүлж гаргасан байна гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан. Үүнийг хариуцагчийн зүгээс техникийн шинжтэй алдаа гарсан гэдгийг хэлсэн. Мөн 72 дугаартай тогтоолын 2 болон 3 дахь заалтад уг асуудлыг аймгийн Засаг даргад уламжилж шийдвэрлүүлэх тухай тодорхой заасан байгаа. Түүнээс Хурлын дарга өөрөө бие дааж шийдвэр гаргасан зүйл байхгүй. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумын Засаг даргыг огцруулах асуудлыг 72 дугаартай тогтоолоор уламжилснаар аймгийн Засаг дарга Б/39 дугаартай захирамжаа гаргасан. Сумын Засаг дарга нь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд хуульд заасан үүргээ биелүүлээгүй учраас иргэд амлалт нэхсэн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид дахин сонгогдох боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Тийм учраас Засаг даргыг огцруулах санал хуралдаанаар хэлэлцэгдсэн байна. Нэхэмжлэгч нь өөрөө ямар эрх зүйн үндэслэлээр ажиллаж байсан гэдэг нь тодорхойгүй байна. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын өмнө тулгамдсан асуудал нь ажил хэрэгжүүлээгүй байх явдал. Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоолоор өгсөн үүргүүдийг биелүүлэх ёстой. Хурлаас Засаг даргад удаа дараа үүрэг чиглэл өгсөн байна. Үүрэг чиглэлийн хүрээнд ямар ажил хийсэн, ажлаа яаж гүйцэтгэснээ эргэж тайлагна гэсэн байна. Тухайн үүргүүдийн явцын талаар тухай бүр тайлагнасан бол өнөөдөр ийм асуудал яригдахгүй байсан. Засаг дарга нь 2018 оны 2 сарын 5-ны өдөр сумын Засаг даргаар томилогдоод, өөрийн гэсэн мөрийн хөтөлбөр байхгүй тул өмнөх Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэхээр өөрөө саад болсон гэдгийг төлөөлөгч нар хэлдэг. Хэргийн бодит байдлаас харахад төлөөлөгч нар аргагүйд хүрч Засаг даргыг огцруулах санал гаргасан байна гэж ойлгож байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заагдсан дэд бүтцийн асуудлаар авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн чанартай зам гүүр барих ажлыг зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэгтэй. Үүний дагуу хуульд заагдсан чиг үүргээ хэрэгжүүлээч гэдэг байдлаар сумын иргэдийн Төлөөлөгчид 2019 оны 8 сард үүрэг чиглэл өгсөн байна. 9 сард уг үүргийн биелэлтийг тайлагнах байсан байна. Гэтэл үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байсан учраас огцруулсан байна. Засаг даргыг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн тогтоол одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа. Дараагийн асуудал нь нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байдлаа тодруулсан гэж маргаад байна. Хэрэв нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан юм бол энэ асуудал өнөөдрийн шүүх хуралдаан дээр яригдах уу? Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд ямар тохиолдолд илт хууль бус байх, ямар тохиолдолд хүчингүй болохыг тодорхой зааж өгсөн шалгууртай байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь өмгөөлөгчдөө нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, тодруулах эрхийг итгэмжлэл эсвэл гэрээгээр олгоогүй байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байна. Энэ нь процессын алдаа болох вий, энэ шүүх хуралдаан дахин явагдах нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй учраас шүүх энэ байдлыг анхаарч үзэхийг хүсье. Миний хувьд нэхэмжлэлийн анхны шаардлага буюу илт хууль бус гэсэн шаардлага одоог хүртэл явж байна гэж харж байна. Тийм учраас илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэл байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох бүрэн боломжтой гэж үзэж байна гэв.

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 15 дугаар хуралдааныг Хурал биш хуйвалдаан болгож, хуурамч тогтоол үйлдэж, Засаг дарга болсон мэтээр нэхэмжлэгч тал нь шүүхэд хандсан байдаг. Засаг дарга Б. нь 2018 онд Засаг дарга болохдоо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас биш ардчилсан намын бүлгийн хурлаас дэмжигдэж Засаг дарга болсон. Тухайн үед би багийн Засаг даргаар ажиллаж байсан учраас үүнийг мэдэж байгаа юм. Энэ хоёр хуралдааны тухайд хоёр өөр зөрүүтэй ойлголт. Шүүх асуудлыг нотлох баримтаас харж дүгнэж үнэн зөвийг тогтоох байх гэж бодож байна гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгээс харж байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Дээр нь нэмж хэлэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д нэхэмжлэгчийн эрхийг маш тодорхой заасан. Энэ эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр өөрчилж байна гэж ойлголоо. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т нэхэмжлэгч хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тайлбар өгөх эрхийг нь хариуцагч, гуравдагч этгээд нарт олгосон байна. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс өнөөдрийн шүүх хуралдааныг талуудын эрх тэгш мэтгэлцэх боломжийг хязгаарласан, энэ эрхийг хангаагүй, албан ёсоор гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, хурал дээр хэргийн оролцогчдоос гаргаж өгсөн баримтыг бусад оролцогч нарт танилцуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн шүүх хуралдаанд оролцлоо гэж үзэж байна. Хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭЛ

1. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сумын засаг даргыг огцруулах тухай 72 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Б. нь анх ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сумын засаг даргыг огцруулах тухай 72 дугаар тогтоолыг илт хууль бусад тооцуулах, Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* сумын Засаг дарга Б.******* огцруулах тухай Б/39 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстөй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр тус шүүхэд гаргасан байна.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай хүсэлт гаргаж уг хүсэлтэд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сумын засаг даргыг огцруулах тухай 72 дугаар тогтоолыг илт хууль бусад тооцуулах шаардлагыг ... 72 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэгчийн хүссэн эрх зүйн үр дагаврын хувьд адил буюу маргаан бүхий актын эрх зүйн үйлчлэлийг зогсооход чиглэсэн байдлаар зөвтгөн тодруулж, бусад шаардлагыг хэвээр үлдээж ирүүлснийг хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч, болон гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж гаргах эрхгүй этгээд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилснийг шүүх хүлээн авч хэргийн оролцогч нарт гардуулаагүй гэж маргаж байна.

3. Нэхэмжлэгчийн анх гаргасан ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сумын засаг даргыг огцруулах тухай 72 дугаар тогтоолыг илт хууль бусад тооцуулах шаардлага нь хөөн хэлэлцэх хугацааны хувьд алдаагүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгч маргаан бүхий актуудыг 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч шүүхэд 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр нэхэмжлэл гаргасан, мөн нэхэмжлэгч түүний өмгөөлөгч маргаж буй 72 дугаар актын алдааг ... хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдаагүй, Засаг даргыг огцруулах асуудлыг хурлын төлөөлөгчдөд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа гарах шийдвэрийн төслийн хамт 1 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэлгүй хурлаар шууд хэлэлцүүлж хуульд заасан журам зөрчсөн тул хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа зөвтгөж, тодруулсан гэж тайлбарлаж байна.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх,... эрхтэй гэж заажээ. Тодруулбал нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан маргаж буй актаа өөрчлөх эрх нь зөвхөн нэхэмжлэгч, түүнээс тусгайлан олгогдсон итгэмжлэлд заасан тохиолдолд төлөөлөгчид үүсдэг эрх ба нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа зөвтгөх, тодруулах нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэх агуулга, хэлбэрт хамаарахгүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх гэж нэхэмжлэгч маргаж буй захиргааны актаас агуулга, хэлбэрийн хувьд өөр захиргааны актад холбогдуулж нэхэмжлэл гаргахыг ойлгохоор байна.

5. Дээрх тохиолдолд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь маргаан бүхий 72 дугаар тогтоолыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлд хамаарах акт буюу 72 дугаар тогтоолыг өөрчлөлгүй, харин 72 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах гэж зөвтгөж, тодруулсан байх ба энэ нь нэхэмжлэл өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэл биш, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөж, тодруулсныг нэхэмжлэгч дэмжсэн, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаа зөвтгөж тодруулсныг тус шүүхээс хэргийн оролцогчдод танилцуулсан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрхгүй, шүүх өөрчлөгдсөн нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн оролцогчдод гардуулах үүргээ биелүүлээгүй гэх хариу тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

6. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сумын засаг даргыг огцруулах тухай 72 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15 дугаар хуралдааныг 2019 оны 16-ны өдөр зарлан хуралдуулахаар, хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хурлын төлөөлөгчдөд хүргүүлэхийг хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэсэн байна. Улмаар уг хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг 13 зүйлтэйгээр баталсан байх ба уг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ******* сумын Засаг даргыг огцруулах асуудал тухайлан тусгагдаагүй байна.

