| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2019/04095/И |
| Дугаар | 3106 |
| Огноо | 2019-11-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 3106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух Т******* /РД:*******/-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоотод оршин суух Б******* /РД:*******/-т холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 14,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Отгонбаяр, хариуцагч Г.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хишигдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ю.Т******* нь Ж******* ХХК-ийн нярав ажилтай Х.Б*******тай Улаанбаатар хотод ажил хэргийн шугамаар уулзах үеэр тэрээр Ю.Т*******д өөрийн ажилладаг компанид цемент нийлүүлэх саналыг тавьсан бөгөөд тэрээр манай компани нь Хэнтий аймгийн 4-р багийн нутаг дэвсгэрт орон сууцны барилга барьж байгаа. Барилгын ажил явуулахад цемент шаардлагатай байгаа юм чи компанид цемент нийлүүлээч гэсэн санал гаргасны дагуу Ю.Т******* нь 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Х.Б*******аар дамжуулан тухайн компанийн захирал Г.Б*******той уулзаж нэгж үнэ нь 210,000 төгрөгийн үнэ бүхий 70 тонн цементийг нийлүүлж нийт 14,700,000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр анх ярилцан тохиролцож Х.Б*******ыг байлцуулан Ж******* ХХК-ийн захирал Г.Б******* нь нэхэмжлэл дээр гарын үсэг зурж авсан байдаг. Улмаар 7 хоногийн дараа төлөх ёстой байсан цементийн төлбөрөө Ж******* ХХК-ийн захирал Г.Б******* нь төлөөгүй бөгөөд Ю.Т******* нь удаа дараа очиж уулзан төлбөрөө төлөх талаар шаарддаг байсан ч удахгүй өгнө, маргааш нөгөөдөр дансанд хийнэ гэх зэргээр худлаа хэлсээр байсан тул анх санал гаргаж зуучилж өгсөн Х.Б*******тай 2019 оны 02 сарын 02-ны өдөр уулзахад тус 70 тонн цементийг Ж******* ХХК-ийн барилгын ажилд хэрэглэсэн тул Г.Б*******ыг төлөх үүрэгтэй гэсэн тайлбарыг бичиж өгсөн байдаг. Г.Б******* нь Хэнтий аймагт барьж байсан барилгын ажлаа дуусган Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа болно. Иймд Ж******* ХХК-ийн захирал Г.Б*******оос зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 14,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Отгонбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу 14 700 000 төгрөг гаргуулна. Нэхэмжлэгч нь 2013 онд Б*******тай уулзах үед цемент нийлүүлэх санал тавьсан. Хэнтий аймагт барилга барьж байгаа гэсэн юм. Улмаар компанийн захиалагч Б*******той танилцуулаад 70 тн цемент нийлүүлж, 2013.10.16 нийлүүлээд 20-нд төлбөр төлөхөөр тохиролцсон. Б*******той удаа дараа уулзахад төлнө гэсээр төлөөгүй. Иймд хариуцагчаас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 14 700 000 гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Б******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Б******* нь нэхэмжлэлд бичсэн шиг харилцан тохиролцсон ямар ч тохиолдол байхгүй бөгөөд тэр үед Ю.Т******* гэх хүнтэй уулзаагүй. Мөн 2013.10.13-ны өдөр ямар ч компанийн захирал болон ажилтан байгаагүй. 2013 онд Хэнтий аймаг дахь 4-р багийн нутаг дэвсгэр дээр миний эгч нагац Б.Б******* нь М******* ХХК-ийн захирал Х.Б*******тай харилцан тохирч барилгыг барьж эхэлсэн. Миний бие тухайн үед Улаанбаатар хотоос шаардлагатай бараа материалаа нийлүүлдэг байсан. Х.Б******* нь хийж байсан ажлаа орхиод сураггүй болох үед ажлын талбар дээр очиход явуулсан материалаас гадагш зараад алга болсон байсан ба гэх мэт хүмүүсээс хүний нэр барин огт хамаагүй компанийн бичиг баримт ашиглан мөнгө бараа материалын зээл хийж, үгүй болсон байдаг. Тэр үед Ю.Т******* гэх залуутай уулзсан, надаас бас цемент авсан гэж хэлсэн бөгөөд тухайн үед цагдаад өргөдөл бичиж өг гэхэд эр улсууд байж арай үгүй байлгүй харин чи хүлээх хэрэгтэй биш үү гэж ярьж байсан. Миний бие тухайн үед өргөдөл гаргаж өгсөн боловч эзэн холбогдогч олдохгүй гэх шалтгаан, гэсэн ч би өөрөө хөөцөлдөж Хэнтий аймгийн тухайн үеийн тахарын албатай эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх талынхантай хамт Х.Б*******ыг барьсан боловч Хэнтий аймгийн цагдаа Улаанбаатар хот руу шилжүүлээд алдсан байдаг. Ингээд Х.Б******* 2019 онд гарч ирсэн. Тухайн үед би нагац эгч Б.Б*******тай өөрийн оруулсан бараа материалаас болж маргаантай байсан бөгөөд уг барилгад Б.Б******* нь 2013 оны 7 сараас хөрөнгө оруулах чадваргүй гэдгээ мэдэгдсэн байсан. Уг цемент орсон гэх барилга Г.Б******* миний өмч биш, мөн Ж******* ХХК-ийн ч өмч биш. Уг нэхэмжлэлийг Ж******* ХХК болон миний бие Г.Б******* хариуцахгүй гэж үзсэн учир тайлбар гаргасан болно.
Барилга нь миний захиалсан барилга биш. Би уг барилгатай холбоогүй ба миний нагац эгчийн барилга. Би хотоос бараа нийлүүлдэг байсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Тухайн үед гэрээ хийх шаардлага байгаагүй. Уулзаж байгаагүй. Харин Б******* нь миний явуулсан барааг зарж үрсний дараа Т******* гэж хүнтэй уулзсан. Тэгээд цагдаад ханд гэсэн. Б******* нь тэр үед алга болсон. Жижиг эрдэнэ ХХК-г би 2014 онд шилжүүлж авсан. Цагдаад өргөдөл өгөөд Б******* баригдаад ирсэн тул асуудлыг шийднэ гэж ойлгосон. Тэгээд Т******* нэг падаан барьж ирээд гарын үсэг зуруулсан. Би мэдэлгүй зурсан байсан. Бетон зуурмагийн үйлдвэр ажиллаж байхад нэхэмжлэгч нь надаас цемент авч байсан гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю.Т******* нь гэрээний үүрэгт 14,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Г.Б******* нь уг бараа материалыг би аваагүй тул төлөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна. Гэвч зохигчийн хооронд бичгэн хэлбэрээр гэрээ байгуулагдаагүй байдал нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.2-т заасан нөхцөлийг хангахгүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний үүрэг шаардсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг шилжүүлэн өгөх, худалдан авагч нь үнийг төлөх үүрэг хүлээдэг.
Зохигчийн хооронд үйлдэгдсэн 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн нэхэмжлэхэд зохигч гарын үсэг зурсан эсэх талаар хэн аль нь маргаагүй боловч хариуцагч нь үүнийг сүүлд нөхөж гарын үсэг зурсан, ийм нөхцөл үүснэ гэдгийг тухайн үед мэдээгүй гэж тайлбарлаж байна. /хэргийн 7 дугаар тал/ Гэвч мөн өдөр үйлдэгдсэн зарлагын баримтад хариуцагч гарын үсэг зураагүй байгаа бөгөөд гэрээний зүйл болох цементийг хүлээн аваагүй гэж тайлбарлаж байх тул дээрх нэхэмжлэхээр нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн гэдэг нь эргэлзээгүйгээр нотлогдохгүй юм. /хэргийн 8 дугаар тал/
Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 72.2.1-д зааснаар гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил байна. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн тайлбар, дээрх нэхэмжлэхэд дурдсанаар төлбөрийг 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр тохиролцсон гэх тул гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Мөн нэхэмжлэгч нь н.Б******* гэгчтэй уг маргааны талаар уулзаж байсан, хариуцагч нь төлбөрийг төлнө гэдэг байсан гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбарыг нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Иймд гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, эсхүл түр зогссон гэж үзэх үндэслэлгүй байна.
Улмаар Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагчид татгалзах эрх үүссэн.
Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлгүй байх тул хариуцагч Г.Б*******т холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 14,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ю.Т*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.