Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 380

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Г-д холбогдох
улсад учруулсан хохиролд 5.418.960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, иргэдийн төлөөлөгч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Г.Г нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллахдаа 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/23 дугаартай тушаалаар сургалтын албаны менежер ажилтай Х.Д-г үүрэгт ажлаас нь халсан байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Г.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/02 дугаартай тушаалаар Х.Д-г сургалтын албаны менежер албан тушаалд эргүүлэн томилсон байна. Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 248 дугаартай шийдвэрээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын албаны менежерийн ажилд Х.Д-г эргүүлэн тогтоож, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5.418.960 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу улсын төсвөөс Х.Д-д цалинд 5.418.960 төгрөгийг олгосон байна. Г.Г нь хуулийн үндэслэлгүй Х.Д-г ажлаас халсан буруутай шийдвэрийн улмаас улсад 5.418.960 төгрөгийн хохирол учруулсан тул Г.Г-с хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа гэв.
Харицагч Г.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал ажилтай Г.Г миний биеэс Сургалтын албаны менежер Х.Д-г үндэслэлгүйгээр ажлаас халсны улмаас улсад учруулсан 5.418.960 төгрөгийн хохирлыг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 дэх хэсэгт сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.3 дахь хэсэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар заасныг хэрэгжүүлсэн. Сургалтын албаны менежерээр ажиллаж байсан Х.Д-г ажилгүй байсан хугацаанд тухайн орон тоонд өөр хүн авч ажиллуулаагүй, давхар цалин олгоогүй. Иймд тухайн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Г нь 2018 оны 01 сарын 18-ны өдрөөс эхлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын тушааар захирлаар ажилллаж байгаа. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Х.Д-г ажлаас чөлөөлсөн байдаг. 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 248 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацаааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг олгохоор болсон. Үүнийг гэм хор гэж нэхэмжилж байгаа. Гэм хорын хохирол нь хууль бус үйлдэл тухайн хүнийг гэм буруутай болохыг тогтоосон байхыг шаарддаг. Г.Г-н үйлдлийг хууль бус болохыг тогтоосон зүйл байхгүй. Өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан учир нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эд хөрөнгийн бүрэн буюу хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэхээр гэрээ байгуулаагүй, иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч Б.П нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Х.Д-г ажлаас үндэслэлгүйгээр халсан. Үндэслэлгүйгээр халагдаад ажилгүй байсан хугацааны цалинг төрөөс авсан юм байна. Нэгэнт ажилгүй байсан хугацаанд цалингаа авсан, Х.Д-д хохиролгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь Г.Г-д холбогдуулан улсад учруулсан хохирол 5.418.960 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа Г.Г нь хуулийн үндэслэлгүй Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын албаны менежер Х.Д-г ажлаас халж, ажилгүй байсан хугацааны олговорт улсын төсвөөс 5.418.960 төгрөгийг олгосон тул дээрх мөнгийг Г.Г-ээс гаргуулна хэмээн мэтгэлцэж байна. 
Хариуцагч Г.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 дэх хэсэгт сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.3 дахь хэсэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар заасныг хэрэгжүүлсэн. Сургалтын албаны менежерээр ажиллаж байсан Х.Д-г ажилгүй байсан хугацаанд тухайн орон тоонд өөр хүн авч ажиллуулаагүй, давхар цалин олгоогүй. Иймд тухайн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ. 
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад-хариуцагч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Г.Г нь:
- Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын албаны менежер Х.Д-г ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 429 дугаар шийдвэрээр тогтоогдож байна. /хх-ийн 56-67-рт/
Улмаар уг шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч Г.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/02 дугаартай тушаалаар Х.Д-г сургалтын албаны менежер албан тушаалд эргүүлэн томилсон байна. Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 248 дугаартай шийдвэрээр Х.Д-н ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5.418.960 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ. /хх-ийн 14-20-рт/
Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь шүүхийн шийдвэрийн дагуу Х.Д-н ажилгүй байсан хугацааны олговор 5.418.960 төгрөгөөс ХАОАТатвар 499.896 төгрөгийг суутгаж, 4.919.064 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 68 дугаартай төлбөрийн хүсэлтийн хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 21-22-рт/
Хариуцагч Г.Г нь Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байгаа болох нь Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/23 дугаартай “Г.Гийг ажилд томилох тухай” тушаал, Г.Г-ийн 0010121 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбараар тус тус тогтоогдож байна. 
Хариуцагч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Г.Г нь ажил олгогчийн хувьд бүрэн эрхийнхээ хэмжээнд ажилтнуудыг ажилд авах, ажлаас чөлөөлөх тушаал гаргаж байсан байна. Ийнхүү гаргасан тушаал нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоож, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Г.Г-г хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Гэм хор учруулснаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн тулд тухайн үйлдэл нь хууль бус байх шаардлагатай. Хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргахыг тушаал гаргах ёсгүй байхад гаргасан хууль бус үйлдлээс ялгаж ойлгох нь зүйтэй.  
Ажил олгогчийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд ажлаас халах тушаал гаргах, ажилтан тухайн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах, хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцалсны эрх зүйн үр дагаврыг шүүхээс тодорхойлох зэрэг ажиллагааны эрх зүйн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтын хүрээнд хамаардаг. Ажилд эгүүлэн тогтоогдсон Х.Д, түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан Г.Г ч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай учир шүүх маргааныг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицууулалтыг үндэслэл болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.  
Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ. 
Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас  бусад тохиодолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэйг Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д заажээ. 
Хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол тэрээр байгууллагад учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр төлөх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 135.3-т зааснаар ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулах ёстой байна. Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын талаар тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж мөн зүйлийн 135.4-т заасан байна. 
Хуульд зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхийн тулд ажилтан байгууллагад хохирол учруулсан байх, мөн ажил олгогчтой эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан байх шаардлагатай. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Г.Г нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан болох нь тогтоогдохгүй байна. 
Хэрэв ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх ба тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй гэж заасны дагуу хариуцагч Г.Гээс 807.207 төгрөгийг гаргуулж Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд олгох нь үндэслэлтэй байна. 
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно” гэж заажээ.
Шүүх дундаж цалин хөлсийг тооцохдоо дээрх журмыг баримтлан тухайн хохирол бодитоор учирсан үе буюу Х.Д-д ажилгүй байсан хугацааны олговор олгосон 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс сүүлийн 3 сарыг тооцох нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан хариуцагч Г.Г-н 0010121 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2018 оны 04, 05, 06 дугаар сарын цалингийн нийлбэрийг /811.741+801.541+808.341=2.421.623 төгрөг/ тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж /2.421.623/3=807.207 төгрөг/ ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлсон болно. 
Иймд хариуцагч Г.Г-с 807.207 төгрөгийг гаргуулж, Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.611.753 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Г.Г-с нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 807.207 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 23.923 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Г-с 807.207 /найман зуун долоон мянга хоёр зуун долоон/ төгрөгийг гаргуулж Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.611.753 /дөрвөн сая зургаан зуун арван нэгэн мянга долоон зуун тавин гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Г.Г-ээс нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 807.207 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 23.923 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

   ДАРГАЛАГЧ                                    Н.ОЮУНБИЛЭГ
    ШҮҮГЧ                                    Ц.ҮЙТҮМЭН
    ШҮҮГЧ                                    Д.ЯНЖИНДУЛАМ