7. Хэргийн үйл баримтаас дүгнэхэд 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь намын бүлэг хуралдаж ******* сумын Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг нууц санал хураалтаар шийдэж бүлгийн хуралд оролцсон 11 төлөөлөгчөөс 10 төлөөлөгч нь Засаг даргыг огцруулах асуудлыг хурлаар оруулах нь зүйтээ гэж шийдвэрлэсэн байна. Улмаар 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдсан ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15 хуралдаан дээр тус хурал дахь намын бүлгийн 9 гишүүний гарын үсэг бүхий 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай албан бичгээр тус сумын Засаг дарга Б.******* огцруулах саналыг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өргөн барьсан байна.

8. Хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон зарим гэрчүүдийн мэдүүлснээр сумын Засаг даргыг огцруулах асуудал нь 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 22 дугаар тогтоолоор баталсан 15 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний 12 дахь хэсэгт буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дотоод зохион байгуулалт, цаг үеийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх гэсэн агуулгад багтаж байгаа гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн намын бүлгийн хурал дээр Засаг даргыг огцруулах саналыг хуралдаанд оруулахаар болж 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын 9 дүгээрт хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.

9. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 г/ Засаг даргыг ... огцруулах санал гаргаж аймгийн ... Засаг даргад уламжлах нь сумын хурлын онцгой бүрэн эрхэд хамаарахаар, 20 дугаар зүйлийн 20.1.1-д Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх нь хурлын тэргүүлэгчдийн бүрэн эрхийн асуудал байхаар, 21 дүгээр зүйлийн 21.1-д ..., сумын Хурал нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, ... чиг үүрэг бүхий хороог байгуулан ажиллуулахаар ..., 22 дугаар зүйлийн 22.1.1-д тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх нь сумын Хурлын дарга бүрэн эрх гэж заажээ.

10. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т ... бусад хуралдааныг ... Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна, 24 дүгээр зүйлийн 24.1-д Хурлын Тэргүүлэгчид, түүнчлэн төлөөлөгч, ... асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй, 24.3-т Энэ хуулийн 24.1-д, ... заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэжээ. Дээрхээс үзэхэд хуралдааныг 15-с доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулах, хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан, түүнчлэн хуралд хэлэлцүүлэхээр оруулсан саналд холбогдох тооцоо, гарах шийдвэрийн төслийг төлөөлөгчдөд 1 хоногийн өмнө тараасан байх шаардлагыг хангаагүй асуудлыг хурлаар хэлэлцэхгүй байхаар журамласан байна.

11. Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж, хуралдаан эхлэхээс 14 хоногийн өмнө зарлан хуралдуулсан хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд багтаагүй, Засаг даргыг огцруулах санал, шийдвэрийн төслийг төлөөлөгчдөд 1 хоногийн өмнө урьдчилан тараалгүй 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар шууд хэлэлцүүлж Б.******* ******* сумын Засаг даргаас огцруулсан болох нь тогтоогдож байх тул ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сумын засаг даргыг огцруулах тухай 72 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Нэгэнт хуулиар тогтоосон хуралдааны журам зөрчсөн тул хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, түүний өмгөөлөгчийн тайлбарлаж буй нэхэмжлэгч албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул огцруулсан гэх үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

12. Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* сумын Засаг дарга Б.******* огцруулах тухай Б/39 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т Дээд шатны Засаг дарга, ... энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ, мөн хуулийн 32.2-т Засаг дарга ...,түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг даргад хүргүүлнэ гэжээ.

13. Хариуцагч Завхан аймгийн Засаг дарга нь ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сумын засаг даргыг огцруулах тухай 72 дугаар тогтоолоор хүргүүлсэн саналыг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шийдвэрлэхдээ хуульд заасан ажлын 5 хоногт хянах үүргээ биелүүлэлгүйгээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-т заасан журмыг зөрчиж хуралдсан хуралдааны хууль бус тогтоолыг үндэслэн Б.******* огцруулсан нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэл болж байна.

14. Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстөй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Завхан аймгийн Засаг даргын захирамжаар Б.******* үндэслэлгүйгээр огцруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын 7а/-д заасны дагуу нэхэмжлэгч Б.******* ажилгүй байсан 103 хоногийн дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор 6.039.817 төгрөгийг ******* сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгуулах нь зүйтээ байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.3, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн ******* иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сумын засаг даргыг огцруулах тухай 72 дугаар тогтоол, Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/39 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, Б.******* ******* сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгч Б.******* ажилгүй байсан 103 хоногийн цалинтай тэнцэх 6.039.817 төгрөгийн олговроос зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 35.100 төгрөг, хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас 35.100 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд дээрх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР