| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00354/И |
| Дугаар | 00420 |
| Огноо | 2019-08-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 00420
| 2019 оны 08 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2019/00420 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныгшүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багт оршин суух, Сартуул овогт Ж-ын Г / /-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 04-ний хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 153/2019/00354/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний үйлчлүүлэгч Ж.Г нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүсэлт гаргасан. Хүсэлтийг шаардлага нь тэмээчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн байна. Нэхэмжлэгч Ж.Г нь 1967 оны 05 сарын 01-ний өдөр Ховд аймгийн Чандмань сумын хүн эмнэлэгт төрсөн. 55 настай. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Бага байхад ээж Ж.Зундуй өвчний учир нас барж эгч Ж.Дарьсүрэн, ах Ж.Чулуунбат хоёрын хажууд бага насаа өнгөрөөж 1972 онд Чандмань сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж суралцан өвчний учир 1974 онд сургуулиас гарч эгч Ж.Дарьсүрэн, ах Ж.Чулуунбат хоёрын хамт 1990 онд Чандмань сумын Шинэ зам нэгдэл тарах хүртэл тэмээ маллаж өнөөдрийг хүртэл тус сумандаа малчнаар ажиллаж байна. Өвчний учир цэргийн алба хаагаагүй. 1987 оны 07 сарын 05-нд Н.Буянжаргалтай гэр бүлж болсон. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болоход хөдөлмөрийн дэвтэр алга болсон учир малчин байснаа тогтоолгож чадахгүй хохирч байна. Тус суманд тэмээчнээр ажиллаж байсан талаарх холбогдох баримтыг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас гаргуулан авсан лавлагаа, гэрч иргэн В.Намхай, иргэн Ч.Гиваасүрэн нарын тодорхойлолт зэргийг хүргүүлж байна. Иймд намайг Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Баянхайрхан бригадад 1979 оны 01 дүгээр сараас 1989 оны 12 сарын 31-нийг дуустал тэмээчнээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна....Нэхэмжлэгч Ж.Гыг Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 3 дугаар бригадад 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тэмээчнээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү....Зундуй нь Ж.Гын эх нь байгаа юм. Эцэг нь байхгүй өвөөгөөрөө овоглодог. Өвөө, эмээ хоёр нь нас барсны дараа ах, эгч хоёр дээрээ байж байгаад тусдаа гарсан. Ж.Чулуунбат ахындаа байж байгаад ах нь гэр бүл болгож өгсөн....Н.Буянжаргалыг Баяржаргал гэж бичсэн байх....Нэхэмжлэгч төрөлхийн хөл муутай хүн учраас цэргийн алба хаагаагүй.Малчнаар биш, нэхэмжлэгч дандаа тэмээ малладаг байсан. Тэмээчнээр тогтоолгоно....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг Ж.Гыг Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 3 дугаар бригадад 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тэмээчнээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ж.Г нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 3 дугаар бригадад 1980 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тэмээчнээр ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 804 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан буюу 3 дугаар бригадын 1981-1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, нэхэмжлэгчийн 0724090 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан хуулбар, нэхэмжлэгч Ж.Г, Н.Буянжаргал нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Д.Намхайн ....Би 1971 оны 6 сард цэргийн албанд явж 1974 оны 6 сард халагдаж ирж байсан. Цэргээс ирээд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар 1979 он хүртэл үхэрчнээр, 1979 оноос тус нэгдэлдээ адуучнаар 1992 он хүртэл ажилласан....Ж.Г нь сургуульд огт сураагүй бичиг үсэг байхгүй. Оныг нь санахгүй байна. Ж.Г нь 16 насанд хүрээд ах Чулуунбат, бэргэн Мядаг нарын хамт Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 3 дугаар бригадад тэмээ маллаж эхэлсэн. Тэгээд нэгдэл тартал тэмээчнээр ажиллаж байсан. Тухайн үед 16 насанд хүрээд паспорт аваад л нэгдэлд ажил хийлгэж эхэлдэг байсан юм. Ж.Г нь 1986 билүү 1987 онд өрх тусгаарлаж гараад эхнэр авсан бөгөөд мөн л тэмээчнээр нэгдэл тартал ажилласан....Ж.Г нь нэгдлийн тэмээ малласан хүн. Ж.Гын ээж нь Зундуй гэдэг хүн байсан. Гын ээж түүнийг бага байхад л нас барсан юм. Ж.Г галын зээ хүү хөгшин аав, хөгшин ээж хоёр дээрээ өсөж хүн болсон. Ганбодын өвөөгийнх нь нэрийг Жадамба, эмээгийнх нь нэрийг мэдэхгүй Айдаа л гэж манай нутгийнхан авгайлдаг юм. Жинхэнэ нэрийг нь мэдэхгүй. Өвөө, эмээ хоёр нас бараад ах Чулуунбат, бэргэн Мядаг нарын гэрт Г байдаг болсон юм. Ж.Гыг гэр бүл болоход ах Чулуунбат нь тусад нь гаргаж байсан. Ж.Гыг би цэрэгт явж байна гэж сонсоогүй. Ж.Г цэрэгт яваагүй санагдаад байна. Ж.Г хөл муутай, хазгай гишгэж явдаг хүн байдаг юм. Гын хадам ахыг нь Чунагсүрэн гэдэг байсан. Баяржаргал нь Гын эхнэр байх гэж бодож байна. Жинхэнэ нэрийг нь мэдэхгүй. Пилжээ гэж 3 дугаар бригадын тэмээчин байсан.... гэх мэдүүлэг, гэрч Ч.Гиваахүгийн ....Би 1975 онд Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 3 дугаар бригадад саальчнаар гарч нэгдэл тартал ажилласан... Ж.Г нь хөдөлмөрийн насанд хүрээд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 3 дугаар бригадад тэмээчнээр ажиллаж эхэлсэн. Тэгээд Ж.Г нь нэгдэл тартал тасралтгүй ажилласан юм. Ж.Гын ээж нь Зундуй гэдэг хүн байсан. Гын ээж нь түүнийг бага байхад л нас барсан гэдэг байсан. Ах Чулуунбат, бэргэн Мядаг нарын гэрт Г байдаг байсан юм. Ж.Гыг гэр бүл болоход ах Чулуунбат нь тусад нь гаргаж байсан юм. Ж.Гын эхнэрийн нэрийг Нансалмаагийн Буянжаргал гэдэг. Ж.Г нь хөл нь доголон хазгай доголж явдаг хүн болохоор цэргийн алба хаагаагүй.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6-16, 17, 18, 30-1, 32-33 дугаар тал/
Нэхэмжлэгч Ж.Г нь 16 насанд буюу хөдөлмөрийн насанд 1980 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүрсэн болох нь түүний иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
Ж.Г нь 1980 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 16 насанд буюу хөдөлмөрийн насанд хүрээд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 3 дугаар бригадад тэмээчнээр ажиллаж эхэлсэн болох нь гэрч Д.Намхайн ....Ж.Г нь 16 насанд хүрээд ах Чулуунбат, бэргэн Мядаг нарын хамт Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 3 дугаар бригадад тэмээ маллаж эхэлсэн. Тэгээд нэгдэл тартал тэмээчнээр ажиллаж байсан. Тухайн үед 16 насанд хүрээд паспорт аваад л нэгдэлд ажил хийлгэж эхэлдэг байсан юм.... гэх мэдүүлэг, гэрч Ч.Гиваахүгийн ....Ж.Г нь хөдөлмөрийн насанд хүрээд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 3 дугаар бригадад тэмээчнээр ажиллаж эхэлсэн. Тэгээд Ж.Г нь нэгдэл тартал тасралтгүй ажилласан юм.... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 3 дугаар бригадад 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал тэмээчнээр ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ж.Г нь цэргийн алба хаагаагүй талаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Ганхуягийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 132 дугаартай албан бичиг хавтаст хэрэгт авагдсан болохыг дурдав.
Хавтаст хэргийн 3, 19-21 дүгээр хуудсанд авагдсан иргэн В.Намхайн иргэний үнэмлэхний лавлагаа, Ч.Гиваахүүгийн иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, иргэн В.Намхай, Ч.Гиваахүү нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Сартуул овогт Жадамбын Г / /-ын Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 3 дугаар бригадад 1980 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тэмээчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 3 дугаар бригадад 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал тэмээчнээр ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