| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2019/00408/и |
| Дугаар | 432 |
| Огноо | 2019-11-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 432
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 9 дүгээр баг, Буянт гудамж, 2601 тоотод оршин суух, 1993 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЖ93020248, Борлууд овогтой Нямаагийн Золзаяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 9 дүгээр баг, Буянт гудамж, 2601 тоотод оршин суух, одоо түр Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 11-07 тоотод оршин суух, 1992 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОС92061531, Бууч овогтой Элдэв-Очирын Ишдоржид холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Золзаяа, хариуцагч Э.Ишдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нөхөр Э.Ишдоржтой 2010 онд танилцаж, 2014 онд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд охин И.Агиймаа 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн. Эхний жил бидний харилцаа хэвийн байсан. Сүүлийн жилүүдэд нөхөр маань ажилдаа яваад “Ажил ихтэй” гэж шалтаглан байнга оройтож, шөнө дунд, бас өглөө үүрээр 6, 7 цагийн үед ирдэг байсан. Гэр орондоо юуг ч хийдэггүй, ерөөсөө ажлаасаа ирээд хоолоо идээд унтаад өглөө босоод “Ажилтай” гээд явчихдаг байсан. Нэг ч өдөр гэртээ амардаггүй, “Жаахан цаг хугацаатай ажиллаж болдогүй юм уу” гэхээр “Би хэдэн цагт ирэх нь чамд ямар хамаа байна, ажил хийж мөнгө олж байхад чи дуугүй бай” гэдэг. Ээж, аавд нь хэлэхээр ерөөсөө тоохгүй, “Мөнгө олж байхад дуугүй бай, сар жилээр явж байсан ч дуугүй явуул” гэдэг. Ийнхүү байдалтай 2-3 жил болж байна. Охиноо бодоод өдий хүртэл чимээгүй байсан. Тэгээд Э.Ишдорж 2018 оны 9 дүгээр сард охин бид хоёрыг орхиод ээж, дүү нар луугаа яваад утасныхаа дугаарыг солиод алга болчихсон. Иймд энэ хүнтэй цаашид амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, охиндоо хуулийн дагуу эцгээс нь тэтгэлэг тогтоолгоно” гэжээ.
Хариуцагч Э.Ишдорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Н.Золзаяагийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би амьдрал ахуйгаа сайжруулж авч явахын тулд ажил хөдөлмөр хийж олсон мөнгөө Н.Золзаяад өгдөг байсан. Н.Золзаяа намайг ажил хөдөлмөр хийж, ядарч ар гэрээ авч явааг ойлгож байсан удаа байхгүй, байнга хардаж элдэв янзаар хэлж доромжилдог байсан. Миний эцэг, эх, дүү нарыг хүн гэж үздэггүй, манай гэр бүлийхэн болон намайг хэл амаар доромжилдог. Н.Золзаяагийн эцэг нь хүртэл намайг хэл амаар доромжилж дарамталан дээрхэлдэг байсан. Би хүүхдээ бодоод дуугүй байдаг байсан. Сүүлдээ Н.Золзаяа намайг хөөж, бүх эд хөрөнгөө өөрийнхөө нэр дээр шилжүүлэхийг шаарддаг болсон. Тэгээд Н.Золзаяа хашааны гэрчилгээг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авч, миний машины түлхүүрийг хүртэл авсан. Н.Золзаяа намайг “Зайл” гэж хөөн, цаашид хамт амьдрах боломжгүй болсон учраас би бүх эд хөрөнгө, гэр орноо бүгдийг нь орхиод, өмссөн хувцастайгаа явж, хүүхдээ бодоод эд хөрөнгийн маргаан хийгээгүй. Одоо Н.Золзаяа бид хоёр тус тусдаа амьдарч байгаа. Бид хоёр дээрх шалтгаанаар дахин амьдрах боломжгүй болсон тул Н.Золзаяагийн гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Харин хүүхдийн тэтгэлэг тогтоолгох асуудалд ямар нэгэн маргаан байхгүй хэдий ч хүүхдээ бодоод Н.Золзаягаас ямар ч эд хөрөнгө аваагүй, өөрөөр хэлбэл, гэр, хашаа зэргийг харгалзан хүүхдийн тэтгэлэг тогтоохдоо бага хэмжээгээр тогтоож өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Золзаяа нь хариуцагч Э.Ишдоржид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр охин Бууч овогтой Ишдоржийн Агиймаа төрсөн болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч нар 2018 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэснийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Н.Золзаяа, Э.Ишдорж нарын гэрлэлтийг цуцалж, шийдвэрлэлээ.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин И.Агиймааг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э.Ишдоржоор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Золзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106.761 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ишдоржоос 106.761 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Золзаяад олгох нь зүйтэй.
Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдав.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Миний нэр дээр байгаа автомашиныг хүүхдийн тэтгэлэг төлсөнд тооцуулах хүсэлтэй байна” гэж дурдсан боловч тэрээр шүүх хуралдааны явцад энэхүү хүсэлтээсээ татгалзсаныг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Борлууд овогтой Н.З, Бууч овогтой Э.И нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Бууч овогтой И.А-ааг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э.И-оор тэжээн тэтгүүлсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.З-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106.761 /нэг зуун зургаан мянга долоон зуун жаран нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.И-оос 106.761 /нэг зуун зургаан мянга долоон зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.З-д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг Ерөнхий шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА