Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2025/0385

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Д-ы нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Б.Д

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сд

Нэхэмжлэлийн шаардлага Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 35 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д

Хэргийн индекс: 110/2025/0015/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Д- нь “Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д-ыг үүүрэгт ажлаас халах тухай” Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 35 дугаар шийдвэрээр “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.16, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 55 дугаар зүйлийн 55.2, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.8, 7.3, 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Д-ы Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д-ыг үүрэгт ажлаас халах тухай Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрч байна.

3.1. Ажил олгогчийн 2025.01.02-ны өдрийн "Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д-ыг үүрэгт ажлаа халах тухай 5101 дүгээр тушаалдаа .... холбогдох тайлан мэдээгээ хугацаанд гаргаж өгөөгүй..." гэжээ. Гэтэл хариуцагч талаас Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д- нь чухам ямар холбогдох тайлан мэдээг, хэдий хугацаанд гаргаж өгөөгүй байсан гэдгийг шүүхийн өмнө нотолж чадаагүй гэж үзэж байна.

3.2. Ажил олгогчийн мөн тушаалдаа "...2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт ...хугацаанд гаргаж өгөөгүй" гэжээ. Гэтэл хариуцагч талаас Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д-ы 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн юм. Нөгөө талаас Б.Д- нь 2024 оны 12 дугаар сарын 11-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 20-но хооронд хүн эмнэлэгт өвчний учир эмчлүүлж байсан, эмнэлгээс гарсны дараа аймгийн төвд хоёр байгууллагын сургалтад хамрагдсан ба тэрээр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд очингуут 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг Дэлүүн сумын ЗДТГ-ын даргад гаргаж өгсөн байна. Иймээс ажил олгогчийн тушаалд дурдсан 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хугацаанд гаргаж өгөөгүй гэж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна.

3.3. Ажил олгогчийн мөн тушаалдаа "...12 дугаар сард ажлын 16 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас тасалсан..." гэжээ. Гэтэл захиргааны хэрэгт Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д- нь 2024 оны 12 дугаар сарын 11-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрий дуустал Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Эрүүл мэндийн төвийн эмнэлэгт цөс зогсоншил, архины шалтгаант зан төрхийн эмгэг оношоор 2 хоног, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэц наркологийн тасагт 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг оношоор тус тус хэвтэн эмчлүүлж байсан нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Сум дундын эмнэлгийн тодорхойлолт болон тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэц наркологийн тасгаас нээсэн өвчний түүх зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна. Ийнхүү нэхэмжлэгч Б.Д- нь өвчний учир эмнэлэгт нилээд хугацаанд хэвтэн эмчлүүлсэн явдал нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж байна. Түүнчлэн Б.Д-ыг ажил тасалсан гэж буруутгаж байгаа боловч тэрээр Баян Өлгий аймгийн Прокурорын газраас болон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зохион байгуулсан сургалтад сууж байсан нь нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх уг маргааныг хянан шийдвэрлэхэд зөвхөн нэг талыг барьсан гэж үзэж байна. Учир нь ажил олгогч Б.Д-ыг 2024 оны 12 дугаар сард 16 хоног ажил тасалсан гэж байхад анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сард хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр 17 хоног ажил тасалсан гэж дүгнэж байгаа явдалд гайхаж байна. Шүүх Б.Д-ы цагийг бүртгэж байсан юм уу. Ер нь аливаа хүнд эрүүл мэндээ хамгаалах буюу эмчилгээ хийлгэх нь тэргүүн зэргийн ач холбогдолтой, тэр хүн цаашид амьд явах баталгааг хангах бүхий амьдралын асуудал гэж үзэж байна. Б.Д- нь дунд шатны эмнэлэгт буюу нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын дор эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл саруул байх, амьд явах үүднээс төрийн ажлаас хэсэг хугацаанд завсардсан асуудлыг шүүхээс хүндэтгэх үзэх шалтгаан биш гэж үзэж байгаа нь энэрэнгүй зарчмыг алдагдуулж байна гэж үзэж байна.

 

3.4. Ажил олгогчийн Б.Д-ыг ажлаас халах тушаалдаа Б.Д-ыг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн атлаа уг тушаалдаа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг баримтлаагүй нь уг тушаал хууль ёсны эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байна. Түүнчлэн Б.Д-ы эрүүл мэндийг хамгаалах зорилгоор архины эмчилгээнд хамрагдсан асуудлыг ажил олгогчоос ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байгаа нь бас л эргэлзээтэй дүгнэлт гэж үзэж байна.

3.5. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2. "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн зарчимтай нийцэхгүй байна.

 

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 110\ШШ2025\0035 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Б.Д-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2.  Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул дараах үндэслэлээр нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Б.Д нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2.2. Анхан шатны шүүх “... маргаан бүхий захирамжаар зориулалтыг нь өөрчилсөн гуравдагч этгээдийн эзэмшлийн 750 м.кв газарт барих үйлчилгээтэй, нийтийн орон сууцны барилгын байршлын схем зураг, техникийн нөхцөл буюу дэд бүтцийн эх үүсвэр, технологийн шийдлийн талаар эрх бүхий этгээдээс авах зөвшөөрөлд холбогдох этгээдүүдийн гарын үсэг зурсан байх тул хариуцагчийн гаргасан шийдвэр нь Орон сууцны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, 9.7, Хот байгуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасантай тус тус нийцсэн байна” гэж үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

2.3. Маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 48.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 тоот хамтарсан тушаалын Зургаадугаар зүйлийн 6.1, сумын Засаг даргын Тамгын газрын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийг  тус тус баримтлан Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Д-ыг Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйл, төрийн захиргааны албан хаагчийн нийтлэг журам, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг удаа дараа зөрчиж, 12 дугаар сард ажлын 16 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт болон холбогдох тайлан мэдээгээ хугацаанд нь гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн халжээ.

2.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “ажил олгогчийн Б/01 дүгээр тушаалд холбогдох тайлан мэдээгээ хугацаандаа гаргаж өгөөгүй гэж дурдсан атлаа нэхэмжлэгч нь чухам ямар тайлан мэдээг хэдий хугацаанд гаргаж өгөөгүй байсан гэдгийг шүүхийн өмнө нотолж чадаагүй, мөн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт…хугацаандаа гаргаж өгөөгүй гэж байгаа ч нэхэмжлэгч Б.Д 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг гаргаж өгсөн” гэх үндэслэл дурджээ.

2.5. Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний Дөрөв “Бусад хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангах” зорилтын хүрээ 4.6-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн ажлын гүйцэтгэлийг батлуулан хэрэгжүүлэх, тайлан мэдээг тогтоосон хугацаанд гарган холбогдох мэргэжилтэнд өгөх үүрэгтэй буюу Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын 4.1-д зааснаар нэхэмжлэгч нь гүйцэтгэлийн тайлангийн загварын дагуу 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах үүрэгтэй байна.

2.6. Гэтэл нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн тайланг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нь, 12 дугаар сарын 26-ны өдөр эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэж өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд хэзээ гүйцэтгэлийн тайлангаа эрх бүхий албан тушаалтанд өгсөн талаараа гомдолд тодорхой дурдсан байх тул энэхүү үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

2.7. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал эмнэлэгт хэвтсэн боловч дээрх журамд зааснаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс өмнө буюу 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө эрх бүхий албан тушаалтанд тайлангаа өгөх боломжтой байсан бөгөөд тус хугацаанаас хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэх шалтгаан нь тайлангаа хугацаандаа өгөөгүй нэхэмжлэгчийн буруутай үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй, өөр хоорондоо хамааралгүй байна.

2.8. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүрэгтэй холбогдон гарч ирэх бөгөөд нэхэмжлэгчээс үл хамааран шалтгаалах нөхцөл байдлыг ойлгохоор байна.

2.9.Тодруулбал хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг урьдчилан таамаглаж тодорхойлох боломжгүй тул тохиолдол бүрт үндэслэн дүгнэлт хийж, зайлшгүй шалтгаан нөхцөл байсан эсэхийг холбогдох эмнэлгийн магадалгаагаар давхар тогтоох боловч Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн А/38 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 1.1-д “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд заасны дагуу иргэн (даатгуулагч)-д ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан, жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд эмнэлгийн хуудас олгох, мэдээллийн санд бүртгэх, хяналт тавих харилцааг энэхүү журмаар зохицуулна” гэж заасан байх бөгөөд  архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг онош нь журамд заасан эмнэлгийн хуудас олгох  өвчний төрөлд хамаарахгүй ба  энэ өвчний улмаас эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эмнэлгийн хуудас олгогдохгүй болох нь,  мөн уг  эмчилгээг  иргэн өөрөө сайн дурын үндсэн дээр архины хор тайлуулах, архийг жигших зорилгоор хийдэг эмчилгээ  болох нь хэрэгт авагдсан аймгийн Нэгдсэн эмнэлгийн наркологийн тасгийн их эмчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн дээрх зорилгоор эмнэлэгт хэвтсэн 9 хоногийг  хүндэтгэн үзэх шалтгаантай байсан  гэж  үзэх боломжгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

2.10. Мөн давж заалдах гомдолд “ажил олгогч тушаалдаа 12 дугаар сард ажлын 16 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  ажил тасалсан гэсэн … гэтэл нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг дуустал эмнэлэгт цөс зогсонгишил, архины шалтгаан төрхийн эмгэг оношоор 2 хоног, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Наркологийн тасагт 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал архины шалтгаант сэтгэцийн зан төрхийн эмгэг оношоор тус тус хэвтэн эмчлүүлж байсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон… энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж байна …. Хариуцагчаас нэхэмжлэгч Б.Д-ыг ажил тасалсан гэж буруутгаж байгаа боловч тэрээр сургалтад сууж байсан … хариуцагч Б.Д-ыг 16 хоног ажил тасалсан гэж буруутгаж байгаа боловч анхан шатны шүүх 17 хоног гэж дүгнэж байгаад гайхаж байна” гэж дурджээ.

2.11. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:”, 5.1.1-д "төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ” гэж төрийн албан хаагчийн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд баримтлах ёс суртахууны нийтлэг шаардлагыг;”, 5.1.2-т “төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил” гэж энэ хуульд заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг;”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөнө:”, 7.1.8-д “байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх; гэж зааснаар нэхэмжлэгч Б.Д үүрэгт ажлаа биелүүлэхдээ төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг баримтлах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн эмнэлэгт хэвтэх болсон архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг оношийн   үндсэн шалтгаан нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс улбаатай байх тул үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхээргүй байна.

2.12. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Д-ы хувьд ажлын цагаар архидан согтуурч, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, уг зөрчил нь төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн болон сахилгын зөрчилд тооцогдох бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

2.13. Мөн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар байгууллагын дотоод журмыг баталсан байх бөгөөд энэхүү тушаалын хавсралтын 8 дугаар зүйлийн 8.3-т “Шалтгаангүйгээр 3 өдөр дараалан ажил тасалсан … тохиолдолд ажлаас халах” гэж зааснаар нэхэмжлэгчийн эмнэлэгт хэвтсэн шалтгааныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхээргүй байх энэ тохиолдолд маргаан бүхий актыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхээр байна.

2.14. Тодруулбал анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажил тасалсан хоногийг 17 хоног гэж дүгнэснээс үл хамааран Б.Д нь дээрх журамд заасан “...шалтгаангүйгээр 3 өдөр дараалан ажил тасалсан...” зөрчил гаргасан болох нь тогтоогдож  байх тул гомдолд дурдсан үндэслэл нь түүний гаргасан ёс зүй, сахилгын зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

2.15. Захиргааны байгууллага нь акт гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасны дагуу албаны шалгалт явуулж, зөрчлийг шалган тогтоосон нь хуульд нийцсэн байх төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2.16. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн хорооны, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна”, 16.1.4-т “Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанаас халах” гэж тус тус заасан.

 2.17. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч Б.Д-ыг төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан болохыг тогтоож дүгнэлт гаргасан, уг дүгнэлтийг үндэслэн хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн  Б/01 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан нэхэмжлэгчийг ажлаас халсан байгаа энэ тохиолдолд маргаан бүхий тушаалд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баримтлаагүй гэж үзэж хүчингүй болгох, нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг зөвтгөх, хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй байх тул нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.БААТАРХҮҮ

 

   ШҮҮГЧ                                                 Н.ДОЛГОРСҮРЭН

 

                           ШҮҮГЧ                                                  О.ОЮУНГЭРЭЛ