Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2607

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч Т.Ганчимэг, Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  В******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  тоотод оршин суух Б******* /РД:*******/-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 160,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.В*******, хариуцагч Н.Б*******, иргэдийн төлөөлөгч А.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.В******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.В******* миний бие 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн Premio загварын ******* УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бөгөөд тухайн үед эхнэр М.Н******* болон 7 сартай охин маань хамт байсан билээ. Тухайн өдрийн 16.20 цагийн үед Хан-Уул дүүрэг, Наадам центр худалдааны төвийн чанга хойд талд байрлах ХААН банкны хашаанд нэвтрэн уг байгууллагын автомашины зогсоол дээр тээврийн хэрэгслээ байрлуулж, эхнэрээ хүлээнгээ машины зүүн хойд талын сандал дээр охинтойгоо сууж байтал миний машины зүүн талын зогсоол дээр Асфальтан өнгийн lexus загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирж зогссон. Тухайн үед миний зүүн талын зогсоол дээр ямар нэгэн тээврийн хэрэгсэл байгаагүй, чөлөөтэй байтал уг тээврийн хэрэгсэл нилээн ойрхон ирж зогсож, улмаар уг машины жолооч талын хаалгыг цаанаас нь хүчтэй түлхэх үед миний сууж байсан талын хаалгыг оносон. Энэ үед охин маань сэрж уйлсан учир машиныхаа цонхыг онгойлгож уг эмэгтэйд яаж байгаа юм бэ гэсэн чинь үгийн зөрүүгүй уучлаарай гэж хэлээд машинаа түгжээд яваад өгсөн. Тухайн үед охиноо өвөр дээр суулгасан байсан учир бууж машиныхаа хаалгыг шалгах боломж байгаагүй болно. Удалгүй эхнэр маань ирсэн боловч охин маань уйлаад байхаар нь хаалгыг сайн шалгаж чадалгүй явсан. Маргааш нь буюу 03 дугаар сарын 24-ний өдөр өглөө босоод машиныхаа хаалгыг шалгатал дотогшоогоо хонхойсон байхаар нь засварын газруудад орж үнэ ханшийг нь асуухад сувдан цагаан өнгөтэй машины будаг нь үнэтэй, хаалгыг бүтнээр буддаг учир 160,000 төгрөгөөс дээш зардал гарах талаар хэд хэдэн засварын газрын хүмүүс хэлсэн. Уг явдал болсон газарт ирж ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн гар утасны дугаарыг олж авч, түүний дугаарын утас руу залгаж энэ байдлыг хэлэхэд уучлаарай хонхойсон хаалгыг гадуур хэдээр янзалдаг юм байна, асуусан уу гэхэд 160,000 төгрөгөөс дээш үнээр янзалдаг юм байна гэж хэлсэн. Тэгтэл өнөөдөр би ажилтай тул хоёулаа маргааш энэ талаар уулзаж ярилцъя гэхээр нь би өнөөдөр гадуур явж үнэлгээ тогтоолгоё гэхэд за наана хүлээж байгаарай 1 цагийн дараа очъё гэсний дагуу цаг гаран хүлээсэн. Ирэхгүй байхаар нь сүүлдээ ирж байгаа эсэхийг асуухаар залгатал би наад асуудлыг зөвшөөрөхгүй юм байна, чи явдаг газраа явж асуудлаа шийдвэрлүүл гэхээр нь Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргасан боловч Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх боломжгүй талаар шийдвэр гаргажээ. Уг шийдвэрийг өнөөдөр мэдэж, шүүхэд хандаж байна. Lexus загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Н.Б******* нь хаалгаа цаанаас нь хүчтэй онгойлгосны улмаас бусдын тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан талаар маргахгүй байгаа болно. Үүнийг Хаан банкны хяналтын камерын бичлэг, камер хянагч гэх залуу /утас нь 94001*******2/ болон манай эхнэр гэрчилнэ. Иймд Lexus загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Н.Б*******ээс өөрийн Premio загварын ******* УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан 160,000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгөхийг хүсье.

2019.3.23-ны өдөр Наадам центрийн зогсоол дээр машинтайгаа зогсож байсан. Гэтэл зүүн талд ******* дугаартай машин ирж зогссон. Гэтэл хаалга уруу хүчтэй цохисон. Би хүүхдээ тэвэрч байсан тул гарч хараагүй. Сүүлд нь харахад хонхойсон байсан. Камерын бичлэг үзсэн. Утсаар нь ярихад уулзана гэсэн боловч уулзаагүй явдаг газраараа яв гэсэн. Үнэлүүлээд 160 000 төгрөг нэхнэ. Цагдаад хандсан нь үнэн. Цагдаа хэрэгсэхгүй болгохдоо хөдөлгөөнд оролцоогүй байсан гэсэн. Мөн санаатай биш болгоомжгүй байна гэсэн. Энэ нь байцаагчийн тогтоолд байдаг. Би анхнаасаа л 160 000 төгрөг нэхдэг. Камерын бичлэг үзэхэд дугаарын үсэг сайн харагдахгүй байсан. Камерын бичлэг үзээд уг байранд байдаг хүн гэж хэлж өгсөн гэв.

 

Хариуцагч Н.Б******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.В*******гийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр миний бие Н.Б*******ийг хариуцагчаар татаж, тээврийн хэрэгсэлд нь учирсан 160,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

1.    2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр өөрийн ажлын газрын гадаах зогсоолд тээврийн хэрэгсэлээ байршуулсан нь үнэн боловч бусдын эд хөрөнгөд хохирол учруулж, хаалганд нь хонхорхой үүсгэхээр зүйл болоогүй.

