Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 02267

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2019/02267

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:О.Ц-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:О ХХК-д холбогдох

Түрээсийн төлбөр болон барьцааны мөнгө 712 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, гэрээнээс учирсан хохиролд 4 257 510 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагатай хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа, хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр О ХХК-ийн Арвидах худалдааны төвийн В1 давхарт байрлах В-22 дугаар бүхий талбайг түрээслэхээр гэрээ байгуулсан.Гэрээ байгуулах үед Арвидах худалдааны төвд зориулалтын лангуу байхгүй, хуучин тоног төхөөрөмжийг солих шаардлагатай байсан ба О ХХК-ийн удирдлагаас түрээслэхээр гэрээ хийсэн хүмүүстэй ярьж зөвшилцөн 1 сарын дараа лангууг бэлэн болгохоор тохиролцсон.Нийт 20 гаруй түрээслэгч байсан ба миний хувьд түрээсийн төлбөр 337 500 төгрөг, барьцаа 375 000 төгрөг нийт 712 500 төгрөгийг О ХХК-д хүлээлгэн өгсөн.Тохиролцсон хугацаанд талбай, лангуу бэлэн болоогүй үйл ажиллагаа явуулаагүй учир 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр гэрээг цуцлах санал тавьж, өгсөн мөнгөө буцаан авна гэсэн боловч өгөхгүй байна.Талбай түрээслэх гэрээний 4.1-т заасан үүргээ биелүүлээгүйгээс би хохирч байгаа тул түрээсийн болон барьцаа төлбөр болох 712 500 төгрөгийг О ХХК-с гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О.Ц нь 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр О ХХК-ийн Арвидах худалдааны төвийн В1 давхарт байрлах В-22 тоот талбайг түрээслэхээр гэрээ байгуулсан бөгөөд О ХХК-ийн хүмүүстэй ярьж зөвшилцөн 1 сарын дараа лангууг бэлэн болгохоор тохиролцож түрээсийн төлбөр 337 500 төгрөг, барьцаа 375 000 төгрөг нийт 712 500 төгрөгийг О ХХК-д хүлээлгэн өгсөн. О ХХК нь тохиролцсон хугацаандаа лангууг бэлэн болгоогүй тул гэрээнээс татгалзаж, өгсөн түрээсийн төлбөр болон барьцааны мөнгө болох 712 500 төгрөгийг О ХХК-с гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч О ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:О.Ц нь Хороолол барилгын материалын захад олон жил барилгын материалын бизнес хийж байгаа.Хороолол барилгын материалын байрыг бүхэлд нь Номин их дэлгүүр худалдаж авч байгаа учраас биднийг ажлын байраа 2019 оны 4 сард багтаан суллаж өг гэсэн тул бид ажлын байргүй болчихлоо, хүнсний захаа татан буулгаад барилгын материалын зах болгооч, бид үйлчлүүлэгчдээ дагуулаад ирнэ хэмээн нийт 19 түрээслэгч санал тавьж харилцан тохиролцсоны үндсэн дээр Арвидах худалдааны төвд барилгын материалын худалдааны чиглэлээр павилон түрээслэн ажиллуулахаар 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр О.Цтай гэрээ байгуулсан.О ХХК нь 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 1/5 тоот барилгын захын нийт түрээслэгчдэд зориулан гаргасан мэдэгдлийн дагуу 19 400 000 төгрөгийн өртөгтэйгээр павилоныг захилан хийлгүүлж, 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахад ажлын байрыг 100 хувь бэлэн болгосон байсан.Барилгын материалын захад тусгайлан зориулан вакум хаалт павилоныг Ноц ХХК-тай 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр гэрээ хийж, ажил гүйцэтгүүлж төлбөрийг шилжүүлсэн.Гэрээний дагуу 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр О.Ц нь үйл ажиллагаагаа эхлүүлэх байсан боловч О.Ц болон 19 түрээслэгчийн хэн нь ч ирээгүй.О ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 5/8 тоот мэдэгдэл хүргүүлж түрээслэгч О.Цыг түрээслэсэн лангуу павилондоо үйл ажиллагаа эхлүүлэхийг албан ёсоор мэдэгдсэн, уг мэдэгдлийг О.Ц хүлээн авсан.О.Цийн одоо ажиллаж байгаа Хороолол барилгын материалын дэлгүүрийн байрыг Номин их дэлгүүр худалдан авахаа больсон учраас манай компанитай хийсэн гэрээгээр цуцлах үндсэн шалтгаан болсон гэж үзэж байна. О.Ц нь дээрх үндсэн шалтгаанаар биш О ХХК-ийг гэрээгээр зөрчсөн павилон байхгүй мэтээр гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзаж байна.Иймд О.Цийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Арвидах худалдааны төвд барилгын материалын худалдааны чиглэлээр павилон түрээслэн ажиллуулахаар 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр О.Цтай гэрээ байгуулсан.Тухайн ажлын байрыг 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болгохоор тохиролцсон бөгөөд уг хугацаандаа бэлэн болгосон боловч түрээслэгч ирээгүй.Бид ажлын байрыг нэг сарын дараа бэлэн болгоно гэж тохиролцоогүй тул О.Цийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:О.Ц болон 19 түрээслэгчдийн одоо ажиллаж байгаа Хороолол барилгын материалын байрыг бүхэлд нь Номин их дэлгүүр худалдаж авч байгаа тул бид ажлын байргүй болчихлоо манай хүнсний захын талбайг бүхэлд нь түрээслэнэ гэж санал тавьсны үндсэн дээр О ХХК нь 3 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан Арвидах худалдааны төвийн хүнсний захын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөн 100 хувь талбай дүүргэлттэй барилгын материалын захын чиглэлээр 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр В-22 тоот Арвидах худалдааны төвийн талбайг түрээслэх гэрээг О.Цтай байгуулсан.О ХХК нь 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 1/5 тоот барилгын захын нийт түрээслэгчдэд зориулан гаргасан мэдэгдлийн дагуу 19 400 000 төгрөгийн өртөгтэйгээр вакум павилоныг захиалан хийлгүүлж, 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр бүх павилоны вакум хаалтыг Ноц ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийлгэж гэрээний үүргээ биелүүлсэн.Түрээслэгч О.Ц нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэрээнийхээ дагуу үйл ажиллагаагаа эхлүүлэх байсан боловч Хороолол барилгын материалын байрыг Номин их дэлгүүр худалдан авахаа больсон учраас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үйл ажиллагаа явуулалгүй гэрээний үүргээ зөрчиж хохирол учруулсан.О ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 5/8 тоот мэдэгдэл хүргүүлж түрээслэгч О.Цийг түрээслэсэн лангуу павилондоо үйл ажиллагаагаа эхлүүлэхийг мэдэгдсэн.О.Ц нэхэмжлэлдээ 1 сарын дараа павилон бэлэн болохоор тохиролцсон гэж ташаа бичсэн байна.Гэрээгээр 4 дүгээр сарын 15-ны өдрөөс ажиллаж эхлэх байсан.2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр О.Цтай гэрээ хийхдээ 4 дүгээр сарын түрээсийн төлбөр авсан. О.Цийг барилгын материалын чиглэлээр ажиллуулахын тулд урьд нь ажиллуулж байсан гурил будаа амтлагч чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан түрээслэгчтэй байгуулсан гэрээг цуцалж, О.Цтай гэрээ байгуулсан.Иймд О ХХК нь О.Цтай байгуулсан гэрээнээс учирсан хохирол болох түрээсийн орлого 1 380 000 төгрөг, О.Цид оногдох талбайн цахилгаан, дулааны зардал 417 960 төгрөг, вакум хаалт хаалганы 2 459 550 төгрөг нийт 4 257 510 төгрөгийг О.Цаас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:О.Цаас нэхэмжилсэн дулаан, цахилгааны болон вакум хаалт, хаалганы үнэ нь үндэслэлгүй байна.О.Ц тухайн лангуун дээр үйл ажиллагаа явуулаагүй тул 4 257 510 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэв.

 Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч О.Ц нь хариуцагч О ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрт төлсөн 337 500 төгрөг, барьцаанд төлсөн 375 000 төгрөг нийт 712 500 төгрөгийг буцаан авах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч О ХХК нь гэрээнээс учирсан хохирол гэх түрээсийн орлого 1 380 000 төгрөг, О.Цид оногдох талбайн цахилгаан, дулааны зардал 417 960 төгрөг, вакум хаалт хаалганы 2 459 550 төгрөг нийт 4 257 510 төгрөгийг О.Цаас гаргуулах тухай сөрөг шаардлагыг гаргажээ.

О.Ц болон О ХХК-ийн хооронд 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэхүү гэрээгээр О ХХК-ийн Арвидах худалдааны төвийн В-1 давхарт байрлах В-22 тоот лангууг жижиглэн цоож, гэрлийн худалдааны зориулалтаар 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд О.Цид эзэмшүүлэх, О.Ц нь түрээсийн төлбөрт сар бүр 375 000 төгрөгийг О ХХК-д төлөх үүрэг хүлээж харилцан тохиролцсон байна.

Түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д түрээслэгч гэрээ байгуулахдаа нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний барьцаа 375 000 төгрөгийг тус компанийн санхүүд байршуулна гэж тохиролцсон байна.

О.Ц нь түрээсийн төлбөрийн 337 500 төгрөг, барьцааны 375 000 төгрөг нийт 712 500 төгрөгийг О ХХК-д төлсөн үйл баримтад талууд маргахгүй байна.

Талуудын маргаж байгаа үйл баримт нь Арвидах худалдааны төвийн В-1 давхарт байрлах В-22 тоот лангууг түрээсийн гэрээ хийснээс хойш 1 сарын дараа буюу 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр үйл ажиллагаа явуулахад бэлэн болгох үүргийг О ХХК хүлээсэн гэж нэхэмжлэгч О.Ц тайлбарлаж байна.

 

Гэтэл Арвидах худалдааны төвийн В-1 давхарт байрлах В-22 тоот лангууг түрээсийн гэрээ хийснээс хойш 2 сарын дараа буюу 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр үйл ажиллагаа явуулахад бэлэн болгох үүргийг манайх хүлээсэн, түрээслэгчээс 4 дүгээр сарын төлбөрийг хүлээн авсан гэж хариуцагч байгууллагын төлөөлөгч тайлбарлаж байгаа нь үндэстэй байна.

О.Ц нь 4 сарын түрээсийн төлбөр 337 500 төгрөг, барьцааны 375 000 төгрөг нийт 712 500 төгрөгийг О ХХК-д тушаасан болох нь хэргийн 12 дугаар хуудсанд авагдсан 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын ордерийн баримтаар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл энэхүү бэлэн мөнгөний орлогын баримтаас харахад О ХХК нь О.Цаас 2019 оны 2, 3 дугаар сарын биш 4 дүгээр сарын түрээсийн төлбөрийг авсан байна гэж үзэхээр байна.

О ХХК нь 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр нийт түрээслэгчдэд мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд уг мэдэгдэлд тус компанийн Арвидах төвд хүнсний захаар ажиллаж байсан талбайг хороолол барилгын материалын төвийн түрээслэгчид нийтэд нь түрээслэх санал тавьсны үндсэн дээр хүнсний захыг татан буулгаж, барилгын материалын төв болгон өөрчлөлт хийхээр тохиролцон түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулсан.Уг гэрээний үүргийн дагуу барилгын материалын төв 2019 оны 4 дүгээр сарын 15-нд үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болно.Иймд нийт талбайн төлөвлөлт, зохион байгуулалт, павилоны хаалт, хуваалт хийхэд 19 400 000 төгрөгийн төсөв гарч байна.Павилоны материалын захиалгыг 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хийх болсон тул гэрээ байгуулсан та бүхэн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс хойш гэрээ цуцалсан тохиолдолд таны төлсөн барьцаа болон түрээсийн төлбөр буцаан олгогдохгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.Иймд нийт түрээслэгч та бүхэн энэ мэдэгдлийг хүлээн зөвшөөрч буйгаа хавсралт хуудсанд гарын үсгээр баталгаажуулахыг мэдэгдье гэжээ.

Энэхүү мэдэгдэх хуудасны ар талын мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн түрээслэгчдийн гарын үсгийн баталгаажуулалтын хүснэгтийн 22 дугаарт нэхэмжлэгч О.Ц гарын үсгээ зурсан байна.

Мөн О ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нийт түрээслэгчдэд мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд уг мэдэгдэлд тус компанийн Арвидах худалдааны төвд Хороолол барилгын материалын төвийн түрээслэгчдийн хүсэлтийн дагуу барилгын материалын худалдаа эрхлэх чиглэлээр талбай түрээслэх гэрээг түрээслэгчидтэй байгуулсан.Уг гэрээний үүргийн дагуу Арвидах төвд манай компани 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болгож 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр павилон, лангууны хуваарилалтыг 100 хувь хийж дуусгасан.Иймд нийт түрээслэгч та бүхэн түрээслэсэн лангуу павилондоо үйл ажиллагаагаа эхлүүлэхийг мэдэгдэж байна гэсэн байх бөгөөд уг мэдэгдлийг О.Ц хүлээн авсан байна.

Дээрх баримтуудаас үзэхэд О.Цийн түрээсийн гэрээнээс татгалзах болсон үндэслэл нь нотлогдоогүй байна.

Нөгөө талаар Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ 204.2-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно.Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж заасан байна.

О.Ц нь түрээсийн гэрээнээс татгалзах болсон тухайгаа О ХХК-д хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй байх тул О.Цийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд О.Ц нь тухайн объектыг буюу гэрээнд зааснаар Арвидах худалдааны төвийн В-1 давхарт байрлах В-22 тоот лангууг хүлээж аваагүй, тэрээр ашиглаагүй, тэнд үйл ажиллагаа явуулаагүй байхад О ХХК нь нэхэмжлэгчээс түрээсийн орлого, уг талбайн цахилгаан, дулааны зардал, уг талбайд хийсэн вакум хаалт хаалганы үнийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

О ХХК нь Арвидах худалдааны төвийн В-1 давхарт байрлах талбайн зориулалтыг өөрчилж тохижуулан зардал гаргасныг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд О.Цаас 4 257 510 төгрөг гаргуулах О ХХК-ийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар О ХХК-с 712 500 /долоон зуун арван хоёр мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай О.Цийн шаардлагыг, О.Цаас 4 257 510 /дөрвөн сая хоёр зуун тавин долоон мянга таван зуун арван/ төгрөг гаргуулах тухай О ХХК-ийн сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 21 650 төгрөг, хариуцагч байгууллагын төлсөн 83 070 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         З.ДОРЖНАМЖИН