| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2023/0182/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/201 |
| Огноо | 2023-05-11 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | М.Одгэрэл |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
Улсын яллагч М.Одгэрэл,
Иргэний нэхэмжлэгч Г.Ган-Очир, М.Гандулам,
Шүүгдэгч Т.Б, Г.Ч, тэдгээрийн өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Бэ, Г.Чн нарт холбогдох эрүүгийн 2234005420077 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Т.Бэ
Урьд Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.3-т зааснаар 135 дугаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жил хойшлогдсон,
-Баянхонгор аймгийн сум дундын 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 155.1-т зааснаар 150.000 төгрөгөөр торгох ялаар,
-Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Гадинын Чимэдцэрэн
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б, Г.Ч нар нь бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 02-с 03-ны өдрүүдэд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр орон нутгийн тусгай хэрэгцээний газар болох “Салтгарын ам”-ны Авдар баян уулын энгэрт Хьюндай-3000 маркийн 12-62 УН улсын дугаартай эксковатор, Хьюндай-300 маркийн шар өнгийн эксковаторыг тус тус ашиглан 567,46м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, хууль бусаар газрын хэвлийд халдан байгаль орчинд 25.625 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Т.Б нь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Г.Ч нь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Иргэний нэхэмжлэгч Г.Ган-Очир нь: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа. Тухайн газар нөхөн сэргээлт хийлгэх хүсэлтэй байна. Нөхөн сэргээлтийн төлбөр гарсан боловч хийгдэхгүй орхигдоод байгаа. Иймд нөхөн сэргээлт хийлгэж, шинжээчийн дүгнэлтээр гарсан төлбөрийг төлүүлнэ” гэв.
Иргэний нэхэмжлэгч М.Гандулам нь: “Хьюндай-3000 маркийн 12-62 УН улсын дугаартай тээврийн хэрэгслээ буцаан авч үйл ажиллагаагаа явуулмаар байна” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2234005420077 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Үүнд: Шүүгдэгч Т.Б, Г.Ч нар нь бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 02-с 03-ны өдрүүдэд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр орон нутгийн тусгай хэрэгцээний газар болох “Салтгарын ам”-ны Авдар баян уулын энгэрт Хьюндай-3000 маркийн 12-62 УН улсын дугаартай эксковатор, Хьюндай-300 маркийн шар өнгийн эксковаторыг тус тус ашиглан 567,46м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, хууль бусаар газрын хэвлийд халдан байгаль орчинд 25.625 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2 тал/,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4-17 тал/,
-Иргэний нэхэмжлэгч Г.Ган-Очирын “...Би энэ хэргийг 2022 оны 08 дугаар сарын эхээр үйлдэгдсэн гэж сонссон. Би өөрөө 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ээлжийн амралтаа авчихсан байсан. Тухайн үед сумын байгаль хамгаалагч С.Цэнд-Аюуш намайг орлож байсан. С.Цэнд-Аюуш ах надад хэлэхдээ Авдар баян уулыг 2 эксковатортой хэдэн хүмүүс ухаж байгаад цагдаа нарт баригдсан гэж хэлж байсан. Энэ талаар мэдэх өөр зүйл байхгүй..., ... Би шинжилгээний байгууллагын дүгнэлттэй танилцсан. Тухайн хөндөгдсөн газрын нөхөн сэргээлтийн зардал 146.128 төгрөг гарсан байсан. Уг мөнгийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж, тухайн газарт нөхөн сэргээлт хийлгэх саналтай байна. Надад гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-23 тал/,
