| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2025/0164/З |
| Дугаар | 221/МА2025/0436 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2025/0436
“С г” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас бидний төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, манай компанийн хохирлыг гаргуулахыг даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 307 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2025/0164/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С г” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас бидний төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, манай компанийн хохирлыг гаргуулахыг даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 307 дугаар шийдвэрээр: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.1.3, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.18-д заасныг баримтлан “С г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг буцаан олгохгүй байгаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч “С г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 218 500 төгрөгийг буцаан олгохыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх” гэж заасан. Нэхэмжлэгчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тус яаманд хандсан албан бичигт хариу өгөөгүй үйлдлээс шалтгаалж нэхэмжлэгчид хохирол учраагүй буюу хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан нэхэмжлэгч газар ашиглах боломжгүй болсон зүйлгүй болно. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хууль бус үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй.
Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11-д “дархан цаазат гарын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шийдвэр гаргаж зөвшөөрөл олгоход нийслэлд м2 тутамд 500 төгрөг, аймагт м2 тутамд 100 төгрөг төлнө” гэж, 42 дугаар зүйлийн 42.3-д “Тэмдэгтийн хураамжийн орлогыг улсын болон орон нутгийн төсвийн дансанд тушаах бөгөөд бэлнээр хураасан орлогын хэмжээ 10 000 төгрөг хүрсэн тухай бүрд дансанд тушааж байна” гэж тус тус заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төрийн сангийн данс буюу татварын албаны дансанд төлдөг тул Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны данснаас гаргуулах боломжгүй байна.
Түүнчлэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Тэмдэгтийн хураамжийг дараахь тохиолдолд буцаан олгоно”, 44.1.1 “тогтоосон хэмжээнээс илүү хураасан”, 44.1.2 “энэ хуульд чөлөөлөхөөр заасан үйлчилгээнээс хураасан”, 44.1.3 “үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан”, 44.1.4 “данс андуурагдсанаас өөр төрлийн төлбөр хийгдсэн” гэж заасанд нийцэхгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 307 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “С г” ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас бидний төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, манай компанийн хохирлыг гаргуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/322 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгайн ам нэртэй газарт 48437 м.кв талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар хүсэлт өгч, ... газар ашиглах эрхийн гэрчилгээ гарсан тул улсын тэмдэгтийн хураамж 24 218 500 төгрөгийг нэхэмжлэхийн дагуу төлөөд ирж гэрчилгээгээ ав гэсний дагуу манай компани 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус төлбөрийг төлсөн, ... гурвалсан гэрээ байгуулах явцад нийслэлийн Газрын албатай маргаантай байгаа бүс тул газар ашиглуулах эрх олгох боломжгүй гэж гэрээг батлаагүй тул бидэнд тухайн газрыг ашиглах эрх үүсээгүй, ... манай компани тухайн газрыг ашиглаагүй орхисон тул илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгож өгнө үү гэсэн албан бичгийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр явуулсан боловч бидэнд ямар нэгэн хариу өгөөгүй...” гэж тайлбарлан маргасан байна.
2.2. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч хуулийн этгээд нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/322 дугаар тушаалаар олгогдсон эрхийн дагуу газрыг ашиглаагүй, энэ нь нэхэмжлэгчээс бус хариуцагч захиргааны байгууллагаас хамаарсан байх тул захиргааны байгууллага төрийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан гэж үзнэ, ... нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шалтгаан нь нэхэмжлэгч хуулийн этгээдээс хамаараагүй, харин нийслэлийн нутаг дэвсгэр болон, тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн маргаан эцэслэгдэж, нэхэмжлэгчид ашиглуулахаар олгосон байсан газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй болсон, ... Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэх-ийг газар ашиглах гэж ойлгох ба тухайн тохиолдолд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д Энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ гэсэн зохицуулалт хэрэгжээгүй байх тул нэхэмжлэгчид газар ашиглах эрх үүссэн гэж үзэхгүй, ... хариуцагч нь өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаарах төрийн үйлчилгээг үзүүлсэн гэж үзэхгүй...” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
2.3. Хэдийгээр хариуцагчаас “... нэхэмжлэгч нь 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр А/322 дугаар тушаалаар Ташгайн аманд газар ашиглах эрх авч, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/834 дүгээр тушаалаар газар ашиглах эрх хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл, 1 жил 4 сарын хугацаанд тухайн газрыг нэхэмжлэгч ашигласан...” гэж тайлбарлах боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/322 дугаар тушаалын дагуу Богдхан уулсын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглуулах тухай гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгчийг тухайн газрыг ашиглах боломжоор огт хангалгүй байсаар газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 тушаалаар хүчингүй болгосон байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Тэмдэгтийн хураамжийг дараахь тохиолдолд буцаан олгоно”, 44.1.3-д “үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан” гэж заасны дагуу холбогдох хураамжийг буцаан олгох үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 307 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН