Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/359

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Ш.Анужин,

шүүгдэгч Х. өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баян******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.т холбогдох эрүүгийн 2305000900210 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Мон******* Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 19-нд *******-******* аймгийн ******* ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* овогт *******ын (Регистрийн дугаар: ******* *******).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Х. нь 2022 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баян******* дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн урд талд байрлах автобусны буудал дээр хохирогч А.*******-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь эрүү ясны далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хоншоор ясны сэтэрсэн хугарал, 1 шүдний булгарал, 2 шүдний сулрал, хоёр зовхи, хамрын нуруу, дух, баруун шанаа, зүүн чих, баруун бугуй, сарвуу, цээжний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х. нь Мон******* Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэж байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Х. мэдүүлэхдээ: “....Намайг зүгээр явж байхад дуудаад дээрэмдэх гэж оролдсон. Нааш ир гэхээр нь муудалцаад яах юм бэ, гэр рүүгээ орлоо гэж хэлсэн. Эргээд явах гэтэл нааш ир, архичин минь гэсэн. Тэгээд эргэж хараад битгий муудалцаа гэж хэлэхэд хүрч ирээд хавсарч унагаасан. Тухайн үед миний 250,000 төгрөгийн үнэтэй гар утас алга болсон, гэхдээ би утсан дээрээ гомдол гаргаагүй. Би архи уусан ч болсон үйл явдлаа санах хэмжээний байсан. Мөрдөн байцаалтад эхнэртэйгээ цуг ороход эхнэр айгаад хажуу талаас аутизмтай гээд хэлчихсэн. *******-н биед учирсан гэмтлийг би цохиж, өшиглөж учруулсан, гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Хохирогчид 535,000 төгрөг өгсөн. Би одоо Баян******* дүүрэгт ажилладаг, Баян******* дүүргийн хаягтаа оршин сууна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч А.*******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед Гэмтлийн эмнэлгийн хажууд байрлах ажил руугаа явсан. Ажил дээрээ ажлаа хийж байгаад шөнийн 01 цагийн үед хорооллын Кроун бааранд найзууд дуудаад ажлаас чөлөө аваад баар руу явж найзуудтайгаа уулзсан. Бааран дотор дөрвүүлээ Эдэн 0,7 литрийн архи 1 шилийг ууж суугаад 03 цагийн үед баар хаагаад ганцаараа ажил руу явсан. Намайг ажил ороход манай таньдаг 2 дүү, найз охидуудтайгаа сууж байсан. Дүү нартай хамт 2 шил Сэнгүр пиво уучихаад бөөнөөрөө харих гээд караокеноос тавуулаа гарсан. Гэмтлийн эмнэлгийн урд талын автобусны буудал дээр очиход хоёр ах зогсож байсан. Тухайн хоёр ахтай дүү нар маргалдах гээд байхаар нь боль гэж хэлсэн. Юунаас болж маргалдах гэж байсныг мэдэхгүй байна. Караокеноос гарч ирээд та нар боль, боль гэж хэлээд намхан ахыг нь татахад цуг байсан өндөр ах гийн нүүр хэсэг буюу хамар руу гараараа 2 удаа цохисон. Тэгээд г өмөөрөөд зодолдох гэж байхад нөгөө ах зугтаагаад ертөнцийн зүгээр зүүн тийш гүйхээр нь бүгдээрээ араас нь гүйхэд моторын тосны хажууд очоод цонхыг нь хагалаад шил бариад бид нар руу дайрсан. Тэгээд зугтаарай гэж хэлэхээр нь бүгд зугтаад би ганцаараа үлдчихсэн. Би нөгөө ахын хажуугаар танихгүй юм шиг зөрөөд явчихья гэж бодоод хажуугаар нь зөрөхөд “өө нөгөө пизда чинь байна” гэж хэлээд миний нүүр рүү цохиж газар унагааж дээрээс хөлөөрөө дэвсэж нүүр рүү олон удаа өшиглөсөн. Би зодуулж байхдаа үгүй ээ та хүн андуураад байна, би таксины жолооч байна гэхэд тоохгүй намайг зодоод байсан. Би босож ирээд та хүн андуураад зодчихлоо гээд шүлсээ хаясан чинь миний үүдэн хоёр шүд газарт унасан. Тэгээд нөгөө ах яваад өгсөн. Харин цуг явж байсан намхан ахыг моторын тосны ах бариад авсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Маргааш нь нөгөө өндөр ах гийн караоке дээр өөрөөсөө гадна дөрвөн хүнтэй орж ирээд эр хүмүүсийн хооронд ийм зүйл байх шүү дээ, одоо зүгээр салцгаая гэхээр нь та нар хүний шүд хугалчихаад хийгээд өгье гэхийн оронд зүгээр салцгаая гэлээ, олуулаа орж ирсэн болохоор айна гэж бодоо юу гэхэд гараад явчихсан гэсэн. Би маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дугаар хуудас),