-Гэрч Ч.Анарын “...Тэр залуу зааж өгсөн газраа наадхыгаа доошоо ух хатууд нь тултал ухчих гэж хэлэхээр нь би тэр заасан газрыг нь ухаад байж байтал доороос ахиж нэг экскэтэй гэрч иртэл намайг жоохон зайдуу зогсоод наад экскэгээ оруулчих гаргасан шороог нь чи холдуулж талбайгаа зайчилж газар дэвсээрэй гэсэн. Тэгээд ухаад байж байтал ойролцоогоор цаг шөнийн 01 цагийн орчимд нөгөө тэнд байсан хүмүүс зогсчих гэж хэлээд нөгөө экскээг доог нь буцааж буулгасан. Намайг нүхээ буцаагаад булчих гэхээр нь би булаад байж байтал нэг залуу хүрч ирээд наадхыг чинь хурдан булмаар байна гэж хэлэхээр нь би өөдөөс нь булдгаараа л булж байна шдээ гэж хэлсэн. Тэгтэл миний утсаар яриадхая гээд миний утсыг авч явж ярьж байгаад надад утас өгөхдөө экскэгээ аваад буучих одоо бууя нөгөө кариер руугаа очоод орчих гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу ямар нэгэн хүмүүс ирээд чамаас юм асуувал доор байдаг н.Батаа гэдэг хүнтэй уулз гэж хэлээрэй гэж надад хэлсэн. Тэгээд экскэгээ буулгах гээд уруудаж байтал араас нэг цагдаа хувцастай залуу ирээд намайг зогс гээд зогсоосон. Тэрнээс хойш 10 орчим минутын дараа ахиж Заамарын цагдаагаас явж байна гэсэн 3 хүн ирээд намайг саатуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26 тал/,
-Гэрч Ц.Баасанжаргалын “...Би өөрийнхөө эзэмшил, өмчлөлийн Хьюндай-300 маркийн эксковаторыг хүмүүст түрээслүүлж зарим компаниудтай гэрээгээр ажиллаж хэдэн төгрөг олдог. Заамар сумын нутагт Авдар баянгийн хойд талын талбайд ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг н.Болдбаатар гэдэг ахын Контор поинт нэртэй ХХК-тай 2021 оны 10 дугаар сараас хойш 2022 оны 07 дугаар сарын дунд үе хүртэл хамтарч ажиллаж байсан. Тэр цагаас хойш компанийн эд зүйл, техник хэрэгслүүдийг буулгах, хурааж байгаа юм. Тэгтэл 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр намайг Авдар баянгийн хойд талд Салтарын тэнд байж байхад 16 цагийн орчим манай компанийн кемпийн ойролцоо байдаг гэх жоохон шороо малтаад өгчих хөлсөнд нь хоёр, гурав хоногоос 2.000.000 төгрөг өгье гэж хэлэхээр нь би н.Батаа ахаас болох юм уу гэж асуухад болно гэсэн. Тэгээд би кемп дээрээ байж байтал нэг экскэгээ дээшээ гараад Авдар баянгийн гэр постны зүүн талын орой руу гарч шороо малтаад эхэлсэн. Тэгээд би өөрийнхөө эксковатортой араас нь гарахад нэгээ экскэтэй хүн нүх ухаад байж байгаад тэгээд намайг байраа солиод орчих намайг ухчих гэж танихгүй 30 гаруй насны эрэгтэй хүн хэлэхээр нь би нөгөө ухаж байсан нүхийг нь ухаад нөгөө экскэгээ миний хойд талаар талбай цэвэрлэсэн. Би ойролцоогоор 20 орчим минут тухайн газар нүх ухаж байтал нэг эрэгтэй хүн ажлаа дуусгаарай доошоо уруудаарай бууцгаагаарай хурдан буугаарай гэж хэлэхээр нь би цагдаа ирж байгаа юм байна гэж бодоод эксковатороо унаад бууж Контор поинт буюу өөрийнхөө ажиллаж байсан кариерийн борооны тогтсон усан дотор очиж машинаа нуучихаад айсандаа тэндээс явганаар зугтаасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29 тал/,
