Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 381

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Г-д холбогдох
Улсад учруулсан хохиролд 2.576.648 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Г.Г нь тус мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хяналт шинжилгээ, үнэлгээ, мониторинг хариуцсан хариуцсан ахлах мэргэжилтэн Д.У-г 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/37 дугаартай тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халсны улмаас төсөвт 2.576.648 /хоёр сая таван зуун далан зургаан мянга зургаан зуун дөчин найман/ төгрөгийн хохирол учирсан болох нь шүүхийн захирамж, шийдвэрээр тогтоогдсон байна. Үүний дагуу Прокурорын байгууллагаас төрд учирсан хохирол болох 2.576.648 төгрөгийг гаргуулж, Говь-Алтай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг хохиролгүй болгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. 100.000 төгрөг шүүхийн шийдэрийн дагуу хасагдсан байгаа гэв.  
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь шүүхэд ирүүлэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Г нь 2018 оны 01 сарын 18-ны өдрөөс эхлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын тушааар захирлаар ажилллаж байгаа. Г.Г нь хяналт шинжилгээ, үнэлгээ, мониторинг хариуцсан хариуцсан ахлах мэргэжилтэн Д.У-г ажлаас халсан нь үндэслэлгүй гэж эгүүлэн ажилд нь тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг МСҮТөвөөс гаргуулан шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсад учирсан хохирлыг төлүүлэх нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь Г.Г-тэй ажил олгогчийн зүгээс эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, Г.Г-ийн өөрийн эрх хүрээний хэмжээнд тушаал шийдвэр гаргасан бөгөөд хууль бус үйлдэл гаргаагүй.  Өнөөдрийн байдлаар хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй учир улсад учирсан хохирлыг нөхөн төлөх үндэслэлгүй болно. Нэхэмжлэгчийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь Г.Г-д холбогдуулан улсад учруулсан хохирол 2.576.648 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Г.Г нь тус мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хяналт шинжилгээ, үнэлгээ, мониторинг хариуцсан хариуцсан ахлах мэргэжилтэн Д.У-г 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/37 дугаартай тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халсны улмаас төсөвт 2.576.648 /хоёр сая таван зуун далан зургаан мянга зургаан зуун дөчин найман/ төгрөгийн хохирол учирсан тул дээрх мөнгийг Г.Г-ээс гаргуулна хэмээн мэтгэлцэж байна. 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа “..., Г.Г-ийн өөрийн эрх хүрээний хэмжээнд тушаал шийдвэр гаргасан бөгөөд хууль бус үйлдэл гаргаагүй.  Өнөөдрийн байдлаар хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй учир улсад учирсан хохирлыг нөхөн төлөх үндэслэлгүй...” гэж маргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад-хариуцагч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Г.Г нь:
- Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хяналт шинжилгээ, үнэлгээ, мониторинг хариуцсан хариуцсан ахлах мэргэжилтэн Д.У-г ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 37 дугаар шийдвэрээр тогтоогдож байна. /хх-ийн 8-14-рт/
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 37 дугаар шийдвэрээр Д.У-ийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 1.629.264 төгрөг, тус шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 295 дугаартай шийдвэрээр Д.У-ийн 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 947.384 төгрөг, нийт 2.576.648 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ. /хх-ийн 8-16-рт/
Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь шүүхийн шийдвэрийн дагуу Д.Угийн ажилгүй байсан хугацааны олговор 2.576.648 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл 104.212 төгрөг, ХХОАТатвар 213.244 төгрөгийг суутгаж, 2.259.192 төгрөгийг гарт олгохоос өмнө олгосон тэтгэмж 1.863.174 төгрөгийг хасч 396.018 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 53 дугаартай төлбөрийн хүсэлтийн хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 17-18-рт/
Хариуцагч Г.Г нь Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байгаа болох нь Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/23 дугаартай “Г.Гийг ажилд томилох тухай” тушаал, Г.Гийн 0010121 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбараар тус тус тогтоогдож байна. 
Хариуцагч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Г.Г нь ажил олгогчийн хувьд бүрэн эрхийнхээ хэмжээнд ажилтнуудыг ажилд авах, ажлаас чөлөөлөх тушаал гаргаж байсан байна. Ийнхүү гаргасан тушаал нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоож, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Г.Г-г хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Гэм хор учруулснаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн тулд тухайн үйлдэл нь хууль бус байх шаардлагатай. Хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргахыг тушаал гаргах ёсгүй байхад гаргасан хууль бус үйлдлээс ялгаж ойлгох нь зүйтэй.  
Ажил олгогчийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд ажлаас халах тушаал гаргах, ажилтан тухайн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах, хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцалсны эрх зүйн үр дагаврыг шүүхээс тодорхойлох зэрэг ажиллагааны эрх зүйн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтын хүрээнд хамаардаг. Ажилд эгүүлэн тогтоогдсон Д.У, түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан Г.Г ч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай учир шүүх маргааныг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицууулалтыг үндэслэл болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.  
Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ. 
Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас  бусад тохиодолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэйг Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д заажээ. 
Хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол тэрээр байгууллагад учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр төлөх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 135.3-т зааснаар ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулах ёстой байна. Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын талаар тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж мөн зүйлийн 135.4-т заасан байна. 
Хуульд зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхийн тулд ажилтан байгууллагад хохирол учруулсан байх, мөн ажил олгогчтой эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан байх шаардлагатай. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Г.Г нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан болох нь тогтоогдохгүй байна. 
Хэрэв ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх ба тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй гэж заасны дагуу хариуцагч Г.Г-ээс 792.509 төгрөгийг гаргуулж Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд олгох нь үндэслэлтэй байна. 
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно” гэж заажээ.
Шүүх дундаж цалин хөлсийг тооцохдоо дээрх журмыг баримтлан тухайн хохирол бодитоор учирсан үе буюу Д.У-д ажилгүй байсан хугацааны олговор олгосон 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс сүүлийн 3 сарыг тооцох нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан хариуцагч Г.Г-ийн 0010121 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2018 оны 06, 07, 08 дугаар сарын цалингийн нийлбэрийг /808.341+727.979+841.207=2.377.527 төгрөг/ тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж /2.377.527 /3=792.509 төгрөг/ ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлсон болно. 
Иймд хариуцагч Г.Г-с 792.509 төгрөгийг гаргуулж, Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.784.139 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 
Хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр томилогдсон Т.Б нь Жаргалан сумд амьдардаг, хүүхэд асрах хүнгүйн улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдаанд оролцуулахгүй байх хүсэлт гаргасан, хэргийн оролцогчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Г.Г-с нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 792.509 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 23.570 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Г-с 792.509 /долоон зуун ерэн хоёр мянга таван зуун есөн/ төгрөгийг гаргуулж Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.784.139 /нэг сая долоон зуун наян дөрвөн мянга нэг зуун гучин есөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Г.Г-с нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 792.509 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 23.570 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

   ДАРГАЛАГЧ                                    Н.ОЮУНБИЛЭГ
    ШҮҮГЧ                                    Ц.ҮЙТҮМЭН
    ШҮҮГЧ                                    Д.ЯНЖИНДУЛАМ