Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 118/ШШ2020/0009

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Амарзаяа даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Аудитын газрын аудитор Б.*******д холбогдох

Завхан аймгийн Төрийн аудитын газрын аудитор Б.*******гийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 13/13/ЗАА-2020/121/СТА-ТШЗ дугаартай төлбөр барагдуулах тухай актаас сумын Засаг даргаар 1539338 төгрөг төлүүлэх хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч тус аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч тус аймгийн Аудитын газрын аудитор Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймаг дахь төрийн аудитын газрын аудитор Б.*******гийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 13/13/ЗАА-2020/121/СТА-ТШЗ дугаартай Төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* сумын Засаг даргын Тамгын газар нь Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 13/13/ЗАА-2020/121/СТА-ТШЗ дугаартай төлбөр барагдуулах тухай актын холбогдох хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагадаа актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэж гаргасан боловч нэмж гаргасан тайлбартаа маргаан бүхий актын тогтоох хэсгээс сумын Засаг даргад хуулийн үндэслэлгүй олгосон 1.539.338 төгрөгийг төрийн санд суутгах гэсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд сумын Засаг дарга нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн Засаг даргад ажлаа тайлагнадаг. Энэ үүднээс сумын Засаг дарга нь ажлаа тайлагнаад ажлыг нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас дүгнээд Засаг дарга *******д 6 сарын хугацаатай сард 40 хувийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу сумын Засаг даргын Тамгын газар Засаг даргад нэмэгдлийг олгож байсныг Төрийн аудитын газраас акт тавьсан. Тийм учраас үндэслэлгүйгээр урамшуулал олгосон зүйл байхгүй тул актад дурдсан сумын Засаг даргад хуулийн үндэслэлгүй олгосон 1.539.338 төгрөг гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсч байна. Актад дурдагдсан сахилгын шийтгэлтэй албан хаагчид олгосон төлбөрийг хүлээн зөвшөөрсөн байгаа.

Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын актын сумын Засаг даргад хуулийн үндэслэлгүй олгосон 1.539.338 төгрөгийг төрийн сангийн орлогын дансанд төвлөрүүлэх гэсэн заалт нь өөрөө үндэслэлгүй байна гэж үзэж байна. Нэгдүгээрт, Сумын Засаг даргад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор урамшуулал олгох шийдвэр гаргахдаа урамшуулал олгох заалтыг үндэслээгүй гэж байна. Тэгэхээр Хурлын шийдвэрт тухайн ажилтанд урамшуулал олгох заалтыг үндэслээгүй байна гээд Тамгын газарт нь акт тавьж болохгүй. Хурлын шийдвэр өөрөө сумын иргэдийн Төлөөлөгчид буюу сумд ажиллаж байгаа төлөөлөгч нар хуралдаж шийдвэрлэж байгаа тул эцсийн шийдвэр болно. Үүнд хуулийн үндэслэл заагаагүй байна гээд Засаг дарга түүнийг биелүүлэхгүй байх боломжгүй. Үндсэн хууль, хууль, дүрэм, журам тогтоолыг сумын Засаг дарга, Тамгын газрын дарга биелүүлэх үүрэгтэй. Тамгын газар нь Хурлын үйл ажиллагаа хэвийн явуулахад нь дэмжлэг үзүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл Хурлын шийдвэрт хуулийн заалт заагаагүй байна гэж Тамгын газарт акт тавьж байгаа нь үндэслэлгүй байна. Нөгөө талаар Хурлын шийдвэрийг хүчингүй болгосон дээд шатны байгууллага болон шүүхийн шийдвэр гараагүй учраас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хүчинтэй хэвээрээ байна. Хэдийгээр Хурлын тогтоолд заалтыг нь оруулаагүй байгаа ч гэсэн олгосугай гэж тогтоосон байна. Үүнийг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлэхгүй байх боломжгүй. Дараагийн заалт нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй гэсэн байгаа. Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй зүйл байхгүй. Хурлын шийдвэр гарсан, цалингийн сангаас төсвөөс урамшуулал олгосон байна. Төсвийн зориулалт нь ажилтны цалин хөлс, урамшууллыг олгох гэж байгаа. Цалингийн сангаас бензин авсан бол энэ нь өөрөө зориулалтын дагуу зарцуулаагүй болно. Тэгэхээр цалингийн сангаас урамшуулал олгосон асуудал нь төсвийг зориулалтын дагуу зарцуулагдсан байна гэж үзэж байна. Мөн Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоол хүчингүй болсон. Тийм учраас хүчингүй болсон актыг үндэслэх боломжгүй. Тухайн үед 1995 оны 96 дугаар тогтоол мөрдөгдөж байсан боловч та актаа 2020 оны 2 сарын 11-ний өдөр гаргасан учраас 1995 оны 96 дугаартай актыг үндэслэх боломжгүй. 1995 оны 96 дугаартай актыг 2018 онд гарсан шийдвэрт холбогдуулан үндэслэж байгаа боловч 2018 оны 12 сард олгосон 1 сарын цалин дээр акт тавигдаагүй байна. Хэрэв 1995 оны 96 дугаар тогтоолыг үндэслэж байгаа бол 2019 оны 5 дугаар тогтоолыг давхар хэрэглэх боломжгүй. Мөн 2019 оны 5 дугаар тогтоолд энэ тогтоол гарахаас өмнөх асуудлыг 1995 оны тогтоолоор шийдвэрлэнэ гэсэн утга агуулга байхгүй. 2019 оны 5 дугаар тогтоолын 2.2 дахь заалтад төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллын дээд хэмжээ албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй гэж байгаа. Сумын Засаг даргад олгосон цалин 40 хувиас хэтрээгүй байна. Тийм учраас Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 2.2 дахь заалтыг зөрчөөгүй байна гэж үзэж байна. Эдгээр тогтоолыг зөрчөөгүй учраас Хурлын тогтоолд төлбөр тавигдах хуулийн үндэслэл байхгүй байсан байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийг мөрдөж ажилласан эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй байна. Энэ акт нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байна гэж үзэж байгаа. Яагаад гэвэл тодорхой нэг тохиолдлыг хязгаарласан буюу төлбөр тогтоосон байна. Сөрөг нөлөөлөл бүхий актыг Захиргааны ерөнхий хуульд зааснаар бүхэлд нь болон хэсэгчлэн хүчингүй болгож болохоор байгаа. Иймд бид хэсэгчлэн хүчингүй болгуулах заалтын дагуу Сумын Засаг даргад хуулийн үндэслэлгүй олгосон 1.539.338 төгрөгийг... гэсэн хэсгийг хэсэгчлэн хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байна. Мөн нэмж хэлэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 сарын 19-ний өдрийн 19 дугаартай тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хэрэгжиж байгаа. Ямар нэгэн үндэслэлгүйгээр олгосон гэсэн агуулга байхгүй байна. Мөн улирлын цалингаас бодох ёстой байсан гэж тайлбарлаж байна. Эдгээр үндэслэлүүдийн хүрээнд сумын Засаг даргад хуулийн үндэслэлгүй олгосон гэх хэсэгт акт тогтоох үндэслэл тогтоогдохгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны 12 дугаар сарын 31-ээр дуусгавар болсон санхүүгийн тайлангийн аудитаар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хуралдааны тогтоолоор Засаг даргад 6 сарын турш 40 хувийн урамшуулал олгосон зөрчилд төлбөрийн акт тогтоосон. Энэхүү төлбөрийн актыг тогтоохдоо дараах зүйлсийг үндэслэсэн 1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд үндэслэл болгосон хуулийн заалтуудыг судлан үзэхэд урамшуулал олгох тухай заалтыг тусгаагүй нь хуулийн үндэслэлгүй байна гэж үзсэн. 2. Улирлын ажлын үр дүнгээс олгох мөнгөн урамшууллын дээд хэмжээ нь сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байхаар журамд заасан байхад сар бүр 40 хувийн урамшуулал авсан нь Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан төрийн албан хаагчид шагнал урамшуулал олгох журам-ын 5, 2019 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 2.2 дахь заалтуудыг зөрчсөн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчаас Засаг дарга нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэж тайлбарлаж байна. Биелүүлэх үүрэгтэй гэхдээ тухайн тогтоол нь хуульд нийцсэн байна уу? үгүй юу? гэдгийг Засаг дарга нь хянах ёстой. Засаг дарга тухайн Хурлаас гарч байгаа шийдвэрийг хууль бус гэж үзвэл Хурлын шийдвэрт бүхэлд нь болон хэсэгчлэн хориг тавих эрхтэй. Гэтэл тухайн шийдвэрийг хуульд нийцсэн эсэхэд хяналт тавиагүй, хориг тавиагүй байгаа. Мөн Төсвийн шууд захирагч нь Засаг даргын Тамгын газрын дарга нь байдаг. Тийм учраас тухайн төсвийн захирагч өөрийн төсөвтэй холбоотой аливаа нэг буруу шийдвэр гарч байгаа эсэхэд хяналтаа тавих ёстой. Энэ үүрэг нь Төрийн албаны тухай хуулийн төрийн жинхэнэ албан хаагчийн хүлээх үүрэгт байгаа. Энэ үүргээ бас биелүүлээгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай 13/13/ЗАА-2020/121/СТА-ТШЗ дугаартай актаар тус сумын Засаг даргад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор урамшуулал олгох шийдвэр гаргахдаа урамшуулал олгох тухай заалтыг үндэслэл болгоогүй, 6 сарын турш 40 хувийн урамшуулал олгосон нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэх хуулийн заалтыг зөрчсөн гэж 1539338 төгрөгийг холбогдох албан тушаалтнаар төлүүлэхийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, нягтлан бодогч нарт даалгасан, нэхэмжлэгч сумын Засаг даргын Тамгын газар нь уг актын сумын Засаг даргад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 19 дугаар тогтоолоор сумын Засаг даргад үндсэн цалингийн 40 хувиар 6 сарын хугацаатай урамшуулал олгохоор шийдвэрлэсэн тул олгосон, Хурлын шийдвэрийг сумын Засаг даргын Тамгын газар нь дагаж мөрдөхөөс биш үндэслэлгүй байна гэж биелүүлэхгүй байх эрх байхгүй, төсвийг зориулалт бусаар зарцуулаагүй гэж маргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсгийн д-д зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх эрхтэй байна. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор[1] сумын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталж, 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт 100 хувийн биелэлттэй Үр дүнтэй хэрэгжсэн гэж дүгнэсэн[2] байх бөгөөд үүнд нэхэмжлэгч, хариуцагч нар маргаагүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсэн, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шинэ санал, санаачилга гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн болон бусад нөхцөл, шаардлагыг хангасан төрийн албан хаагчийг дараах хэлбэрээр шагнаж урамшуулна; 51.1.4-т улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох гэж зааснаас үзвэл төрийн улс төрийн албан хаагч болох сумын Засаг дарга нь албан тушаалын цалингаас гадна үр дүнгийн урамшуулал авах эрхтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт уг урамшууллыг олгох журмыг Засгийн газар батална гэж заасны дагуу Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 1.2-т Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн төрийн албан хаагчид дараахь эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшуулал олгоно гээд 1.2.1-т төсвийн ерөнхийлөн захирагч нь харьяа байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ, ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчид мөнгөн урамшуулал олгохоор заажээ.

Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17-д зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн ...төсвийн ерөнхийлөн захирагч байна.

Тухайн тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг даргын шийдвэр гараагүй байхад нэхэмжлэгч нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр[3] үр дүнгийн урамшилд 1539338 төгрөгийг сумын Засаг даргад олгосон нь дээрх хууль, журмыг зөрчсөн байх хэдий ч Төлбөр барагдуулах тухай захиргааны актын үндэслэл болоогүй учир дээрх актыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

Нэгэнт сумын Засаг даргад үр дүнгийн урамшуулал авах эрх нь байгаа тул урамшуулалд олгох мөнгө тухайн байгууллагын төсөвт батлагдсан байх нь тодорхой юм. Гэтэл хариуцагч нь, урамшуулал авч, Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-т батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэснийг зөрчсөн гэдэг үндэслэлээр акт тогтоосон нь акт гаргах үндэслэлд нийцээгүй байна.

Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 2.2 дахь хэсэгт Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна гэж заасан бөгөөд сумын Засаг даргад үндсэн цалингийн 40 хувиар урамшуулал олгосон болох нь цалингийн дэлгэрэнгүй хүснэгтээс[4] харагдаж байна. Хариуцагч актынхаа үндэслэлийг тайлбарлахдаа урамшууллын хэмжээ нь сарын үндсэн цалингаас биш улирлын цалингийн 40 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж маргаж буй нь ойлгомжгүй бөгөөд дээрх журамд нийцэхгүй байна.

Мөн хариуцагч актыг гаргахдаа 2019 оны 01 сараас 5 сар хүртэлх хугацаанд авсан 5 сарын урамшуулалд төлбөр тогтоосон байх бөгөөд энэ үед Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам үйлчилж байсан бөгөөд хүчингүй болсон 1995 оны 96 дугаар тогтоолыг баримталсан нь буруу байна.

Хариуцагчаас сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь төсвийн шууд захирагч тул төсөвт хяналт тавих эрхтэй, сумын Засаг дарга нь хурлын шийдвэрт хориг тавих байсан гэж маргаж байх бөгөөд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т зааснаар Тамгын газрын дарга нь ...төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих бүрэн эрхтэй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар Тухайн Хурал Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрийг зөрчсөн, эсхүл өөрийнх нь бүрэн эрхэд үл хамаарах, түүнчлэн хэрэгжих санхүүгийн болон бусад эх үүсвэргүй шийдвэр гаргасан бол Засаг дарга холбогдох шийдвэрт бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эрхтэй байх хэдий ч хариуцагчаас Тамгын газрын дарга болон Засаг даргыг энэ эрхээ хэрэгжүүлээгүй гэж акт тавиагүй, зөвхөн батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй гэж акт тавьсан байгааг дурьдах нь зүйтэй байна.

Ийнхүү Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Б.*******гийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай актын сумын Засаг даргад холбогдох хэсэг нь эрх зүйн зөрчилтэй байх тул дээрх актын холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.7, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.1.4, 61 дүгээр зүйлийн 61.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Б.*******гийн 2020 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 13/13/ЗАА-2020/121/СТА-ТШЗ дугаартай Төлбөр барагдуулах тухай актын ...Сумын Засаг даргад хуулийн үндэслэлгүй олгосон 1539338 төгрөгийг холбогдох албан хаагчаас суутган аймгийн төрийн сан дахь бусад нэр заагдаагүй орлогын ...тоот дансанд төвлөрүүлэх гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 6-р хуудас

[2] Хавтаст хэргийн 7-11-р хуудас

[3] Хавтаст хэргийн 12-р хуудас

[4] Хавтаст хэргийн 16, 18, 20, 23-р хуудас