-Гэрч Б.Нацагдоржийн “...Намайг гэртээ байж байхад 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн орчимд Г.Ч буюу хоч дууддаг нэр нь Хургаа гэх залуу 99911910 дугаарын утаснаас над руу залгаад Баянхонгор аймаг эксковатор байгаа. Түрээсэнд явуулах гэсэн юм аа чи ачаад Төв аймгийн Заамар сум руу аваад ирээч гэсэн. Би тухайн эксковаторыг ачаад Хургаагаас түлшний мөнгө гэж 2.300.000 төгрөгийг аваад шууд тухайн өдрөө Төв аймгийн Заамар сум руу гарсан. Маргааш буюу 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Элсэн тасархайн цаад талд миний машины зүтгүүрийн 2 дугай нь буудчихсан. Тэгэхээр нь хот руу 2 ширхэг дугуй захиад ирэхээр нь янзалж аваад харанхуй болчихоор нь тэндээ машиндаа хоноод 2022 оны 08 лугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Заамар сум руу хөдөлсөн. Тэр өдөржингөө аажуу явж байгаад 2022 оны 08 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт байрлах “Эко алтан заамар” ХХК-ийн дээд уулын аманд очоод зогссон. Тэнд эксковаторыг нь буулгаж өгсөн чинь намайг жоохон уруудаад зогсож бай эндээ 1-2 хонох байх тэгээд буцаагаад эксковатороо ачаад аваад явж магадгүй. Сул зогсолтын мөнгө гэж 1 өдрийн 500.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тэгээд би тухайн зогссон газраа 2 хоноод өнөөдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хургаа гэх залуу руу залгаад би явлаа шүү гэхэд за за яв араас чинь мөнгийг нь хийнэ гэж хэлэхээр нь явж байтал ардаас Цагдаагийн машин ирээд зогсоосон. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33 тал/,
-Шүүгдэгч Г.Чгийн гэрчээр өгсөн “...Би далангийн ажил хийлгэхээр эксковаторыг Амараа гэх найзаасаа түрээслээд Баянхонгор аймгаас 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гарч Төв аймгийн Заамар сумын нутагт 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ирсэн. Ирсэн өдрөө 1 цагийн ажил хийсэн. 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр н.Батаа гэх хүн над руу залгаад эксковаторыг чинь түрээслээд 2.000.000 төгрөг өгье гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 08 дугаар сарын 04-ний өглөө эксковаторын оператор н.Анар руу залгахад цагдаа дээр байна гэсэн. Тэгэхээр нь би н.Бааска гэх залуутай хамт цагдаагийн газар ирсэн чинь хүн байхгүй байсан. Авдар баян гэх газар руу очиход цагдаа нар оччихсон байсан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36 тал/,
-Шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн гэрчээр өгсөн “...Би урьд өнө нь 2019 оны 04 дүгээр сараас хойш 2021 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд Төв аймгийн Заамар сумын Совын төвөөс зүүн хойд талд байдаг Салтгарын ам гэдэг газар Заамар сумын малчин н.Батхишиг гэдэг хүнийг адууг нь маллаж, адууг нь тэжээдэг байсан юм. Би одоо бол Улаанбаатар хотод Баянхошуу Зүүнсалаанд 3 хүүхдийнхээ хамтаар амьдарч байна. Би 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн орчимд Улаанбаатар хотоос ганцаараа өөрийнхөө охины эзэмшлийн Акуа маркийн 23-85 УБЛ улсын дугаартай машинтай Заамар сумын Салтгар гэдэг газар н.Батхишигийн өвөлжөөн дээр ирсэн. Тэгээд н.Батхишигийн өвөлжөөнөөс Авдар баянгийналттай уул цагдаагийн постны гэр нь шууд харагддаг юм. н.Батхишигийн гэрийн урд талд бас карриер байдаг тэр карриерийн хойд талын аман дээр нэг шар өнгийн Хьюндай 3000 гэдэг эксковатор байхаар нь би очиж тэрний жолооч, оператор гэх шар усны гуталтай цагаан царайтай залуу нэр нь н.