2.    Нэхэмжлэгч буюу жолооч нь тухайн үед машин дотроо сууж байсан мөртлөө бүтэн 24 цагийн дараа надаар төлүүлэх гэж өмнө нь машинд нь үүссэн байсан хонхорхойны талаар гомдол гаргаж эхэлсэн.

3.    БЗД-ийн цагдаагийн хэлтэс дээр дуудсан тул очиж тайлбар өгөх үед машины хаалганд нь үүссэн хонхойлт нь хөндлөн үүссэн байсныг үнэлгээ хийсэн газрын фото зургаас харсан. Миний машин нэхэмжлэгчийн машинаас өндөр тул жолоочийн хаалга цохисон бол хонхойлт хөндлөн биш босоо үүсэх байсан, Замын цагдаагийн газар, БЗД-ийн цагдаагийн хэлтсүүд нь нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэхээс татгалзсан юм билээ.

4.    Миний машины улсын дугаар УНД бөгөөд биш болно. Өмнө нь бас миний машины дугаарын үсэг юм уу дугаарыг нь андуурч буруу гомдол гаргадаг мөртлөө том оврын LEXUS маркийн машин гэдэгт дандаа анхаарал хандуулдаг. Нотлох баримтгүй, үндэслэлгүй зүйлээр шунахай сэтгэлээр нэхэмжлэл гаргаж, цаг хугацаа алдаж байгаад харамсаж байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Тухайн өдөр нь бүтэн сайн өдөр байсан. Хаан банкны ажилчдын зогсоол байсан. Намайг буугаад ирэхэд цонхоо нээсэн байсан. Би уучлаарай гээд явсан. Маргаашнаас нь мөнгө нэхэж эхэлсэн. Цагдаагаар яваад хохирол тогтоогдвол өгнө гэсэн. Цагдаагийн байгууллага хэрэг биш гэж үзсэн. Үнэлгээг нь харсан. Тэрэн дээр ийм машинаас болж хонхойсон гээгүй. Миний машин нэхэмжлэгчийн машинаас өндөр байсан. Миний хаалга онгойход хөндлөн хонхойх ёсгүй. Өмнө нь үүссэн байсан хонхорхой гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь өөрөө машинаа даатгуулах ёстой байсан. Миний машины дугаарыг дандаа буруу бичдэг. Анхнаасаа нэхэж байсан мөнгө нь буурсан байна. Маргааш нь хэлэхдээ анх 300 хэдэн мянган төгрөг нэхэж байсан. Үнэлүүл л гэж хэлсэн гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.В******* нь эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 160,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Н.Б******* нь тухайн үед хаалганд хонхорхой үүсэхээр цохиогүй, цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг үүсгэхээс татгалзсан, үүссэн гэх хонхорхойг би үүсгээгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь эд хөрөнгө буюу өөрийн автомашинд учирсан хохирлын талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан болох нь Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч З.Аийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар тогтоогдсон. /хэргийн 5 дугаар тал/

Энэхүү хариу мэдэгдэх хуудсанд зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан нь тогтоогдоогүй, улмаар Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчлийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзжээ. Ийнхүү дүгнэсэн нь тухайн эд хөрөнгөд болгоомжгүй үйлдлээр тодорхой хэмжээний хохирол учруулсан гэдгийг үгүйсгэхгүй юм.

Зохигчид 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүрэг, Наадам центр гэх газрын гадна талын авто зогсоолд нэхэмжлэгчийн автомашин байрлаж байх үед хариуцагч өөрийн автомашинтай ирж, зэрэгцэн зогсож, хаалгаа онгойлгон буух үедээ нэхэмжлэгчийн машины хоёр хаалганы дунд хүрэлцсэн, улмаар хариуцагч автомашинаас гарч, уучлалт гуйгаад явсан үйл баримтын талаар үгүйсгэж маргаагүй.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тухайн үед хаалганд хонхорхой үүсгэхгүйгээр өөрийн хаалгаар хүрсэн, улмаар уучлалт гуйгаад явсан гэх тайлбараар түүнийг нэхэмжлэгчийн автомашинд хохирол учруулсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүйгээр хохирол учруулсан этгээд гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан этгээд гэм хорын хохирлыг арилгахдаа өмнөх байсан байдалд сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулсан.

Нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар ХУД, ЗЦХэлтсийн захиалгаар А б******* ХХК-иар үнэлгээний тайланд засвар үйлчилгээний хөлс 160,000 төгрөг гэж үнэлжээ. /хэргийн 27 дугаар тал/ Уг үнэлгээнд дурдсанаар нэхэмжлэгч нь ******* УНИ улсын дугаартай автомашины эзэмшигч гэжээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн дээрх автомашинд хохирол учруулсан автомашины эзэмшигч буюу өмчлөгчийн талаар хариуцагч маргаагүйг дурдах нь зүйтэй.

Улмаар хохирлын үнэлгээний дүгнэлтээр нэхэмжлэгчийн автомашинд 160,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон байна. Хариуцагч нь уг үнэлгээний мөнгөн дүнгийн талаар маргаагүй.

 

Эдгээр үндэслэлээр хариуцагчаас 160,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Н.Б*******ээс гэм хорын хохиролд 160,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.В*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5,450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.