Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2810

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоотод оршин суух  Ц******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин суух  М******* /РД:*******/-д холбогдох

 

Төлбөр барагдуулах гэрээний дагуу 41,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хишигдэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Ц******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  овогтой Ц******* миний бие 2006 онд математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Б дунд сургуулийг үүсгэн байгуулж, 1-12 дугаар ангийн сурагчдад бүрэн дунд боловсрол олгох үйл ажиллагааг 2018 оны 5 сарын 2-ны өдрийг хүртэл явуулсаар ирсэн. /Хуулийн этгээдийн гэрчилгээ дугаар *******, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл дугаар ******* / Ц.М******* нь манай сургуульд 2012 оноос ажилтнаар орж хамтран ажиллах болсон. Бидний хамтын ажиллагаа 2015 оныг хүртэл үр дүнтэй явагдаж, эцэг эхээс сургалтын чанарт сайшаалтай хандаж байсан тул 2015 оны 9 дүгээр сарын 20-нд тушаал гаргаж, дэд Захирлаар томилж, сургалтын бүхий л үйл ажиллагааг түүнд хариуцуулсан. Б дунд сургуулийн үйл ажиллагааг түүнд бүрэн хариуцуулахдаа Ц.М******* нь сургуулийн үйл ажиллагааг бүрэн хариуцаж явуулах, сургалтын төлбөр болон үйл ажиллагаанаас олсон ашиг орлогоо чөлөөтэй захиран зарцуулж ашгаа хүртэх, харин улсаас олгох хувьсах зардлыг Монгол Улсын боловсролын тухай хуулинд заасны дагуу Захирал Я.Ц******* миний бие авч, санхүүгийн тайлан гаргаж, нийгмийн даатгалын шимтгэл болон ХАОАТ /хүн амын орлогын албан татвар/ төлж үлдсэн мөнгийг цалин болгон авч байхаар тохиролцсон. Сургуулийн үйл ажиллагаа амжилттай явагдаж байсан бөгөөд 2018 оны 4 дүгээр сард Ц.М******* нь Б дунд сургуулийг өөрийн нэр дээр шилжүүлж авъя гэдэг саналыг Я.Ц******* надад тавьсанаар 2018 оны 05 сарын 02-ны өдөр гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. /гэрээг хавсаргасан болно/. Я.Ц******* миний бие үүсгэн байгуулагчийн буюу хувьцааны эрхийг Ц.М*******д 51.000.000 төгрөгөөр унэлж урьдчилгаанд 10.000.000 төгрөгийг авч үлдэгдэл 41.000.000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 10-ны дотор төлөхөөр тохиролцож төлбөр барагдуулах гэрээ хийсэн болно. Гэрээ хийсэнээс хойш Ц.М******* нь 41.000.000 /дөчин нэгэн сая/ төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлээ хангаагүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчид анх 2013 онд хөдөлмөрийн харилцаа үүссэн. 2015 онд дэд захирлаар, 2018 онд захирлаар хариуцагчийг томилсон. 2018.5.2-нд хариуцагч нь сургуулийг хариуцан ажиллах хүсэлт гаргасан. Өмнө нь хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан. Улмаар сургуулийг шилжүүлж аваад урьдчилгаанд 10 саяыг өгөөд үлдэх 41 саяыг барагдуулна гээд төлбөр барагдуулах гэрээ хийсэн. Гэтэл сүүлд нь тусгай зөвшөөрлөө хүчингүй болгуулсан байсан. Сургууль нэхэмжлэгчийн өмч байсан. 2020 он хүртэл тусгай зөвшөөрөлтэй байсан. Гэтэл хариуцагчийн буруугаас тусгай зөвшөөрөл хүчингүй болсон. Иймд хамтран ажиллах гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлд 41 сая төгрөг гаргуулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

Хариуцагч нь шүүх хурал дээр Нийслэлийн боловсролын газраас тамга тэмдэгийг хурааж авсан гэсэн. Гэтэл уг газраас тамга тэмдэг хураагаагүй, тусгай зөвшөөрөл хураасан гэсэн. Хариуцагчид сургуулийн бүх л эрхийг шилжүүлсэн. Тусгай зөвшөөрөл хуулийн этгээд дээр олгогддог. Хуулийн этгээдээ шилжүүлнэ гэж харилцан тохиролцсон. Зохигчид хамтран ажилласан дээр маргаагүй. Хариуцагч нь тусгай зөвшөөрөл цуцлагдах хүртэл ажилласан. Иргэний хуулийн 248-д зааснаар эд хөрөнгөө шилжүүлэхээр тохиролцсон. Улмаар сургуулийн эрхийг бүрэн шилжүүлсэн. Гэвч хариуцагч нь үйл ажиллагаа явуулаагүйн улмаас тусгай зөвшөөрлөө цуцлуулсан байна гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээгээр хуулийн этгээдээ шилжүүлж байгаа бөгөөд сургуулиа өгсөний төлбөрт 51,000,000 төгрөг авахаар тохиролцсон гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Ц******* нь төлбөр барагдуулах гэрээний дагуу гэж 41,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ц.М******* нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй боловч 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд сургуулийн тусгай зөвшөөрлийг шилжүүлж өгнө гэж боломжгүй зүйлээр хуурч төлбөр барагдуулах гэрээг байгуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Мөн хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлд дурдсан болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хуулийн этгээд буюу дунд сургуулийг шилжүүлэн өгч, улмаар хариу төлбөрт 51,000,000 төгрөг авахаас тохиролцсон, урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөг авсан боловч төлбөр барагдуулах гэрээгээр тохиролцсон 41,000,000 төгрөгийг төлөөгүй тул шүүхэд хандсан гэх агуулга бүхий тайлбараас дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Хариуцагч нь сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг өөрийн нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохиролцсон гэж маргаж байх боловч зохигчийн хооронд Ерөнхий боловсролын Б сургууль буюу хуулийн этгээдийг худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11/7558 дугаар албан тоотын хавсралтаар ирүүлсэн лавлагаагаар Ерөнхий боловсролын Б сургуулийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь нэхэмжлэгч Я.Ц******* болох нь тогтоогдож байна. /хэргийн 55 дугаар тал/

Үүнээс үзвэл нэхэмжлэгч Я.Ц******* худалдах худалдан авах гэрээний дагуу хүлээх биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч нэгэнт гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээний дагуу үлдэх төлбөрийг шаардах эрхгүй.

 

Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч нь сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл нь хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалж цуцлагдсан гэж тайлбарлаж байх боловч энэхүү үйл баримттай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ц.М*******д холбогдох 41,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Я.Ц*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 362,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.