Анар гэсэн байх тэр залуутай уулзаж урд талынх нь уулыг зааж тэр уулан дээр гараад экскэгээрээ ахдаа нүх ухаад өгчихөөч ах нь чамд мөнгийг нь өгье гэж хэлэхэд тэр залуу ах би мэдэхгүй та манай босстой ярьчих гээд 99911910 гэдэг дугаар өгөхөөр нь тэр дугаар руу залгаж тэр Хургаа гэдэг залуутай утсаар ярьж экскэгээрээ урд талын уулан дээр гараад хоёр цаг нүх ухаад шороо самардаад өгөөч тэр уулан дээр алтны судал байдаг юм ах нь хэдэн чулуу авах гэсэн юм ах нь 2.000.000 төгрөг өгье гэж хэлтэл тэр залуу орохоор экскэгээ оруулахаар болсон. Тэгээд орой болохыг хүлээж орой харанхуй болж гэгээ тасархаар нь би нөгөө Хургаа гэдэг залуугийн эксковатортой нь жолоочтой нь хамт дээсээ өгссөн. Нөгөө Авдар баянгийн уулан дээр гэрч ухах газрыг нь зааж өгсөн. Тэр газрыг би яагаад мэддэг вэ гэвэл урд өмнө нь нутгийн хэдэн хүмүүс болох н.Наранхүү, н.Батсүх нар 2021 оны хавар тухайн газрыг ухаж байсан. Тэр газрыг анх н.Наранхүү, н.Батсүх хоёр л эхэлж ухаж эхэлсэн. Тэнд гайгүй сайн алттай гэж би сонсож байсан юм. Тэгээд тэр эксковатороор газраа 1 цаг 30 минут орчим ухуулаад байж байтал зүүн талаас машины тод гэрэл гарахаар нь цагдаа ирж байна гэж бодоод нөгөө эксковаторын жолоочийг буугаарай гялс буучих гэж хэлчхээд айсандаа нөгөө эксковатороо үлдээчихээд уулнаасаа хойшоогоо н.Батхишигийн гэр рүү явган гүйгээд явсан. Тэгтэл тэр машинтай цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-39 тал/,
-Гэрч Р.Ням-Очирын “...Миний нэр дээр бүртгэлтэй 09-09 УАК улсын дугаартай бенз чирэгч толгой болон 01-35 АЧ улсын дугаартай трайлер чиргүүл нь миний аавын төрсөн дүү, нагац ах н.Баднаанямбуугийн Нацагдоржийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болон трайлер чиргүүл байгаа юм. 2021 онд анх манай ах дээрхи тээврийн хэрэгслийг худалдаж аваад хуучин ашиглаж байсан тээврийн хэрэгслийн 09-09 УАК улсын дугаараа авч үлдэхийн тулд Улаанбаатар хотын хаягтай хүн хэрэг болоод тэгээд манай авга ах Б.Нацагдорж миний нэр дээр 09-09 УАК улсын дугаартай бенз чирэгч толгой болон 01-35 АЧ улсын дугаартай трайлер чиргүүл зэргийг бүртгүүлж авсан юм. Тэгээд тэрнээс хойш ах Б.Нацагдорж өөрөө унаж жолоодож тээвэрт явж байгаа болно. Би ахыг ямар учраас хэний ямар техник ачаад Төв аймгийн Заамар суманд ирсэн болохыг нь мэдэхгүй байна. Надад 09-09 УАК улсын дугаартай бенз чирэгч толгой болон 01-35 АЧ улсын дугаартай трайлер чиргүүлтэй холбоотой нэхэмжлэл, хариуцах зүйл байхгүй болно. Хэрэв тийм асуудал байгаа бол манай ах Б.Нацагдорж цаашид энэ тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудал дээрээ өөрөө оролцоно биз гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41 тал/,
-Гэрч С.Галцогийн “...Төв аймгийн Заамар сумын нутагт ажиллахаар н.Наранхүү гэдэг хүний компанид хамгаалагчаар ажилд орж 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Заамар сумын Сов гэдэг газар ирсэн. Миний байгаа газар Заамар сумын Сов зүүн хойд зүгт ойролцоогоор 25 орчим км зайд байгаа. Би одоохондоо ганцаараа н.Наранхүү захирал хэдэн гэр болон техник тоног төхөөрөмжийг нь харж байгаа юм аа. Миний байгаа газраас урд зүгт 1 км очим газар цагдаагийн хяналтын постны гэр байдаг тэр гэрт цагдаа нар ээлжээр ирж хамгаалалт авч уул хамгаалдаг юм байна лээ. Гэтэл уржигдар буюу 2022 оны 08 душаао саоыг 02-ны өдөр намайг гэртээ байж байтал үдээс хойш 16-17 цагийн орчимд баруун талаас сайжруулсан шороон замаар трайллер дээр нэг хьюндай гэсэн бичигтэй шар өнгийг экскэг ачиж ирээд манай гэрийн урд талд буулгахаар нь би яваад очтол трайллерийн жолооч гэх нэг залуу бас экскэний жолооч гэх нэг залуу хоёулхнаа байсан. Тэгээд би тэр хоёртой уулзаж хаана, юу хийх гэж байгаа юм гэж асуухад тэр хоёр залуу энэ танай урд талын карриерийн эрэг нь нураад байгаа юм эргийг нь янзалчихаад мал энэ тэр унахааргүй болгочихоод бид нар буцах юм гэж надад хэлчихээд тэр трайлер нь буцаад ирсэн зүгрүүгээ яваад өгсөн. Тэгээд тэр өдрөө экскэний жолоочтой ахиж уулзаагүй юм. Тэгээд тэр экскэ нөгөө карриер дотроосоо яг хэзээ гарсныг нь би мэдээгүй өчигдөр өглөө буюу 08 дугаар сарын 03-ны өглөө босоод хартал 09 цагийн орчимд нөгөө экскэ карриерийнхаа урд талын эрмэг дээр гараад зогсчихсон байсан. Тухайн экскэ дээр гурван хүн харагдаж байсан. Би бол яг очиж хараагүй холоос л харчихаад тэр хүмүүсийг ажлаа хийж байна гэж бодсон. Тэгээд 10 цагийн үед нөгөө экскэгээ карриер руугаа оруулаад тавьчихсан байсан. Тэр хүмүүс ямар ч нөгөө карриерийнхаа эргийг янзлаагүй. Тэгээд 20 цагийн орчимд бас баруун талаасаа өөр бас нэг экскэ манай гэрийн урд талаар гараад явсан. Нөгөө карриер дотор байсан экскэ бас карриераасаа гарчихсан тэр хоёр хоёулаа сайжруулсан шороон замаар явж байгаад урд талын уул буюу цагдаагийн хамгаалалттай уулруу өгсөөд явчихаар нь н.Наранхүү захирал руу утсаар залгаж цагдаагийн пост руу 2 экскэ өгсөөд явчихлаа гэж хэлтэл н.Наранхүү захирал би арга хэмжээ авья гэж надад хэлсэн. Тухайн үед гадаа яг харанхуй болж гэгээ тасарч байсан. Тэгээд нөгөө хоёр экскэ цагдаагийн постны гэрийн зүүн талд хоёулаа дуугараад нүх ухаад байгаа чимээтэй байсан. Гадаа харанхуй байсан болохоор надад сайн харагдахгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44 тал/,
-Гэрч Э.Амарбаярын “...Би 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хургаа бид хоёр Баянхонгор аймгийн төвд уулзах үед Хургаа надаас миний эксковаторыг түрээслэе гэж хэлэхээр нь би Хургаад эксковатороо 25.000.000 төгрөгөөр түрээслэхээр болж Хургаагаас урьдчилгаа 2.000.000 төгрөгийг нь хүлээн ач үлдэгдэл 23.000.000 төгрөгийг нь ажил хийж байгаад эхнийхээ ашгаас өгчихөе гэж хэлэхээр нь тэр 07 дугаар сарын 26-ны өдрөө Хургаад эксковатороо өгсөн. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хургаатай эксковатороо түрээслэх гэрээ байгуулж урьдчилгаа 2 сая төгрөгөө авсан. Тэгээд би Хургаад Анар гэдэг операторын дугаарыг өгсөн..., ...Би энэ эксковаторыг 2012 онд худалдаж авч байсан м. Намайг авахад өөр дээрээ их биен дээрээ Hyundai-3000 LC7 гэсэн бичигтэй байсан. Гэхдээ гэрчилгээ дээрээ Hyunda-2900 LC7 гэсэн бичигтэй юм байна лээ. Улсын дугаар нь 12-62 УН гэдэг дугаартай. Энэ эксковатор нь миний эхнэр С.Дарьсүрэнгийн нэр дээр нь байдаг миний өөрийн эзэмшлийн эксковатор байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46 тал/,
-Иргэний нэхэмжлэгч С.Дарьсүрэнгийн гэрчээр өгсөн “...Дээрх эксковатор техник маань миний өөрийн нэр дээр байдаг хэдий боловч үүнийг манай нөхөр Э.Амарбаяр нь өөрөө хариуцаж бусдад түрээслүүлэх ажлыг хариуцдаг. Миний нэр дээр байдаг болохоос миний нөхрийн эзэмшлийн техник байгаа юм. Эксковатор түрээслүүлэх ажилд би ерөөсөө оролцоогүй. Миний мэдэхээр нөхөр нэг найздаа түрээслүүлсэн чинь тэр найз нь Төв аймгийн Заамар суманд газар ухаж байгаад цагдаа нарт баригдаж шалгагдаж байгаа гэж мэдсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54 тал/,
-“Нуман-Алтай” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №1/54 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 62-64 тал/,
-“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 07/247 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 69-85 тал/,
-“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 07/222 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 93-1092022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 112-117 тал/,
-Иргэний нэхэмжлэгч С.Дарьсүрэнгийн “...Энэ техник нь миний өмчлөлийн техник мөн. Тухайн эксковатор техник миний өөрийн нэр дээр байдаг юм. Манай нөхөр Э.Амарбаяр нь өөрөө хариуцаж бусдад түрээслэх ажлыг хариуцдаг. Тухайн үед хэн гэх хүмүүст хичнээн төгрөгөөр түрээслүүлсэн гэдгийг нь мэдэхгүй байна. Би нөхөр хүүхдийнхээ хамтаар 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 08 дугаар сарын 04-ий өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд суманд манай нөхрийн талын хамаатнуудын ургийн баяр болоод би нөхрийнхөө хамтаа ургийн баяр дээр байсан. Хэрэг шийдэгдвэл өөрийнхөө эксковаторыг авмаар байна. Эксковатороо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 136-137 тал/,
-Иргэний нэхэмжлэгч М.Гандуламын “...Ц.Баасанжаргал нь миний нөхөр байсан юм. Талийгаач бид хоёр 2005 онд сууж 2007 онд гэрлэлтээ батлуулж байсан. Талийгаач нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод гэртээ амьсгалын дутагдлаас болж нас барсан..., ...Би энэ талаар мэдэж байсан. Би талийгаачийн өөрийнх нь ажил төрөлд оролцдоггүй байсан. Талийгаач нь нас бархаасаа өмнө урьд нь өөрийнхөө эксковатороор уул уурхайд хүмүүстэй тохирч ажил хийдэг. Талийгаач өөрөө нас бархаасаа өмнө Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт найзуудтайгаа нийлж ажил хийж байгаад ажил нь бүтэлгүйтэж цагдаад шалгагдаж байгаа л гэж хэлж байсан. Би яг ямар ажил энэ тэр гээд нарийн учрыг нь мэдэхгүй байна. Би талийгаач нөхрийнхөө хууль ёсны эхнэр нь, 20-62 УР дугаартай эксковатортоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 140-141 тал/,
-“Нуман-Алтай” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №1/06 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 161-189 тал/,
-Шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...Би болсон хэргийн талаар өмнө өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан болохоор нэмж хэлэх зүйл алга байна. Би дээрхи тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийнхөө буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа болно...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 201-202 тал/,
-Шүүгдэгч Г.Чгийн яллагдагчаар өгсөн “...Би болсон хэргийн талаар өмнө өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан болохоор нэмж хэлэх зүйл алга байна. Би дээрхи тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийнхөө буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа болно...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 214-215 тал/ шүүгдэгч Т.Б, Г.Ч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Т.Б, Г.Ч нар нь бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 02-с 03-ны өдрүүдэд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр орон нутгийн тусгай хэрэгцээний газар болох “Салтгарын ам”-ны Авдар баян уулын энгэрт Хьюндай-3000 маркийн 12-62 УН улсын дугаартай эксковатор, Хьюндай-300 маркийн шар өнгийн эксковаторыг тус тус ашиглан 567,46м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, хууль бусаар газрын хэвлийд халдан байгаль орчинд 25.625 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...” гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тус тус тооцохоор байна.
