Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/22

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

     Улсын яллагч П.Даваасүрэн,

     Шүүгдэгч *******,

     Нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

******* аймгийн сум дахь сум дундын прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн 0000 оны 00 сарын 00-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2 эхнэрийн хамт ******* аймгийн ******* сумын 0-р баг 00-р гудамжны 5 тоотод оршин суух хаягтай, 4 удаагийн ял шийтгэлтэй, ******* овогт ******* /РД:00000000/.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

******* нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 23 цагийн үед согтуурсан үедээ ******* аймгийн сумын 3 дугаар баг нуруу 00000 тоот өөрийн гэртээ өөрийн хүү “зурагтын суваг солилоо” гэх шалтаглан маргалдаж улмаар гэрийн гал тогооны хэсэгт байх түмбүүшканд байсан модон иштэй заазуурыг авч түүний зүүн чих, зүүн мөрөнд зүсэгдсэн шарх, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан хүсэлтийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судална. Үүнд:

Улсын яллагчаас:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 9-14-р хуудас),

- ******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 21-22-р хуудас),

- Хохирогч өгсөн мэдүүлэг (хх-ийн 24-26-р хуудас)

-Гэрч мэдүүлэг (хх-ийн 29-30-р хуудас),

-Шүүгдэгч *******гийн  хувийн байдал тогтоосон баримт (хх-ийн 60-72-р хуудас),

-Хохирогч Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хх-ийн 65-р хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* нь хэрэгт цугларсан нотлох баримтаас шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэсэн болно.

  1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

******* нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны 23 цагийн үед согтуурсан үедээ ******* аймгийн сумын 3 дугаар баг нуруу 44-4405 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох өөрийн хүү “Зурагтын суваг солилоо” гэх шалтгаанаар маргалдаж улмаар гэрийн гал тогооны хэсгээс модон иштэй заазуурыг авч зүүн чих, зүүн мөрөнд зүсэгдсэн шарх, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдлоо. Үүнд:  

Мөрдөн шалгах ажиллагаанд:  

1.Хохирогч өгсөн: “...Би ******* аймаг сум 3 дугаар баг , нуруу 44-4405 тоот хаягт өөрийн төрсөн ээж болон аав ******* нарын хамт оршин суудаг юм. Өчигдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр би гэрийнхээ хашаанд байдаг амбаар дотор ганцаараа нэг 0.5 литрийн Хараа нэртэй архи уусан ингээд архиа ууж дуусчхаад 23 цагийн орчимд гэртэй орсон намайг гэрт ороход аав ******* нь гэрт архи уугаад тасарсан хэвтэж байсан. Ээж мөн хамт байсан тэгэхдээ ээж бол архи уугаагүй эрүүл саруул юм. Аав ******* нь найз гэх хүний хамт гэрт өдрөөс хойш л архи уусан юм би ямар аавтай хамт архи уух биш ганцаараа гэр рүү орж гараад л амбаарт архи уусан нь үнэн. Ингээд намайг гэр рүү ороход аав ******* сэрээд шууд над руу агсам тавьж маргалдсан уг агсам тавих шалтгаан нь бол би зурагтын суваг сольсноос болоод л чи яахаар сольдог юм гээд л маргалдаад байсан тэгээд маргалдаж байхдаа гэрийн гал тогооны хэсэгт байх түмбүүшканаас модон иштэй заазуурыг нь аваад над руу хүрээд ирсэн би тухайн үед арай ч намайг зүсэхгүй байх гэж бодсон чинь миний зүүн талын мөр хэсэгт нэг удаа уг заазуураар цохисон ингэж цохихдоо миний зүүн талын чихийг хамт уг заазуураар цохисон би заазуураар цохиулсны улмаас эмнэлэгт хүргэгдэн зүүн мөр болон зүүн чихэндээ оёдол тавиулсан яг хэдэн оёдол тавиулсан гэдгээ мэдэхгүй байна намайг уг заазуураар нэг л удаа далайж цохисон юм. Аав ******* бид хоёрын дунд урд өмнө огт ийм асуудал болж байгаагүй ээ. Манай аав ер нь л архины хамааралтай архи их уудаг хүн байгаа юм архи уухаараа л агсам согтуу зан гаргаж намайг элдвээр хэлдэг тэрнээс урд өмнө цохиж зодсон асуудал болж байхгүй ээ. Миний хувьд урд өмнө аавтайгаа хамт архи ууж байсан бид хоёр цуг архи уухаараа бол маргалдаад байдаггүй ээ тус тусдаа уухаараа л маргалдаад байдаг юм ******* нь миний төрсөн аав байгаа юм. Уг асуудал болсны дараа намайг Цагдаад мэдэгдсэн талаар аав ******* нь мэдчихээд гэрээс гараад явсан гэрээс гараад явсны дараа би надад гэмтэл учруулсан заазуурыг нь хайгаад олоогүй ээ аваад явсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26-р хуудас/,

2.Гэрч ийн: “...2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-ны өдрийн шилжих шөнө 00 цагийн орчимд гэртээ нөхөр ******* нь хүү тай маргалдаж гэрт байдаг модон иштэй заазуурыг авч хүү руу дайрч түүний зүүн гарын мөр хэсэгт нэг удаа уг заазуураар цохиж гэмт учруулсан. Би тухайн үед унтах гээд хэвтэж байсан юм. Ингээд л уг асуудал болсны дараа ******* гараад явсан хаачсан талаар нь мэдэхгүй байна. Гараад явахдаа уг заазуурыг мөн аваад явсан байх. Гэрт хайгаад олдоогүй. Уг асуудал болох үед манай нөхөр болон хүү нар хоёулаа л архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хаана хэнтэй архи уусан талаар нь би мэдэхгүй байна. Тус тусдаа л архи уусан хүмүүс. Мөн урд өмнө нь ийм асуудал огт болж байгаагүй. Миний хүү нь бид хоёрын дундаас гарсан төрсөн хүү байгаа юм яг юунаас болоод ийм асуудал болсныг нь би мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг (хх-ийн 29-30-р хуудас),

3.Яллагдагч *******гийн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цагийн үед гэх найзтайгаа гэртээ 0.5 литр, 0.33 "Хараа" гэх архи хоёрыг хувааж уугаад унтаж байхад эхнэр хоолоо ид гээд сэрээсэн. Босоод зурагт үзээд сууж байхад хүү согтуу орж ирээд зурагтын удирдлага булаацалдсан юм. Түүнээс болж маргалдаад хажуу талд чанасан мах огтолж байсан жижиг заазуур байсан юм. Тухайн үедээ маргалдсан урандаа хүүгээ айлгах гээд заазуурыг авахад надтай ноцолдох үед заазуураар мөрийг нь зүсчихсэн юм. Би тухайн өдөр гэрээсээ гараад *******ы хуучин ******* газарт нэг байрны орцонд хоноод өглөө суудлаар Улаанбаатар хот руу явчихсан юм. Тиймээ миний төрсөн хүүхэд мөн. Хамгийн бага хүү маань байгаа юм. Би тухайн үед айгаад заазуурыг башингынхаа ард руу шидчихсэн юм. Заазуур одоо тэндээ байгаа. Би өөрийн гэм буруутай хүү д гэмтэл учруулсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна..." /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,

4.Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-14-р хуудас/,

6. ******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №181 дугаартай: “...1. -н биед зүүн чих, зүүн мөрөнд зүсэгдсэн шарх, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” Шинжээч эмч /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох өөрийн хүү тай маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн заазуураар бие махбодод нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хуулийн зүйл, хэсэг тохирсон, мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон тул шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж томьёолжээ.

Түүнчлэн мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж заасан байна. Иймд хохирогч нь ээж, аавын хамт нэг гэрт амьдардаг тул уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,

Мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-т “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тухай гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан байх бөгөөд *******гийн “гэр бүлийн хамаарал бүхий харилцааны хүний эрүүл мэндийн эсрэг санаатай үйлдэл хийж хөнгөн хохирол учруулсан” үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.   

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ ын бие махбодод ямар нэгэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйлээр халдвал /заазуур/ бие эрүүл мэндэд нь хохирол учирна гэдгийг мэдсээр байж санаатай үйлдлээр, хүсэж бие махбодод нь халдаж хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан зарчмын дагуу шүүгдэгч *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.   

Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг бөгөөд хуульд заасан эрхийнхээ дагуу өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Мөн шүүгдэгч, хохирогч нар нь шалтгаангүй ахуйн хүрээний архидалтын улмаас биеэ хянах чадваргүй буюу согтуурсан, мансуурсан үедээ маргалдан нэгнийхээ бие эрх чөлөөнд халдаж, гэмтэл учруулсан ба энэ нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон болохыг цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэх нь зүйтэй.

Хохирол хор уршгийн талаар:

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө “... миний бие өөрийн эцэг д ямар нэгэн гомдол байхгүй... гэх өргөдөл /хх-ийн 65-р хуудас/, болон шүүхийн шатанд ...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр үгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүхээс шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж Прокурор хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол үйлдсэн байна. /хх-ийн 104-р хуудас/.

Прокурорын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлын арга хэмжээ хэрэглэх тухай саналд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар “2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч зөвшөөрсний дагуу эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Иймд шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хор хохирол, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь ******* аймгийн сумын 3 дугаар баг , нуруу гудамжны 44-4405 тоотод оршин суух хаягтай боловч нутаг дэвсгэрийн хувьд ******* аймгийн ******* суманд хамаарагдах тул шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх харьяаллын асуудлыг ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны эдлээгүй үлдсэн хоногийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэх нь зүйтэй.     

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг ногоон иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.    

 Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт ******* г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар *******д 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарласугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны эдлээгүй үлдсэн хоногийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг ногоон иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

          8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДЭЛГЭРСАЙХАН