Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/108

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2336000720082 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Төнхөн ургийн овогт ******* *******, 1978 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 03 дугаар (Бичигт) багийн ******* тоотод оршин суудаг, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 266 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30’000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 100 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаар: *******.

Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго “шүүгдэгч ******* 2022 оны 04 дүгээр сард Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрт хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг “50” хувь гэж тогтоож бичилт хийснийг “80 хувь” болгон засварлаж, улмаар зөрчлийн 2236000357 дугаартай хэргийг хянан шийдвэрлэх явцад баривчлах шийтгэлээс зайлсхийх зорилгоор хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий шүүхийн шийдвэрийн үндэслэл болохуйц дээрх баримтыг засварлагдсан хуурамч болохыг мэдсээр байж 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймаг дахь сум дундын шүүхэд гарган өгч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах, гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

1.1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ЗШ/356 дугаартай “...Холбогдогч ******* дээрх үйлдэл Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх зөрчлийн шинжийг бүрэн хангаж байх тул албадан сургалтад хамруулж, баривчлах шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. ...Холбогдогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд “...Миний баруун хөл түнхний мултралттай, нурууны суулттай. Байнга өвчин намдаах эм хэрэглэдэг. Өөр өвддөг юм байхгүй. Эмч эрүүл мэндийн байгууллагын хяналтад байдаг. 80 хувийн группт байдаг” гэж (хавтаст хэргийн 5-6 хуудас) мэдүүлсэн. Мөн Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын “...Дамиран овогтой ******* ...хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар 12 сараар сунгах-аар шийдвэрлэв” гэх нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас) хэрэгт цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү үйл баримтыг прокурорын саналаар шалгуулахаар шүүх хуралдааныг завсарлуулж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгэсэн. Ховд аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас холбогдогчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбарыг авахад холбогдогч нь хөдөлмөрийн чадвараа 80%-иар биш 50%-иар алдсан болох нь тогтоогджээ. Иймд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 3.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан баривчлах шийтгэл оногдуулахгүй байх үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ. ...Холбогдогч ******* нь баривчлах шийтгэлээс чөлөөлөгдөх зорилгоор Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гэх баримтын хуулбарт хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 80% гэж засварлаж өгсөн байж болзошгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар Ховд аймаг дахь Цагдаагийн газарт гэмт хэргийн талаарх мэдээлэл хүргүүлэх нь зүйтэй гэж дүгнэв” гэх шийтгэвэр (хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас);

- Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ******* хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувь болгож засвар оруулсан шийдвэр (хавтаст хэргийн 18 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын нутагт 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж Тоёота приус (Toyota prius) загварын 59-16 ХОА улсын дугаартай автомашин жолоодож Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэгт холбогджээ. Улмаар шүүгдэгч ******* нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд өөрийгөө хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсаныг тодорхойлсон Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гэх баримтыг нотлох баримтаар эрх бүхий албан тушаалтанд гаргаж өгснийг зөрчлийн 2236000357 дугаартай хэрэгт бэхжүүлсэн байна.

1.2. Криминалистикийн шинжилгээний 33 дугаартай “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гэх баримт бичгийн бичвэр хэсэгт байх “35”-ийн цифр, “80”-ын цифрүүдэд засвар орсон байна. Урд байсан “25”-ын цифрийг “35”, “50”-н цифрийг “80” болгож давхарлаж бичсэн байна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-33 дугаар хуудас);

- Шүүгдэгч ******* тэтгэвэр, тэтгэмжийн хувийн хэргийн хуулбар (хавтаст хэргийн 61-72 дугаар хуудас);

- Шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...Би өөрийн гэм буруугаа зөвшөөрч байна. Өөрөө энэ баримтыг зассан нь үнэн. Баривчлах шийдвэрийг хойшлуулах хөдөлмөрийн чадвар алдалтын комиссын шийдвэрийн баримтад 50 хувь байсныг 80 хувь болгож өөрчилсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч ******* хөдөлмөрийн чадвараа 80 хувь бус 50 хувиар алдсан нь, мөн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гэх баримтыг засварласан нь тус тус нотлогдож байна.

1.3. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын нутагт 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж Тоёота приус (Toyota prius) загварын 59-16 ХОА улсын дугаартай автомашин жолоодож Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэгт холбогджээ. Улмаар шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гэх баримтад хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувь болгон засварлаж, уг нотлох баримтыг эрх бүхий албан тушаалтанд гаргаж өгснийг зөрчлийн 2236000357 дугаартай хэрэгт бэхжүүлсэн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг бөгөөд энэхүү гэмт хэргийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөөд зогсохгүй уг ажиллагаа хууль ёсных байх, шударга ёсыг тогтоох үндсэн зорилго алдагддаг. Мөн давхар хэргийн оролцогчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигддөг.

Шүүгдэгч ******* холбогдсон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчилд албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг. Мөн Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх баривчлах шийтгэлийг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд оногдуулах ба жирэмсэн эмэгтэй, арван дөрөв хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг, эх, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүнд оногдуулахгүй” гэж заасан. “Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн” гэдгийг Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг дор дурдсанаар ангилна” гэж, мөн хэсгийн 1 дэх заалтад “бүрэн буюу 70 ба түүнээс дээш хувиар алдсан” гэж зааснаар ойлгодог.

Дээрхээс дүгнэвэл холбогдогч ******* нь баривчлах шийтгэлээс чөлөөлөгдөх зорилгоор Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрт тусгасан хөдөлмөрийн чадвар алдалтыг хувь хэмжээг засварлаж, уг баримтыг зөрчлийн 2236000357 дугаартай хэрэгт нотлох баримтаар өгсөн байна. Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг засварласан, ...нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид ...гаргаж өгсөн бол” гэх нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэргийн зэрэгцээ шинжүүдийг хангажээ.

2.2. Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг засварлаж хуурамчаар үйлдсэн, уг нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3. Энэ гэмт хэргийн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсон нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд болон хүний эрх, эрх чөлөөнд сөрөг үр дагавар учирдаг. Өөрөөр хэлбэл энэхүү гэмт хэргийн хохирол нь материаллаг хэлбэрээр тодорхойлогдохгүй тул хохирол, хор уршгийг мөнгөн дүнгээр тодорхойлох боломжгүй юм. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзнэ.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 78 дугаар хуудас), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 76 дугаар хуудас), шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн “...Би өөрийн гэм буруугаа зөвшөөрч байна. Өөрөө энэ баримтыг зассан нь үнэн. Баривчлах шийдвэрийг хойшлуулах хөдөлмөрийн чадвар алдалтын комиссын шийдвэрийн баримтад 50 хувь байсныг 80 хувь болгож өөрчилсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дугаар хуудас), Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 266 дугаартай  шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас), Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 100 дугаартай  шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 266 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30’000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 100 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Улсын яллагч “...шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх санал, шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байх тул шүүгдэгчид 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт торгох, хорих гэх ялын төрлүүдийг хуульчилсан байна. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн торгох ялыг сонгож оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2’700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’700’000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй.

3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгчийн хувьд өөрөө группт байдаг, таксинд явж амьдралаа тэжээдэг” гэх тайлбар гаргасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацаа, хэсэгчлэн төлөх хэмжээг тогтоох нь зүйтэй гэж дүгнэв. Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 225’000 төгрөгөөр 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

3.3. Мөрдөгч 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 56 дугаар хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан баривчлаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Төнхөн ургийн овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг засварлаж хуурамчаар үйлдсэн, уг нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 2’700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’700’000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 225’000 (хоёр зуун хорин таван мянган) төгрөгөөр 12 (арван хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МӨНХЗАЯА