Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 366

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: В.М-н нэхэмжлэлтэй
хариуцагч: Т.Ж-д холбогдох
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эвлэрүүлэн зуучлахад 2 удаа хандсан, УБ-Алтай, Алтай-УБ хайж явсан бензиний үнэ, эрэн сурвалжлахад гарсан зардал 430.200 төгрөг, цалингийн зээл 11.362.400 төгрөг, нийт 11.792.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч В.М, хариуцагч Т.Ж, гэрч Ч.В, Х.Н, В.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие В.М нь 1985 оны 01 сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн. Эхнэр болох Т.Ж-тай 2004 онд танилцаж 2006 онд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2006 онд охин М.Э, 2013 онд хүү М.Д нар төрсөн юм. 2018 оны 09 сарын 30-нд би Солонгос улс явсан. Намайг Солонгос улс явахаас өмнө, Солонгос улсад байх хугацаанд ч бидний харилцаа хэвийн байсан. Солонгос улсад байх хугацаанд Т.Ж нь Д.Б гэгч залуутай эхлээд нууцаар явалдан гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэн улмаар тухайн залуутайгаа хамтран амьдрахаар шийдэн хүү М.Д болон Д.Б-тай хамт Жаргалантын хороо 4-13 тоотод амьдарч байгаад намайг ирэх сургаар зугтсан. Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэн хамтран амьдарч байх үед хүү М.Д-ыг дарамталсан, охин М.Э-г минь өвлийн амралтаар нь хөдөө Баян-Уул сум руу өөрийн эзэмшлийн машин болох 48-66 ГАА улсын дугаартай приус 30 маркийн машинаар явуулсан. Мөн хавар хичээлийг нь тараагаад охиноо Улаанбаатар хотод ажил хийж байсан өвөө, эмээ хоёр руу нь явуулсан. Явуулахдаа Т.Ж нь миний охин аавыгаа ирэхээр аавтайгаа амьдар, ээж нь энэ хүнтэй дүүтэй нь цуг гурвуулаа амьдарна гэж хэлж охиноо үл хайхран явуулсан. Иймд миний гэрлэлтийг цуцалж, охин, хүү хоёрыг минь миний асрамжид өгч, 2 хүүхдэд насанд хүртэл нь хуульд заасны дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү. Мөн эвлэрүүлэн зуучлахад 2 удаа хандсан, УБ-Алтай, Алтай-УБ хайж явсан бензиний үнэ, эрэн сурвалжлуулахад зарцуулагдсан 430.200 төгрөг, цалингийн зээл болох 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 11.362.400 төгрөг, нийт 11.792.600 төгрөгийг Т.Ж-с гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Ж нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.М-н ярьсан зүйл бүгд худал. В.М 2 дугаар сургуульд нярав ажилтай байсан. 2 дугаар сургуульд ажиллаж байх явцдаа сургуулийн эмчтэй явалдаж дотно харилцаатай байсан. Би удаа дараа сануулж боль, амьдралаа бод гэж гуйж байсан боловч В.М миний үгийг тоогоогүй. Байн байн согтуу ирж, гэр орондоо агсам тавьж намайг зодож дарамталдаг байсан. Мөн миний хүүг хүүхдээ биш, ээжтэйгээ зайл гэх мэтээр хэлдэг байсан. Би В.М-д зодуулаад Баян-Уул сумд аав ээж дээрээ очдог байсан. В.М араас очоод дахиад зодохгүй гээд авчирдаг байсан боловч удалгүй архи ууж мөн л зодож дарамталдаг байсан. Тэгээд 2018 оны 03 сард ар гэрийнхэн нь мэдсэнээс болоод 2 дугаар сургуулийн эмч амиа хорлож нас барсан. В.М араас нь харамсаад амиа хорлох гэж хоолойгоо хэрчээд ухаангүй болж сэхээ, мэсэд 20 гаруй хоног хэвтсэн. Энэ хугацаанд би сахиж баас шээсийг нь зөөж сэтгэлийн дэм өгч байсан боловч эмнэлгээс гарч сувилалд явж эдгэрч босчихоод согтуу намайг дарамталсан. Чамаас болж тэр хүн үхсэн, чамаас илүү байсан гэх мэтээр намайг зодох гэж айлгаж байсан. Би В.Мээс айж шөнө бороонд хөл нүцгэн гарч гүйгээд хоолой өвдөж эмнэлэгт хэвтсэн. 2018 оны 07 сард эмнэлэгт хэвтсэн. Гэвч В.М намайг эргэж тойролгүй, эмнэлэг дээр ирж уулзчихаад Орос явлаа гээд явсан. Би В.М-д их гомдсон. 2018 оны 09 сарын 30-нд Солонгос явсан. Солонгос явахынхаа урьд өдөр гэртээ хоноогүй, ажлын хамт олон нь гаргаж өгнө гээд гадуур хоночихоод өглөө ирээд тэр өдрөө явсан. В.М Солонгос явахдаа бид гуравт хашаан дотор байшингийн хажууд жижиг гэр барьж өгөөд явсан. Солонгост очоод надаас хөндийрч эхэлсэн. Гэрээ,  хоёр хүүхдээ аваад хашаанаас зайлаарай мэтээр бичиж байсан. Мөн Солонгос явахдаа өөрийн дүү болох В.З-тай хашаа байшингаа зарж болно гээд нотариатаар батлуулаад явсан байсныг дүүгээс нь асууж мэдсэн. В.М бие нь сайн тэнхрээгүй байхдаа Солонгос явна гээд надаас зөрөөд явсан шалтгаан нь талийгаач Ц-н зээлийг дараад ирсэн байсан. В.