Гэрч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байхад хуурай дүү болох манай гэрт шөнийн 02 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд бид хоёр Өргөөгийн ар талын гудамжинд 0,5 литрийн Экс нэртэй архи уусан. манай төрсөн дүү Одбилэгийнд түр амьдарч байгаа болохоор дүүгийнхээ гэр болох Говь сауны хажуу талын байр руу явж байхад нэг караокеноос согтуу залуучууд гарч ирээд бид хоёртой маргалдаж хэрэлдсэн. Би караокены эзэн нь гэмээр залууг дуудаад найзуудыгаа аваад яваа, хоёр ах нь харих гээд явж байна гэхэд манай дүү нөгөө хүмүүстэй муудалцаж хоорондоо маргалдаад зодолдож байгаа харагдсан. Зайтай байсан болохоор хэн хэнтэйгээ зодолдоод байгааг мэдээгүй. гүйж ирээд надтай ярьж байсан залуутай хэрэлдээд хоорондоо маргалдаж зодолдож байгаад зугтаад нөгөө залуучууд зүүн зүг рүү хойноос нь хөөхөөр нь би бас хойноос нь гүйсэн боловч надаас хол тасарчихсан. Би буцаж караокены гадаа очиход нөгөө залуучууд байхаар нь караоке дотор хоорондоо юм ярьж сууцгаасан, удалгүй цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16527 дугаартай: “А.*******-н биед эрүү ясны далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, хоншоор ясны сэлтэрсэн хугарал, 1 шүдний булгарал, 2 шүдний сулрал, хоёр зовхи, хамрын нуруу, дух, баруун шанаа, зүүн чих, баруун бугуй, сарвуу, цээжний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),

Шүүгдэгч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө хүргэн ах бид хоёр согтууруулах ундаа ууж байгаад би ахыг гэрт нь хүргэж өгөх гээд очиход эхнэр нь уурлаад оруулахгүй байхаар нь дүүгийнд нь хүргэж өгөх гээд Баян******* дүүргийн 7 дугаар хороонд байрлах Гэмтлийн эмнэлгийн ертөнцийн зүгээр урд талын автобусны буудлын ойролцоо явж байтал ах ойролцоох караоке руу орсон. Би гадаа ганцаараа байж байхад хоёр охин, хоёр залуу намайг дуудаад хэрүүл өдөөд байхаар нь би та нартай муудмааргүй байна гэхэд намайг газар хавсарч унагаасан. Би босоод харилцан зодолдож эхлэхэд цаанаас нь дахиад гурван залуу нэмэгдэж ирсэн. Тэгэхээр нь би зугтаагаад түцний цонх хагалаад шилний хэлтэрхий барихад тэд нар зугтаачихсан. Би анх унасан газраа очоод куртикээ авах гээд явж байтал намайг хөөгөөд байсан нэг залуутай таарахаар нь түлхэж унагаагаад цээж болон нүүр хэсэг рүү нь өшиглөсөн. Тухайн үед намайг бүгдээрээ л зодоод байх шиг байсан. Одоо яг хэн нь намайг хаашаа маань хэдэн удаа цохисныг бол мэдэхгүй. Миний шилбэ бага зэрэг хавдсан, гар орчимд жижиг шалбарсан байсан, одоо бол зүгээр болчихсон байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас),

Хохирол нөхөн төлсөн талаарх Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 51-56, 58-61 дүгээр хуудас), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 62 дугаар хуудас), “Скай оф хэнам” ХХК-ийн тодорхойлолт зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Х.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Х. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баян******* дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн урд талд байрлах автобусны буудал дээр хохирогч А.*******-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь эрүү ясны далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, хоншоор ясны сэлтэрсэн хугарал, 1 шүдний булгарал, 2 шүдний сулрал, хоёр зовхи, хамрын нуруу, дух, баруун шанаа, зүүн чих, баруун бугуй, сарвуу, цээжний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч А.*******-, гэрч А. нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 16527 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Х.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” тохиолдолд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч А.*******-н биед учирсан эрүү ясны далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, хоншоор ясны сэлтэрсэн хугарал, 1 шүдний булгарал, 2 шүдний сулрал, хоёр зовхи, хамрын нуруу, дух, баруун шанаа, зүүн чих, баруун бугуй, сарвуу, цээжний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 16527 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Тодруулбал, хохирогч А.*******-н эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Х.ын гэм буруутай үйлдэл болох цохиж, өшиглөснөөс үүссэн шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Х. өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Х.ын бусдыг зодож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Х. нь гэмт хэрэг үйлдэх тухайн цаг хугацаанд Н. гэх иргэний хамар руу гараараа цохисон, үүний улмаас Н.гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй талаар шинжээчийн дүгнэлт гарсан, Х.ын уг үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан байгааг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.*******-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Х. нь хохирогчид 500,000 төгрөг нөхөн төлсөн байна.

Хохирогч А.*******- мөрдөн шалгах ажиллагааны явцад “...миний үүдэн дээд, доод шүд хугарсан, нүүр битүү хавдаж хөхөрсөн, баруун гар хөхөрсөн, толгой, чих хавдсан” гэж мэдүүлсэн боловч хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул түүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн шинж байдлыг харгалзан өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Х.аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Х. хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Х.т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг хугацаанд оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” гэсэн дүгнэлт, шүүгдэгч “Баян******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоож өгнө үү” гэсэн тайлбар гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Х.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид 500,000 төгрөг нөхөн төлсөн зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.ыг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Баян******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шүүгдэгч Х. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Х. цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.ыг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Х.ыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Баян******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х. зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч А.*******- нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Х.аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Х. нь цагдан хоригдсон хугацаагүй, хохирогч А.*******-д 500,000 (таван зуун мянга) төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.НЯМДАВАА