Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 0008

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

2018        04             06                                               08

 

 

                                                                                

Н.Өын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр, хариуцагч Ц.А, хариуцагчийн өмгөөлөгч Г.Баянбилэг нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 127 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Өын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Ат холбогдох

Зээлийн алданги 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Төмөр болон түүний эхнэр А нарт 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Атэй зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөг зээлдүүлсэн юм. Энэхүү зээлийн гэрээнд зээлийн эргэн төлөх хугацааг 30 хоног буюу 1 сар байхаар тооцон хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор заасан юм. Гэтэл зээлдэгч А нь заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг төлсөн боловч хугацаа хэтрүүлсний алданги нэг ч төгрөг өгөөгүй. Зээлийн гэрээнд А гарын үсэг зурсан тул түүнээс  2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны алданги болох 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хүү гэж 800,000 төгрөг өгсөн байдаг. Үүнээс алданги 5,000,000 төгрөгийг хасаад 4,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

Хариуцагч Ц.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь ... 10,000,000 төгрөгийг Н.Өаас авсан бөгөөд үндсэн зээл 10,000,000 төгрөг болон зээлийн хүүнд  800,000 төгрөг нийт 10,800,000 төгрөгийг Н.Өд буцааж өгсөн юм. Н.Ө нь тухайн мөнгийг өгөхдөө нөхрийн данс руу 2,680,000 төгрөг шилжүүлж үлдэгдэл 7,320,000 төгрөгт бодож 240,000 рубль өгсөн. Нэг рублийг 31.5 төгрөгөөр бодсон дээр маргахгүй. ... Зээлийн гэрээг сайн уншаагүй, хоног хэтэрвэл 0.5 хувийн алданги тооцохоор гэрээ байсныг мэдээгүй тул алданги төлөхийг зөвшөөрөхгүй. Иймд түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 127 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Аээс 4,200,000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Өд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 82,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Өд олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.А давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Н.Өын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Ц.А надаас 4,200,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч Н.Ө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ө.Төмөр, Ц.А бид нараас 10,800,000 төгрөгийн зээлийн хугацаа хэтрүүлсний 5,000,000 төгрөгийн алданги гаргуулах тухай шаардлага гаргасан байдаг. Ө.Төмөр нь Н.Өтай харилцан ярилцаж тохиролцож 10,000,000 төгрөгийг Н.Өаас авсан бөгөөд үндсэн зээл 10,000,000 төгрөг болон зээлийн хүүнд гэж 800,000 төгрөг нийт 10,800,000 төгрөгийг нь Н.Өд буцааж өгсөн юм. ... Уг гэрээ гэх зүйл нь харилцан тохиролцсон зүйлээсээ огт өөр зүйл тусгасан буюу 10,000,000 төгрөгийг аваад хүүнд нь 800,000 төгрөгөөр тохиролцож нийт 10,800,000 буцааж өгөхөөр ярилцсан байтал анхнаасаа л 10,800, 000 төгрөгийг зээлсэн, хоног хэтэрвэл өдрийн 0.5 хувийн алданги тооцохоор гэрээ хийсэн мэтээр бичиж өгөөгүй 800,000 нэмж нотариатаар батлуулсан мэтээр хуурамч, хууль бус гэрээ хийсэн байгаа юм. Бид албан ёсоор хуулийн шаардлагын дагуу бичгээр гэрээ хийгээгүй, харилцан ярилцаж тохиролцоод мөнгө авч түүнийгээ хүүгийн хамт буцаан өгсөн.

Иймд шүүхийн шийдвэр нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй гаргасан шийдвэр гэж хариуцагч миний бие үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр нь “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Ө нь 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч Ц.А, түүний нөхөр Ө.Төмөр нарт 10,000,000 төгрөг зээлдүүлж, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэсэн үндэслэлээр Ц.Аээс зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн алданги 5,000,000 төгрөг нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган 4,200,000 төгрөг болгожээ. Хариуцагч Ц.А  10,000,000 төгрөг хүлээн авсан талаараа маргаагүй ба харин “...алданги тооцохоор тохиролцоогүй учир нэхэмжлэлийн шаардлагыг  зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцогддог.

Зохигч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулж,  зээлдэгч  10,000,000 төгрөг хүлээн  авсан, хариуцагч  мөнгө зээлснээ болон алданги тооцохыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан, гэрээний үүргийг гэрээний хугацаанд гүйцэтгэхгүй бол Иргэний хуулийн  232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги төлөхөөр  бичгээр тохирсон  байх тул  хариуцагч зээлийн гэрээнээс үүссэн үүргийг гэрээнд заасан нөхцөлөөр барагдуулах үүрэгтэй.

Зохигч алданги тооцохоор тохирч  “Зээлийн гэрээ  2016 оны 4 дүгээр сарын 04 өдөр 10,800,000 /арван сая найман зуун мянган/ төгрөгийг 30 хоногийн хугацаатай зээлэв. Хоног хэтэрвэл өдрийн 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ хийв. Зээлдэгч-А, Зээлдүүлэгч-Ө. Хаяг 8.8.50...” гэсэн бичгийн баримт үйлдсэн байх ба хариуцагч гарын үсгээ зурсан, уг баримтыг үгүйсгэх өөр баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй гэж үзнэ.

Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар “...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх” ба  мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй. Хариуцагч нь татгалзлаа нотолж чадаагүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч Ц.Аийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1  дүгээр сарын 17-ны өдрийн 127 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч Ц.Аийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 82,150 /наян хоёр мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 Т.ГАНБАТ

  ШҮҮГЧИД                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                     Б.СОСОРБАРАМ