М Солонгост байхдаа хүний худал үгэнд итгэж намайг дарамталж занаж байгаад надад хэлэлгүй Солонгосоос Монголд ирсэн болохоор би айгаад аавыгаа бараадахаар шийдсэн. Эмнэлгээс гараад сувилалд явна гээд цалинийн зээл авсан. Би өдийг хүртэл өөрөө өөрийгөө болгож явсан. Цалингийн зээлнээс аваагүй. Би хоёр хүүхэдтэйгээ гэртээ байсан. Би Баян-Уул сумд  байсан. Би зээл төлөхгүй. В.М Солонгос явахдаа, бас өөрөө эмчилгээ сувилалд явах гээд зээл авсан. Би В.М-г намайг хай, ир гэж дуудаагүй учраас зардал энэ тэр гээд байгаа мөнгийг мэдэхгүй, бас төлөхгүй. Би хоёр хүүхдээ өөр дээрээ аваад В.М-с сална гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч В.М нь хариуцагч Т.Ж-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эвлэрүүлэн зуучлахад 2 удаа хандсан, УБ-Алтай, Алтай-УБ хайж явсан бензиний үнэ, эрэн сурвалжлахад гарсан зардал 430.200 төгрөг, цалингийн зээл 11.362.400 төгрөг, нийт 11.792.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 
Нэхэмжлэгч В.М, хариуцагч Т.Ж нар нь 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 10-рт/
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4 дэх хэсэгт зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ...” гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 342 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна.
 Гэрлэгчид нь 2018 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарсан, хоорондын үл ойлголцол, таарамжгүй харилцааны улмаас нэхэмжлэгч гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан,  нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрлэлт цуцлахыг харилцан хүлээн зөвшөөрч байх тул шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй, талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар В.М, Т.Ж нарын гэрлэлтийг цуцлах нь үндэслэлтэй байна.
Гэрлэгчдийн дундаас 2006 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр охин М.Э, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүү М.Д нар төрсөн болох нь хэрэгт авагдсан 0211935/Г№223 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 05/042360 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 11-12-рт/
Гэрлэгчдийг тусдаа амьдарсан үеэс хойш 2006 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин М.Э нь эцгийн асрамжид, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү М.Д нь эхийн асрамжид өсч торниж байгаа нөхцөл байдал, хүүхдийн насны онцлог, хүүхдийн санал, эцэг эхдээ ээнэгшин дассан байдал зэргийг үндэслэн охин М.Э-г аав В.М-н асрамжид, хүү М.Д-г эх Т.Ж-н асрамжид үлдээж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн энэ шийдвэр хүүхдүүдийн эцэг эхтэйгээ уулзах, хүүхдүүдийн хамтдаа байх эрхийг хөндөхгүй, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.М, хариуцагч Т.Ж нарын эцэг, эх байх эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг дурдах нь зүйтэй байна. 
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.3-т хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээнэ гэж тус тус заасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэжээн тэтгэх үүрэгтэй.
Харин охин М.Э-г аав В.М-н асрамжид, хүү М.Д-г эх Т.Ж-н асрамжид үлдээсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч, хариуцагч нарт харилцан үр хүүхдээ тэжээн тэтгэх харилцаа үүсэх тул нэхэмжлэгч В.М-ийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна. 
Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгө нэхэмжлээгүй, харин эвлэрүүлэн зуучлахад 2 удаа хандсан, УБ-Алтай, Алтай-УБ хайж явсан бензиний үнэ, эрэн сурвалжлахад гарсан зардал 430.200 төгрөг, цалингийн зээл 11.362.400 төгрөг, нийт 11.792.600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад:
Хаан банкны 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №ЗГ/201843901956 дугаартай зээлийн гэрээгээр зээлдэгч В.М, хамтран зээлдэгч Т.Ж нар нь 11.809.044,06 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 2.500.000 төгрөгийг нэмж, нийт 14.309.044,06 төгрөгийн зээл авсан байх бөгөөд уг зээлийн гэрээний хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дуусах байна. /хх-ийн 48-52-рт/
Хариуцагч Т.Ж нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа дээрх зээлийг В.М нь Солонгос явахдаа болон өөрийн эмчилгээ сувилалд зарцуулсан тул төлөх боломжгүй гэж маргаж байна. 
Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Хаан банкнаас зээл хүссэн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хүсэлтэд “...7.000.000 төгрөгийн цалингийн зээл авах хүсэлтэй байна. зорилго нь өөрийн унаж буй машинаа зарсан. Мөнгө нэмж байж өөр машин авна...” гэж,
2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хүсэлтэд “...танай банкинд 4.606.000 төгрөгийн зээлтэй. Нэмж 5.700.000 төгрөг олгож өгнө үү. 5.700.000 төгрөгөөр хашаа байшингаа засварлаж, шинэ тавилга авна...” гэж,
2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хүсэлтэд “...Эхнэр Солонгос улс руу явах болоод визний баталгаа 5.000.000 төгрөг, онгоцны зардлын 1.500.000 төгрөг, нийт 7 сая төгрөг хэрэгтэй байгаа тул энэхүү мөнгийг цалингийн зээлээр шийдвэрлэж өгнө үү. Одоо тус банкинд 2.488.000 төгрөгийн зээлтэй байна...” гэж,
2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хүсэлтэд “...Одоогоор тус банкинд 2.400.000 төгрөгийн зээлтэй. Нэмж 5.500.000 төгрөг авч автомашинаа солих хэрэгцээ гарсан тул дээрх хүсэлтийг харгалзан үзэж 5.500.000 төгрөгийн зээл олгож өгнө үү...” гэж,
2018 оны 04 сарын 09-ний өдрийн хүсэлтэд “...УБ эмчилгээнд явах шаардлагатай болсон тул цалингийн зээл авах хүсэлтэй байна. Одоогоор миний зээл 6.877.249 төгрөг байна. нэмж 2.000.000 төгрөг авах хүсэлтэй байна...” гэж,
2018 оны 07 сарын 17-ны өдрийн хүсэлтэд “...УБ хот руу эмчилгээ сувилгаанд явах шаардлага гарсан тул танай банкнаас зээл авах хүсэлтэй байна. Одоо танай банкинд 8.228.237 төгрөгийн зээлтэй. Нэмж 4.000.000 төгрөг авах хүсэлтэй байна. эмчилгээнд шаардлагатай 4.000.000 төгрөгийг олгож өгнө үү...” гэж,
2018 оны 09 сарын 12-ны өдрийн хүсэлтэд “...одоо тус банкинд 11.809.044 төгрөгийн зээлтэй. Нэмж 2.500.000 төгрөгийн зээл авах хүсэлтэй байна. нэмж авсан зээлээрээ дүүгийнхээ гэр бүл болоход нь зарцуулна...” гэж тус тус зээлийн зорилгыг тодорхойлсон байна. /хх-ийн 41-47-рт/
Нэхэмжлэгч В.М нь шүүх хуралдаанд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 7.000.000 төгрөгийн зээлийн хүсэлтийг тухайн үед Солонгос явна гэж байсан, гэхдээ яваагүй гэж, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр авсан 2.000.000 төгрөгийн зээлийг өөрийнхөө эмчилгээнд зарцуулсан, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5.500.000 төгрөгийн зээлийг наймаа хийнэ гэж хэлээд зээл авахуулж байсан, ахынх нь данс руу хийж байсан баримт байхгүй гэж, 2018 оны 09 дүгээр сарын 12-нд авсан 2.500.000 төгрөгийн зээлийг дүүгээ гэр бүл болоход мөн Солонгос явах гэж байсан тул авсан, 4.000.000 төгрөгийг визний материал бүрдүүлэхэд зориулсан гэж тус тус тайлбарлаж байна. 
Хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэхэд В.М нь дээрх цалингийн зээлийг өөрийн эмчилгээ сувилгаа болон дүүгээ гэр бүл болоход, Солонгос улс руу явахдаа зарцуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. 
Харин гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан буюу машин авах, хашаа байшингаа засварлах, шинэ тавилга авах зорилгоор авсан зээлийн хувьд тухайн гэр бүлийн дундын өмч болох хашаа, байшин, машин зэргийг Т.Ж захиран зарцуулаагүй, дундын хөрөнгө нэхэмжлээгүй, нэхэмжлэгч В.М-н эзэмшилд байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх тул цалингийн зээлийг Т.Ж-с гаргуулах үндэслэлгүй байна. 
Иймд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаарх Хаан банкны цалингийн зээл 11.362.400 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
Нэхэмжлэгч В.М нь 2019 оны 06 сарын 23, 2019 оны 09 сарын 27-ны өдөр тус тус эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамжид 30.000 төгрөг, нийт 60.000 төгрөгийг, 2019 оны 08 сарын 07-ны өдөр шүүхийн улсын тэмдэгтийн хураамжид 70.200  төгрөг, нийт 130.200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн байна. /хх-ийн 34-36-рт/ 
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “...Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас маргаан зохицуулахтай холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө талууд болон зохигчдоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Эвлэрүүлэн зуучлуулах өргөдөл гаргасан этгээд улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу урьдчилан төлнө...” гэж, 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1-д “...Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...” гэж заасан байх бөгөөд талууд эвлэрлийн гэрээ байгуулсан тохиолдолдд тухайн зардлыг хэн хариуцах талаар харилцан тохиролцох боломжтой байна. 
Гэтэл хэрэгт авагдсан 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 342 дугаартай тэмдэглэлд талууд эвлэрэх боломжгүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон гэж заасан, эрэн сурвалжлахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийн хувьд тухайн нэхэмжлэл нь онцгой ажиллгааны журмаар шийдвэрлэгддэг тул улсын тэмдэгтийн хураамжийг Т.Ж-р нөхөн төлүүлэх үндэслэлгүй байна. 
Мөн УБ-Алтай, Алтай-УБ хайж явсан бензиний үнэ гэх 300.000 төгрөгийн хувьд ШТМ-ын зарлагын падаанд 2019 оны 07 сараас 2019 оны 09 сарын 25 хүртэл 300.000 төгрөгийн Аи92 шатахуун авсан гэж тэмдэглэсэн бөгөөд бэлгэнд гаръя /30.000 төгрөг тутамд 1 скрач карт/ карт 11 ширхэгийг ирүүлсэн байна. 
Нэхэмжлэгч В.М нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...намайг Солонгосоос ирэхэд аав, ээж, охин тосч авсан Т.Ж хотод ирнэ гэж байсан боловч ирээгүй гэж...”, гэрч Ч.В нь “...Т.Ж-тай утсаар яриад Баян-Уул руу аавынд нь яваад очъё гэхэд та нарыг ирвэл би зугтана гэж хэлсэн. Тэгээд очоогүй...” гэж, гэрч Х.Н “...Энэ хүн манай хүүг ажилд явсан хойгуур хүн дагаад охиноо орхиод хүүгээ дагуулаад явсан. Бид нар хотоос ирээд Баян-Уул явж хүүгээ авчиръя, уулзъя гэхэд Т.Ж та нартай би уулзахгүй, та нартай харьцахгүй, та нарыг ирвэл би зугтана гэж хэлсэн. Тэгээд Баян-Уул явалгүй, буцаад ажилтай байсан учир хот руу явсан. Эргэж ирээд дахиж уулзаагүй...” гэж мэдүүлж байна. 
Өөрөөр хэлбэл гэрчүүд Т.Ж-г Улаанбаатар-Алтай, Алтай-Улаанбаатар чиглэлд хайж явсан талаар мэдүүлдэггүй, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн шатахууны баримт нь шатахуун худалдан авсныг нотлох боловч тухайн шатахууныг ямар зорилгоор тухайлбал Т.Ж-г хайхад зарцуулагдсан болох нь нотлогдохгүй байх тул дээрх шатахууны зардлыг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлгүй байна. 
Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, охин М.Э-г аав В.М-ийн асрамжид, хүү М.Д-г эх Т.Ж-ийн асрамжид үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, эвлэрүүлэн зуучлахад 2 удаа хандсан, УБ-Алтай, Алтай-УБ хайж явсан бензиний үнэ, эрэн сурвалжлахад гарсан зардал 430.200 төгрөг, цалингийн зээл 11.362.400 төгрөг, нийт 11.792.600 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 434.480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ж-с гэрлэлт цуцлуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 35.100 төгрөг, нийт 105.300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.М-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар В.М, Т.Ж нарын гэрлэлтийг цуцалсугай. 
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2006 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин М.Э-г эцэг В.М-н асрамжид, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү М.Д-г эх Т.Ж-ийн асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.М, хариуцагч Т.Ж нарын эцэг, эх байх эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг дурдсугай.
4.Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгө нэхэмжлээгүй болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, эвлэрүүлэн зуучлахад 2 удаа хандсан, УБ-Алтай, Алтай-УБ хайж явсан бензиний үнэ, эрэн сурвалжлахад гарсан зардал 430.200 төгрөг, цалингийн зээл 11.362.400 төгрөг, нийт 11.792.600 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү  шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Энхчимэгт даалгасугай.  
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 434.480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ж-с гэрлэлт цуцлуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 35.100 төгрөг, нийт 105.300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.М-д олгосугай. 
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