Шүүгдэгч Т.Б, Г.Ч нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд байгаль экологид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Т.Б, Г.Ч нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүрээлэн буй орны эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг”-үүд нь байгаль орчныг бохирдуулах, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, хууль бусаар ан агнах, хууль бусаар мод бэлтгэх болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
Шүүгдэгч Т.Б, Г.Ч нар нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр орон нутгийн тусгай хэрэгцээний газар болох “Салтгарын ам”-ны Авдар баян уулын энгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр 567,46м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэх гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг гэж үзсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авч, цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болох мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч Т.Б, Г.Ч нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч М.Одгэрэлээс: “Шүүгдэгч О.Бат-Эрдэнэ, Г.Ч нарыг шүүхээс гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч О.Бат-Эрдэнэ, Г.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6.000.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах саналтай байна. Иргэний нэхэмжлэгч С.Дарьсүрэн нь сул зогсолтын мөнгө нэхэмжилнэ гэх боловч нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй боловч шүүгдэгч нар баримтаа бүрдүүлээд нэхэмжлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тул иргэний нэхэмжлэгч С.Дарьсүрэн нь сул зогсолтын мөнгөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна” гэх ялын дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс: “Улсын яллагчийн торгох ялын саналыг дэмжиж оролцож байна. Тээврийн хэрэгслийн үнэлгээгээр гарсан хохирлуудыг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөд татгалзах зүйл байхгүй. Шүүгдэгч нар гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Хохирол төлбөрийг ойрын хугацаанд яаралтай төлнө гэж өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдаан эхлэхээс өмнө ярилцсан тул маргах зүйл байхгүй. Шүүгдэгч О.Бат-Эрдэнийн хувийн байдлын хувьд өрх толгойлсон эцэг юм. Миний үйл хоёр үйлчлүүлэгч гэм буруугаа ойлгож байгаа, байгаль орчинд хохирол, хор уршиг учруулах нь ийм үр дагавартай юм байна гэдгийг ойлгож, ухамсарлаж байгаа” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Т.Б, Г.Ч нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Т.Б, Г.Ч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ял болох 7.000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялыг ус тус оногдуулах нь үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэхээр талаар хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, Г.Ч нарт оногдуулсан 7.000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Б, Г.Ч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад шүүгдэгч Т.Б нь 1 удаагийн, шүүгдэгч Г.Ч нь 3 удаагийн ял шийтгэлтэй байх ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Т.Б, Г.Ч нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 25.625 төгрөгийн хохирол учирсан.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн үнэлгээ 81.000 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 147.000 төгрөгийг болон газрын хэвлийд учирсан хохирлын нөхөн төлбөр болон нөхөн сэргээлтийн зардалыг шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгч .Бат-Эрдэнэ, Г.Ч нараас энэ тогтоолоор гаргуулах хохирлын асуудал байхгүй, иргэний нэхэмжлэгч М.Гандулам нь “Хьюндай-3000 маркийн 12-62 УН улсын дугаартай тээврийн хэрэгслээ буцаан авч үйл ажиллагаагаа явуулмаар байна. Нэхэмжлэх зүйлгүй ” гэсэн байна.
Харин иргэний нэхэмжлэгч С.Дарьсүрэн нь сул зогсолтын талаархи нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ талаархи нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул дээрхи нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч Т.Б, Г.Ч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэнийн нэхэмжлэгч С.Дарьсүрэнгийн эзэмшлийн “Hyundai robex 2900LC-7” маркийн “12-62 УН” улсын дугаартай эксковаторын үнэлгээ болох 13.080.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Гандуламын эзэмшлийн “Hyundai robex 300LC” маркийн “20-62 УР” улсын дугаартай эксковаторын үнэлгээ болох 15.855.000 төгрөг буюу нийт 28.935.000 /хорих найман сая есөн зуун гучин таван мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн 14.467.500 /арван дөрвөн сая дөрвөн зуун жаран долоон мянга таван зуу/ төгрөгийг тус тус гаргуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт “ гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” гэж зааснаар улсын орлого болгохыг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгч нарт тус тус үүрэг болгож,
шүүгдэгч Т.Б, Г.Ч нарыг шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар тус тус солихыг,
шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Hyundai robex 2900LC-7” маркийн “12-62 УН” улсын дугаартай эксковатор, “Hyundai robex 300LC” маркийн “20-62 УР” тус тус битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2022 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 07-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг, Эрүүгийн 2234005420077 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Т.Б, Г.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Т.Б, Г.Ч нараас тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Бэ, Г.Чн нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Б, Г.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7.000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА