| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2019/00328/И/ |
| Дугаар | 383 |
| Огноо | 2019-11-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 383
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М.Ц-н нэхэмжлэлтэй
хариуцагч: Н.О-д холбогдох
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Ц, хариуцагч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие М.Ц нь 1994 оны 12 сарын 20-нд Говь-Алтай аймгийн Төгрөг сумд төрсөн. Нөхөр Н.О-той 2015 оны 06 сард танилцаж, 2017 оны 07 сарын 10-ны өдөр гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2016 оны 03 сарын 23-ны өдөр хүү төрсөн. Айл гэр болоод сар болоод зодсон. Сүүлдээ хүү бид хоёрыг тогоотой шөлөөр түлсэн. 11 сард аавындаа ирсэн. Би хүүгийн тэтгэлэг тогтоолгомоор байна. Нэг сар гаруй суугаа болсон. Яаралтай онгоцоор яваад хотын эх нялхаст хэвтэж байгаад одоогийн байдлаар онош тодроогүй байгаа. Би 10 сард хүүгээ аваад хот явна гээд утсаар ярьсан боловч туслалцаа өгөөгүй. Хүүгээ аваад явмаар байна гэхэд нэг их юм яриагүй. Буруугаар ойлголцдог. Хүүхдээ тоодоггүй. Бид хоёрт 100 төгрөгөөр ч нэмэр болоогүй. Хүүгээ үзүүлмээр байна. Санхүүгийн байдал дээр маш муу байгаа. Одоогоор нөхөр байсан Н.О Бугат сумаас эхнэртэй болоод Бугат сум руу шилжсэн. Иймд миний байдлыг харгалзан үзэж гэрлэлт цуцалж, хуульд заасны дагуу 1 хүүхдэд насанд хүртэл тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Н.О нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Говь-Алтай аймгийн Бугат сумд төрсөн. Одоо ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг. М.Ц-тэй 2017 оны 07 сарын 10-ны өдөр гэр бүл болсон. 2017 оны 10 сард түр зуурын маргаанаас болж тусдаа амьдрах болсон. Надад явах гэж байгаа талаараа хэлээгүй. Энэ хүн чинь хоёр удаа эвлэрүүлэн зуулчлалаар ороод хоёр удаа ирээгүй. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүү О.А-г өөр дээрээ авах хүсэлтэй байна. Бугат сумд эхнэртэй болсон гэж ор үндэсгүй худлаа зүйл бичиж байна. Төрж өссөн нутаг руугаа явсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч Н.О-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч М.Ц, хариуцагч Н.О нар нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4 дэх хэсэгт зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ...” гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 35 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна.
Гэрлэгчид нь 2017 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарсан, хоорондын үл ойлголцол, таарамжгүй харилцааны улмаас нэхэмжлэгч гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Гэрлэгчдийг тусдаа амьдарсан үеэс хойш хариуцагч нь гэрлэлтээ хэвээр үргэлжлүүлэх болон үр хүүхдээ тэжээн тэтгэхэд оролцоогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т “Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн 132.1-д заасан арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно” гэж заажээ.
Хариуцагч нь Н.О нь нэхэмжлэгч М.Ц-тай хамт амьдарч байх хугацаандаа буюу 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1 нас 8 сартай хүү О.А-ынхаа зүүн хацрыг тогоотой халуун шөлөөр түлж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр М.Ц-г байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.
Улмаар Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор шүүгдэгч Н.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, 8 сар хорих ялаар шийтгэсэн байна. /хх-ийн 28-33-рт/
Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар М.Ц, Н.О нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Гэрлэгчдийн дундаас 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүү О.А төрсөн болох нь 8231000015 дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү О.А нь гэрлэгчдийг тусдаа амьдарсан үеэс хойш эхийн асрамжид өсч торниж байгаа нөхцөл байдал, хүүхдийн насны онцлог, хариуцагч Н.О нь хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж байсан зэргийг үндэслэн хүү О.А-г эх М.Ц-ийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь санхүүгийн хүндрэлтэй байдлаас болоод гэр бүлийн дундын эд хөрөнгө нэхэмжлээгүй гэж тайлбарлаж байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.3-т хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээнэ гэж тус тус заасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү О.А-г эх М.Ц-ийн асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр хүү О.А-т тэтгэлэг тогтоож эцэг Н.О-аар тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143.601 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.О-с гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг, 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 1.144.200 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 32.011 төгрөг, нийт 172.411 төгрөгийг гаргуулахаас 143.601 төгрөгийг нэхэмжлэгч М.Ц-д олгож, 28.810 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Н.О, М.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү О.А-г эх М.Ц-н асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү О.А-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Н.О-аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх М.Ц-д даалгасугай.
5. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Н.О нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч Н.О-г эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг даалгасугай.
7. Нэхэмжлэгч гэр бүлийн дундын эд хөрөнгө нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Энхчимэгт даалгасугай.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143.601 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.О-с гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг, 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 1.144.200 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 32.011 төгрөг, нийт 172.411 төгрөгийг гаргуулахаас 143.601 төгрөгийг нэхэмжлэгч М.Ц-д олгож, 28.810 төгрөгийг улсын орлогод оруулсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